Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00049

 

 

 

 

 Тэргүүн ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01611 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1380 дугаар магадлалтай,

Тэргүүн ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянсүмбэр богд ХХК-д холбогдох

 Нэхэмжлэл: 50.000.000 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл: 50.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Гэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянсүмбэр богд ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16/02 тоот Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч тал Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Баян нэртэй газар ХҮ-019604 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 800 /тууш/ метр баганат өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, технологийн дагуу хийж гүйцэтгэх ба гэрээний нийт үнэ 100.000.000 төгрөг байх бөгөөд ажил эхлэхэд нийт үнийн дүнгийн 50% буюу 50.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талд бэлнээр төлнө. Үлдэгдэл төлбөр болох 50.000.000 төгрөгийг гэрээт ажил дуусгавар болсны дараа төлнө. Гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Баянсүмбэр богд ХХК-ийн авсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын илрэц байгаа эсэхийг тодруулхаар ажилласан болохоос Тэргүүн ресурс ХХК нь тусгай зөвшөөрөлтэй талбайг ашигт малтмалын нөөцтэй, нөөцгүй эсэхийг тодруулах эрх бүхий этгээд биш. Өрөмдлөгийн ажил хийгдэхээс өмнө зураглалын ажил хийгдсэн. Хариуцагч тал зураглалын дагуу өрөмдлөгийн ажил хийлгэх хүсэлт гаргаж гэрээ байгуулсан. Манай компани Улаанбаатар хотоос зүүн урагш 550 км, Дорноговь аймгийн Сайншанд сум /төв/-аас баруун урагш 80 км зайд байрлах ажлын талбайд техник хэрэгсэл, ажилчдаа байрлуулж, гэрээгээр тохиролцсон ажлаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 07-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Тухайн ажлыг хээрийн ангид зохион байгуулж, геологич 1, өрмийн мастер 2, өрмийн туслах 4 зэрэг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй, Лонгер дрилл 38 баганат өрмөөр HQ /61 мм/ диаметртэй, усны машин 1, үйлчилгээний машин 1, ачааны машин 1, бусад техник, тоног төхөөрөмжийг ашиглаж өдөр болон шөнийн ээлжээр тасралтгүй /24 цаг/ ажиллаж гүйцэтгэсэн. Улмаар захиалагч Баянсүмбэр богд ХХК-д гүйцэтгэсэн ажлын тайланг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээний 6.2-т заасан үлдэгдэл төлбөр болох 50.000.000 төгрөгийг гэрээт ажил дуусгавар болсны дараа төлнө гэх үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн. Гэвч захиалагч Баянсүмбэр богд ХХК-ийн захирал Х.Батсайхан төлбөр төлөх хугацааг элдвийн шалтаг шалтгаан тоочиж хойшлуулсаар өдийг хүрсэн ба өнгөрсөн хугацаанд бид төлбөрийн үлдэгдлээ төлж дуусгахыг удаа дараа шаардаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хандаж байсан боловч ямар нэг үр дүн гараагүй. Шинжээчийн дүгнэлтэд хэзээ өрөмдсөн нь тодорхойгүй ч өрөмдөлгийн ажил хийгдсэн гэдэг. Шинжээч солбилцолын цэг таарахгүй гэж дүгнэсэн. Талуудын байгуулсан гэрээнд өрөмдөх цэг тодорхойлоогүй. Тэргүүн ресурс ХХК нь гэрээнд зааснаар 11 цэг өрөмдсөн. Уг цэгийг захиалагч компаний хүсэл, зөвшөөрлийн дагуу өрөмдсөн. Хариуцагч нь ажлыг дутуу хийсэн, чанарын шаардлага хангахгүй хийсэн хэмээн албан бичиг өгсөн боловч баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Нэхэмжлэгч тал ийм албан бичиг хүлээж аваагүй бөгөөд бидний хооронд төлбөр тооцоо авахгүй гэж яригдаагүй гэж тайлбарладаг. Ажил хүлээлцсэн тайланг тус компанийн нягтлан Б.Батлхам хүлээн авч гарын үсэг зурсан. Бид захиалагч талын зөвшөөрлөөр өөр өөр газар 11 цооног гэрээнд заасан хэмжээ буюу 800 м өрөмдсөн. Иймд хариуцагч Баянсүмбэр богд ХХК-аас 50.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянсүмбэр богд ХХК шүүхэд гаргасан тайлбарт: ...Тэргүүн ресурс ХХК-тай 16/002 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч Тэргүүн ресурс ХХК-аас шалтгаалан гэрээт ажлыг гүйцэтгээгүйн улмаас дахин ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 09 сарын 30-ны өдөр шинэчлэн байгуулж ажлыг эхлүүлсэн. Бид ажлын явцтай танилцах зорилгоор хоёр дахь цооногийн дараа мэргэжлийн баг болох гадны мэргэшсэн геологиудтай газар дээр нь очиж хяналт хийж гэрээний дагуу ажлаа хийхгүй байгааг нь сануулан ажлаа зогсоохыг тухайн өрмийн ажлыг хариуцаж байсан Будад хэлж гэрээний 2.1-д заагдсан 200 м гүнтэй 4 цооног нийт 800м өрөмдөхөөс биш энд тэнд янз бүрийн гүнтэй олон цооног өрөмдөхгүйг сануулсан. Гэвч бидний хэлснийг үл тоож өрөмдлөгийг цааш үргэлжлүүлж дуусгасан гэх бөгөөд байж боломгүй алдаануудыг давтсаар гэрээнд заасан ажлаа өөрийнхөө хэмжээнд дуусгасан гэж үзжээ. Бид сэтгэл дундуур байгаагаа удаа дараалан уулзалтаар хэлж сануулж гэрээний үүргээ зөрчсөн 1.1, 2.1, 2.2, 2.3, 7.1, 8.3, 8.5, 8.8 дахь заалтуудыг сануулж хариу өгөхийг шаардсан. Үнэндээ бидэнд цооногийн хаалт ажлын гүйцэтгэлээ газар дээр нь хүлээлгэж өгөөгүй, ажлын дараа очиход 4 цооногийн ормоос өөрийг олж хараагүй, өрөмдлөгийн явцад гаргасан кернийн дээжүүдийг хүлээлгэж өгөөгүй атлаа 2016 оны 12 сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэсэн тайлан гэсэн 1 хуудас бүхий материал авчирч танилцуулсан нь Баянсүмбэр богд ХХК болон Тэргүүн ресурс ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх 16/02 дугар бүхий гэрээний 1.1, 2.1, 2.2, 2.3, 7.1, 8.2, 8.8 гэсэн заалтуудыг зөрчсөн нь батлагдсан. Иймд манай компаний зүгээс ажил гүйцэтгэлийн гэрээнд заагдсан заалтуудыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохиролыг барагдуулах албан бичиг 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүргүүлсэнг Х.Батбаяр захирал хүлээн зөвшөөрч урьдчилгаа болгон авсан 50.000.000 төгрөгт манай компаниар өөр талбайд ажил хийж өгөх аман байдлаар тохирсон тул хариуцагч учирсан хохирол нэхэмжлэхээ түр хойшлуулсан байсан. Нэхэмжлэгч тал геологийн даалгаврын дагуу ажил гүйцэтгээгүй. Шинжээч Тэргүүн ресурс ХХК-ийг хайгуул хийсэн цэг дээр өрөмдөөгүй, өрөмдлөгийн ул мөр байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Ажил гүйцэтгэсэн компаниас ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, дээж ч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч компани зураглалын ажлын тайлангаар 4 цэг анхаарал татаж байна. Уг 4 цэгт өрөмдлөгийн ажил хийх нь зүйтэй гэснээр 2016 оны 09 сарын 30-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан юм. Гэтэл шинжээч Тэргүүн ресурс ХХК-ийг солбилцолийн 11 цэг, тэмдэглэсэн 4 цэгийг тус тус өрөмдөөгүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгч 2016 оны 12 сарын 12-ны өдөр гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээлгэж өгсөн гэж байгаа ч 2017 оны 01 сарын 20-ны өдөр манай компани Тэргүүн ресурс ХХК-ийг гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 2.3, 4.3-д заасныг тус тус зөрчсөн тул ажлын тайлан хүлээж авахгүй гэдгээ нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Зөрчлөө арилгахгүй бол гэрээг цуцлана гэдгээ ч мэдэгдэж сануулсан. Мэдэгдлийн эх хувийг Тэргүүн ресурс ХХК-ийн захирал Х.Батбаярт өгч, хуулбар хувийг өөрсдөө авч үлдсэн. Иймд нэхэмжлэгчийг гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Баянсүмбэр богд ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Тэргүүн ресурс ХХК-тай байгуулсан гэрээний дагуу эрэл зураглалын ажил хийлгэхээр тохиролцсон. Эрэл зураглалын ажил хийгдэж үр дүнг тайлагнахдаа Тэргүүн ресурс ХХК нь сонгосон талбайд нарийвчилсан хайгуул хийх шаардлагатай 4 цэгт гүнд нь шалгах зорилгоор 150-200 метрийн гүнтэй өрөмдлөг хийх санал тавьсан. Уг саналыг манай компани хүлээн авч, Тэргүүн ресурс ХХК-ийн эрэл зураглалын тайландаа тусгасан 4 цэгт 200 метр гүнтэй өрөмдлөгийн ажил хийлгэхээр Тэргүүн ресурс ХХК-тай 2016 оны 07 сарын 19-ний өдөр 16/02 дугаартай Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт багант өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээт ажлыг хугацаанд нь хийгээгүй тул 2016 оны 09 сарын 30-ны өдөр тус гэрээг дахин шинэчлэн байгуулсан. Гүйцэтгэгч нь гэрээнд заагдсаны дагуу дээрх талбайд 200 метрийн гүнтэй 47 цоонот буюу 800 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, технологийн дагуу хийж гүйцэтгээгүй, мөн цооног өрөмдөх градус 45-90, кернийн гарц 90 хувиас дээш байх шаардлагыг хангаагүй. Өрөмдлөгийн ажлын явцыг газар дээр нь очиж үзэхэд эрэл зураглалын тайланд тусгасан 4 цэгт биш өөр цэгт өрөмдлөгө хийж байсан. Мөн гүйцэтгэгчийн өрмийн техник 200 метрийн гүн ухаж чадахааргүй байсан тул энэ талаар өрмийн ажил хариуцаж байсан геологич Б.Будад хэлж янз бүрийн гүнтэй олон цооног өрөмдүүлэхээр захиалга өгөөгүй болохыг Х.Батбаяр захиралд сануулан, арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 12 сарын 12-ны өдөр өрөмдлөгийн ажлын тайлан хүргүүлэх тухай 1 хуудас, гүйцэтгэлийн акт 1 хуудас албан бичгийг манай компанид хүргүүлж, өрөмдлөгийн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөг, зураглалын гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 5.790.500 төгрөг нийт 55.790.500 төгрөг төлөхийг шаардсан. Гүйцэтгэгч нь бидний шаардлагын дагуу өрмийн ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүнг бидэнд хүлээлгэн өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээний 10.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас аль нэг талд хохирол учирвал холбогдох хуулийн дагуу буруутай тал хариуцлага хүлээнэ, мөн гэрээний 12.1.1, 12.1.2-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, Гүйцэтгэгч нь гэрээний 2.2, 4.3 дах заалтуудыг зөрчсөн тохиолдолд захиалагчийн хүсэлтээр гэрээг дуусгавар болгоно гэж зааснаар гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: ...Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 09 сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээгээр заагдсан ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Тухайн ажлыг эхлүүлэхээс өмнө компанийн эзэмшиж буй талбайд геологийн зураглалын ажил хийгдсэн ба ямар нэгэн байдлаар ажил гүйцэтгэх талбайгаас ашигт малтмал илэрнэ гэдэг баталгааг өгөөгүй. Нөгөөтэйгүүр ямар ч талбайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээс өмнө эхэлж зураглалын ажил хийгддэг. Гэрээнд 200 метрийн гүнтэй 4 цооног өрөмдөхөөр заасан. Тухайн үед эхний цооног 180 метрийн гүнтэй өрөмдөж байхад Тэргүүн ресрус ХХК-ийн захирал Х.Батбаяр, Баянсүмбэр богд ХХК-ийн захирал Х.Батсайханд гэрээнд зааснаар 4 цооног 200 метрийн гүнтэй өрөмдөх юм уу гэхэд хөндлөнгийн бүс хүртэл өрөмдөе гэснээр хариуцагч адилгүй гүнтэй 11 цооног өрөмдсөн. Хэрэв нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар 4 цооног өрөмдсөн бол 11 цооног өрөмдсөнөөс бага зардал гаргах байсан. Баянсүмбэр богд ХХК-ийн хүсэлтээр 11 цооног өрөмдсөн. Газрын тогтоц, байршил, ашигт малтмалын илрэцээс хамаарч өөр өөр гүнтэй 11 цооног ухсан. Талуудын хооронд Тэргүүн ресурс ХХК-ийг ажлаа буруу, дутуу хийсэн учир үлдэгдэл төлбөр авахгүй гэсэн тохиролцоо хийгдээгүй. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр талуудын байгуулсан гэрээний 6.2-д ажлын хөлсөнд байр шилжүүлж өгөхөөр тохиролцсон байдаг. Байрны өмчлөх эрх шилжих боломжгүй болсон учир захиалагч талын хүсэлтээр 2016 оны 09 сарын 30-ны өдөр дахин гэрээ байгуулж, ажлын хөлсөнд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрт хариуцагч тал үл хөдлөх хөрөнгө өгнө гэж ярьсан байсан тул нэхэмжлэгч тал шүүхэд хандахгүй удсан асуудал байгаа. Түүнээс захиалагчийн зөвшөөрөлгүй 11 цооног өрөмдөж, тусгай зөвшөөрлөөс өөр газар өрөмдсөн асуудал байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр өрөмдлөгийн ажил хийгдсэн гэж дүгнэсэн. Ажлаа дуусгаад дээжийг яах вэ гэхэд хариуцагч тал талбайдаа үлдээчих гэсэн. Энэ байдал шинжээчийн дүгнэлтийн хавсралтад авагдсан гэрэл зургаас тодорхой харагдана гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01611 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 407 950 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1380 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01611 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 3 дах заалтыг нэгтгэн 1 дэх заалт болгож Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч Баянсүмбэр богд ХХК-аас 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-аас 50 000 000 төгрөг гаргуулах хариуцагч Баянсүмбэр богд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 болон 4 дэх заалтыг нэгтгэн 2 дах заалт болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж, тогтоох хэсгийн дугаарлалтын 5 дах заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгч компанийн ажилчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг илтэд үгүйсгэж, үнэгүйдүүлсэн, хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын дагуу хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулсан нь үндэслэлтэй боловч үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээснийг дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Манай компани нь хариуцагч Баянсүмбэр богд ХХК-тай 2016 оны 16/02 тоот Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээг анхлан байгуулж, захиалагч ажлын Хөлсөнд үл хөдлөх хөрөнгө өгөхөөр тохиролцсон ч хариуцагч тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг бидэнд тодорхойгүй шалтгаанаар шилжүүлэхгүй удааширсан тул дахин уул гэрээг 2016 оны 09 сарын 30-ны өдөр шинэчлэн байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрөө авснаар ажлаа эхлүүлсэн. Эдгээр хоёр гэрээний зургаа дугаар зүйл болох гэрээний үнэ, төлбөр хийх журам-аас бусад заалт бүгд утга, агуулгын хувьд ижил болно. Бид гэрээгээр тохиролцсон ажлаа 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 11 сарын 07-ны хооронд хийж дуусгасан. Өрөмдлөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, өрөмдлөгийн технологийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил эхлэхээс өмнө захиалагч компанийн захирал Х.Батсайханд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т заасан Захиалагч тал нь өрөмдлөгийн ажилд 1 ажилтныг томилж хяналт тавьж болно. гэсний дагуу өөрийн томилсон нэг ажилтнаар ажлын явцыг хянуулах боломж байгааг хэлэхэд тэрбээр манайд ийм мэргэжилтэн байхгүй, та нар өөрсдөө мэдээд ажлаа хийчих гэж хэлсэн. Гэсэн хэдий ч бид ажлын явц, үр дүнг тухай бүр түүнд танилцуулж, түүний зөвшөөрлийг авч байсан ба 1 дүгээр цооногийг 185 метрийн гүнтэй өрөмдөхдөө тухайн талбайд гэрээнд заасны дагуу 200 метрийн гүнтэй 4 ширхэг цооног өрөмдөх нь тус компанид ашиггүй, хувирлын бүснээсээ хэтрээд байна, цааш нь гүйцээж гэрээнд заасан гүнээр буюу 200 метр хүргэж өрөмдөх үү? гэдгийг тодруулахад тэгэх шаардлагагүй хувирлын бүсээ өнгөртөл өрөмдье гэдэг санал хэлсэн. Улмаар захиалагчийн хүсэл зоригт нийцүүлэн талбайд гэрээнд заасан гүнээр бус хувирлын бүсийн гүнд нийцүүлэн нийт 11 цооног өрөмдсөн. Хэрэв бид өөрсдийн үйл ажиллагааны зардлаа хэмнэхийг урьтал болгосон бол 11 цооног өрөмдөхөөс 4 цооног өрөмдөх нь ашигтай байсан ба өрмийг шилжүүлэх буюу нэг цооногоос нөгөөд зөөхөд маш их хэмжээний үргүй зардал гардаг. Ийнхүү 11 цооног өрөмдсөн нь захиалагчийн зөвшөөрлөөр тэдний ашиг сонирхлын үүднээс хийгдсэн ажил болно. Улмаар гэрээт ажлыг бүрэн хийж, гүйцэтгэн хариуцагч /захиалагч/-д ажлын тайланг хүргүүлж, гүйцэтгэлийн актаар хүлээлгэн өгч, 2016 оны 12 сарын 12-ны өдөр 16/034, 2016 оны 12 сарын 19-ний өдөр 16/035 тоот албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж байсан. Ийнхүү манай компанийн зүгээс хариуцагчид ажлын тайланг хүргүүлж, гүйцэтгэлийн актаар хүлээлгэн өгсний дараа гэрээний үлдэгдэл төлбөр төлөхийг шаардахад тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд үлдэгдэл төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааг хойшлуулах, үл хөдлөх хөрөнгө оролцуулах зэрэг санал тавьж хойшлуулсаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг өнгөрөөсөн. Ажлын тайланг нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-ийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр, нягтлан бодогч М.Пунцаг нар Баянсүмбэр богд ХХК-ийн байранд биеэр очиж хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд тухайн үед тус компанийн захирал Х.Батсайхан нь өөрийн компанийн нягтлан бодогч Б.Батлхамд хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн болно. Энэ тухай хариуцагч Баянсүмбэр богд ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг Б.Батлхам гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...2016 оны 12 сард компанийн бичиг хэрэг байхгүй. Би бичиг хэрэг давхар хийж байсан. Тухайн үед Тэргүүн ресурс" ХХК-ийн ажилтан захиралдаа танилцуулаарай гээд 2 хуудас цаас өгөөд гарын үсэг зур гэхээр нь гарын үсэг зурсан. Би тэр бичгийг захиралдаа танилцуулсан... хэмээн хэлдэг. Бид ажлыг гэрээний 2.2.4, 3.1.5 болон бусад заалт, захиалагчийн өгсөн геологийн өрөмдлөгийн технологийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн ба өмнө өгүүлсэнчлэн захиалагч гэрээний З.4.6, 7.4 зааснаар өөрийн томилсон ажилтнаар байнгын хяналт тавиулаагүй, ажлын талбайгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх зардлыг шийдвэрлэж өгөөгүй учир тэдний зөвшөөрсний дагуу ажлыг газар дээр нь хүлээлгэж өгөөгүй, ажлын талбай дээр үлдээгээд хээрийн ангиа ажлаа бүрэн дуусгасны дараа буулгасан болно. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, Баян нэртэй талбайд 2016 онд гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын тайлан, уг тайланд тусгагдсан: Хээрийн анги байрлаж, ажлаа гүйцэтгэж буйг харуулсан байдал, хайгуулын талбайд гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын явц, цооногоос гарсан дээжүүдийг тусгай зориулалтын хайрцагт савласан байдал, өрөмдлөгийн ажлын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэсэн байдал, цооногийг цементлэн хуванцар хоолой суулган дугаарласан гэх мэт нөхцөл байдлуудыг харуулсан фото зургуудыг бүрэн бодитой үнэлж үзвэл бидний гэрээт ажлаа гүйцэтгэсэн болохыг тодорхой харж, тогтоож болно. Мөн шинжээч дүгнэлтдээ: ...Талбай дээр хэзээ өрөмдсөн нь тодорхойгүй өрмийн цооногууд байсан... гэж дурдаад, ажлын талбайд одоо ч манай компанийн өрөмдсөн цооногийн ул мөр, дээж байгаа байдлыг харуулсан гэрэл зургийн хавсаргаж ирүүлсэн байдаг болно. Нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.8-т заасан үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, гэрээний 8.1.11-т тус тус зааснаар шаардах эрхтэй болно. Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Гэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Талууд тодорхой солбилцолын цэг зааж, цооног гаргах талаар тусгайлан гэрээнд тохиролцоогүй гэж шүүхээс дүгнэсэн нь буруу ба хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв дүгнээгүй байна. Тэргүүн ресурс ХХК нь өрөмдлөгийн ажил хийхээс өмнө Баянсүмбэр богд ХХК-ийн захиалгын дагуу 2016 онд Баян нэртэй хайгуулын талбайд 1:10000 масштабтай гэрэл зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус гэрэл зураглалын ажлаар нарийвчилсан хайгуул хийх талбайн геологийн зургийг гарган 150-200 метрийн гүнтэй, 70 градусын налуутай, уртраг болон өргөрөгийг нарийвчлан заасан ОН01, ЭН02, БНОЗ, БН04 гэсэн 4 цооногийн мэдээллийг гарган өгсөн байдаг. Тус нэхэмжлэгчийн гарган өгсөн эрэл зураглалын ажлын тайлан, дүгнэлтийг үндэслэн 2016 оны 9 сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 2.1-д 4 цооногийг 200 метрийн гүнтэй буюу нийт 800 тууш метр цооног өрөмдөхөөр тохиролцсон ба энэ нь хариуцагчийн эрэл зураглалын ажлын тайландаа нарийвчилсан өрөмдлөг хийх хэмээн нэхэмжлэгчид зөвлөж, сансарын зургийн тайлалт хийж, өрөмдөхийг төлөвлөсөн цэгүүд юм. Тэргүүн ресурс ХХК нь гэрээний дагуу эрэл зураглалын ажлын тайланд тусгагдсан 200 метрийн гүнтэй 4 цооногийг өрөмдөөгүй, мөн түүнчлэн өөр газар өрөмдлөгийн ажил явуулж, цооног гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байгаа болно. Тэргүүн ресурс ХХК-ийн Баянсүмбэр богд ХХК-д хүргүүлсэн өрөмдлөгийн ажлын тайлан болон гүйцэтгэлийн актдаа өрөмдсөн гэж тайлагнасан нийт 800 метрийн гүнтэй 11 цооногийн солбилцолууд нь өрөмдөгдөөгүй, өрмийн цооног тавигдаагүй болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүгээр Тэргүүн ресурс ХХК нь баганат өрөмдөгийн ажлыг захиалагчийн өгсөн геологийн даалгавар, технологийн дагуу хийж гүйцэтгээгүй байх тул захиалгат ажлын урьдчилгаанд төлсөн 50.000.000 төгрөгийг хариуцагч Баянсүмбэр богд ХХК буцаан нэхэмжлэх эрхтэй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК, хариуцагч Баянсүмбэр богд ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэх хэсэг 50.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс татгалзаж, төлсөн 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тус тус зөвшөөрөөгүй зохигч маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол, давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ 2016.09.30-ны өдөр бичгийн хэлбэрээр байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК нь хариуцагч Баянсүмбэр богд ХХК-ийн захиалгаар Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын нутагт орших Баян гэх газар ХҮ-019604 тоот тусгай зөвшөөрлийн талбайд өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх, захиалагч гэрээний үнэд нийт 100.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, урьдчилгаа 50.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч хүлээн авсан талаар талууд маргаагүй байна.

2. Давж заалдах шатны шүүх, хэргийг шийдвэрлэхдээ ....нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй... гэсэн атлаа ...заасан газраас өөр газар өрөмдлөгийн ажил явуулсан, цооног гаргасан... байдлыг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн мэт буюу зөрчилтэй дүгнэлт хийжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

Нэхэмжлэгч нь ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүйгээс гадна хийсэн гэх ажлаа хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343.1-343.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Гэрээнд заасан ажлын заримыг гүйцэтгэсэн байдал нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үндэслэл биш юм.

Түүнчлэн гэрээний тал үнэ болох урьдчилгаа 50.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч өөртөө үлдээх ямар үндэслэл байсныг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тайлбарлаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх, ...ажил гүйцэтгэгч ...гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй, ажлын үр дүн гараагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК хөлс шаардах эрхгүй, урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 2.1. 2.2-т 200 метрийн гүнтэй 4 цооног буюу 800 тууш метр, цооног өрөмдөх градус 45-90, кернийн гарц 90 хувиас дээш байх шаардлагатай гэж Тэргүүн ресурс ХХК-ийн гүйцэтгэх ажил, хэмжээг тодорхой заасан байна. Түүнчлэн уг өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхээс өмнө талууд эрэл зураглалын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний тайланд дурдсан солбилцлын цэгт 4 цооног өрөмдүүлэхээр тохиролцсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй байна.

Нийт 11 цооног өрөмдөж ажил гүйцэтгэсэн тухай тайланг нэхэмжлэгч 2016.12.12-ны өдрийн 16/034 тоот бичгээр /хх-41-р тал/ хариуцагчид хүргүүлсэн, хариуцагч 2017.01.20-ны өдрийн 17/01/02 бичгээр /хх-119-р тал/ тайланг хянаж үзэхэд гэрээний заалтууд зөрчигдсөн тул, гэрээний дагуу ажлаа хийж хүлээлгэн өгөхийг шаардсан эдгээр баримт хэрэгт авагджээ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 б-д ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй-г, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д ...цаашид дээжний гарцаас хамаарч анх гэрээлж өрөмдүүлэхээр тохиролцсон захиалгын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэж болно гэж тус тус заасан байна.

Ажил гүйцэтгэгчээс гэрээнд заасан 4 цооног бус 11 цооног өрөмдөх шаардлага бий болсон тухай захиалагчид мэдэгдсэн, захиалагч зөвшөөрсөн буюу ажлын гүйцэтгэлийн байршил, хэмжээг талууд тохиролцож өөрчилсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Ажил гүйцэтгэгч нь захиалагчид ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд Тэргүүн ресурс ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул хариуцагч хөлс төлөхөөс татгалзаж, гэрээг цуцалж, хэлцлээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 226 дугаар зүйлийн 226.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1380 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ч.Нямцоожийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Гэрэлийн гомдлыг хангасугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Тэргүүн ресурс ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 407.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянсүмбэр богд ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 407.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ