Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 27

 

А.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01189/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Албадан дуудлага худалдаагаар дуудах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.С-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч А.С-эс:

Миний өмчлөлийн Улаанбаатар хот Ахим ББСБ-ын нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг 4-р хороолол, 42-р байрны 115 тоот 2 өрөө орон сууцыг 54.600.000 төгрөгөөр мөн Улаанбаатар хот Баянгол дүүргийн 14-р хороо 3-р хороолол 14-р байрны 92 тоот 3 өрөө орон сууцыг 66.500.000 төгрөгөөр тогтоож, зах зээлийн бодит үнэ, худалдан авсан үнээс минь асар их зөрүүтэй бага үнэлгээгээр зориуд тогтоож, миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хохирол учруулах гэж байна. Үндэслэлгүйгээр тогтоосон 2 өрөө орон сууц, 3 өрөө орон сууцнуудын хямд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгээс:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаар шүүгчийн захирамжаар А.С-эс 90.303.975 төгрөгийг гаргуулж Майкро кредит инвестмент ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаар шүүгчийн захирамжаар А.С-эс 4.015.000 төгрөгийг гаргуулж Ахим ББСБ-д олгохоор хэрвээ дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205002596 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот хот Баянгол дүүрэг 18-р хороо, 4 дүгээр хороолол, 42-р байрны 115 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч А.С-тэй уулзан төлбөрийг шаардан сайн дураар биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч холбогдох газруудаас лавлагаа авч банкны дансны хасалтуудыг хийхэд ажилгүй, орлогогүй байсан бөгөөд түүний өмчлөлийн төлбөрийн барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Ү-2205002596 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 92 тоот 3 өрөө орон сууцнуудыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд үнийн санал дээр харилцан тохироогүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70%-аар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлгээчнээр хөдлөх хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгоход үнэлгээний тайлангаа ирүүлснийг талуудад албан бичгээр, шуудангаар болон биечлэн уулзаж танилцуулан мэдэгдлийг хүргүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч А.С-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаагаар дуудах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.С- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу надад мэдэгдээгүй атлаа хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний бие шүүх хуралдаанд оролцож өөрийн тайлбар үндэслэлээ хэлсэн бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс маш багаар үнэлсэн нь нотлох баримтаар нотлогдож байхад шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагч А.С- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулна гэж маргасан байна.

Шүүх гомдол гаргагч А.С-ийн албадан дуудлага худалдаагаар дуудах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.С- намайг  шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримтыг авч үзвэл,

А.С- нь “Ахим” ББСБ-д үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор  төлж дуусгахаар, хэрэв төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох УБ хот, БГД 18-р хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байр115 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаартай шүүгчийн захирамжаар баталж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, гүйцэтгэлийн ажиллагааг явуулах болсон талаар төлбөр төлөгч А.С-д 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч А.С-ийн дээрх барьцаа хөрөнгө болох орон сууцыг 180.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар оруулахаар гаргасан саналыг “Ахим” ББСБ хүлээн зөвшөөрөөгүйн улмаас ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчээр  “Капитал зууч” ХХК-ийг томилжээ.

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 42-р байрны 115 тоот 35 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэ цэнийг 78.000.000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр төлөгч А.С-д 2018 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд мэдэгдсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/20 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч А.С-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 115 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ болох 78.000.0000 төгрөгийн 70 хувиар тооцон 54.600.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг эс зөвшөөрч А.С- шүүхэд гомдол гаргажээ.

Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаартай шүүгчийн захирамжаар “Майкро кредит инвестмент” ББСБ-ын нэхэмжлэлтэй А.С-д холбогдох 111.752.460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид 90.000.000 төгрөгт эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж төлбөр төлөгч А.С-д мэдэгдсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17071128/1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч А.С-эгийн өмчлөлийн УБ хот БГД 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоол үйлдсэн байна.

Төлбөр төлөгч А.С-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үнийн саналаар дээрх 3 өрөө орон сууцыг 240 000 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар оруулах үнийн санал гаргасан бөгөөд “Майкро кредит инвестмент” ББСБ үнийн саналыг зөвшөөрөхгүй ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор шинжээчээр “Капитал зууч” ХХК-ийг томилсны дагуу “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууцыг 3 өрөө орон сууцыг 95.000.000 төгрөгөөр үнэлж ирүүлснийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр А.С-д утсаар мэдэгдсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/21 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч А.С-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 92 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлгээ болох 95.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 66.500.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон  тухай үйл баримтууд тогтоогджээ.

Нэхэмжлэгч А.С-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс маш багаар үнэлсэн нь нотлох баримтаар нотлогдож байхад шүүх үнэлээгүй гэсэн гомдлын хувьд, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зохицуулсны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцож албадан дуудлага худалдаанд оруулсан  нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 Учир нь,

- Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох 2 орон сууцыг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1 дэх заалтад нийцсэн байна.

- Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хураан авсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан үүргийнхээ дагуу шинжээч томилох тухай тогтоол гаргаж үнэлгээ тогтоолгосон үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1,  55.2.2, 55.3  дахь заалтыг зөрчөөгүй болно.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу  нэхэмжлэгч А.С- нь тухайн үедээ хуульд заасан хугацааны дотор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаагүй,  нөгөөтэйгүүр орон сууцнуудын үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлыг хүлээн авах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу надад мэдэгдээгүй атлаа хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн гомдлын хувьд,  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч А.С-ийн өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч өмгөөлүүлэх эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 11 ний өдрийн 14 цаг 30 минутад болох товыг  тухайн өдөр мэдэгдсэн ба түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин хуралдааны товыг болон өмгөөлөгчөө хэргийн материалтай танилцуулах талаар мэдэгдсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг  буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй, хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.С-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ   

                                                                  ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ