Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/01189/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан баг, -р баг, -р байрны  тоотод оршин суух, Б- овогт А-н С-гийн

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан

 

Албадан дуудлага худалдаагаар дуудах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.-, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  А.- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний өмчлөлийн Улаанбаатар хот Ахим ББСБ-ын нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг -р хороолол, -р байрны  тоот 2 өрөө орон сууцыг 54 600 000 төгрөгөөр мөн Улаанбаатар хот Баянгол дүүргийн -р хороо -р хороолол -р байрны  тоот 3 өрөө орон сууцыг 66 500 000 төгрөгөөр тогтоож, зах зээлийн бодит үнэ, худалдан авсан үнээс минь асар их зөрүүтэй бага үнэлгээгээр зориуд тогтоож, миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хохирол учруулах гэж байна. Үндэслэлгүйгээр тогтоосон 2 өрөө орон сууц, 3 өрөө орон сууцнуудын хямд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаар шүүгчийн захирамжаар А.С- 90 303 975 төгрөгийг гаргуулж Майкро кредит инвестмент ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаар шүүгчийн захирамжаар А.- 4 015 000 төгрөгийг гаргуулж Ахим ББСБ-д олгохоор хэрвээ дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205002596 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот хот Баянгол дүүрэг 18-р хороо, 4 дүгээр хороолол, 42-р байрны 115 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч А.С- уулзан төлбөрийг шаардан сайн дураар биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч холбогдох газруудаас лавлагаа авч банкны дансны хасалтуудыг хийхэд ажилгүй, орлогогүй байсан бөгөөд түүний өмчлөлийн төлбөрийн барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Ү-2205002596 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, -р хороо,  дүгээр хороолол, дүгээр байрны  тоот 3 өрөө орон сууцнуудыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд үнийн санал дээр харилцан тохироогүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70%-иар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлгээчнээр хөдлөх хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ыг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгоход үнэлгээний тайлангаа ирүүлснийг талуудад албан бичгээр, шуудангаар болон биечлэн уулзаж танилцуулан мэдэгдлийг хүргүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч А.С нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч Ахим ББСБ-ын уригдсан тал А.С-  холбогдуулан 62 102 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргааны талаар зохигчид эвлэрч А.С- нь Ахим ББСБ-д төлөх үндсэн зээл 35 000 000 төгрөг, хүү 5000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор Хаан банкны 5163113401 тоот дансанд хийж дуусгахаар, хэрэв төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох УБ хот БГД 18-р хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байр115 тоот, улсын бүртгэлийн Ү-2205002596 дугаартай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

Ахим ББСБ-ын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4640 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 767 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсэж, төлбөр төлөгч А.С- 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдэгдэл, төлбөр төлөгч А.С- ярилцсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16250775/03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч А.С- 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтэд Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 42-р байрны 115 тоот 35 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 180 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар оруулах санал, Ахим ББСБ-ын төлбөр төлөгч А.С- барьцаа хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтүүдийг хүлээн авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 17071072113 дугаартай тогтоолоор шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-г томилжээ.

 

Капитал зууч ХХК-ны 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүргийн -р хороо, -р хороолол, -р байрны  тоот 35 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэ цэнийг 78 000 000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр төлөгч А.С 2018 оны 9 дүгээр сарын 18, 19-ны өдрүүдэд утсаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, А.С үнэлгээний тайлан гардан авч гарын үсэг зурсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/20 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч А.Сөмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн -р хороо,  дүгээр хороолол,  дугаар байрны  тоот, 35 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлгээ болох 78 сая төгрөгийн 70 хувиар тооцон 54 600 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоожээ.

 

Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар Майкро кредит инвестмент ББСБ-ын нэхэмжлэлтэй А.С холбогдох 111 752 460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид 90 000 000 төгрөгт эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрхи шүүгчийн захирамжийн дагуу тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5061 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 799 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч А.С- д мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар төлбөр төлөгч А.Сэлэнгээгийн өмчлөлийн УБ хот БГД 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийж гүйцэтгэх, эд хөрөнгийн үнийн санал авах, мэдэгдэл гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн 149-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17071128/1 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч А.Сэлэнгээгийн өмчлөлийн УБ хот БГД  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байрны  тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоол үйлдсэн байна.

 

Төлбөр төлөгч А.С-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үнийн саналаар дээрх 3 өрөө орон сууцыг 240 000 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар оруулах үнийн санал, Майкро кредит инвестмент ББСБ-ын үнийн саналыг зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээ тогтоолгох хүсэлт байна гэсэн хүсэлтийг хүлээн авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор шинжээчээр Капитал зууч ХХК-ыг томилсоны дагуу Капитал зууч ХХК-ны 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлангаар УБ хот БГД 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр үнэлж ирүүлснийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр утсаар мэдэгдэж, гардуулсан болох нь тогтоогдож байна.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/21 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч А.С-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 92 тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлгээ болох 95 сая төгрөгийн 70 хувиар тооцон 66 500 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоожээ.

 

Дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцож албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.С- нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний тайлантай танилцаж 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

Мөн А.С- нь орон сууцнуудын үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хэт багаар үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зах зээл дээр өөрийн санал болгосон үнээр худалдагдаж байгаа гэдгээ нотолж чадаагүй, энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд гомдол гаргагч А.С-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан гаргасан үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Гомдол гаргагч А.С-ийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 14.30 минут хүртэл хугацааг хойшлуулсан бөгөөд гомдол гаргагч нь шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шийдвэр гүйцэтгэгч С.О- оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч А.С-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаагаар дуудах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНТУЯА