Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00943

 

А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар магадлалтай,                                                                                                                                               

А ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн сан нэхэмжлэлд: Миний өмчлөлийн “Ахим” ББСБ-ын нэхэмжлэлтэй Баянгол дүүрэг 4-р хороолол, 42-р байрны 115 тоот 2 өрөө орон сууцыг 54,600,000 төгрөгөөр мөн Баянгол дүүргийн 14-р хороо 3-р хороолол 14-р байрны 92 тоот 3 өрөө орон сууцыг 66,500,000 төгрөгөөр тогтоож, зах зээлийн бодит үнэ, худалдан авсан үнээс минь асар их зөрүүтэй бага үнэлгээгээр зориуд тогтоож, миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хохирол учруулах гэж байна. Үндэслэлгүйгээр тогтоосон 2 өрөө орон сууц, 3 өрөө орон сууцнуудын хямд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын гаргасан хариу тайлбарт: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 766 дугаар шүүгчийн захирамжаар А ээгээс 90,303,975 төгрөгийг гаргуулж “Майкро кредит инвестмент” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 3705 дугаар шүүгчийн захирамжаар А ээгээс 4,015,000 төгрөгийг гаргуулж “Ахим” ББСБ-д олгохоор хэрэв дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205002596 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг 18-р хороо, 4 дүгээр хороолол, 42-р байрны 115 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч А ээтэй уулзан төлбөрийг шаардан сайн дураар биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч холбогдох газруудаас лавлагаа авч банкны дансны хасалтуудыг хийхэд ажилгүй, орлогогүй байсан бөгөөд түүний өмчлөлийн төлбөрийн барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Ү-2205002596 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 92 тоот 3 өрөө орон сууцнуудыг битүүмжлэн хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд үнийн санал дээр харилцан тохироогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлгээчнээр хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийг 2018 оны 08 сарын 20-ны өдөр томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгоход үнэлгээний тайлангаа ирүүлснийг талуудад албан бичгээр, шуудангаар болон биечлэн уулзаж танилцуулан мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус заасныг баримтлан гомдол гаргагч А ээгийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаагаар дуудах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 27 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу надад мэдэгдээгүй атлаа хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний бие шүүх хуралдаанд оролцож өөрийн тайлбар үндэслэлээ хэлсэн бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс маш багаар үнэлсэн нь нотлох баримтаар нотлогдож байхад шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч А э нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан,  нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

А э нь “Ахим ББСБ”-д үндсэн зээл 35,000,000.00 төгрөг, хүү 5,000,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгахаар, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох УБ хот, БГД 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байр 115 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, улсын тэмдэгтийн хураамж 15,000.00 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаартай захирамжаар баталж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах тухай төлбөр төлөгч А эд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Барьцаа хөрөнгө болох орон сууцыг 180,000,000.00 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар оруулахаар гаргасан саналыг “Ахим ББСБ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчээр “Капитал зууч” ХХК-ийг томилжээ.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 42 дугаар байрны 115 тоот 35 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэ 78,000,000.00 төгрөг гэсэн “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг   төлбөр төлөгч А эд 2018 оны 9 дүгээр сарын 18,19-нд мэдэгдсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/20 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч А ийн өмчлөлийн ... 115 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээний 70 хувиар тооцон 54,600,000.00 төгрөг гэж албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоожээ.

Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 766 дугаартай захирамжаар “Майкро кредит инвестмент ББСБ”-ын нэхэмжлэлтэй А эд холбогдох 111,752,460.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид 90,000,000.00 төгрөгт эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн дээрх захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж төлбөр төлөгч А эд мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17071128/1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч А ээгийн өмчлөлийн УБ хот БГД 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 92 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоол үйлдсэн байна.

Төлбөр төлөгч А ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үнийн саналаар дээрх 3 өрөө орон сууцыг 240,000,000.00 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийн санал гаргасан бөгөөд “Майкро кредит инвестмент ББСБ” үнийн саналыг зөвшөөрөөгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор шинжээчээр “Капитал зууч” ХХК-ийг томилсны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланд дээрх 3 өрөө орон сууцыг 95,000,000.00 төгрөгөөр үнэлснийг  2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр А эд мэдэгджээ.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/21 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч А ийн өмчлөлийн  ...92 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлгээний 70 хувиар тооцон 66,500,000.00 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон тухай  баримт хэрэгт авагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч А э нь тухайн үедээ хуульд заасан хугацааны дотор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаагүй, нөгөөтэйгүүр орон сууцнуудын үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч А ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс маш багаар үнэлсэн нь нотлох баримтаар нотлогдож байхад шүүх үнэлээгүй гэсэн гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч А э нь хяналтын шатны шүүхэд гаргасан “... шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой адил үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс  нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэлийг няцаахдаа хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн нэр А э гэж байхад анхан шатны шүүх “А ээгийн” гэж бичсэнийг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН