Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2017/02800

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяаг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч...д холбогдох,

154,069,792 /нэг зуун тавин дөрвөн сая жаран есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П..... нар оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...” ХХК-ийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан С.... нь 2002 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс худалдагчаар ажилд орсон. 2015 он гарснаар орлого багассан. Ингээд тооллого хийхэд 8 дугаар сард борлуулсан барааны орлогоос 19,218 ам.долларыг С.... нь дутуу тушаасан байсан учраас үүнтэй холбогдуулан бараа дутагдсан байж болзошгүй гэсэн хардлага төрөөд бүх бараанд эд хөрөнгийн нэг бүрчлэн тооллого хийхэд 58,096 ам.долларын 2,577 ширхэг бараа дутсан. Иймд 77,314 ам.доллар буюу 154,069,792 төгрөгийг С....ас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.... нь манай компанийн татваргүй барааны дэлгүүрт 2002 оноос худалдагчаар ажилд орсон. 2015 он гарснаас орлого илт багассан. Тооллого хийхэд 8 дугаар сард борлуулсан барааны орлогоос 19,218 ам.долларыг С.... дутуу тушаасан учраас үүнтэй холбогдуулан бараа дутагдсан байж болзошгүй гэдэг хардлага төрж, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр С....ын хариуцаж байсан бараа материалыг тоолоход 5,896 ам.долларын бараа буюу 2,577 ширхэг бараа дутагдуулсан байдаг. Иймд “...” ХХК-д учруулсан хохирол болох 77,314 ам.доллар буюу 154,069,792 төгрөгийг С....ас гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний 4.16-д зааснаар “ажилтан өөрийн буруугаас болж эд хөрөнгийн хохирол учруулбал өөрөө хариуцна” гэж заасан байдаг. С.... нь өөрөө бараагаа компьютерт шивж оруулаад, оруулсан бараагаа өөрөө худалддаг байсан нь шүүхээс үзлэг хийх явцад тогтоогдсон. 8 дугаар сард үзлэг хийхэд бараа бүрэн байсан. Үзлэг хийснээс хойш орлогыг дутуу төлсөн байдал илэрсэн учраас бараагаа тоолъё гээд, барааг тоолоход дутсан байсан. Иймд Хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтан өөрийнхөө буруугаас бараа дутаасан бол байгууллагад учирсан хохирлыг ажилтан өөрөө хариуцна гэсэн заалтын дагуу нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч С.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би “...” компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд тооллого хийхэд 58,096 ам.долларын бараа дутсан гэж заажээ. 2015 оны 8 дугаар сард миний ажиллаж байсан салбар дэлгүүрт Улаанбаатар хотын гаалиас шалгалт орж барааны илүүдэлтэй байна гэж тогтоосон. Компани энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрч, дэлгүүр 2015 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл гурван долоон хоногийн турш хаалттай, битүүмжлэгдсэн байсан. Дэлгүүр нээгдэхэд компанийн дэд захирал н.... надаас агуулах, дэлгүүр, кассны зэрэг бүх түлхүүрийг нэхэж авсан. Мөн илүүдсэн байсан 300 орчим хайрцаг бараанаас 155 хайрцаг барааг нягтлан бодогч н.... бид хоёр н.... захирлын өгсөн үүргийн дагуу дэлгүүрээс гаргасан. Татваргүй барааны дэлгүүрийн бусад худалдааны газруудаас ялгаатай нь өдөр болгон “борлуулалтын өдрийн мэдээ" нэртэй тайлан гаргадаг. Татваргүй барааны дэлгүүрийн өөр нэгэн онцлог бол дэлгүүрийн агуулахыг Гаалийн байгууллагаас битүүмжилж, зөвхөн гаалийн байцаагчийн хяналт доор бараа хөдөлгөөнд ордог байсан. Миний бие өдөр болгон “борлуулалтын өдрийн мэдээ"-гээ гаргаж компанийн удирдлагад өгч шалгуулдаг байсан төдийгүй компани намайг үр дүнтэй сайн ажиллаж байна гэж сар бүр нэмэгдэл цалин олгодог байсан. “...” компани гаргасан нэхэмжлэлдээ намайг 19,218 ам.долларын орлогыг дутуу тушаасан гэж заажээ. Дээр дурдсан гаалийн шалгалттай холбоотойгоор дэлгүүр эргээд нээгдсэний дараа н.... захирал 19,218 ам.долларыг хэд хэдэн өдрийн "Борлуулалтын өдрийн мэдээ"-нд хувааж оруулуулсан. Өөрөөр хэлбэл н.... захирал надад үүрэг өгч орлого ороогүй, дэлгүүр ажиллаагүй байхад 19,218 ам.долларын орлого орсон мэтээр тайланд тусгуулсан. “...” ХХК нь нэхэмжлэлдээ Санхүүгийн баримтуудыг хавсаргасан байна. Миний бие “...” ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг нотолгоо гэж үзэхгүй байна. Иймээс нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг надад хариуцуулах үндэслэлгүй, нотолгоогүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч С....д холбогдуулан, байгууллагад учруулсан хохиролд нийт 77,314 ам.доллар буюу 154,069,792 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч С.... болон түүний өмгөөлөгч Д.... нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “...” ХХК нь татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд хариуцагч С.... нь 2002 оноос эхлэн “...” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрт Хөдөлмөрийн гэрээний дагуу худалдагчаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилчдын дотоод журам зэрэг баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна. /1-р хх-2, 4-6, 2-р хх 152-155/

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн ба, нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч С....ыг тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу худалдагчаар ажиллах хугацаандаа 2015 оны 8 дугаар сард борлуулсан барааны орлогоос дутуу тушаасан 19,218 ам.доллар, мөн байгууллагын бараанаас 107 нэр төрлийн 2,755 ширхэг, 58,096 ам.долларын үнэ бүхий барааг дутааж, байгууллагад учруулсан хохиролд нийт 77,314 ам.доллар буюу 154,069,792 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт нийцжээ.

Хариуцагч С.... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дэлгүүрийн барааг дутагдуулаагүй бөгөөд тийнхүү байгууллага дотооддоо тооллого хийхээс 1 сарын өмнө Гаалийн байгууллагаас шалгалт хийхэд барааны илүүдэлтэй байсан, татваргүй барааны дэлгүүрийн агуулахыг Гаалийн байгууллагаас битүүмжилж, зөвхөн гаалийн байцаагчийн хяналт доор бараа хөдөлгөөнд ордог тул бараа дутах үндэслэлгүй, мөн дэлгүүрийн эрхлэгчийн зааварчилсны дагуу 19,218 ам.долларын гүйлгээг хуурамчаар “борлуулалтын өдрийн мэдээ”-нд хувааж оруулуулсан учир төлбөр хариуцах үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.

Хариуцагч С.... нь гаалийн мэдүүлгээр ирсэн барааг өөрийн биеэр тоо ширхэгтэй нь тулган санхүүгийн програмд бүртгэж хүлээн авах, улмаар худалдан борлуулах үндсэн үүргийнхээ дагуу татваргүй барааны дэлгүүрт гаалийн мэдүүлгээр ирсэн барааг хүлээн авч, санхүүгийн программд бүртгэн худалдан борлуулж, зарагдсан барааг кассанд уншуулан худалддаг бөгөөд, тухайн зарагдсан бараа нь санхүүгийн програмд бүртгэгдсэн бараанаас хасагдах байдлаар үлдэгдэл барааны тоо гардаг болох нь тус шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хийсэн “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-ээр нотлогдсон байна. /2-р хх 240-241/

Нэхэмжлэгч “...” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дотооддоо хийсэн бараа материалын тооллогоор худалдагч С.... нь өөрийн хариуцсан 351 нэр төрлийн 492,261,345 төгрөгийн үнэ бүхий 31,524 ширхэг бараанаас 107 нэр төрлийн 58,096 ам.долларын үнэ бүхий 2,577 ширхэг барааг дутаасан болох нь “Бараа материалын эцсийн үлдэгдэл” 2015 оны 9 дүгээр сарын тайлан бүхий баримтаар тогтоогджээ. /2-р хх 234-240/

Харин С....ын хариу тайлбарын үндэслэл болсон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2015 оны 8 дугаар сард Татваргүй барааны дэлгүүрүүдэд хийсэн шалгалтаар “...” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрт илэрсэн зөрчил болох 12 нэр төрлийн согтууруулах ундааны зүйл бүхий бараанууд нь “...” ХХК-ийн “Монгол-3000” байранд байрлах татваргүй барааны дэлгүүрийнх бус, харин нисэх онгоцны буудлын болон Алтанбулаг дахь салбарын хаягтай байсан болох нь шалгалт хийсэн комиссын “ГБА, ГБҮЗГ, ТБД-үүдэд үзлэг тооллого хийсэн тухай санал дүгнэлт”, гэрч У.Урантуяа, Т.Отгонбаатар нарын мэдүүлэг зэргийг дүгнэвэл, дээрх шалгалтаар нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нисэхийн болон Алтанбулаг дахь салбарын хаяг бүхий 12 нэр төрлийн барааны илүүдэлтэй байсан байна. /1-р хх-214/

Түүнчлэн, 2015 оны 8 дугаар сард татваргүй барааны дэлгүүрт нийт 20,622 ам.долларын орлого орсноос хариуцагч С.... 1,404 ам.долларыг тушааж, үлдэх 19,812 ам.долларыг тушаагаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Мөнгөн хөрөнгийн журнал”, борлуулалтын товчоо болон, кассын анхан шатны баримтуудаар тус тус тогтоогдсон, хариуцагч нь тэрхүү 19,812 ам.долларыг “эрхлэгчийн зааварчилсны дагуу хуурамчаар борлуулалтын мэдээнд оруулсан” гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул дутуу тушаасан уг орлогын төлбөрийг ажил олгогчид буцаан төлөх нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дахь хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд ... эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох”-оор заажээ.

Түүнчлэн, ажил олгогч нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт хуульчилсан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.16-д “...ажилтан өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал түүнийг барагдуулна” гэж, гэрээний 3.1-д “ажил олгогч нь ... эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрхтэй...” гэж тус тус заасан байх тул тэдний хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд, ажил олгогч “...” ХХК нь ажилтан С....ын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дутуу тушаасан орлого болон дутагдуулсан барааны үнэ болох 77,314 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны төгрөгийн ханшаар тооцон, 154,069,792 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 928,299 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 928,299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

   ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С....ас 154,069,792 /нэг зуун тавин дөрвөн сая жаран есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 928,299 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 928,299 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА