Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00670

 

“Д” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02800 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 148 дугаар магадлалтай

“Д” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

С.Г-д холбогдох

154 069 792 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г- нь манай компанийн татваргүй барааны дэлгүүрт 2002 оноос худалдагчаар ажилд орсон. 2015 он гарснаас орлого илт багассан. Тооллого хийхэд 08 дугаар сард борлуулсан барааны орлогоос 19 218 ам.долларыг С.Г- дутуу тушаасан учраас үүнтэй холбогдуулан бараа дутагдсан байж болзошгүй гэдэг хардлага төрж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр С.Г-ын хариуцаж байсан бараа материалыг тоолоход 50 896 ам.долларын бараа буюу 2 577 ширхэг бараа дутагдуулсан байдаг. Иймд “Д” ХХК-д учруулсан хохирол болох 77 314 ам.доллар буюу 154 069 792 төгрөгийг С.Г-ас гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний 4.16-д зааснаар ажилтан өөрийн буруугаас болж эд хөрөнгийн хохирол учруулбал өөрөө хариуцна гэж заасан байдаг. С.Г- нь өөрөө бараагаа компьютерт шивж оруулаад, оруулсан бараагаа өөрөө худалддаг байсан нь шүүхээс үзлэг хийх явцад тогтоогдсон. 8 дугаар сард үзлэг хийхэд бараа бүрэн байсан. Үзлэг хийснээс хойш орлогыг дутуу төлсөн байдал илэрсэн учраас барааг тоолоход дутсан байсан. Иймд Хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтан өөрийнхөө буруугаас бараа дутаасан бол байгууллагад учирсан хохирлыг ажилтан өөрөө хариуцна гэсэн заалтын дагуу нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч С.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд тооллого хийхэд 58 096 ам.долларын бараа дутсан гэж заажээ. 2015 оны 08 дугаар сард миний ажиллаж байсан салбар дэлгүүрт Улаанбаатар хотын гаалиас шалгалт орж барааны илүүдэлтэй байна гэж тогтоосон. Компани энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрч, дэлгүүр 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гурван долоон хоногийн турш хаалттай, битүүмжлэгдсэн байсан. Дэлгүүр нээгдэхэд компанийн дэд захирал н.Чимгээ надаас агуулах, дэлгүүр, кассын зэрэг бүх түлхүүрийг нэхэж авсан. Мөн илүүдсэн байсан 300 орчим хайрцаг бараанаас 155 хайрцаг барааг нягтлан бодогч н.Энхболд бид хоёр н.Чимгээ захирлын өгсөн үүргийн дагуу дэлгүүрээс гаргасан. Татваргүй барааны дэлгүүрийн бусад худалдааны газруудаас ялгаатай нь өдөр болгон борлуулалтын өдрийн мэдээ" нэртэй тайлан гаргадаг. Татваргүй барааны дэлгүүрийн өөр нэгэн онцлог бол дэлгүүрийн агуулахыг гаалийн байгууллагаас битүүмжилж, зөвхөн гаалийн байцаагчийн хяналт доор бараа хөдөлгөөнд ордог байсан. Миний бие өдөр болгон борлуулалтын өдрийн мэдээ"-гээ гаргаж компанийн удирдлагад өгч шалгуулдаг байсан төдийгүй компани намайг үр дүнтэй сайн ажиллаж байна гэж сар бүр нэмэгдэл цалин олгодог байсан. “Д” ХХК- нь намайг 19 218 ам.долларын орлогыг дутуу тушаасан гэжээ. Дээр дурдсан гаалийн шалгалттай холбоотойгоор дэлгүүр эргээд нээгдсэний дараа н.Чимгээ захирал 19 218 ам.долларыг хэд хэдэн өдрийн "Борлуулалтын өдрийн мэдээ"-нд хувааж оруулуулсан. Өөрөөр хэлбэл н.Чимгээ захирал надад үүрэг өгч орлого ороогүй, дэлгүүр ажиллаагүй байхад 19 218 ам.долларын орлого орсон мэтээр тайланд тусгуулсан. “Д” ХХК нь нэхэмжлэлдээ Санхүүгийн баримтуудыг хавсаргасан байна. Миний бие “Д” ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг нотолгоо гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02800 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г-ас 154 069 792 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 928 299 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 928 299 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 148 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02800 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан хариуцагч С.Г-ас 38 297 246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115 772 546 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...928 299 төгрөг...” гэснийг “...349 436 төгрөг...” тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч С.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928 299 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Д” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн заалтыг үндэслэн тодруулбал нотлох баримтыг үнэлэх талаар заасан хуулийн заалтуудыг буруу хэрэглэж, нотлох баримтыг үнэлээгүй учир хяналтын гомдол гаргаж байна.

“Д” ХХК нь хариуцагч С.Г-ас дутагдуулсан барааны үнэ 154 069 792 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж, 102/ШШ2017/02800 дугаар шийдвэр гарсан.

Хариуцагч С.Г- нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 148 дугаартай магадлал гарч 102/ШШ2017/02800 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч С.Г-ас 154 069 792 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байсныг өөрчилж 38 297 246 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 115 772 546 төгрөг холбогдох хэсгээс хэрэгсэхгүй болгосон.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянасан хэсэгт дурдахдаа шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.1-д “ажил олгогч нь ...эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрхтэй”, гэрээний 4.16-д “ажилтан өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал түүнийг бүрэн хариуцаж барагдуулна” гэж тус тус заасан байна. Иймд зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан байх тул ажил олгогч “Д” ХХК нь ажилтан С.Г-ын буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна” гэж зөв дүгнэсэн.

Хариуцагч С.Г- нь “Д” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн хуваарийн дагуу гаалийн мэдүүлгээр орж ирсэн барааг өөрөө хүлээн авч санхүүгийн программд нэг бүрчлэн оруулж шивсэн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 491 дүгээр нүүрэнд авагдсан шүүхээс үзлэг хийсэн тухай тэмдэглэлд авагдсан байна.

Мөн 2 дугаар хавтаст хэргийн 474-483 дугаар нүүрэнд хариуцагч С.Г-ын “Д” ХХК-ийн санхүүд хүлээлгэн өгсөн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өөрийнх нь хариуцаж байсан тасгийн Бараа материалын тайланд хариуцагч С.Г-ын дутагдуулсан бараанууд байсан нь тогтоогдож байна.

2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч С.Г- нь санхүүгийн программаас өөрөө хэвлэж гаргаж өгсөн Бараа материалын эцсийн үлдэгдлийн тайланг /2 дугаар хавтаст хэргийн 484-490 дүгээр нүүр/ барьж өөрийг нь болон хөндлөнгийн гэрч байлцуулан бүтэн өдрийн туршид бүх барааг нь нүд үзэн тоолоход 2577 ширхэг 58 096 ам.долларын бараа дутагдалтай гарсан бөгөөд хариуцагч С.Г- нь дээрх бараануудыг хүлээж аваагүй гэж маргаагүй, харин хэрхэн дутагдсаныг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна хэмээн гарын үсгээ зурсан.

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дэлгүүрт тооллого явуулах үед хэдэн нэр төрлийн, хэдэн ширхэг, ямар үнийн дүнтэй, бараа байх ёстой байсан нь эргэлзээгүй тогтоогдоогүй болно” гэж буруу дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлэх талаар заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 148 тоот магадлалд “хариуцагч С.Г-ас 38 297 246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115 772 546 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлтийг хүчингүй болгож Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/02800 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч С.Г-д холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 77 314 ам доллар буюу 154 09 792 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С.Г- нь “Д” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар сард борлуулсан барааны орлогоос 19 218 ам долларыг дутуу тушаасан, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тооллогоор 50 896 ам долларын бараа дутагдуулсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан тул нэхэмжлэгч нь байгууллагад учирсан хохирлыг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас 19 218 ам доллар буюу 38 297 246 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хариуцагч С.Г-ас  2015 оны 08 дугаар сард борлуулсан барааны орлогоос дутуу тушаасан 19 218 ам доллар буюу 38 297 246 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Харин 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тооллогоор 58 096 ам доллар буюу 115 772 546 төгрөгийн бараа дутагдуулсан гэх нэхэмжлэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө эд хөрөнгийн тооллого хийснээ нотлоогүй тул бараа дутагдсан гэх хугацааг тодорхойлох боломжгүй.

С.Г-ын ажлын байр болох тус дэлгүүр нь байнгын харуул хамгаалалтай боловч хариуцагчаас гадна дэлгүүрийн эрхлэгч, өөр бусад ажилтан, ажилчид дэлгүүрт нэвтрэх эрхтэй байх бөгөөд хариуцагчийн ажилладаг лангуу буюу тасаг нь тусдаа хаалга, цоожгүй, ил задгай тул хариуцагчийн хариуцсан тасгаас бараа дутагдсанд дан ганц хариуцагчийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.-д зааснаар ажилтан өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээхээр зохицуулсан байх бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлээс 58 896 ам доллар буюу 115 772 546 төгрөгийн  бараа дутагдсан нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 148 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736 813 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД