Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1694

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04714 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

154 069 792 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Хариуцагч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                    ХХХХ  

Хариуцагч                                                               ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                       ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга             Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн захирал ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХ” ХХК-ийн худалдагчаар ажиллаж байсан ХХХХ нь 2002 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс худалдагчаар ажилд орсон. 2015 он гарснаар орлого багассан. Ингээд тооллого хийхэд 8 дугаар сард борлуулсан барааны орлогоос 19 218 ам.долларыг ХХХХ нь дутуу тушаасан байсан учраас үүнтэй холбогдуулан бараа дутагдсан байж болзошгүй гэсэн хардлага төрөөд бүх бараанд эд хөрөнгийн нэг бүрчлэн тооллого хийхэд 58 096 ам.долларын 2577 ширхэг бараа дутсан. Иймд 77,314 ам.доллар буюу 154 069 792 төгрөгийг ХХХХ ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХ” компанийн гаргасан нэхэмжлэлд тооллого хийхэд 58 096 ам.долларын бараа дутсан гэж заажээ. 2015 оны 8 сард миний ажиллаж байсан салбар дэлгүүрт Улаанбаатар хотын гаалиас шалгалт орж барааны илүүдэлтэй байна гэж тогтоосон. Компани энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрч, дэлгүүр 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гурван долоон хоногийн турш хаалттай, битүүмжлэгдсэн байсан. Дэлгүүр нээгдэхэд компанийн дэд захирал ХХХХ надаас агуулах, дэлгүүр, кассны зэрэг бүх түлхүүрийг нэхэж авсан. Мөн илүүдсэн байсан 300 орчим хайрцаг бараанаас 155 хайрцаг барааг нягтлан бодогч ХХХХ бид хоёр ХХХХ захирлын өгсөн үүргийн дагуу дэлгүүрээс гаргасан. Татваргүй барааны дэлгүүрийн бусад худалдааны газруудаас ялгаатай нь өдөр болгон “борлуулалтын өдрийн мэдээ" нэртэй тайлан гаргадаг. Мөн Татваргүй барааны дэлгүүрийн өөр нэгэн онцлог бол дэлгүүрийн агуулахыг Гаалийн байгууллагаас битүүмжилж, зөвхөн гаалийн байцаагчийн хяналт доор бараа хөдөлгөөнд ордог байсан. Миний бие өдөр болгон “борлуулалтын өдрийн мэдээ"-гээ гаргаж компанийн удирдлагад өгч шалгуулдаг байсан төдийгүй компани намайг үр дүнтэй сайн ажиллаж байна гэж сар бүр нэмэгдэл цалин олгодог байсан. “ХХ” компани гаргасан нэхэмжлэлдээ намайг 19 218 ам.долларын орлогыг дутуу тушаасан гэж заажээ. Дээр дурдсан гаалийн шалгалттай холбоотойгоор дэлгүүр эргээд нээгдсний дараа ХХХХ захирал 19 218 ам.долларыг хэд хэдэн өдрийн "Борлуулалтын өдрийн мэдээ"-нд хувааж оруулуулсан. Өөрөөр хэлбэл ХХХХ захирал надад үүрэг өгч орлого ороогүй, дэлгүүр ажиллаагүй байхад 19,218 ам.долларын орлого орсон мэтээр тайланд тусгуулсан. “ХХХХ” ХХК нь нэхэмжлэлдээ Санхүүгийн баримтуудыг хавсаргасан байна. Миний бие “ХХ” ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг нотолгоо гэж үзэхгүй байна. Иймээс нэхэмжлэгч ХХ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг надад хариуцуулах үндэслэлгүй, нотолгоогүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ ас 154 069 792 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928 299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ ас улсын тэмдэгтийн хураамжид 928 299 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Хариуцагчийн зүгээс шүүхийн 102/ШШ2016/04714 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 135 дугаар зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх ажилтан буюу хариуцагч ХХХХ-ыг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг тодруулаагүй болно. Шүүх ажил олгогчийн бүрэн хариуцлага хүлээлгэх жагсаалт байгаа эсэх, түүнд худалдагчийн албан тушаал багтсан эсэхийг тодруулаагүй атлаа талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.16-д "...ажилтан өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал түүнийг барагдуулна..." гэснийг баримтлан хариуцагч ХХХХ нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хөдөлмөрийн гэрээний дээрх 4.16 дахь заалтад эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Гэтэл хариуцагч ХХХХ нь "ХХ" ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу татваргүй барааны дэлгүүрт гаалийн мэдүүлгээр ирсэн барааг хүлээн авч, санхүүгийн программд бүртгэдэг байсан бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлж, ирсэн барааг хүлээн авдаг байсан нь тэдгээрийг дутаах үндэслэл болж, үүнийг шууд ажилтны буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 678 дугаар тушаалаар батлагдсан "Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам"-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгддэг эрх зүйн баримт бичиг болох уг журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Татваргүй барааны дэлгүүр эзэмшигчтэй байгуулах гэрээ"-ний 1.3-т "...Дэлгүүрийн эрхлэгч, няраваар ажиллах ажилтаны анкет холбогдох материалыг гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна..." гэж татваргүй барааны дэлгүүрийн дотоод зохион байгуулалт болон эд хөрөнгийг хариуцдаг тусгай этгээдүүдийг хэрхэн ажиллуулах талаар журамласан атал зөвхөн худалдагчид бүрэн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс татваргүй барааны дэлгүүрийн эрхлэгч, нярав болон худалдагч нар нь тус тусын хариуцсан ажил, чиг үүрэгтэй болохыг нотлох үүднээс "ХХ" ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрийн эрхлэгч, няраваар ажиллаж байсан этгээдүүдийн гаалийн байгууллагад танилцуулсан анкет, холбогдох материалуудыг гаргуулахыг удаа дараа шүүхээс хүссэн боловч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлох эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Шүүх дэлгүүрийн эрхлэгч, няравын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, тэдгээрийн гэм хор, учруулсан хохирлын хэмжээг тогтоогоогүй атлаа зөвхөн хариуцагчид бүрэн хариуцлага хүлээлгэж, зөвхөн хариуцагчийн буруугаас бараа дутсан гэж үзсэн нь өрөөсгөл дүгнэлт болж, хэт нэг талыг баримтлаж, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт тооцоонд үндэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Хэдий татваргүй барааны дэлгүүрт ирсэн барааг худалдагч хүлээн авч, бүртгэдэг, тухай бараанаас нь дутсан гэж байх болох нь хариуцагч миний бие түүнийг дутаасан гэх баримтаар нотлогдоогүйг давж заалдах шатны шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, зохигчийн өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ батлах боломжийг хариуцагчид олгоогүй хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлох чухал ач холбогдолтой баримтуудыг гаргуулах, гэрч оролцуулах, криминалистикийн шинжээч томилуулах зэрэг шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудад үндэслэн шүүх хуралдааныг явуулж хууль ёсны бус, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “...Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг... -г хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх...", 48.2 дахь хэсэгт "...Хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй ... иргэнийг оролцуулна..." гэж заасныг зөрчиж 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр талуудыг оролцуулан үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр албаны сонирхолтой болох "ХХ" ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрийн ажилтан болон шүүхийн тахар нарыг оролцуулан хийсэн тул үзлэгийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй болно. Улаанбаатар хот дахь гаалийн улсын байцаагчид нь албан үүргийн дагуу "ХХ" ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрт хийсэн шалгалтаар үлдэгдлийн тайланг үндэслэн тооллого, тулгалт хийж, дутагдсан зүйл байхгүй харин илүүдсэн бараа, бүтээгдэхүүн байна гэж тогтоосон бөгөөд 9 хоногийн дараа буюу "ХХ" ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрийн эжилчдын тооллого хийсэн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 107 нэр төрлийн, 2 577 ширхэг оараа бүтээгдэхүүн дутсан байх боломжгүй болно. Дээрх зүйлээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04714 дугаар шийдвэрийг солгож. хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

            Анхан шатны шүүх “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХХХ-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32016/20653 дугаар шүүгчийн захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 15 цагт товлон зарлажээ. /хэргийн 35 дугаар тал/

 

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанаас өмнө 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд хандан Улаанбаатар хот дахь Гаалийн газраас татваргүй барааны дэлгүүрүүдэд үзлэг, тооллого хийсэн тухай дүгнэлтэд дурьдагдсан “ХХ” ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрээс гаргуулж авсан барааны эцсийн мэдээ, үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг гаргуулах хүсэлт гаргасан байна. /хэргийн 40, 41 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны бус үед гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр уг хүсэлтээ дахин гаргахад нь хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал шүүхийн шийдвэрийн “тодорхойлох” хэсэгт хариуцагчийн тайлбар татгалзал, “үндэслэх” хэсэг хаана эхэлсэн нь ойлгомжгүй байгаа нь хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн агуулгыг заана”, 118.4 дахь хэсэгт “Үндэслэх хэсэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа заана” гэж тус тус заасанд нийцэхгүй юм.  

 

             Хэрэгт ирүүлсэн шүүхийн шийдвэр дутуу байгаа тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Энэ талаар давж заалдсан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХ-ын төлсөн 928 300 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

               ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

                                                               Ц.ИЧИНХОРЛОО