Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/02118

 

 

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/02118

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Грийн Хаус АОС 00В тоотод оршин суух, Б овогтой Э.М-О/РД:УЗ70081318/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах М.Ү.Х /РД:1015168/,/МҮОХ/

Би даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 5 байр, 9 тоотод оршин суух, Ч овогтой Д. З /РД:УС00000000/-д холбогдох

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай МҮОХ-ны гишүүдийн хурлаас гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-А, хариуцагчийн өмгөөлөгч Н.И, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М-О итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн эцсийн байр суурь ийнхүү багасгаж, өөрчилж байна. 2016 оны 9 сарын 16-ны өдрийн 05 дугаартай МҮОХ-ны гишүүдийн хурлаас гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах, Дээрх тогтоолоор батлагдсан гэх дүрмийг нь одоо хүчин төгөлдөр мэт мөрдөгдөж байгаа бөгөөд Олимпийн хороо нь 1956 онд байгуулагдсан цагаасаа хойш олон удаа дүрэм баталж байсан. Батлагдсан дүрэм бүрт Олимпийн хорооны бүхий л бүрэлдэхүүнд олимпийн төрлийн спортын холбоод олонхийг бүрдүүлэх талаар тусгасан байдаг. Мөн энэхүү зарчим нь Олимпийн Хартид тухайн үндэсний Олимпийн хороо бүрийн гишүүнчлэл болон хурлын бүрэлдэхүүнд олимпийн төрлийн спортын холбоод заавал олонхийг бүрдүүлэх ёстойг тусгасан байдаг үндсэн зарчим юм. Мөн МҮОХ-ны бүхий л батлагдсан дүрмүүдэд Олимпийн Хартийг удирдлага болгох, хэрэв Олимпийн хорооны дүрэм Олимпийн Хартиас зөрвөл Хартийг баримтлах тухай тусгасан байдаг. Тухайлбал 2008 оны дүрмээр гишүүдийн аливаа санал хураалтанд олимпийн төрлийн спортын холбоод олонхийг бүрдүүлэх, олимпийн хороо нь үйл ажиллагаандаа Олимпийн хартиг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх талаар тусгасан байна. 2008 оны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 -т МҮОХ нь Олимпийн хартиг удирдлага болгох талаар зааж, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5-д Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг эрхлэх холбоод, тэдгээрийн төлөөлөгчид ҮОХ болон түүний гүйцэтгэх байгууллагын санал хураалтанд оролцогчдын олонхийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Олимпийн Харти ёсоор Үндэсний Олимпийн хорооны гишүүнчлэлийн олонхийг олимпийн төрлийн спортын холбоод, гэхдээ энэ холбоод нь тухайн спортынхоо олон улсын холбооны гишүүн байх ёстойг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монголын буудлагын холбоо нь Олон улсын буудлагын холбоонд Монгол улсыг төлөөлөн элссэн байдаг ба МҮОХ-ны бүрэн эрхт гишүүн юм. Яг ийм нөхцөлийг хангасан гишүүд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хуралд ердөө 26%-ийг бүрдүүлжээ. Гэтэл 2016 оны дүрмийг баталсан дээрхи тогтоолыг Олимпийн Харти болон Олимпийн хорооны өөрийн дүрмийг зөрчсөн хууль бус бүрэлдэхүүнтэй гишүүдийн хурлаас гаргажээ. Тодруулбал 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны гишүүдийн хурлын ирцийн бүртгэлээс харахад 26 орчим олимпийн спортын холбоодын төлөөлөл байдаг ба хуралд нийт 100 төлөөлөл бүртгэгдсэн байна. Эндээс харахад олимпийн төрлийн спортын холбоодын төлөөлөл 30 хүрэхгүй хувь, өөрөөр хэлбэл олонхийн буюу 50 нэмэх 1 зарчим энд огт хангагдаагүй байгааг түвэггүй харж болно. Э.М-О нь Буудлагын спортын холбооны төлөөлөгч ба дүрмээрээ цөөнхи байх ёстой лимпийн төрөлд багтдаггүй төлөөлөл нь ийнхүү дүрмийг зөрчиж олонхи (70 хувь) болсноороо хууль бус төлөөллийг оролцуулж хуралдан шийдвэр гаргаснаараа олимпийн хорооны үйл ажиллагааг бүхэлд нь хууль бус болгосон. Өөрөөр хэлбэл энэ дүрмийг батлагдсан цагаас хууль бус ерөнхийлөгч, хууль бус чуулган, хууль бус сонгуулийн комисс, шийдвэрүүд гаргаж байна гэсэн үг. Олимпийн хороо гэсэн нэртэй л олимпийн бус спортын холбоо гэх нэршил рүү ойртсон байна. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын бүрэлдэхүүнд Олимпийн Харти болон МҮОХ-ны дүрмээр гишүүнчлэл нь холбоо буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд гэж заасааар байхад хувь хүмүүсийг, улсад бүртгэлгүй этгээдүүдийг цуглуулж тухайн хууль бус дүрмийг батлуулсан байна. Тухайн хуралд олонх болсон олимпийн бус 70 төлөөлөгчийн 30 орчим нь ийнхүү огт харьяалалгүй хүмүүс оролцсон байна.

Дээрх нөхцөлүүд нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг гишүүдийн гэж нэрлэсэн хурлыг хууль бус бүрэлдэхүүнээр хийж Олимпийн Харти, МҮОХ-ны дүрмээ зөрчсөн хууль бус хурал тул энэ хурлаас дүрэм баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага, чэмжлэлийг гаргах үндэслэл болж байна. Олон жил олимпийн спортыг хөгжүүлэх гэсэн хичээл зүтгэлийг үнэгүйдүүлж, хаа хамаагүй хувь хүн, бүртгэлгүй байгууллага, олимпийн бус холбоодыг гишүүнээр сонгож ирсэн нь тус хорооны албан ёсны гишүүн болох буудлагын спортын холбоо, түүний төлөөлөгч болох Э.Мөнх-Очирын эрх ашиг сонирхлыг хөндөж байна...Нэгэнт хууль бус дүрмийг үндэслэн 2017 оны сонгууль явагдсан тул 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн МҮОХ -ы Ерөнхийлөгчөөр Д.З сонгосон 01 дугаартай сонгуулийн комиссын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага хэвээрээ болно. Харин бусад шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө гарагсан 2 нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн МҮОХ -ы Ерөнхийлөгчөөр Д.З сонгосон 00 дугаартай сонгуулийн комиссын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Харин 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай хурлаас гаргасан дүрмийн тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасаныгаа дэмжин оролцож байна.

Тухайн дүрэм батлах үед 2010 онд батлагдсан дүрэм хүчин төгөлдөр байсан бөгөөд уг 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүн олимпийн надамын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь МҮОХ-ны нийт санал хураалтын бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэх ёстой гэж гишүүдийн хурлын санал хураалтыг тооцохыг заасан. Мөн Олимпийн Хартийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт Олимпод орох төрөл 50 дээш хувийг эзлэх ёстой гэж заасан байгаа. Нийт гишүүдий бүрэлдэхүүнтэй хуралдаж байхад олимпийн төрөл нь ядаж 50 хувиас дээш байх ёстой. Тиймээс тухайн тогтоол хууль бус гарсан учраас хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын бүрэлдэхүүнд М.Ү.Хны төлөөлөгчид 2010 оны 12 сарын 22-ны өдрийн хурлаар сонгогдсон гишүүд байгаа. Энэ гишүүдийг баталгаажуулсан 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай чуулганы тогтоол хүчин төгөлдөр байгаа. 2010 оны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2.1, 5.2.2 Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын ОЛон улсын холбоодын гишүүн болсон үндэсний бүх холбоод, ОУОХ-оор хүлээн зөвшөөрөгдсөн ба Олимпийн наадмын хөтөлбөрт ордоггүй спортын Олон улсын холбоодын гишүүн үндэсний холбоод, МҮОХ-оор хүлээн зөвшөөрөгдсөн бусад спортын байгууллагууд болон МҮОХ-ны орон нутгийн салбар зөвлөлийн төлөөлөгчид нь дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 заасны дагуу оролцож 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай тогтоолоор дүрмийг баталсан байгаа. Энэ тогтоол гарсныг батлахын зэрэгцээ дүрмээ хянуулан зөвлөмж авдаг. Үүнтэй холбоотой олон улсын олимпийн хорооноос ирүүлсэн албан бичгийг орчуулгатай өгсөн. 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинэ дүрмийн 6.1 дэх хэсэгт тус бүр нэг хүн хүндэт гишүүн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт олимпийн наадмын медальт тамирчин гэж заасан. 2010 оны 12 дугаар сарын 20-ны дүрмийн дагуу баталгаажуулсан гишүүд орсон байгаа. Зуны олимпийн наадмын төрөлд 7 төрөл байдаг ба зарим хөтөлбөрөө нэмж оруулдаг журамтай. Санал хураагчдын олонхи нь хуралд орно гэж заасан байгаа. Мөн нэхэмжлэгч тал ирцийн бүртгэлийг олимпийн ба олимпийн бусаар гараараа тэмдэглэл хийсэн жагсаалт нотлох баримтаар гаргаж өгсөн. Зарим спортыг олимпийн бус төрөл гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэлгүй нь тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага эсэргүүцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдйн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон дахин нотлохгүй гэж заасан байна. Цаашид хэн нь хохироод байгаа болон энэ дүрэм нь ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхой бус байна. Мөн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт бүх гишүүдээ тодорхой заагаад өгсөн байгаа. Тиймээс хариуцагч талын гаргасан тайлбартай санал нэг байна гэв.

Шүүх зохигчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Э.М-О нь М.Ү.Х /МҮОХ/ - нд холбогдуулан МҮОХ-ны гишүүдийн хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар 05 дугаартай гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулж, нэгэнт хууль бус дүрмийг үндэслэн 2017 оны сонгууль явагдсан тул 2017 оны 03 дугаар сарын 24-ний МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.З сонгосон 01 дүгээр сонгуулийн комиссын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-Э2017 оны 03 дугаар сарын 24-ний МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.З сонгосон 01 дүгээр сонгуулийн комиссын тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагаас татгалзсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнх нь хүрээнд байх тул шүүх хүлээн авлаа.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-Э МҮОХ-ний гишүүдийн хурлаас гаргасан 2016 оны 9 сарын 16-ны өдрийн 05 дугаартай МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоол нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа уг гишүүдийн нийт санал хураалтын олонх нь олимпийн спортын холбоо эсвэл түүний төлөөлөл байх ёстой бөгөөд энэ нь Олимпийн Хартийг зөрчиж байх бөгөөд цаашлаад олон улсын түвшинд уг асуудал илэрвэл Олон улсын олимпийн хорооноос хүлээн зөвшөөрснөө түдгэлзүүлэх хасах зэрэг арга хэмжээ авах эсрдэлтэй, мөн хууль бус дүрэм батласнаас хойшхи шийдвэрүүд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч дээрх шаардлагыг татгалзаж буй татгалзлаа уг дүрмийг баталсан МҮОХ-ны гишүүдийн хурал өмнөх үйлчилж байсан дүрмийн дагуу явагдсан, нийт гишүүдийг баталсан чуулганы тогтоол шүүхийн шийдвэрээр хүчинтэй байгаа бөгөөд Олимпийн Харти-г зөрчөөгүй талаарх олон улсын Олимпийн хорооноос манайд албан бичиг ирсэн зэрэг үндэслэлүүдийг гаргаж мэтгэлцлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд хандах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба уг эрхийг мөн хуулийн 9.4.7-д зааснаар буюу бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох аргаар хамгаалахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай МҮОХ-ны гишүүдийн хурлаас гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна гэж үзлээ.

Хууль зүйн үндэслэлийн хувьд:

Монголын Олимпийн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот М.Ү.Хны гишүүдийг батлах тухай тогтоолоор МҮОХ-ны Дүрмийн/2010/ 6.1 дугаар заалт, Спортын холбоод, Олимпийн зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монголын олимпийн чуулганаас М.Ү.Хны гишүүнээр хавсралтад дурдсан нэр бүхий 93 хүнийг сонгон баталсан байх бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болох нь талуудын тайлбар, шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн баримт болох Улсын дээд шүүхийн 2017 оны 3 сарын 16-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор нотлогдож байна.

Нэхэмжлэгч дээрх гишүүдийн хурлаар МҮОХ-ны дүрмийг батлахдаа нийт санал хураалтын олонх нь Олимпийн Хартид заасан, мөн өмнө нь үйлчилж байсан 2010 оны дүрмийн 6.2-т заасныг дагуу олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод байх ёстой гэснийг зөрчиж, нийт санал хураалтын 50 хувьд ч хүрэхгүй байна гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Дээрх дүрмийг баталж байх үед үйлчилж байсан 2010 оны дүрмийн 9.2 Гишүүдийн хуралд нийт гишүүдийн 50-иас дээш хувь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно. Гишүүдийн хурлын бүх шийдвэрийн санал хураалтад оролцогсдын олонхийн саналаар гаргана гэж заасны дагуу МҮОХ-ны 2016 оны 9 сарын 16-ны өдрийн гишүүдийн хуралд 91 гишүүн оролцохоос 70 гишүүн буюу 77 хувь оролцон уг гишүүдийн 100 хувийн саналаар мөн дүрмийн 9.3-т заасан гишүүдийн хурлаар ... дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулна гэсний дагуу шинэчлэн найруулсан МҮОХ-ны дүрмийг 2016 оны 9 сарын 16-ны өдрийн 05 тоот тогтоолоор баталжээ.

Дээрх 70 гишүүдийн бүрэлдэхүүнд олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын холбоодын орон нутгийн салбар зөвлөлийн төлөөлөгчид нь Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын холбоодын төлөөлөл гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэсэн няцаасан үндэслэлээ нотолж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс Олимпийн хартийн 1.1.2-д зааснаар олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын холбоодын төлөөлөл 25 төрөл байдаг, хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрөл нэмэгдлээ гэхэд мөн улсын бүртгэлээр бүртгэгдсэн холбоодын тоо гэхэд 50 хувьд хүрэхгүй тоотой байна гэж тайлбарлаж байгаа нь Олимпийн Хартийн 28-д заасан ҮОХ-ны бүрэлдэхүүнд заавал байх ёстой бүтцийг заасан 3.1 тухайн улс оронд байгаа ОУОХ-ны гишүүд, 3.2 олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын олон улсын холбооны гишүүн спортын олон улсын холбооны гишүүн спортын үндэсний холбоод эсхүл тэдгээрийн төлөөлөл, 3.3 тамирчдаас сонгогдсон төлөөлөл гэж зааснаас харахад 25 олимпийн спортын төрлөөр гишүүдийн олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоодын тоо нь хязгаарлагдах зохицуулалт байхгүй, мөн уг холбоодыг улсын бүртгэлд заавал бүртгэсэн байхыг шаардсан зохицуулалт байхгүй, Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.2 улсын бүртгэлд бүртгэгдээгүй холбоо нь иргэний эрх зүйн харилцаанд бүрэн эрх бүхий төлөөлөгч буюу гишүүнээр дамжин оролцоно гэж заасан зэргээр тус тус үгүйсгэгдлээ.

Мөн түүнчлэн Олон улсын Олимпийн хорооноос 2016 оны 9 сарын 16-ны өдрийн Үндэсний олимпийн хорооны дүрмийг баталсан санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонхи байна гэсэн шаардлагыг хангасан гэх /1-р хавтаст 95/ мөн Олимпийн хартийн 3.2 заалтын дагуу хүлээн зөвшөөрсөн тухай цахим шуудан ирүүлсэнтэй нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.

Иймд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай МҮОХ-ны гишүүдийн хурлаас гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоол нь Олимпийн хартийн 28.3, МҮОХ-ны дүрмийн /2010/ 6.2-г зөрчсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Э.М-О-ын нэхэмжлэлтэй, М.Ү.Хнд холбогдох, МҮОХ-ны гишүүдийн хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.М-О-оос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 140 400, 2019 оны 4 сарын 9-ний төлсөн 210 600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ц.УРАНГУА