Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00488

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02118 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2002 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

*******нд холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Загдсүрэн

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай МҮОХ-ны гишүүдийн хурлаас гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнд-Аюуш, Б.Баяртуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн эцсийн байр суурь ийнхүү багасгаж, өөрчилж байна. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай МҮОХ-ны гишүүдийн хурлаас гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах, дээрх тогтоолоор батлагдсан гэх дүрмийг нь одоо хүчин төгөлдөр мэт мөрдөгдөж байгаа бөгөөд Олимпийн хороо нь 1956 онд байгуулагдсан цагаасаа хойш олон удаа дүрэм баталж байсан. Батлагдсан дүрэм бүрт Олимпийн хорооны бүхий л бүрэлдэхүүнд олимпийн төрлийн спортын холбоод олонхыг бүрдүүлэх талаар тусгасан байдаг. Мөн энэхүү зарчим нь Олимпийн Хартид тухайн үндэсний Олимпийн хороо бүрийн гишүүнчлэл болон хурлын бүрэлдэхүүнд олимпийн төрлийн спортын холбоод заавал олонхыг бүрдүүлэх ёстойг тусгасан байдаг үндсэн зарчим юм. Мөн МҮОХ-ны бүхий л батлагдсан дүрмүүдэд Олимпийн Хартийг удирдлага болгох, хэрэв Олимпийн хорооны дүрэм Олимпийн Хартиас зөрвөл Хартийг баримтлах тухай тусгасан байдаг. Тухайлбал, 2008 оны дүрмээр гишүүдийн аливаа санал хураалтад олимпийн төрлийн спортын холбоод олонхыг бүрдүүлэх, олимпийн хороо нь үйл ажиллагаандаа Олимпийн хартиг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх талаар тусгасан байна. 2008 оны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-т МҮОХ нь Олимпийн хартиг удирдлага болгох талаар зааж, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5-д Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг эрхлэх холбоод, тэдгээрийн төлөөлөгчид ҮОХ болон түүний гүйцэтгэх байгууллагын санал хураалтад оролцогчдын олонхыг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Олимпийн Харти ёсоор Үндэсний Олимпийн хорооны гишүүнчлэлийн олонхыг олимпийн төрлийн спортын холбоод, гэхдээ энэ холбоод нь тухайн спортынхоо олон улсын холбооны гишүүн байх ёстойг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монголын буудлагын холбоо нь Олон улсын буудлагын холбоонд Монгол улсыг төлөөлөн элссэн байдаг ба МҮОХ-ны бүрэн эрхт гишүүн юм. Яг ийм нөхцөлийг хангасан гишүүд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хуралд ердөө 26 хувийг бүрдүүлжээ. Гэтэл 2016 оны дүрмийг баталсан дээрх тогтоолыг Олимпийн Харти болон Олимпийн хорооны өөрийн дүрмийг зөрчсөн хууль бус бүрэлдэхүүнтэй гишүүдийн хурлаас гаргажээ. Тодруулбал, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны гишүүдийн хурлын ирцийн бүртгэлээс харахад 26 орчим олимпийн спортын холбоодын төлөөлөл байдаг ба хуралд нийт 100 төлөөлөл бүртгэгдсэн байна. Эндээс харахад олимпийн төрлийн спортын холбоодын төлөөлөл 30 хүрэхгүй хувь, өөрөөр хэлбэл олонхын буюу 50 нэмэх 1 зарчим энд огт хангагдаагүй байгааг түвэггүй харж болно. ******* нь Буудлагын спортын холбооны төлөөлөгч ба дүрмээрээ цөөнх байх ёстой олимпийн төрөлд багтдаггүй төлөөлөл нь ийнхүү дүрмийг зөрчиж олонх (70 хувь) болсноороо хууль бус төлөөллийг оролцуулж хуралдан шийдвэр гаргаснаараа олимпийн хорооны үйл ажиллагааг бүхэлд нь хууль бус болгосон. Өөрөөр хэлбэл, энэ дүрмийг батлагдсан цагаас хууль бус ерөнхийлөгч, хууль бус чуулган, хууль бус сонгуулийн комисс, шийдвэрүүд гаргаж байна гэсэн үг. Олимпийн хороо гэсэн нэртэй л олимпийн бус спортын холбоо гэх нэршил рүү ойртсон байна. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын бүрэлдэхүүнд Олимпийн Харти болон МҮОХ-ны дүрмээр гишүүнчлэл нь холбоо буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд гэж заасаар байхад хувь хүмүүсийг, улсад бүртгэлгүй этгээдүүдийг цуглуулж тухайн хууль бус дүрмийг батлуулсан байна. Тухайн хуралд олонх болсон олимпийн бус 70 төлөөлөгчийн 30 орчим нь ийнхүү огт харьяалалгүй хүмүүс оролцсон байна. Дээрх нөхцөлүүд нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг гишүүдийн гэж нэрлэсэн хурлыг хууль бус бүрэлдэхүүнээр хийж Олимпийн Харти, МҮОХ-ны дүрмээ зөрчсөн хууль бус хурал тул энэ хурлаас дүрэм баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага, нэхэмжлэлийг гаргах үндэслэл болж байна. Олон жил олимпийн спортыг хөгжүүлэх гэсэн хичээл зүтгэлийг үнэгүйдүүлж, хаа хамаагүй хувь хүн, бүртгэлгүй байгууллага, олимпийн бус холбоодыг гишүүнээр сонгож ирсэн нь тус хорооны албан ёсны гишүүн болох буудлагын спортын холбоо, түүний төлөөлөгч болох *******ын эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Нэгэнт хууль бус дүрмийг үндэслэн 2017 оны сонгууль явагдсан тул 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэнг сонгосон 01 дугаартай сонгуулийн комиссын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага хэвээрээ болно. Харин бусад шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын бүрэлдэхүүнд Монголын үндэсний олимпийн хорооны төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар сонгогдсон гишүүд байгаа. Энэ гишүүдийг баталгаажуулсан 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай чуулганы тогтоол хүчин төгөлдөр байгаа. 2010 оны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2.1, 5.2.2 Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын Олон улсын холбоодын гишүүн болсон үндэсний бүх холбоод, ОУОХ-оор хүлээн зөвшөөрөгдсөн ба Олимпийн наадмын хөтөлбөрт ордоггүй спортын Олон улсын холбоодын гишүүн үндэсний холбоод, МҮОХ-оор хүлээн зөвшөөрөгдсөн бусад спортын байгууллагууд болон МҮОХ-ны орон нутгийн салбар зөвлөлийн төлөөлөгчид нь дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 заасны дагуу оролцож 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор дүрмийг баталсан байгаа. Энэ тогтоол гарсныг батлахын зэрэгцээ дүрмээ хянуулан зөвлөмж авдаг. Үүнтэй холбоотой олон улсын олимпийн хорооноос ирүүлсэн албан бичгийг орчуулгатай өгсөн. 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинэ дүрмийн 6.1 дэх хэсэгт тус бүр нэг хүн хүндэт гишүүн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт олимпийн наадмын медальт тамирчин гэж заасан. 2010 оны 12 дугаар сарын 20-ны дүрмийн дагуу баталгаажуулсан гишүүд орсон байгаа. Зуны олимпийн наадмын төрөлд 7 төрөл байдаг ба зарим хөтөлбөрөө нэмж оруулдаг журамтай. Санал хураагчдын олонх нь хуралд орно гэж заасан байгаа. Мөн нэхэмжлэгч тал ирцийн бүртгэлийг олимпийн ба олимпийн бусаар гараараа тэмдэглэл хийсэн жагсаалт нотлох баримтаар гаргаж өгсөн. Зарим спортыг олимпийн бус төрөл гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэлгүй нь тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага эсэргүүцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон дахин нотлохгүй гэж заасан байна. Цаашид хэн нь хохироод байгаа болон энэ дүрэм нь ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхой бус байна. Мөн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт бүх гишүүдээ тодорхой заагаад өгсөн байгаа. Тиймээс хариуцагч талын гаргасан тайлбартай санал нэг байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02118 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******нд холбогдох, МҮОХ-ны гишүүдийн хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******оос  улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 140,400, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2002 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.20-ны өдрийн 2002 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 183/ШШ2019/02118 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, ИХШХШТХ-ийн заалтыг зөрчсөн. Магадлалын хянавал хэсэгт Хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын тэмдэглэлд 91 гишүүн оролцохоос 70 гишүүн буюу 77 хувь оролцсон талаар тэмдэглэжээ. гэсэн мөртлөө нэгэнт 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот тогтоолоор МҮОХ-ны гишүүнээр 93 хүнийг сонгон баталсан тогтоол хүчин төгөлдөр болох нь УДШ-ийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаартай тогтоолоор нотлогдсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байгаа төдийгүй энэ талаар зохигчид маргаагүй байхад ...Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийг баталсан МҮОХ-ны чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралт болох нэр бүхий 93 хүний нэр хэрэгт авагдаагүй байна. гэж хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй зүйлд дүгнэлт хийжээ. Магадлалын хянавал хэсэгт уг тогтоолоор батлагдсан 93 гишүүнээс хэд нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралд оролцсон буюу Олимпийн Хартийн 28 дугаар зүйлийн 28.3, *******ны 2010 оны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь Үндэсний Олимпийн хорооны санал хураалтын бүрэлдэхүүний олонхыг бүрдүүлсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна гэжээ. Өмнө нь хянавал хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралд 70 гишүүн буюу 77 хувь оролцсон нотлох баримтыг заасан мөртлөө хуралд хэд нь оролцсон нь тодорхойгүй гэж нэг нотлох баримтыг 2 өөрөөр авч үзэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Нэхэмжлэгч МҮОХ-ны гишүүдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ хууль бус бүрэлдэхүүнээр баталж дүрмээ зөрчсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч 05 дугаартай тогтоолыг хууль бус бүрэлдэхүүнээр баталсан гэдгийг нотолсон баримт гаргаж өгч чадаагүй байдаг. Нэгэнт нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэстэй атал давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нотолж чадаагүй зүйлд дүгнэлт хийх боломжгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь үндэслэлгүй болжээ. 2012 оны 07 дугаартай тогтоолоор батлагдсан гишүүдийн 77 хувийн ирцтэйгээр хурал хийгдсэн нотлох баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэлээ 2010 оны дүрмийн 6.2-т заасны дагуу олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод байх ёстой гэснийг зөрчиж нийт санал хураалтын 50 хувьд ч хүрэхгүй байгаа гэж тайлбарладаг хэдий ч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2010 оны дүрмийн 9.2-т гишүүдийн хуралд нийт гишүүдийн 50-иас дээш хувь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно. Гишүүдийн хурлын бүх гишүүдийн санал хураалтад оролцогсдын олонхын саналаар гаргана гэж заасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гишүүдийн хуралд 91 гишүүн оролцохоос 70 гишүүн буюу 77 хувь оролцож уг гишүүдийн 100 хувийн саналаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот тогтоолоор дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж баталсныг нотолсон баримт хэрэг авагдсан байхад давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг үнэлж дүгнэж чадсангүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 2002 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 183/ШШ2019/02118 шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Монголын Үндэсний Олимпийн Хороо /цаашид МҮОХ гэнэ/-д холбогдуулан гаргасан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа өөрчилсөн байх бөгөөд шүүх МҮОХ-ны дүрмийг батлах тухай МҮОХ-ны гишүүдийн 2016.09.16-ны өдрийн хурлын 05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах шаардлагыг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг ... нийт санал хураалтын олонх нь олимпийн спортын холбоо эсвэл түүний төлөөлөл байх ёстой, Олимпийн Хартийг зөрчсөн, хууль бус дүрэм баталснаас хойшхи шийдвэрүүд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь МҮОХ-ны гишүүдийн хурал өмнө үйлчилж байсан дүрмийн дагуу явагдсан, нийт гишүүдийг баталсан чуулганы тогтоол шүүхийн шийдвэрээр хүчинтэй байгаа, Олон Улсын Олимпийн хорооноос Олимпийн Хартиг зөрчөөгүй гэсэн албан бичиг ирсэн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн 2017.03.16-ны өдрийн 288 дугаартай тогтоолоос үзэхэд Монголын Олимпийн чуулганы 2012.12.19-ний өдрийн №07 тоот *******ны гишүүдийг батлах тухай тогтоолоор МҮОХ-ны Дүрэм /2010 он/-ийн 6.1 дэх заалт, Спортын холбоод, Олимпийн зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монголын олимпийн чуулганаас Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүнээр хавсралтад дурдсан 93 хүнийг сонгон баталсан нь хүчин төгөлдөр байна.

2010 оны дүрмийн дагуу МҮОХ-ны 2016.09.16-ны өдрийн хуралд гишүүдийн 77 хувь оролцож, 100 хувийн саналаар МҮОХ-ны шинэчлэн найруулсан дүрмийг 05 тоот тогтоолоор баталжээ. Олон Улсын Олимпийн Хорооноос ирүүлсэн баримтаар 2016.09.16-ны өдрийн МҮОХ-ны дүрмийг баталсан санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонх байна гэсэн шаардлагыг хангасан, мөн Олимпийн хартийн 3.2 заалтын дагуу Дүрмийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдсэн нь хэрэгт авагдсан байна.

Иймээс нэхэмжлэгчийн ...МҮОХ-ны дүрмийг батлахдаа 2010 оны дүрмийн 6.2-т заасныг дагуу олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод байх ёстой гэснийг зөрчиж, нийт санал хураалтын 50 хувьд ч хүрэхгүй гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т нийцсэн гэж үзнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зохицуулалт байдаг.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасан байх бөгөөд энэ үндэслэлээр зохигчийн гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг хэрэглэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль хэрэглээний хувьд буруу, магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т нийцээгүй гэж үзнэ.

 Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардлагагүй үг оруулсныг хасахаар өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2002 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...иргэний хэргийн нэхэмжлэлийг гэснээс иргэний хэргийн гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД