Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2002

 

 

 

 

 

 

 

 

 

Э.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02118 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч МҮОХ-нд холбогдох

Бие даасан гуравдагч этгээд Д.З-д холбогдох

 

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай МҮОХ-ны гишүүдийн хурлаас гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Б.Б, өмгөөлөгч Н.И, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн эцсийн байр суурь ийнхүү багасгаж, өөрчилж байна. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай МҮОХ-ны гишүүдийн хурлаас гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах, Дээрх тогтоолоор батлагдсан гэх дүрмийг нь одоо хүчин төгөлдөр мэт мөрдөгдөж байгаа бөгөөд Олимпийн хороо нь 1956 онд байгуулагдсан цагаасаа хойш олон удаа дүрэм баталж байсан. Батлагдсан дүрэм бүрт Олимпийн хорооны бүхий л бүрэлдэхүүнд олимпийн төрлийн спортын холбоод олонхийг бүрдүүлэх талаар тусгасан байдаг. Мөн энэхүү зарчим нь Олимпийн Хартид тухайн үндэсний Олимпийн хороо бүрийн гишүүнчлэл болон хурлын бүрэлдэхүүнд олимпийн төрлийн спортын холбоод заавал олонхийг бүрдүүлэх ёстойг тусгасан байдаг үндсэн зарчим юм. Мөн МҮОХ-ны бүхий л батлагдсан дүрмүүдэд Олимпийн Хартийг удирдлага болгох, хэрэв Олимпийн хорооны дүрэм Олимпийн Хартиас зөрвөл Хартийг баримтлах тухай тусгасан байдаг. Тухайлбал 2008 оны дүрмээр гишүүдийн аливаа санал хураалтанд олимпийн төрлийн спортын холбоод олонхийг бүрдүүлэх, олимпийн хороо нь үйл ажиллагаандаа Олимпийн хартиг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх талаар тусгасан байна. 2008 оны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 -т МҮОХ нь Олимпийн хартиг удирдлага болгох талаар зааж, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5-д Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг эрхлэх холбоод, тэдгээрийн төлөөлөгчид ҮОХ болон түүний гүйцэтгэх байгууллагын санал хураалтанд оролцогчдын олонхийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Олимпийн Харти ёсоор Үндэсний Олимпийн хорооны гишүүнчлэлийн олонхийг олимпийн төрлийн спортын холбоод, гэхдээ энэ холбоод нь тухайн спортынхоо олон улсын холбооны гишүүн байх ёстойг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монголын буудлагын холбоо нь Олон улсын буудлагын холбоонд Монгол улсыг төлөөлөн элссэн байдаг ба МҮОХ-ны бүрэн эрхт гишүүн юм. Яг ийм нөхцөлийг хангасан гишүүд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хуралд ердөө 26%-ийг бүрдүүлжээ. Гэтэл 2016 оны дүрмийг баталсан дээрхи тогтоолыг Олимпийн Харти болон Олимпийн хорооны өөрийн дүрмийг зөрчсөн хууль бус бүрэлдэхүүнтэй гишүүдийн хурлаас гаргажээ. Тодруулбал 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны гишүүдийн хурлын ирцийн бүртгэлээс харахад 26 орчим олимпийн спортын холбоодын төлөөлөл байдаг ба хуралд нийт 100 төлөөлөл бүртгэгдсэн байна. Эндээс харахад олимпийн төрлийн спортын холбоодын төлөөлөл 30 хүрэхгүй хувь, өөрөөр хэлбэл олонхийн буюу 50 нэмэх 1 зарчим энд огт хангагдаагүй байгааг түвэггүй харж болно. Э.М- нь Буудлагын спортын холбооны төлөөлөгч ба дүрмээрээ цөөнхи байх ёстой лимпийн төрөлд багтдаггүй төлөөлөл нь ийнхүү дүрмийг зөрчиж олонхи (70 хувь) болсноороо хууль бус төлөөллийг оролцуулж хуралдан шийдвэр гаргаснаараа олимпийн хорооны үйл ажиллагааг бүхэлд нь хууль бус болгосон. Өөрөөр хэлбэл энэ дүрмийг батлагдсан цагаас хууль бус ерөнхийлөгч, хууль бус чуулган, хууль бус сонгуулийн комисс, шийдвэрүүд гаргаж байна гэсэн үг. Олимпийн хороо гэсэн нэртэй л олимпийн бус спортын холбоо гэх нэршил рүү ойртсон байна. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын бүрэлдэхүүнд Олимпийн Харти болон МҮОХ-ны дүрмээр гишүүнчлэл нь холбоо буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд гэж заасааар байхад хувь хүмүүсийг, улсад бүртгэлгүй этгээдүүдийг цуглуулж тухайн хууль бус дүрмийг батлуулсан байна. Тухайн хуралд олонх болсон олимпийн бус 70 төлөөлөгчийн 30 орчим нь ийнхүү огт харьяалалгүй хүмүүс оролцсон байна. Дээрх нөхцөлүүд нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг гишүүдийн гэж нэрлэсэн хурлыг хууль бус бүрэлдэхүүнээр хийж Олимпийн Харти, МҮОХ-ны дүрмээ зөрчсөн хууль бус хурал тул энэ хурлаас дүрэм баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага, чэмжлэлийг гаргах үндэслэл болж байна. Олон жил олимпийн спортыг хөгжүүлэх гэсэн хичээл зүтгэлийг үнэгүйдүүлж, хаа хамаагүй хувь хүн, бүртгэлгүй байгууллага, олимпийн бус холбоодыг гишүүнээр сонгож ирсэн нь тус хорооны албан ёсны гишүүн болох буудлагын спортын холбоо, түүний төлөөлөгч болох Э.М-ын эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Нэгэнт хууль бус дүрмийг үндэслэн 2017 оны сонгууль явагдсан тул 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн МҮОХ -ы Ерөнхийлөгчөөр Д.З-г сонгосон 01 дугаартай сонгуулийн комиссын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага хэвээрээ болно. Харин бусад шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын бүрэлдэхүүнд МҮОХ-ны төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар сонгогдсон гишүүд байгаа. Энэ гишүүдийг баталгаажуулсан 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай чуулганы тогтоол хүчин төгөлдөр байгаа. 2010 оны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2.1, 5.2.2 Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын Олон улсын холбоодын гишүүн болсон үндэсний бүх холбоод, ОУОХ-оор хүлээн зөвшөөрөгдсөн ба Олимпийн наадмын хөтөлбөрт ордоггүй спортын Олон улсын холбоодын гишүүн үндэсний холбоод, МҮОХ-оор хүлээн зөвшөөрөгдсөн бусад спортын байгууллагууд болон МҮОХ-ны орон нутгийн салбар зөвлөлийн төлөөлөгчид нь дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 заасны дагуу оролцож 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор дүрмийг баталсан байгаа. Энэ тогтоол гарсныг батлахын зэрэгцээ дүрмээ хянуулан зөвлөмж авдаг. Үүнтэй холбоотой олон улсын олимпийн хорооноос ирүүлсэн албан бичгийг орчуулгатай өгсөн. 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинэ дүрмийн 6.1 дэх хэсэгт тус бүр нэг хүн хүндэт гишүүн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт олимпийн наадмын медальт тамирчин гэж заасан. 2010 оны 12 дугаар сарын 20-ны дүрмийн дагуу баталгаажуулсан гишүүд орсон байгаа. Зуны олимпийн наадмын төрөлд 7 төрөл байдаг ба зарим хөтөлбөрөө нэмж оруулдаг журамтай. Санал хураагчдын олонхи нь хуралд орно гэж заасан байгаа. Мөн нэхэмжлэгч тал ирцийн бүртгэлийг олимпийн ба олимпийн бусаар гараараа тэмдэглэл хийсэн жагсаалт нотлох баримтаар гаргаж өгсөн. Зарим спортыг олимпийн бус төрөл гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэлгүй нь тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага эсэргүүцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон дахин нотлохгүй гэж заасан байна. Цаашид хэн нь хохироод байгаа болон энэ дүрэм нь ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхой бус байна. Мөн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт бүх гишүүдээ тодорхой заагаад өгсөн байгаа. Тиймээс хариуцагч талын гаргасан тайлбартай санал нэг байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Э.М-ын нэхэмжлэлтэй, МҮОХ-нд холбогдох, МҮОХ-ны гишүүдийн хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч  Э.М-оос  улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 140 400, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний төлсөн 210 600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна. Тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, Шүүгчээс "Хууль зүйн үндэслэлийн хувьд 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 тогтоолоор 93 хүнийг сонгон баталсан, түүний хүчин төгөлдөрийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 288 тогтоолоор нотлогдож байна гэжээ. Нэхэмжлэгчээс тэрхүү сонгон баталсан 93 хүний бүрэлдэхүүнийг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно. Тиймээс 2017 оны Дээд шүүхийн тогтоол маргаанд ямар ч хамааралгүй юм. Мөн дээрх дүрмийг баталж байх үед үйлчилж байсан 2010 оны дүрмийн 9.2-т заасны дагуу хуралдсан "хурал хүчинтэй" гэжээ. Мөн энэ асуудлаар маргаагүй бөгөөд хурлыг бүхэлд нь хүчинтэй, үгүй эсэх нь манай нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбогдолгүй болно. Өөрөөр хэлбэл, хүчингүй болгуулахааар нэхэмжилсэн 05 дугаартай тогтоолыг батлахдаа МҮОХ-ны дүрэм болон Олимпийн Хартийг давхар зөрчсөн гэдэг нь тухайн хурлын нийт ирц, мөн хурлын хүчинтэй үгүй эсэхтэй огт хамааралгүй асуудал болно. 91 гишүүн оролцохоос 70 гишүүн буюу 77 хувь оролцсон, 100 хувийн саналаар 05 тогтолыг баталсан гэдэг. УБЕГ-аас ирүүлсэн нотлох баримтаар няцаагдах бөгөөд 2012 онд 93 гишүүн баталсан гэчихээд 91 гишүүнээс гэж байгаа нь шүүх буруу баримтыг үндэслэн шийдвэр гаргасныг харуулж байна. УБЕГ-ын баримтаар 100 хүн тухайн дүрэм батлах 05 тогтоолыг баталсан байдаг. Дээрх 70 гишүүдийн бүрэлдэхүүнд олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын холбоодын "орон нутгийн салбар зөвлөлийн төлөөлөгчид" нь Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын холбоодын төлөөлөл гэх хариуцагчийн тайлбарыг няцаасан үндэслэлээ нотолж чадахгүй байх тул гэжээ. Олимпийн наадамд ордог спортын холбоодын "орон нутгийн салбар зөвлөл" гэж байгууллагууд байхгүй бөгөөд хэрвээ ийм зөвлөл байна гэж үзвэл 25 олимпийн спортын 21 аймаг дахь зөвлөл нь 25x21=525 байгууллага болохоор байна. Шүүгч ийнхүү дүгнэсэн нь бодит байдлыг зориудаар гуйвуулан хийсэн утгагүй дүгнэлт байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Архангайн олимпийн зөвлөлийн дарга нь бадминтоны спортын холбооны дарга тул олимпийн хөтөлбөрт ордог гэж тооцож болно гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч талаас тэр дор нь няцаалт өгч байсан болно. Нотлох баримтаар шүухэд бүрдүүлэн өгсөн 25 олимпийн спорт дээр Монгол улсын аймагуудыг нэмж тооцох, өөрөөр хэлбэл Архангай гэдэг спорт олимпод ордог гэдэгтэй адил муйхар дүгнэлтийг хариуцагч тал хийхэд шүүгч түүнийг буруу ойлгон хариуцлагагүй дүгнэлт гаргажээ. Шүүх хуралдааны явцад нэхэмлэгч талаас энэ байдлыг маш олон хэлбэрээр удаа дараа тайлбарласан болно. Нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн бөгөөд ямар спортуудыг Олимпийн наадмын хөтөлбөрт ордог болохыг Хавтаст хэргийн 2 х.х-ийн 71 хуудас, Олимпийн Хартийн 29.1-2 заалтаас харж болно. Олимпийн наадмын 25 спортын төрлөөр гишүүдийн гишүүн үндэсний холбоодын тоо нь хязгаарлагдах зохицуулалт байхгүй гэжээ. Олимпийн    наадамд   заавал   оролцох   спортын төрлийн тоо 25 бөгөөд тухайн олимпийн наадмаас хамаарч цөөн тооны төрлийг хөтөлбөрт оруулдаг. Иймээс   яг   тогтсон   тоо   байхгуй   гэж   үзэх   ч олимпийн  бус  төрөл,  бусад байгууллага,  хувь хүмуусийг хязгаарласан МҮОХ-ны дүрмийн заалт нь 6.2, үүний үндэс нь Олимпийн Хартийн 28.5 болно.   Эдгээр заалт нь  МҮОХ-ны  гишүүдийн хурал   болон   Чуулганы   шийдвэр   гаргах  бүтэц бүрэлдэхүүн, түүний хязгаарлалтыг маш тодорхой зааж  өгсөн  байдаг.   "Олонх"   хэн   байх   ёстойг тодорхой   заасан.   Нэхэмжлэлийн   шаардлага   нь зөвхөн 05 дугаартай тогтоолыг батлахдаа энэхүү хязгаарлалтыг    зөрчсөнийг    тогтоолгох    бөгөөд тухайн    хурлын    бусад    шийдвэр,    2012    оны Чуулганы      шийдвэр,      гишүүдийн      баталсан бүрэлдэхүүний      (Дээд      шүүхийн      тогтоол) нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй юм. Шүүгчийн     дүгнэсэн      "тоо      хязгаарлдагдах зохицуулалт байхгүй" гэдэг дүгнэлт өрөөсгөл, асуудлын гол утгыг зориуд алдагдуулсан гэж үзэж байна. Мөн түүнчлэн ОУОХ-ноос 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Үндэсний олимпийн хорооны санал өгөх систем нь... Хартийн дагуу гэснийг нэхэмлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч маргаагүй гэжээ. Шүүгч нэхэмлэлийн шаардлагын цаг хугацааны дараалал, логикийг алдагдуулсан дүгнэлт хийжээ. Нэхэмжлэл нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан дүрмийн агуулга, түүний хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй гэдгийг ойлголгүй дүгнэлт хийсэн байна. Тухайн дүрмийг батлахдаа МҮОХ-ны дүрмээ зөрчсөн, тухайлбал дүрмийн 6.2 дугаар заалтыг зөрчсөн тухай маргасан болно. Үүнд тэр батлагдсан дүрэм Олимпийн Хартид нийцсэн эсэх, ОУОХ-ноос дүгнэлт авсан зэрэг сүүлд өрнөсөн үйл явдал, баримтууд огт хамааралгүй юм. Дүгнэвэл маргаж буй дүрмийг баталсан хуралдаанд баримтаар 100 хүн оролцсон байх агаад эдгээр хүмүүс 100 хувийн саналаар баталсан байдаг. Гэхдээ олонхи ёстой байсан гишүүд цөөнхи байсан  байна.  МҮОХ  ны  2012  оны     дүрмийн  6.2,  Олимпийн  хартийн  28.3  ёсоор МҮОХ-ны гишүүдийн хурал болон чуулганы бүх   шийдвэр гарахдаа олимпийн спортын төрөл олонхи байх ёстой. Гэтэл   анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслээгүй, бодит байдлыг цаг хугацаа, логик уялдааны хувьд буруу авч үзэж дүгнэлт гаргасан, нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, нотлох баримтыг зориуд авч үзээгүй хэрнээ хариуцагч талын шүүх хуралдаан дээр хийсэн тайлбарыг хэт дөвийлгөн авч үзсэн, мэтгэлцээний явцад хариуцагч талын тайлбар хийж чадахгүй, бодит байдлыг яаж ч няцааж чадахгүй байсан зэргийг харгалзан үзэлгүй хзт нэг талыг баримталсан, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч МҮОХ-нд холбогдуулан МҮОХ-ны гишүүдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаас 05 дугаартай гарсан МҮОХ-ны дүрмийг батлах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын тэмдэглэлд “91 гишүүн оролцохоос 70 гишүүн буюу 77 хувь оролцсон” талаар тэмдэглэжээ./хэргийн 9-30 дугаар тал/

Гэтэл МҮОХ-ны гишүүдийг баталсан Монголын олимпийн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №7 дугаар тогтоолын хавсралт болох нэр бүхий 93 хүний нэр хэрэгт авагдаагүй байна./2хх 147 дугаар тал/

            Өөрөөр хэлбэл, уг тогтоолоор батлагдсан 93 гишүүнээс хэд нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хуралд оролцсон буюу Олимпийн Хартын 28 дугаар зүйлийн 28.3, МҮОХ-ны 2010 оны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь үндэсний олимпийн хорооны санал хураалтын бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Хэдийгээр 2хх-ийн 4 дүгээр талд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны гишүүдийн хурлын ирцийн бүртгэл авагдсан байх боловч уг ирцэд бүртгэгдсэн этгээдүүд нь 2012 оны 07 дугаартай тогтоолоор батлагдсан гишүүн болон олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоодын төлөөлөл мөн эсэх нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх дээрх маргаан бүхий үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/02118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                       

                                  ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

 

                                                                                    С.ЭНХТӨР