Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/02858

 


 

2021 оны 12 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2021/02858 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Баянгол 00 гудамж, 00 тоот хаягт оршин суух, Ожн/РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Туул ван хотхон 00 тоот хаягт оршин суух, Бзн/РД:0000/-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БМ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ТГ, гэрч МО, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ЖНнь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗНхарилцан тохиролцсоны үндсэн дээр Япон улсад 2001 онд үйлдвэрлэсэн цахилгаан генераторыг 25 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-д заасны дагуу хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг, гэрээ байгуулах өдөр үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2020 оны 5 сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Урьдчилгааг гэрээний заасан хугацаанд төлсөн байдаг. Харин үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 16 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 8 000 000 төгрөгийн алданги, гэрээний үлдэгдэл төлбөр болох 16 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ЖНнь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. 2001 онд үйлдвэрлэсэн биш 1993 онд үйлдвэрлэгдсэн хуучин муудсан 175 м.кв хөдөлгүүр ажиллуулж дийлэхгүй, доголдолтой эд хөрөнгө худалдсан байсан. Тийм учраас бид худалдагч талд доголдлыг арилгах, өөр эд хөрөнгөөр солих эсхүл, урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авах, гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж, нэмэлт хугацаа олгож байсан. Нийт 3 удаа доголдолд арилгах боломж олгосон боловч доголдол арилаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нэхэмжлэгчийн худалдсан цахилгаан генератор нь 2001 онд биш, 1993 онд үйлдвэрлэсэн, эвдэрхий эд хөрөнгө байсан тул гэрээний дагуу худалдагч талд мэдэгдэж гэрээ цуцлахыг санал болгосон боловч тухайн үед ЖНнь өөрийн биеэр уурхай дээр 3 удаа ирж засвар үйлчилгээ хийсэн ч үр дүн гараагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...ЖНхувьд доголдлыг арилгахаар худалдан авагч З.Нямгэрэлийн ажлын байран дээр очиж байсан тохиолдол байхгүй бөгөөд харин 2020 оны 6 дугаар сард гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж түүний уурхай дээр очсон байдаг. Мөн хариуцагчийн тайлбарласан доголдлыг арилгахаар очсон гэх саруудын дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 09 сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус ЗНын зүгээс төлж байсан нь доголдлын талаар шаардлага гаргаж байсан, түүнийг арилгахаар очиж байсан гэх тайлбар няцаагдаж байна. Улмаар хариуцагч нь анх цахилгаан үүсгүүрийг гэрээ байгуулсан өдөр өөрийн биеэр очиж шалгаж хүлээн авсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЖНнь хариуцагч ЗНад холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч тал болох ЖНнь цахилгаан үүсгүүрийг худалдан авагч ЗНын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнэ болох 25 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны дотор төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тус тус тохиролцжээ.

 

Талууд байгуулсан гэрээгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх боловч төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцоогүйгээс үзвэл Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч ЗН нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүрийг гэрээ байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч татгалзал болон сөрөг шаардлагын үндэслэлээ ...цахилгаан үүсгүүр нь 1993 онд үйлдвэрлэгдсэн, эвдэрхий эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа харилцан буцаана... гэж тайлбарлаж байна.

 

Гэрээний 2.1-т эд хөрөнгийн талаарх мэдээлэл гэх хэсэгт Япон улс /2001/ гэжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба дээрх мэдээлэл нь гэрээний зүйл болох эд хөрөнгийн үйлдвэрлэсэн улс болон оныг илэрхийлсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүрийг 1993 онд үйлдвэрлэгдсэн гэж тайлбарлаж байх боловч тэрээр энэ талаарх баримт, хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.

 

Хариуцагчийн ...доголдлын талаар шаардлага гаргаснаар нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 29, 5 дугаар сарын 20, мөн 8 дугаар сард тус тус уурхайд очиж засвар үйлчилгээ хийсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Гэрч МОийн ...уурхайд засварын хүмүүс ирж байсан. ЖНирж засвар хийсэн талаар мэдэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд талууд хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүр нь биет байдлын доголдолтой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэхүү үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Зохигчид гэрээний дагуу эд хөрөнгийн үнэд 9 000 000 төгрөгийг төлсөн, хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны дотор бүрэн төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үлдэгдэл төлбөр 16 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 8 000 000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэх тул хариуцагч ЗНаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг, алданги 8 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖНолгохоор шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЗНаас 24 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖНолгож, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 9 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗНаас улсын тэмдэгтийн хураамж 278 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖНолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ