Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00318

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02858 дугаар шийдвэртэй,

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

З.Н-ад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ж.Н- нь Япон улсад 2001 онд үйлдвэрлэсэн цахилгаан үүсгэврийг 25,000,000 төгрөгөөр З.Н-ад худалдахаар тохиролцож, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-д заасны дагуу З.Н- нь урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон.

Урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдөр авсан. Харин З.Н- үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Гэрээнд “заасан хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж тохиролцсон тул алданги 8,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 16,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ж.Н- нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. 2001 онд үйлдвэрлэсэн биш 1995 онд үйлдвэрлэгдсэн, хуучирч, муудсан, 75 кв-ын хөдөлгүүр ажиллуулж дийлэхгүй, доголдолтой эд хөрөнгө худалдсан байсан тул худалдагч талд доголдлыг арилгах, өөр эд хөрөнгөөр солих эсхүл урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авах, гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж, нэмэлт хугацаа олгож байсан.

Ж.Н- нь 2020 оны 04 дүгээр сарын 29, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болон мөн оны 08 дугаар сарын дунд үед гээд 3 удаа ирж, завсар үйлчилгээ хийж өгсөн боловч  доголдол арилаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн худалдсан цахилгаан үүсгүүр нь 2001 онд биш, 1995 онд үйлдвэрлэсэн, эвдэрхий байсан тул гэрээнд заасны дагуу худалдагч талд мэдэгдэж, гэрээ цуцлах санал гаргаж байсан. Тухайн үед Ж.Н- нь уурхай дээр 3 удаа ирж, засвар үйлчилгээ хийсэн ч доголдол арилаагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: З.Н- нь анх цахилгаан үүсгүүрийг гэрээ байгуулсан өдөр өөрийн биеэр ирж, шалгаж хүлээн авсан. Ж.Н- нь доголдлыг арилгахаар З.Н-ын ажлын байран дээр очиж байгаагүй. Харин 2020 оны 6 дугаар сард гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж, түүний уурхай дээр очсон байдаг.

Мөн З.Н- нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж байсан нь доголдлын талаар шаардлага гаргаж байсан, түүнийг арилгахаар очиж байсан гэх тайлбар няцаагдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Н-аас 24,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгож, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 158,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Н-аас улсын тэмдэгтийн хураамж 278,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий талаас үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Цахилгаан үүсгүүрийн үйлдвэрлэсэн он /1995/ болон сери дугаар бүхий гэрэл зургийг шүүх хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй.

Эд зүйлийн доголдлын талаар шаардлага гаргаж, Ж.Н- нь шаардлагын дагуу уурхай дээр нийт 3-4 удаа очиж засвар үйлчилгээ хийж өгсөн. З.Н- нь сэлбэгийн мөнгө гэж 2,000,000 төгрөгөөр 2 удаа, нийт 4,000,000 төгрөгийг Ж.Н-д өгсөн.

Уурхай дээр мотор зарсан хүмүүс ирж, 3-4 удаа ирж засвар хийх өгч байсан гэх М.Оюунгэрэлийн мэдүүлгээр уг мотор нь анхнаасаа биет байдлын доголдолтой эд зүйл байсан нь нотлогддог. Мөн тэрээр эвдэрхий моторыг буцаах, гэрээг цуцлах талаар шаардлага тавьж байсныг нотолдог.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан. Биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд 2001 он биш 1995 онд үйлдвэрлэгдсэн нь батлагдсан тул гэрээг цуцлах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү.

 

7. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Ж.Н- нь хариуцагч З.Н-ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээг худалдагч тал болох Ж.Н- нь цахилгаан үүсгүүрийг худалдан авагч З.Н-ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээний үнэ болох 25,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж  зөв дүгнэжээ.

 

Худалдах авах гэрээний зүйл болох цахилгаан хөдөлгүүр биет байдлын доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүрийг 1993 онд үйлдвэрлэгдсэн гэх тайлбараа нотлох баримт гаргаагүй гэсэн дүгнэлт хийхдээ хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургийг үнэлээгүй байна. Хэрэв уг гэрэл зургуудыг нотлох баримтаар үнэлэхгүй гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх байжээ. /хх 40-43, 48-50/

 

Гэрэл зурагт тусгагдсан тоног төхөөрөмж нь гэрээний зүйл мөн эсэх талаар тодруулаагүй, уг гэрэл зургийг хэдийд авсан огноо байхгүй тул уг баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлохоор цахилгаан үүсгүүрийн гэрэл зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулах эсэх, хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байвал нотлох баримтаас хасах эсэх ажиллагааг хийсний дараа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодрох, улмаар үйл баримт зөв тогтоогдох учиртай.  

 

Уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02858 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА