Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/ма2022/01293

 

 

 

 

 

 

2022 07 08 210/МА2022/01293

 

 

Ж.Н ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/01192 дугаар шийдвэртэй, Ж.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Н ад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Н ийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ж.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр З.Н тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Япон улсад 2001 онд үйлдвэрлэсэн цахилгаан генераторыг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-д заасны дагуу хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг, гэрээ байгуулах өдөр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Урьдчилгааг гэрээний заасан хугацаанд төлсөн. Харин үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй. Мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 8,000,000 төгрөгийн алданги, гэрээний үлдэгдэл төлбөр болох 16,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч З.Н ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Ж.Н нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. 2001 онд үйлдвэрлэсэн биш 1993 онд үйлдвэрлэгдсэн хуучин муудсан 175 м.кв хөдөлгүүр ажиллуулж дийлэхгүй, доголдолтой эд хөрөнгө худалдсан байсан. Ийм учраас бид худалдагч талд доголдлыг арилгах, өөр эд хөрөнгөөр солих эсхүл, урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авах, гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж, нэмэлт хугацаа олгож байсан. Нийт 3 удаа доголдолд арилгах боломж олгосон боловч доголдол арилаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгчийн худалдсан цахилгаан генератор нь 2001 онд биш, 1993 онд үйлдвэрлэсэн, эвдэрхий эд хөрөнгө байсан тул гэрээний дагуу худалдагч талд мэдэгдэж гэрээ цуцлахыг санал болгосон боловч тухайн үед Ж.Н нь өөрийн биеэр уурхай дээр 3 удаа ирж засвар үйлчилгээ хийсэн ч үр дүн гараагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Ж.Н ийн хувьд доголдлыг арилгахаар худалдан авагч З.Нямгэрэлийн ажлын байран дээр очиж байсан тохиолдол байхгүй бөгөөд харин 2020 оны 06 дугаар сард гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж түүний уурхай дээр очсон байдаг. Мөн хариуцагчийн тайлбарласан доголдлыг арилгахаар очсон гэх саруудын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус З.Н ын зүгээс төлж байсан нь доголдлын талаар шаардлага гаргаж байсан, түүнийг арилгахаар очиж байсан гэх тайлбар няцаагдаж байна. Улмаар хариуцагч нь анх цахилгаан үүсгүүрийг гэрээ байгуулсан өдөр өөрийн биеэр очиж шалгаж хүлээн авсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Н аас 16,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээг цуцалж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.Н ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 158,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Н аас улсын тэмдэгтийн хураамж 237,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н д олгож.шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүр нь механик энергийг цахилгаан энерги болгон хувиргах төхөөрөмжмйн хувьд хүчин чадал, ажиллах горим зэрэг техникийн тодорхойлолт шаардсан эд хөрөнгө байх ба худалдагч эдгээр мэдээллийг худалдан авагчид бүрэн өгөөгүй болох нь гэрээний 2.1-д заасан хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл хэсэгт дурдагдсан байдлаар нотлогдож байна. Иймд дээрх үйл баримтыг харгалзан шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд алданги 8,000,000 төгрөгийг хасахаар шийдвэрлэсэн болно. Шүүхийн дээрхи үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч З.Н нь анх цахилгаан үүсгүүрийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Ж.Н ийн Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 41 дүгээр гудамж 11 тоотод орших хашаанаас өөрийн биеэр очиж шалгаж, хүлээж авсан бөгөөд знэ үед цахилгаан үүсгүүрийн чанар, үзүүлэлт, хүчин чадпын талаархи мэдээллийг авч, хүлээн зевшөөрсний үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нуун далдалсан, бодит байдлыг гуйвуулсан ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар нь төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт "илт их хэмжээнд хамаарахгүй бөгөөд талууд гэрээгээр харилцан тохиролцсон, бодит байдалд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч З.Н аас үндсэн төлбөр буюу шүүхээр шийдвэрлэсэн 16,000,000 төгрөг дээр нэмж алданги 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбатын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс нуун далдалсан, бодит байдлыг гуйвуулсан ямар ч мэдээлэл өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 1995 онд үйлдвэрлэгдсэн цахилгаан үүсгүүрийг 2001 онд үйлдвэрлэгдсэн гэж хэлсэн бөгөөд гэрчилгээг нь удахгүй олж өгнө гэх мэтээр анхнаасаа үнэн зөв мэдээлэл өгөөгүй 2001 онд үйлдвэрлэгдсэнийг баталж чадаагүй. Хариуцагч талаас ус цахилгаан үүсгүүрийг биет байдлын доголдолтой болохыг мэдэж удаа дараа шаардлага гарган засуулж байсан, сүүлд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч 2001 онд биш, 1995 онд үйлдвэрлэгдсэн болохыг олж мэдсэн, худалдагч тал хуурч, мэхлэх замаар гэрээ байгуулсан гэж үзэж гэрээг цуцлуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Анхан шатны шүүхээс хариуцагч талын гаргаж өгсөн Цахилгаан үүсгүүрийн фото зурагнууд болон тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй. Гэтэл 4,000,000 төгрөг өгсөн гэдэг бөгөөд 2 удаа 2,000,000 төгрөгөөр сэлбэгийн мөнгө нэмэлтээр трансформатор авч байна гэж авсан. Мөн доголдлыг тэр даруйд нь мэдзэх боломжгүй байсан гэж үздэг. Иймд хэрэгт авагдсан цахилгаан үүсгүүрийн фото зурагнууд болон баталгаат орчуулга тайлбар зэргийг нотлох баримтаар тооцож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хяналаа.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

3. Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч З.Н ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 9,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж маргасан байна.

4. Зохигчд хоорондоо 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч нь цахилгаан үүсгүүр 25,000,000 төгрөгийн үнэтэйгээр нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний 3.2-т зааснаар урьдчилгаа 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлөх, гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх-өөр тус тус харилцан тохиролцсон. Хариуцагч З.Н нь уг гэрээний төлбөрт 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 9,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хариуцагч нь гэрээний зүйлийг чанарын доголдолтой байсан гэж маргажээ. /хх-6/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг дүгнэж, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Худалдах, худалдан авах гэрээг талууд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэг сарын хугацаатайгаар байгуулж, гэрээний 3.2-т гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээнд заасан дээрх нөхцөлийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийг зээлээр худалдсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч З.Н нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зохицуулснаар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч З.Н аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 16,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд тохиролцсон алдангийн хэмжээг хэт их гэж үзвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар өөрийн эрх хэмжээнд багасгах болохоос алдангийг бүхэлд нь хасч шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан алдангийг 2,000,000 төгрөгийн хэмжээнд гаргуулах өөрчлөлтийн шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч З.Нямгэрэл нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид нийлүүлсэн талаар дээр дүгнэсэн, түүнчлэн хариуцагч З.Н нь ...биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсан, гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул цахилгаан үүсгүүрийн үнэд төлсөн мөнгийг буцаан шаардах эрхгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгчээс гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 9,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/01192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 16,000,000 /арван зургаан сая/ гэснийг 18,000,000 гэж, 8,000,000 /найман сая/ гэснийг 6,000,000 гэж,

2 дах заалтын 237,950 гэснийг 247,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН