Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/01176

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/01176

Улаанбаатар хот

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.М,

 

Хариуцагч: А.Б,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 77 353 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.Б  нь миний эхнэр Д.Э-д “Хятад улсаас тахианы мах оруулж зарах нь ашигтай” гэж ойлгуулан манай гэрээр, ажил дээр байнга бэлэг барьж ирдэг байсан. Ингээд эхнэр бид хоёр А.Б гаас тахианы мах авч, Барс худалдааны зах дээр жижиглэнгээр зардаг байсан. Тэрээр манайх эхнэрт “мөнгийг чинь хурдан өсгөх боломж байна, өөрөө Хятад улсаас мах оруулж ирээд зарвал их ашигтай, би 1 контейнерийг оруулж ирдэг, 2 контейнер оруулвал илүү ашигтай. Надад 2 контейнер тахианы мах оруулж ирэх мөнгөний боломжгүй байна. Та хоёрын мөнгөөр би тахианы мах, мөч оруулж ирье” гэсний дагуу 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын Бээжин хот дахь компаниас 23 тонн тахианы мөчийг 2015 оны 02 дугаар 12-ны дотор Монгол улсад импортлон оруулж ирэх болон барааны чанарыг А.Б  хариуцах үүргийг хүлээсэн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл байгуулж, түүнд 100 000 000 төгрөг өгсөн. Ингээд тохирсон ёсоор А.Б гийн оруулж ирсэн тахианы махыг түүний хөргөгчинд байрлуулан зарж байтал манай тахианы махыг зарчихсан байсан. Яагаад манай тахианы махыг зарж байгаа юм бэ? гэхэд “би Монголд борлуулсан бөөний үнээр бодож мөнгийг чинь бодоод, уг мөнгөөр дахин тахианы мах оруулаад ирье. Түүнийг та нар борлуул, санаа зоволтгүй” гэсэн. Түүнийг дахиад тахианы мах оруулж ирэхээр нь авахаар очтол бүгдийг борлуулсан байсан. Иймээс би түүнтэй 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тооцоо хийж, 77 000 000 төгрөг авах тухай тооцоо нийлсэн. Учир нь түүний ярьсан “...хятадууд заавал 2 контейнер тахианы махыг авахыг шаардсан, ...үргэлж ашигтай ажиллаж их хэмжээний мөнгө хуримтлуулдаг” зэрэг нь худал байсан. Харин түүнийг их хэмжээний өртэй байсныг сүүлд би мэдээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2592 дугаартай Прокурорын тогтоол гарсан. Хариуцагчийн 180 000 000 орчим төгрөгийн бараа авсан гэдэг нь үндэслэлгүй. Миний дансаас А.Б  руу шилжүүлсэн банкны хуулганы мөнгөн дүнг тооцож үзэхэд 281 500 000 төгрөг байна. Хариуцагчийн надад өгсөн мөнгө гэж яриад байгаа 180 000 000 төгрөгийг хасаад үзсэн ч 100 000 000 төгрөгийн үлдэгдэл зөрүү гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч А.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: ”...С.М , Д.Э  нартай тахианы мах хамтран борлуулахаар хамтарч ажилласан. Тухайн үед 02 дугаар сард Хятад улсад шувууны өвчин гарсантай холбоотой 5 дугаар сараас дахин тахиа мах борлуулж эхэлсэн. С.М нь ирсэн вагон бараа бүрээс бараа авдаг байсан бөгөөд 2 вагон орчим барааг надаас авсан байдаг. Тухайн бараа нь үнийн дүнгээр 180 000 000 орчим төгрөгийн бараа авчихсан байж надаас дахин 77 353 700 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үүнийг баримтжуулахын тулд тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчид би 100 000 000 төгрөгийн бараа өгсөн байхад нэхэмжлэгч 14 000 000 төгрөгийн бараа авсан гэж яриад байдаг. Энэ хүнд вагон барааг алдсан гэсэн С.М ын хэлцэл байдаг, тухайн хэлцэлд ийм барааг авсан гэдгийг баталгаажуулах гэж хийсэн тооцоо юм. Хариуцагчийн зүгээс 100 000 000 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний барааг С.М д өгсөн болох нь гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч А.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 77 353 700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл болон талуудын тайлбараар хариуцагч А.Б  БНХАУлсаас тахианы мөч импортолж нэхэмжлэгч С.М д худалдахаар, С.М уг барааны үнийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдох тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв. 

 

Улмаар, хариуцагч А.Б  нэхэмжлэгчээс урьдчилан авсан мөнгөнд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүйн улмаас талууд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, үүгээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 77 000 000 төгрөгийг худалдагч А.Б  2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, худалдагчаар төлүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.   

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...С.М нь ...2 вагон орчим барааг надаас авсан, үнийн дүнгээр 180 000 000 орчим төгрөгийн бараа авсан байж надаас 77 353 700 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би үүнийг баримтжуулахын тулд тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан” гэж тайлбарлан зарлагын 8 ширхэг баримтыг гаргаж өгсөн боловч дээрх баримтууд 2015 оны 3 дугаар сараас 7 дугаар сарын хооронд үйлдэгдсэн, талуудын тооцоо нийлэхээс өмнөх хугацаанд хамааралтай байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотолсон гэж үзэхээргүй байна.

        

Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “...2016.09.02-нд тооцоо нийлээд үлдэгдэл 77 353 700 төгрөг өгөхөөр үлдэгдэлтэйг өр үлдэв. Тооцоо нийлсэн А.Б ” гэх бичмэл нотлох баримтыг хариуцагч няцааж чадаагүй байна.  

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.Б гаас 77 353 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М д олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  544 718  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

                                                                                                      

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б гаас 77 353 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М д олгосугай.

 

  1. .  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 544 718 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНГӨНТУУЛ