Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01717

 

 

 

С.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01176 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М хариуцагч А.Б холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 77 353 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: А.Байгалмаа нь Д.Энхтуяа болон нэхэмжлэгч хоёрын мөнгөөр БНХАУ-аас тахианы мах, мөч оруулж ирье гэсний дагуу 2015 оны 02 сарын 05-ны өдөр БНХАУ-ын Бээжин хот дахь компаниас 23 тонн тахианы мөчийг 2015 оны 02 сарын 12-ны дотор Монгол улсад импортлон оруулж ирэх болон барааны чанарыг А.Байгалмаа хариуцах үүргийг хүлээсэн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл байгуулж, түүнд 100 000 000 төгрөг өгсөн. Ингээд тохирсон ёсоор А.Байгалмаагийн оруулж ирсэн тахианы махыг түүний хөргөгчид байрлуулан зарж байтал манай тахианы махыг зарсан байсан. Энэ талаар асуухад Монголд борлуулсан бөөний үнээр мөнгийг чинь бодоод, уг мөнгөөр дахин тахианы мах оруулаад ирье. Түүнийг та нар борлуул, санаа зоволтгүй гэсэн. Дахиад тахианы мах оруулж ирэхээр нь авах гэтэл бүгдийг борлуулсан байсан. Иймээс талууд 2017 оны 02 сарын 07-ны өдөр 77 000 000 төгрөг авах тухай тооцоо нийлсэн. Учир нь түүний ярьсан ...хятадууд заавал 2 контейнер тахианы мах авахыг шаардсан, ...үргэлж ашигтай ажиллаж их хэмжээний мөнгө хуримтлуулдаг зэрэг нь худал байсан. Харин түүнийг их хэмжээний өртэй байсныг сүүлд мэдээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч 2019 оны 10 сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2592 дугаартай Прокурорын тогтоол гарсан. Хариуцагчийн 180 000 000 орчим төгрөгийн бараа авсан гэдэг нь үндэслэлгүй. А.Байгалмаа руу шилжүүлсэн мөнгөн дүнг тооцож үзэхэд 281 500 000 төгрөгөөс хариуцагчийн өгсөн гэх 180 000 000 төгрөгийг хассан ч 100 000 000 төгрөгийн үлдэгдэл гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: С.Мөнхжаргал, Д.Энхтуяа нартай тахианы мах хамтран борлуулахаар хамтарч ажилласан. Тухайн үед 02 сард Хятад улсад шувууны өвчин гарсантай холбоотой 05 сараас дахин тахианы мах борлуулж эхэлсэн. С.Мөнхжаргал нь ирсэн вагон бараа бүрээс бараа авснаар нийт 2 вагон орчим бараа авсан. Энэ нь үнийн дүнгээр 180 000 000 орчим төгрөгийн бараа авсан байж дахин 77 353 700 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг баримтжуулахын тулд тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчид 100 000 000 төгрөгийн бараа өгсөн байхад 14 000 000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй. Энэ хүнд вагон барааг алдсан ч гэсэн С.М хэлцэл байдаг, тухайн хэлцэлд ийм барааг авсан гэдгийг баталгаажуулах гэж хийсэн тооцоо юм. Хариуцагчийн зүгээс 100 000 000 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний барааг С.Мөнхжаргалд өгсөн болох нь гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Байгалмаагаас 77 353 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхжаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 544 718 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: 2015 оны 03 сараас 07 сарын хооронд нэхэмжлэгчийн барааг өгч өр төлбөргүй болсон. Энэ нь бараа хүлээлцсэн баримтуудаар нотлогдож, хүлээн авсан бараа, падаан дээр маргадаггүй. Барааг авснаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байхад шүүх тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь уг акт үйлдэх үед С.Мөнхжаргал 90 000 000 төгрөг өгөөд 13 000 000 төгрөгийн бараа авсан гэсэн гомдлыг баримтжуулах гэж гарын үсэг зурсан. Учир нь 13 000 000 төгрөгийн бараа биш 180 000 000 төгрөгийн бараа авсныг баримтжуулах гэж тооцоо нийлсэн акт хийж гарын үсэг зурсан. Гэтэл шүүх хэт нэг талыг баримталж хоорондын тооцоог бүрэн дүүрэн хянаж үзэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь хариуцагч А.Б холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 77 353 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараас үзвэл, А.Байгалмаа нь БНХАУ-аас тахианы мах импортлон бөөнөөр болон жижиглэнгээр худалдах үйл ажиллагаа эрхэлдэг, С.Мөнхжаргал нь А.Байгалмаагаас тахианы мах худалдан авч өөрийн Барс зах дахь лангуугаар худалдан борлуулдаг үйл ажиллагаа эрхэлдэг, улмаар 2015 оны 02 сарын 05-ны өдөр С.Мөнхжаргалаас А.Б 100 000 000 төгрөгийг тахианы мах худалдан авах зориулалтаар өгсөн үйл баримт тогтоогдож байна. /хх 1-2, 8, 13, 25-32/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий тахианы мах хүлээн аваагүй учир үлдэгдэл 77 353 700 төгрөгөө буцаан гаргуулна гэж тайлбарладаг бол хариуцагч нь 190 000 000 төгрөгийн үнэ бүхий тахианы мах өгсөн учир буцаан өгөх төлбөр тооцоо байхгүй гэж маргадаг.

 

Хэрэгт 2016 оны 09 сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт авагдсан байх ба уг актад Тооцоо нийлэхэд 77 353 700 төгрөг өгөхөөр үлдэгдэлтэй, өр үлдэв. Тооцоо нийлсэн А.Байгалмаа хэмээн гараар бичжээ. Дээрх тооцоо нийлсэн актыг үйлдэж, гарын үсэг зурсан болохоо хариуцагч А.Байгалмаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн нь 2020 оны 05 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх 24, 82-доороосоо 1-2 мөр, 82-арын нүүр/

 

Улмаар талууд 2017 оны 02 сарын 07-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, А.Байгалмаа нь С.Мөнхжаргалд 77 000 000 төгрөгийг 2017 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, уг хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 7/

 

Дээрхийг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтууд нь 2015 оны 03 сараас 2015 оны 07 сар хүртэлх хугацаанд хамаарах буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах баримтууд байх тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй. /хх 66-73/

 

Хэдийгээр тооцоо нийлсэн акт болон төлбөр барагдуулах гэрээний үнийн дүн 353 700 төгрөгөөр зөрж байх боловч нэхэмжлэгч тооцоо нийлсэн актыг шаардлагынхаа үндэслэл болгож мэтгэлцсэн, тухайн актыг үйлдсэн өдрөөс хойших хугацаанд хариуцагч талаас нэхэмжлэгч талд 353 700 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул 77 353 700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал гэрээг цуцалж, өгсөн мөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын шүүх тооцоо нийлсэн актыг үнэлсэн нь буруу гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Байгалмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 25-ны өдөр төлсөн 544 718 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР