Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00859

 

****ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01176 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1717 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****д холбогдох, 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 77,353,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч **** болон өмгөөлөгч Б.Галхүү нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 77,353,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.  

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****гаас 77,353,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 544,718 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1717 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ****гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 25-ны өдөр төлсөн 544,718 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч **** болон өмгөөлөгч Б.Галхүү нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1717 дугаарт магадлалыг эс зөвшөөрч тус гомдлыг гаргаж байгаа болно. 2015 оны 03 сарын хооронд нэхэмжлэгчийн барааг өгч өр төлбөргүй болсон. Энэ нь бараа хүлээлцсэн гэрчийн мэдүүлэг, баримтуудаар нотлогдож, хүлээн авсан бараа, падаан дээр маргадаггүй. Бараа авснаа шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч байхад шүүх тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн хууль сануулсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг барьсан байх үндэслэлтэй юм. Иймд тус гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 77,353,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг  ...Хятад улсаас тахианы мах оруулж ирж, хамтарч бизнес хийхээр тохиролцон 100,000,000 төгрөг өгсөн боловч энэ үнийн дүн бүхий тахианы мах хүлээж аваагүй, ...үлдэгдэл 77,353,700 төгрөгөө буцаан гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ... **** нь ирсэн вагон бүрээс тахианы мах авдаг байсан, түүнд үнийн дүнгээр нийтдээ 180,000,000 төгрөгийн үнэ бүхий тахианы мах өгсөн, ...буцаан төлөх өр төлбөр, тооцоо байхгүй гэж маргасан байна.   

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Хариуцагч **** болон түүний өмгөөлөгчийн “...2015 оны 3 сарын хооронд нэхэмжлэгчийн барааг өгч өр төлбөргүй болсон. Энэ нь бараа хүлээлцсэн гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон, талууд хүлээн авсан бараа, падаан дээр маргадаггүй. ...бараа авснаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байхад шүүх тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. ...гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй, хэт нэг талыг барьсан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна. 

9. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч болох худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, өгсөн мөнгөө буцааж шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д заасанд нийцсэн талаар зөв дүгнэжээ. 

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч **** нь БНХАУ-аас тахианы мах импортлон бөөнөөр болон жижиглэнгээр худалдах үйл ажиллагаа эрхэлдэг, нэхэмжлэгч **** нь ****гаас тахианы мах худалдан авч өөрийн Барс зах дахь лангуугаар худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Зохигч нь 2015.02.05-ны өдөр хамтран ажиллахаар тохиролцон, **** нь тахианы мах худалдан авах зорилгоор 100,000,000 төгрөгийг өгч, **** нь Хятад улсаас тахианы махыг импортоор оруулж ирж, харилцан ашигтай бизнес эрхлэхээр тохиролцжээ. Улмаар зохигч хамтран ажиллахаас татгалзан, 2016.09.02-ны өдөр өр төлбөрөө тооцож, ...тооцоо нийлэхэд 77,353,700 төгрөг өгөхөөр үлдэгдэлтэй, өр үлдэв. Тооцоо нийлсэн **** гэсэн баримт үйлдсэн, түүнчлэн зохигч 2017.02.07-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай” гэрээ байгуулсан, уг гэрээнд “...энэхүү гэрээгээр төлбөр авагч ****д төлбөр төлөгч **** нь 77,000,000 төгрөгийг 2017.02.28-ны өдөр үл маргах журмаар төлнө. Хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно” гэсэн байна. /хх-ийн 7, 24 тал/ 

11. Хариуцагчаас ... **** нь ирсэн вагон бараа бүрээс бараа /тахианы мах/ авдаг байсан бөгөөд 2 вагон орчим, ...үнийн дүнгээр 180,000,000 орчим төгрөгийн бараа авчихсан байж, надаас дахин 77,353,700 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би үүнийг баримтжуулахын тулд тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан... гэсэн тайлбар гарган, зарлагын 8 ширхэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тэдгээр зарлагын баримтууд нь 2015 оны 03 сараас 2015 оны 07 сар хүртэлх хугацаанд хамаарах буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн, мөн төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас өмнөх цаг хугацаанд хамаарах баримтууд болох нь тогтоогджээ. 

12. Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх төлбөр барагдуулах тухай гэрээ, тооцоо нийлсэн баримт болон бусад баримтуудыг үнэлж, тооцоо нийлсэн акт болон төлбөр барагдуулах гэрээний үнийн дүн 353,700 төгрөгөөр зөрж байх боловч нэхэмжлэгч тооцоо нийлсэн актыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож мэтгэлцсэн, актыг үйлдсэн өдрөөс хойших хугацаанд хариуцагчаас 353,700 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн, хариуцагчаас гэрээний төлбөрт 77,353,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д заасанд нийцсэн байна.  

13. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01176 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1717 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.11-ний өдөр төлсөн 551,029.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

   Н.БАЯРМАА

   Б.МӨНХТУЯА