Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01801

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01420 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Р.Чт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 307 754 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь иргэн Р.Ч, Т.С нартай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14/240 тоот зээл,барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөг зээлдүүлсэн.  Гэвч зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлэлгүй 329 хоног хугацаа хэтэрч, гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн гэрээ цуцлагдсан.

 

Өнөөдрийн байдлаар зээл 20 831 756 төгрөг, хүү 6 645 330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 830 666 төгрөг, нийт 28 307 754 төгрөгийн өртэй байгааг гаргуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн хариуцагч Т.Саас татгалзаж, гэрээний үүргийг хариуцагч Р.Чээс гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь хариуцагч нар гэр бүлийн хүмүүс бөгөөд Р.Ч нь үндсэн зээлдэгч, барьцааны зүйл нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл,барьцааны гэрээ байгуулсан, гэрээний үндсэн төлбөрийн тухайд маргахгүй. Харин нэхэмжлэгч нь 2016 оны 09 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандаж, гэрээгээ цуцалж, үлдэгдэл төлбөрийг шаардсан ч бид эвлэрээгүй. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд гэрээгээ цуцлах санал гарган шүүхэд хандсан тул тэр үеэс хойш хүү тооцох ёсгүй. Гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан бөгөөд нэхэмжлэгч гэрээг 2016 оны 09сарын 30-ны өдөр цуцалсан гэж үзэхээр байна. Иймд гэрээг цуцалсан өдрөөс хойш тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Чээс 28 307 754 /хорин найман сая гурван зуун долоон мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 489 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 299 489 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А.Б гэрээний хугацаа дуусахаас өмнө эвлэрэх санал гаргаж байсан. Хэрэв  2016 оны 09 сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан бол тухайн үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 19 065 695.72 төгрөг, 09 сарын 10-ны өдрөөс 09 сарын 30-ны өдрийг хүртэлх 20 хоногт ногдох хүү 369 822.26 төгрөг нийт 19 435 517.98 төгрөг төлөх үндэслэлтэй. Эвлэрлийн гэрээ байгуулах ерөнхий логик байсныг анхан шатны шүүхээс үнэлж үзээгүй.

Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар зээл, хүүг буцаан төлөх  заалт зөрчсөн бол гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэлтэйг үнэлж үзсэнгүй. Эвлэрлийн гэрээ байгуулах саналыг хариуцагчид өгсөн үйлдэл нь гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн заалтыг дутуу хэрэглэсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн алдаа гаргасныг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Р.Ч, Т.С нарт холбогдуулан зээл 20 831 756 төгрөг, хүү 6 645 330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 830 666 төгрөг, нийт 28 307 754 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүүг тооцох эрхгүй” гэж маргажээ.

 

Хариуцагч Р.Ч, Т.С нар нь А ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 35,4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж 4/240 тоот гэрээ байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Р.Чийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалсан, барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогджээ.  /хх-ийн 8-13, 48-49/

 

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн дүн, хугацаа зэрэг гол нөхцөлийн талаар маргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлдог бөгөөд нэхэмжлэгч А.Б ХХК нь Т.Сыг хариуцагчаар татсан шаардлагаа багасган өөрчилж, хариуцагч Р.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ. /хх-ийн 26/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь гэрээнд заасан зээл, хүү төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв болсон. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч шаардах эрхтэй юм.

 

Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлээс 9 168 243 төгрөг, хүүд 16 493 145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 307 696 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

Гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээг цуцалж болох бөгөөд энэ нь талуудын эрх юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч банк 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан өдрийн тооцооны үлдэгдлээр төлнө гэж тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт “Гэрээнд заасан зээлийн гэрээний  хугацаа дууссан нь зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тохиролцсоноос гадна Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү , гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохигч гэрээндээ тохиролцсон, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “А.Б” гэж буруу, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг “Улсын тэмдэгтийн тухай хууль” гэж дутуу бичсэнийг А ХХК, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль” гэж залруулж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Чээс гаргуулахаар өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Чээс 28 307 754 /хорин найман сая гурван зуун долоон мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн тухай” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” гэж, “хариуцагчаас” гэснийг “хариуцагч Р.Чээс” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Чийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД