Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00079

 

“А Б” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01420 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1801 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “А Б” ХХК--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Ч-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 28 307 754 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулгын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус банк нь иргэн Р.Ч-, Т.Сүхбаатар нартай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14/240 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөг зээлдүүлсэн. Гэвч зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлэлгүй 329 хоног хугацаа хэтэрсэн тул гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн гэрээг цуцалж байна.

Өнөөдрийн байдлаар зээл 20 831 756 төгрөг, хүү 6 645 330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 830 666 төгрөг, нийт 28 307 754 төгрөгийн өртэй байгаа тул хариуцагч нараас гаргуулж,  гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн хариуцагч Т.Сүхбаатараас татгалзаж, гэрээний үүргийг хариуцагч Р.Ч-ээс гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь хариуцагч нар гэр бүлийн хүмүүс бөгөөд Р.Ч- нь үндсэн зээлдэгч, барьцааны зүйл нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм гэжээ.

Хариуцагч Р.Ч- шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээл, барьцааны гэрээ байгуулсан, гэрээний үндсэн төлбөрийн тухайд маргахгүй. Харин нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандаж, гэрээгээ цуцалж, үлдэгдэл төлбөрийг шаардсан ч бид эвлэрээгүй. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд гэрээгээ цуцлах санал гарган шүүхэд хандсан тул тэр үеэс хойш хүү тооцох ёсгүй. Гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан бөгөөд нэхэмжлэгч гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цуцалсан гэж үзэхээр байна.

Иймд гэрээг цуцалсан өдрөөс хойш тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, хасаж тооцож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01420 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Ч-ээс 28 307 754 /хорин найман сая гурван зуун долоон мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А б-инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Сүхбаатарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 489 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 299 489 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1801 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Ч-ээс 28 307 754 /хорин найман сая гурван зуун долоон мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Сүхбаатарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын Улсын тэмдэгтийн тухай гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай гэж, хариуцагчаас гэснийг хариуцагч Р.Ч-ээс гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Ч-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

.... Хариуцагч Р.Ч- нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/240 дүгээр зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Улмаар зээлдэгчийн санхүүгийн чадавх эрс муудсантай холбоотой “А Б” ХХК- нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээ цуцлагдсан атал нэхэмжлэл гаргах цаг хугацааг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь хууль бус хэмээн үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1801 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж 8 872 237 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх банкны зээлийн гэрээнээс үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв болжээ. Харин шүүх нэхэмжлэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчээс татгалзсан асуудлыг алдаатай шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч “А Б” ХХК- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Р.Ч-, Т.Сүхбаатар нарыг татаж, зээлийн гэрээний үүрэгт 28 307 754 төгрөг гаргуулахыг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүсчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Р.Сүхбаатараас татгалзаж, зээлийн гэрээний үүргийг зөвхөн хариуцагч Р.Ч-ээс нэхэмжилсэн байна.

Хариуцагч Р.Ч- гэрээний дагуу зээл авсан, төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүй талаар маргаагүй боловч нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг цуцалж, эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар гэрээ дуусгавар болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг энэ хугацаагаар тооцох ёстой гэж маргажээ.

Зохигч нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Р.Ч-, Р.Сүхбаатар нар нь 30 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 35,4% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн ба мөн өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байр, 29 тоот 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан 451.1.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зээлийн гэрээний зээлдэгч талын үүргийн хэмжээг тодорхойлсон байна.

Харин нэхэмжлэгч “А Б” ХХК- нь хамтран хариуцагчаар татсан Т.Сүхбаатарыг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзсаныг шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь алдаатай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тохиолдолд шаардлагаасаа хассан хэмжээг нь нэхэмжлээгүй дүн гэж үзэж, энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгодоггүйн адил хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль нэгээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж, нөгөө гүйцэтгэгчээс шаардахгүй гэх нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч биш болсон этгээдэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож болохгүй юм.

Нөгөө талаар, нэхэмжлэгчийн татгалзсан хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэдэг. Мөн зүйлийн 242.3., 242.6.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байхаас гадна үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алддаггүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон, ийнхүү тооцоо гаргахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна. Харин хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хасах өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1801 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Сүхбаатарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 157 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН