Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2018/01420

 

 

 

 

 

      2018 оны 05 сарын 31 өдөр

               Дугаар 184/ШШ2018/01420

                Улаанбаатар хот

                                 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А. Банк ХХК

Хариуцагч: Р.Ч

Хариуцагч: Т.С

Зээлийн гэрээний үүрэгт нийт 28 307 754 /хорин найман сая гурван зуун долоон мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч Л.З,  нарийн бичгийн дарга С.Баянжаргал  нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь иргэн Р.Ч, Т.С нартай 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 14/240 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 329 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтыг үндэслэн зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 20 831 756 төгрөг, зээлийн хүү 6 645 330  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 830 666 төгрөг, нийт 28 307 754 төгрөгийн өртэй байна.

Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 28 307 754 төгрөг гаргуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574  дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна.

Мөн хариуцагч Т.Саас татгалзаж, гэрээний үүргийг хариуцагч Р.Чээс гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь хариуцагч нар гэр бүлийн хүмүүс бөгөөд Р.Ч нь үндсэн зээлдэгч, барьцааны зүйл нь түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа болно.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ байгуулсан, гэрээний үндсэн төлбөрийн тухайд маргахгүй байна. Харин нэхэмжлэгч банк 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандаж, бидэнтэй байгуулсан гэрээгээ цуцалж, үлдэгдэл төлбөрийг шаардсан боловч бид эвлэрээгүй. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд гэрээгээ цуцлах санал гарган шүүхэд хандсан тул тэр үеээс хойш хүү тооцох ёсгүй.

Гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дуусах байсан бөгөөд нэхэмжлэгч банк хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цуцласан гэж үзэж байна.  

Иймд нэхэмжлэгч банкнаас бидэнтэй байгуулсан зээлийн гэрээг цуцласан өдрөөс хойш тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөх боломжгүй тул хасаж тооцуулах хүсэлтэй байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Банкнь хариуцагч Р.Ч, Т.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 831 756 төгрөг, зээлийн хүү 6 645 330  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 830 666 төгрөг, нийт 28 307 754 төгрөг гаргуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Банкхариуцагч Т.Саас татгалзаж, хариуцагч Р.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн болно. 

Хариуцагч Р.Ч нь Ариг банктай 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 14/240 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 35,4  хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан болох нь хэрэгт авагдсан баримт,  талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн болон барьцааны гэрээнд үндсэн зээлдэгчээр Р.Ч, хамтран зээлдэгчээр Т.С нар гарын үсэг зурсан, барьцааны зүйл нь хариуцагч Р.Чийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө  байна.

Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулан хариуцагч Р.Чийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь  Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлдэгч нь гэрээнд заасан зээл, хүү төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэлээ.  

Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлээс 9 168 243 төгрөг, зээлийн хүүнд 16 493 145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 307 696 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл төлбөр 28 307 754 төгрөг байгаа талаар зохигчид маргахгүй байна.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч банк 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчтай байгуулсан гэрээгээ цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 29 054 764 төгрөг гаргуулахаар шаардан тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба зээлийн үндсэн төлбөрийг бус гэрээний хугацаа дуусах хүртэл үүргийг тооцон шаардсан тул эвлэрээгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч А.Банкнь хариуцагч Р.Ч, хамтран зээлдэгч Т.С нараас гэрээний үүрэг шаардан  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр  тус шүүх дэх эвлэрүүлсэн зуучлагчид өргөдөл гаргасан нь талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан 14/240 дугаартай гэрээг цуцласан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Учир нь эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлд дурдсан үнийн дүн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас их, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд эвлэрэхээс татгалзсан нь гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс  хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дууссан байх тул хариуцагч Р.Чээс үндсэн зээлийн үлдэгдэл 20 831 756 төгрөг, зээлийн хүү 6 645 330  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 830 666 төгрөг, нийт 28 307 754 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч  Т.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй зээлдэгчийг зээл, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж заасан байна. 

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хариуцагч Р.Чийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574  дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь  зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Чээс 28 307 754 /хорин найман сая гурван зуун долоон мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005574  дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 489 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 299 489 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАТСҮХ