Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/02694

 
 

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/02694

Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, 19 дүгээр байрны 29 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, Шарайд овогт*******/рд:ЖЯ60090219/,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 2 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, Зуутраг овогт*******/рд:*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 45, өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******,Х.Долгорсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан /ШТЭҮД-2386/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, П.Цогбаяр, Б.Солонго, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдийн Б/34 дугаартай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн сахилгын зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлүүдээр хөдөлмөрийг гэрээг цуцалж халсан. 2014 оны 10 дугаар сард намар өвлийн ажиллагаанд бэлдэхэд төвөөс манай байгууллага дээр Ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон бүлэг ирж ажилласан бөгөөд энэ шалгалтаар сайн үнэлгээ авсан. Навигацын шалгалт нь 5 удаа давтагдсан. Тус шалгалтуудад сайн үнэлгээ авч, ажлууд хэвийн байна гэсэн. 2015 оны жилийн эцсийн тайланг Иргэний нисэхийн ерөнхий газрын төв дээр ирж 12 дугаар сарын 20-ны өдөр хамгаалсан. 2015 онд 2012, 2013, 2014 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд, 2014, 2015 онд санхүүгийн аудитаас тус тус шалгалт орж уг шалтгалтуудад сайн дүгнэгдсэн. 2016 онд манай байгууллагын хувьд нэлээн хүндрэлтэй жил байсан. Учир нь Дорнод аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой болсон. Мөн 2016 онд АССЕМ-ийн зөвлөгөө гэж бид нар өндөржүүлсэн байдалтай 7,8 сар хүртэл ажилласан. Манай ажил дээр 3 хүний бүрэлдэхүүнтэй ээлжит бус шалгалт явагдаж, уг шалгалтаар ажлаас халах үндэслэл болохгүй юм байна гэж үзэж гарын үсэг зурсан. Гэтэл төв байгууллага дээр н.Батжаргал дарга дуудаж, “улс төрийн шалтгаанаар ажлыг чинь хүлээж авна, чамд ямар хүсэлт байна” гэж асуусан. Би “...ажлаас халах үндэслэл байвал ажлаасаа халагдаж болно, харин улсын төрийн үндэслэлээр ажлаас халагдахгүй, би улсад 33 жил 5 сар ажилласан, ийм байдлаар ажлаасаа халагдах надад харамсалтай, 5 дугаар сард навигацын шалгалт ортол ажлаа хийе, эсвэл надад 6 сарын тэтгэмж өгвөл ажлаасаа гарна” гэж хэлсээр байтал ажлаас халсан. Иймд ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдийн Б/35 дугаартай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн сахилгын зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлүүдээр хөдөлмөрийг гэрээг цуцалж халсан.******* би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажиллахдаа Иргэний нисэхийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг баримталж ажиллаж ирсэн. Жил болгон тайлангаа тавьж шалгагддаг. Жилд 2 удаа явагддаг навигацын шалгалт хийдэг. Шалгалтын дүнгээр манай байгууллага ямар нэгэн зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Аймгийн хөндлөнгийн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил байхгүй гэсэн. Ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал, Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаагүй. Мөн ИНЕГ-аас жилд 2 удаа явагддаг навигацын шалгалтад хангалтгүй үнэлгээ авч байгаагүй. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ИНЕГ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Батжаргал дуудаж өргөдлөө өг гэсэн. Яагаад өргөдөл өгөх юм бэ гэхэд ”таныг улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлж байна, улсын их хурлын гишүүд шаардаж байна” гэсэн. Би ажлаа сайн хийж, шалгалтаар хангалттай үнэлгээ авч байсан. Иймд ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******,******* нар ажиллаж байх хугацаандаа ямар ч зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өмнө нь сахилгын шийтгэл, шат дараалсан арга хэмжээ авч байгаагүй. Өмнөх хийсэн шалгалтуудаар зөрчил илрээгүй. Жилийн эцсийн аудит, санхүүгийн аудит, жилд 2 удаа навигацын шалгалт, нисэхийн аюулгүй байдлын үйл ажиллагаа алдагдуулахгүй явж байгаа эсэхийг шалгадаг шалгалтуудаар алдаа, дутагдал гарч байгаагүй. Гэнэтийн төлөвлөгөөт бус шалгалт, улс төрийн шалтгаан гэх зүйл Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй. Зохиомлоор зөрчил дутагдалд оруулах үүднээс хяналт шалгалтыг ганц*******,******* нар дээр биш бусад бүх аймгийн нисэхийн дарга дээр хийсэн. Ажлаас халах гэж зохиомол зүйл бий болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Нисэх буудалд хяналт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн бөгөөд*******ийн хувьд хяналт шалгалтаар шатах туслах материал, нүүрс сонгон шалгаруулалтгүй худалдан авсан зөрчил гаргасан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийг зөрчсөн. 50 000 000 төгрөгөөс дээш худалдан авалтуудыг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу байгууллага шилэн дансны сайдуудад мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар байршуулсан байх ёстой. Үүнийг дэлгэрэнгүй тавиагүй учир Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Ажилчдын цалин хөлснөөс ямар нэгэн шүүхийн шийдвэргүй буюу үндэслэлгүйгээр хоолны мөнгө, хандив зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан байдаг. Мөн төсөв хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгээгүй зөрчил гарсан. Удирдлага албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Энэ нь тухайн нисэх буудлын дарга тушаал шийдвэрийн биелэлтийг ИНЕГ-ын даргын баталсан журам, зааврын дагуу улирал, сар бүр тогтсон өдөр нь гаргаж явуулж байх үүрэгтэй. Үүнийг явуулаагүй байдаг. Дээрх зөрчил дутагдал санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон тул Дорнод аймгийн нисэх буудлын даргыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43.3.1, ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13, ИНЕГ-ын харьяа Дорнод аймгийн нисэх буудлын 2016 үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хяналт шалгалт хийж дууссан өдөр тухайн нисэх буудал дээр нийт бие бүрэлдэхүүн ажилчдыг цуглуулан хяналт шалгалтын тайланг товч танилцуулж, нягтлан бодогч болон дарга нараар гарын үсэг зуруулж авсан. Энэ нь хяналт шалгалтын тайлан дээр харагдана. Увс аймгийн нисэх буудлын дарга*******гийн хувьд хяналт шалгалтаар шатах материал, нүүрсийг сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн. Мөн Шилэн дансны тухай хуульд заасны дагуу 50 000 000 төгрөгөөс дээш худалдан авалтуудыг сайд дээр дэлгэрэнгүй байдлаар мэдээлсэн байх ёстой. Энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Шилэн дансны тухай хууль зөрчсөн. Ажилчдын цалингаас татвар, хоолны мөнгө, хандив зэргийг зөвшөөрөлгүй суутгаж авсан байдаг. Эд хөрөнгийн бүртгэл тайланг үнэн зөв хөтлөөгүй. Удирдлага дээд байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил дутагдлууд илэрсэн учраас ИНЕГ-ын даргын зөвлөл буюу хэлтэс газрын дарга нарт хяналт шалгалтын тайланг танилцуулж, гарын үсэг зуруулсны үндсэн дээр шийдвэр гаргасан. Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43.1 дэх хэсэг, ИНЕГ-ын дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13, ИНЕГ-ын харьяа дахь Увс аймгийн нисэх буудлын 2016 оны үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг тус тус үндэслэн Г.Долгорсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх дурдсан зөрчил дутагдлыг нотлох баримт хувийн хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч өмнө нь сануулах юм уу шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж ярьж байна. Бид нар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон санхүү, эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдаж буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн. Улсын дээд шүүхийн тогтоолд заасанчлан нэхэмжлэгч нар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан нь байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нар өмнө нь навигацын шалгалтаар зөрчилгүй байсан гэж байна. Намар өвлийн ашиглалтаас зуны ашиглалтад шилжих, зуны ашиглалтаас өвлийн ашиглалтад шилжихэд нисэхийн аюулгүй байдлыг шалгадаг. Аюулгүй ажиллагаа албадын хүмүүс, мөн захиргааны албанаас явдаг. Санхүүгийн хүмүүс явдаггүй. Хөндлөнгийн аудит нисэхийн болон иргэний нисэхийн бүтцийг ойлгодоггүй. ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэнэтийн шалгалт хийх эрхтэй. ИНЕГ-ын хэдий ч харьяа байгууллагаа шалгах эрхтэй. Дотоод аудит нь ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд захирагдаж байгаа учир төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ярьж байгаа шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар ажлын байрны тодорхойлолтоор хууль тогтоомжийг дагаж мөрдөж, ямар нэгэн хууль тогтоомж зөрчихгүй гэсэн үүрэг хүлээсэн. Гэтэл санхүүтэй холбоотой зөрчил гаргасан. Тухайн байгууллагын ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.13 дахь хэсэгт зааснаар тухайн дарга нэгжийн шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй байна, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж удирдлагын зүгээс үзэж байгаа. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баатархуяг,******* нар нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Бат-Амгалан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байна.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгч нь төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар болон бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нар өмгөөлөгч Ж.Бат-Амгалантай байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-гээр “...өмгөөлөгч нь ... бүх шатны шүүхэд үйлчлүүлэгчийг бүрэн төлөөлөн, ...нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх ...” бүрэн эрхийг олгосон байх тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасны дагуу өмгөөлөгч Ж.Бат-Амгаланг нэхэмжлэгч*******,******* нарыг төлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн итгэлийг алдаж буруутай үйлдэл гаргасан, хөдөлмөрийн гэрээний 4.2.13 дахь хэсэгт зааснаар тухайн дарга нэгжийн шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй байна, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж удирдлагын зүгээс үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34, Б/35 дугаар тушаалд гомдлоо 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч******* болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар*******ийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Дорнод аймгийн нисэх буудлын даргаар,

нэхэмжлэгч******* болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Нисэх буудлын даргаар тус тус ажиллуулжээ. 

 

Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 тоот “Д.Баатархуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, Б/35 тоот “Х.Долгорсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Дорнод, Увс аймаг дахь нисэх буудлын 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайланг тус тус үндэслэн, мөн өдрөөр тасалбар болгон*******,******* нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хх6, 10/ 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нар хяналт шалгалтаар шатах тослох материал, нүүрс сонгон шалгаруулалтгүй худалдан авч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийг зөрчсөн. 50 000 000 төгрөгөөс дээш худалдан авалтын талаар шилэн дансны сайтад мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар тавиагүй учир Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн. Ажилчдын цалин хөлснөөс ямар нэгэн шүүхийн шийдвэргүй буюу үндэслэлгүйгээр хоолны мөнгө, хандив зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан. Удирдлага албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй.******* нь төсвийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авч үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй зөрчил гарсан тул ИНЕГ-ын даргын зөвлөл буюу хэлтэс газрын дарга нарт хяналт шалгалтын тайланг танилцуулж, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3.13, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарласан. 

 

Нэхэмжлэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Хууль зөрчиж худалдан авалт хийсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шатахуун авах нийт үнийн дүн 50 000 000 төгрөг боловч тухайн сар сардаа лиметээ гаргаж, сарын сүүлд тооцоогоо хийдэг. Сарын шатахууны хэрэгцээ  2 000 000- 4 000 000 төгрөгийн хооронд байдаг бөгөөд үүнийг бэлэн бусаар хийдэггүй, гэрээний дагуу сарын сүүлд тооцоо хийдэг. Шилжүүлгээр төлж байгаа үнийн дүн 5 000 000 төгрөг хүрдэггүй тул Шилэн дансны мэдээлэл оруулах шаардлагагүй. Өмнө нь шалгалт ирэхдээ манай шилэн дансны хөтлөлтийг болж байна гэж дүгнэсэн. Мөн манай байгууллагын хувьд хандивын мөнгийг авах шалтгаанаа бичиж, бүх хүмүүсийн нэрсийг жагсааж, үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн хүмүүсээс аваад энэ мөнгийг үйлдвэрчний эвлэл хорооны татвараас шууд төлдөг. Дараа нь гарын үсэг зурсан зөвшөөрлийн дагуу цалин дээрээс суутгадаг. Албадаж хийсэн зүйл байхгүй, манай ажилчид сайн дураар өгч байсан. Ийм учраас хүний зөвшөөрөлгүй хандив цуглуулсан зүйл байхгүй. Эргэлтийн хөрөнгө худалдаж авах 2 000 000 төгрөгийн эрхийн хүрээнд онцгой байдал үүссэн үед хэрэглэх зорилгоор 700 000 төгрөгөөр майхан, 300 000 төгрөгөөр ширээ худалдаж авсан бөгөөд энэ нь үндсэн хөрөнгө биш тул эргэлтийн хөрөнгөөр балансад бүртгэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэж,

Нэхэмжлэгч******* “...Өмнө нь аймгийн аудит хяналт шалгалт хийгээд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учраас хэвийн явж байна гэж үзэж байсан. ...Манайх ИНЕГ-ын нөөцтэй Аэро монголиа-н онгоцны түлш дууссан, түлш нь Тосонцэнгэл суман дээр явж байгаа гэсэн асуудал үүсмэгц би ИНЕГ-ын нислэг хөдөлгөөний зохицуулалтын дарга н.Батчулуун гэж хүнээс утсаар зөвшөөрөл авахад “...Иргэний нислэгийн аюулгүй байдал хангах үүднээс онцгой нөхцөл үүссэн үед өгөх ёстой чамд эрх хэмжээ нь байгаа. Наадахаа сумлаад явуул” гэсэн учраас 231 литр шатахууныг нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс авсан нь илүү харагдаж байгаа. Шилэн дансны тухай хууль зөрчсөн гэж байна. Худалдан авахтай холбогдуулж, үнийн саналд багтаж байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн энэ гэрээ нь өмнөх даргын үед хийгдээд явж байсан. Энэ компани шаардлага хангасан түлш шатахуун нийлүүлдэг учраас миний бие хөдөлмөрийн гэрээний 2.2.6 дахь хэсэгт зааснаар иргэний нисэх газрын үнэт зүйл, залгамжийг хадгалж ажиллана гэснийг баримталж гэрээг 1 жилээр сунгаж ажиллаж байсан. Дэлгэц процессыг эргэлтийн хөрөнгөөр худалдаж авсан” гэж тус тус маргасан.  

 

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд  хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдол бүрт эрхийн акт буюу тушаал гаргах ба энэхүү тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэж, хуулинд нийцсэн байхыг шаарддаг тул ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсноор Хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилд тооцох зөрчлийн талаар тохиролцсон байх боловч гэрээний 4.2.3-т “Байгууллага, зохион байгуулалтын нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн байгууллага, зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдон, нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил гаргасан, ИНЕГазрын удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзвэл” гэж хэт ерөнхийлөн тусгасныг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогтой холбогдуулан хөдөлмөрийн гэрээндээ урьдчилан харилцан тохиролцсон, тухайлан нэрлэн заасан зөрчил гэж үзэхээргүй байна.  

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч*******ийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд,*******г Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.       

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлдог.

 

Иймд нэхэмжлэгч*******ийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 209 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /5 991 721:3 сар=1 997 240 төгрөг, 1 997 240:21.5 өдөр=92 895 төгрөг, 92 895х209 хоног=19 415 055 төгрөг/ 19 415 055 төгрөг, 

нэхэмжлэгч*******гийн ажилгүй байсан 209 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /5 328 882:3 сар=1 776 294 төгрөг, 1 776 294:21.5 өдөр=82 618 төгрөг, 82 618х209хоног=17 267 162 төгрөг/ 17 267 162 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулан тус тус нэхэмжлэгч нарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******,******* нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 341 361 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баатархуягийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд,*******г Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 19 415 055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******т, 17 267 162 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д тус тус олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгч Д.Баатархуяг,******* нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 341 361 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ