Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00712

 

      Д.Б, Х.Д нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дүгээр шийдвэртэй, Д.Б, Х.Д нарын нэхэмжлэлтэй, И-т холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч Х.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

       Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн И-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Д аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. И-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдийн Б/34 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн сахилгын зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлүүдээр хөдөлмөрийг гэрээг цуцалж халсан. 2014 оны 10 дугаар сард намар өвлийн ажиллагаанд бэлдэхэд төвөөс манай байгууллага дээр Ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон бүлэг ирж ажилласан бөгөөд энэ шалгалтаар сайн үнэлгээ авсан. Навигацын шалгалт нь 5 удаа давтагдсан. Тус шалгалтуудад сайн үнэлгээ авч, ажлууд хэвийн байна гэсэн. 2015 оны жилийн эцсийн тайланг И-ын төв дээр ирж 12 дугаар сарын 20-ны өдөр хамгаалсан. 2015 онд 2012, 2013, 2014 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд 2014, 2015 онд санхүүгийн аудитаас тус тус шалгалт орж уг шалтгалтуудад сайн дүгнэгдсэн. 2016 онд манай байгууллагын хувьд нnлээн хүндрэлтэй жил байсан. Учир нь: Д аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой мөн 2016 онд АССЕМ-ийн зөвлөгөө гэж бид нар өндөржүүлсэн байдалтай 7, 8 дугаар сар хүртэл ажилласан. Манай ажил дээр 3 хүний бүрэлдэхүүнтэй ээлжит бус шалгалт явагдаж, уг шалгалтаар ажлаас халах үндэслэл болохгүй юм байна гэж үзэж гарын үсэг зурсан. Гэтэл төв байгууллага дээр н.Б дарга дуудаж, “улс төрийн шалтгаанаар ажлыг чинь хүлээж авна, чамд ямар хүсэлт байна” гэж асуусан. Би “...ажлаас халах үндэслэл байвал ажлаасаа халагдаж болно, харин улсын төрийн үндэслэлээр ажлаас халагдахгүй, би улсад 33 жил 5 сар ажилласан, ийм байдлаар ажлаасаа халагдах надад харамсалтай, 5 дугаар сард навигацын шалгалт ортол ажлаа хийе, эсвэл надад 6 сарын тэтгэмж өгвөл ажлаасаа гарна” гэж хэлсээр байтал ажлаас халсан. Иймд ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн И-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан У аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. И-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн сахилгын зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, халсан. Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажиллахдаа Иргэний нисэхийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг баримталж ажиллаж ирсэн. Жил болгон тайлангаа тавьж шалгагддаг. Жилд 2 удаа явагддаг навигацын дүнгээр манай байгууллага ямар нэгэн зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Аймгийн хөндлөнгийн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил байхгүй гэсэн. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал, Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаагүй.

      Мөн И-аас жилд 2 удаа явагддаг навигацын шалгалтад хангалтгүй үнэлгээ авч байгаагүй. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр И-рын захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Б дуудаж өргөдлөө өг гэсэн. Яагаад өргөдөл өгөх юм бэ гэхэд ”таныг улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлж байна, улсын их хурлын гишүүд шаардаж байна” гэсэн. Би ажлаа сайн хийж, шалгалтаар хангалттай үнэлгээ авч байсан. Иймд ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д аймгийн Нисэх буудалд хяналт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн бөгөөд Д.Б-гийн хувьд хяналт шалгалтаар шатах туслах материал, нүүрс сонгон шалгаруулалтгүй худалдан авсан зөрчил гаргасан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийг зөрчсөн. 50 000 000 төгрөгөөс дээш худалдан авалтуудыг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу байгууллага шилэн дансны сайдуудад мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар байршуулсан байх ёстой. Үүнийг дэлгэрэнгүй тавиагүй учир Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Ажилчдын цалин хөлснөөс ямар нэгэн шүүхийн шийдвэргүй буюу үндэслэлгүйгээр хоолны мөнгө, хандив зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан байдаг. Мөн төсөв хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгээгүй зөрчил гарсан. Удирдлага албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Энэ нь тухайн нисэх буудлын дарга тушаал шийдвэрийн биелэлтийг И-ын даргын баталсан журам, зааврын дагуу улирал, сар бүр тогтсон өдөр нь гаргаж явуулаагүй. Дээрх зөрчил дутагдал санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон тул Д аймгийн нисэх буудлын даргыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43.3.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13, Д аймгийн нисэх буудлын 2016 үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хяналт шалгалт хийж дууссан өдөр тухайн нисэх буудал дээр нийт бие бүрэлдэхүүн ажилчдыг цуглуулан хяналт шалгалтын тайланг товч танилцуулж, нягтлан бодогч болон дарга нараар гарын үсэг зуруулж авсан нь хяналт шалгалтын тайлан дээр харагдана.

     У аймгийн нисэх буудлын дарга Х.Д-ийн хувьд хяналт шалгалтаар шатах материал, нүүрсийг сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн. Мөн Шилэн дансны тухай хуульд заасны дагуу 50 000 000 төгрөгөөс дээш худалдан авалтуудыг сайд дээр дэлгэрэнгүй байдлаар мэдээлсэн байх ёстой. Энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Шилэн дансны тухай хууль зөрчсөн. Ажилчдын цалингаас татвар, хоолны мөнгө, хандив зэргийг зөвшөөрөлгүй суутгаж авсан байдаг. Эд хөрөнгийн бүртгэл тайланг үнэн зөв хөтлөөгүй. Удирдлага дээд байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил дутагдлууд илэрсэн учраас И-ын даргын зөвлөл буюу хэлтэс газрын дарга нарт хяналт шалгалтын тайланг танилцуулж, гарын үсэг зуруулсны үндсэн дээр шийдвэр гаргасан. Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13, Увс аймгийн нисэх буудлын 2016 оны үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг үндэслэн Г.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх дурдсан зөрчил дутагдлыг нотлох баримт хувийн хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч өмнө нь сануулах юм уу шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж ярьж байна. Бид нар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон санхүү, эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдаж буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн. Улсын дээд шүүхийн тогтоолд заасанчлан нэхэмжлэгч нар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан нь байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нар өмнө нь навигацын шалгалтаар зөрчилгүй байсан гэж байна. Намар өвлийн ашиглалтаас зуны ашиглалтад шилжих, зуны ашиглалтаас өвлийн ашиглалтад шилжихэд нисэхийн аюулгүй байдлыг шалгадаг. Аюулгүй ажиллагаа албадын хүмүүс, мөн захиргааны албанаас явдаг. Санхүүгийн хүмүүс явдаггүй. Хөндлөнгийн аудит нисэхийн болон иргэний нисэхийн бүтцийг ойлгодоггүй. И-ын хөдөлмөрийн дотоод журамд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэнэтийн шалгалт хийх эрхтэй. И-ын хэдий ч харьяа байгууллагаа шалгах эрхтэй. Дотоод аудит нь И-ын хөдөлмөрийн дотоод журамд захирагдаж байгаа учир төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

        Нэхэмжлэгч нар ажлын байрны тодорхойлолтоор хууль тогтоомжийг дагаж мөрдөж, ямар нэгэн хууль тогтоомж зөрчихгүй гэсэн үүрэг хүлээсэн. Гэтэл санхүүтэй холбоотой зөрчил гаргасан. Тухайн байгууллагын ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.13 дахь хэсэгт зааснаар тухайн дарга нэгжийн шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй байна, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийг И-ын харьяа Д аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд, Х.Д-г У аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, хариуцагч И-аас 19 415 055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т, 17 267 162 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д тус тус олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгч Д.Б, Х.Д нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж,

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 341 361 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

   Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчилд тооцох зөрчлийн талаар тохиролцсон байх боловч гэрээний 4.2.3-т "Байгууллага, зохион байгуулалтын нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдон, нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил гаргасан, И-ын удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзвэл гэж хэт ерөнхийлөн тусгасныг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогтой холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд урьдчилан харилцан тохиролцсон, тухайлан нэрлэн заасан зөрчил гэж үзэхээргүй байна гэж хэрэгт байгаа нотлох баримтыг гүйцэт ойлгоогүй буруу дүгнэлт гаргасан нь хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гарахад нөлөөлсөн.

      Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан И-ын удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзвэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахыг хөдөлмөрийн  гэрээний 4.2.3.13-д зааснаар тохирсон. Х.Д нь "шатах тослох материал, нүүрс сонгон шалгаруулалтгүй худалдан авсан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээлэгдэх ёстой мэдээллүүдийг мэдээлээгүй, ажилчдын цалингаас татвар, хоолны мөнгө, хандив, тусламж зэргийг зөвшөөрөлгүй суутгасан, эд хөрөнгийг тооллогыг хариуцлагагүй хийж, бараа материалын бүртгэл, тайланг үнэн зөв хөтлөөгүй, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан, Д.Б нь шатах тослох материал, нүүрс сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн мөн ажилчдын цалин хөлснөөс зөвшөөрөлгүй суутгал хийсэн зэрэг зөрчил гаргасан болох нь шалгалтаар тогтоогдсон. Шалгалтын тайланг И-ын дарга нарт танилцуулж тушаалын төсөлд санал авах хуудсанд саналаа тусгаж уг шийдвэрийг гаргасан.

   Гэтэл шүүх дээрх 2 ажилтны гаргасан зөрчилд хөдөлмөрийн гэрээний дагуу харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр заалтын дагуу авсан арга хэмжээг үндэслэлгүй гэж үнэлсэн, мөн шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч "шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй" гэж мэдүүлж байснаа шүүхийн хэлэлцүүлэг эхлээд завсарлаж байхад нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийг шүүгч шаардаж авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүх хуралдааны процессыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

      Нэхэмжлэгч Х.Д, Д.Б нар хариуцагч И-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргасан байна.

    Нэхэмжлэгч Х.Д И-ын У аймаг дахь, нэхэмжлэгч Д.Б-г Д аймаг дахь Нисэх буудлын даргаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус тус ажиллаж байсан ба хариуцагч И-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34, Б/35 тоот тушаалаар дээрх ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан үйл баримт тогтоогджээ.

         Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Х.Д, Д.Б нар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь дотоодын хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан ба ажлаас халах ноцтой зөрчлийн үндэслэлийн талаарх түүний тайлбарыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

     Учир нь: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт  зохицуулжээ. 

    Дээрх зохицуулалтын дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ажилтан зөрчил гаргасан байх, гаргасан зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай.

      Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй.

   Хэрэгт авагдсан дотоодын хяналт, шалгалтын тайланд дурдагдаж байгаа худалдан авах ажиллагаатай холбоотой энэ нөхцөл байдлууд нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд ерөнхийлөн заасан зүйл заалтад шууд хамаарна гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Уг хяналт, шалгалт нь И-ын харьяа Увс, Дорнод аймаг дахь нисэх буудлын 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хууль, дүрэм, журам, стандарт  хэрхэн хэрэгжиж байгаад хяналт шалгалт хийж, дүгнэлт зөвлөмж өгөх зорилгоор хийгдсэн байх ба тухайн зорилтот хяналт шалгалтаар гаргаж байгаа дүгнэлт, өмнө нь санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хийгдсэн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй байна.

        Тиймээс ноцтой зөрчил гаргасан, байгууллагын удирдлагын үйл ажиллагааг шаардлагын хэмжээнд гүйцэтгэхгүй байх, хариуцлага алдах зэргээс шалтгаалж, байгууллагад хохирол учруулсан буюу хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй  гэж үзэх  үндэслэлтэй.

     Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговорт Х.Д-д 17 267 162 төгрөг, Д.Б-т 19 415 055 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. 

     Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгчдийн нийгмийн даатгалын дэвтрийг шүүх шаардаж авсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

    Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

                                                                                                           Д.БАЙГАЛМАА