Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01210

 

Д.Б-, Х.Д- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 712 дугаар магадлалтай,

Д.Б-, Х.Д- нарын нэхэмжлэлтэй

ИНЕГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгч Х.Д-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цогбаяр, Б.Мөнхбат нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ИНЕГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. ИНЕГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдийн Б/34 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийг гэрээг цуцалж халсан. 2014 оны 10 дугаар сард намар өвлийн ажиллагаанд бэлдэхэд төвөөс манай байгууллага дээр Ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон бүлэг ирж ажилласан бөгөөд энэ шалгалтаар сайн үнэлгээ авсан. Навигацын шалгалт нь 5 удаа давтагдсан. Тус шалгалтуудад сайн үнэлгээ авч, ажлууд хэвийн байна гэсэн. 2015 оны жилийн эцсийн тайланг ИНЕГ-ын төв дээр ирж 12 дугаар сарын 20-ны өдөр хамгаалсан. 2015 онд 2012, 2013, 2014 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд 2014, 2015 онд санхүүгийн аудитаас тус тус шалгалт орж уг шалтгалтуудад сайн дүгнэгдсэн. Манай ажил дээр 3 хүний бүрэлдэхүүнтэй ээлжит бус шалгалт явагдаж, уг шалгалтаар ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж гарын үсэг зурсан. Гэтэл төв байгууллага дээр н.Батжаргал дарга дуудаж, улс төрийн шалтгаанаар ажлыг чинь хүлээж авна, чамд ямар хүсэлт байна гэж асуусан. Би 5 дугаар сард навигацын шалгалт ортол ажлаа хийе, эсвэл надад 6 сарын тэтгэмж өгвөл ажлаасаа гарна гэж хэлсээр байтал ажлаас халсан. Иймд ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ИНЕГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. ИНЕГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, халсан. Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажиллахдаа Иргэний нисэхийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг баримталж ажиллаж ирсэн. Жил болгон тайлангаа тавьж шалгагддаг. Жилд 2 удаа явагддаг навигацын дүнгээр манай байгууллага ямар нэгэн зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Аймгийн хөндлөнгийн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил байхгүй гэсэн. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал, Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаагүй. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ИНЕГ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Батжаргал дуудаж өргөдлөө өг гэсэн. Иймд ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Дорнод аймгийн Нисэх буудалд хяналт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн бөгөөд Д.Б-ийн хувьд хяналт шалгалтаар шатах туслах материал, нүүрс сонгон шалгаруулалтгүй худалдан авсан зөрчил гаргасан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийг зөрчсөн. 50.000.000 төгрөгөөс дээш худалдан авалтуудыг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу байгууллага шилэн дансны сайдуудад мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар байршуулсан байх ёстой. Үүнийг дэлгэрэнгүй тавиагүй учир Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Ажилчдын цалин хөлснөөс ямар нэгэн шүүхийн шийдвэргүй буюу үндэслэлгүйгээр хоолны мөнгө, хандив зөвшөөрөлгүйгээр суутгаж авсан байдаг. Мөн төсөв хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгээгүй зөрчил гарсан. Удирдлага албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Энэ нь тухайн нисэх буудлын дарга тушаал шийдвэрийн биелэлтийг ИНЕГ-ын даргын баталсан журам, зааврын дагуу улирал, сар бүр тогтсон өдөр нь гаргаж явуулаагүй. Дээрх зөрчил дутагдал санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон тул Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43.1, ИНЕГ-ын дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13, Дорнод болон Увс аймгийн нисэх буудлын 2016 үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан зэргийг үндэслэн тус тус ажлаас чөлөөлсөн. Хяналт шалгалт хийж дууссан өдөр тухайн нисэх буудал дээр нийт бие бүрэлдэхүүн ажилчдыг цуглуулан хяналт шалгалтын тайланг товч танилцуулж, нягтлан бодогч болон дарга нараар гарын үсэг зуруулж авсан нь хяналт шалгалтын тайлан дээр харагдана. Нэхэмжлэгч нар ажлын байрны тодорхойлолтоор хууль тогтоомжийг дагаж мөрдөж, ямар нэгэн хууль тогтоомж зөрчихгүй гэсэн үүрэг хүлээсэн. Гэтэл санхүүтэй холбоотой зөрчил гаргасан. Тухайн байгууллагын ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.13 дахь хэсэгт зааснаар тухайн дарга нэгжийн шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй байна, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийг ИНЕГ-ын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд, Х.Д-г Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, хариуцагч ИНЕГ-аас 19.415.055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т, 17.267.162 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д тус тус олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгч Д.Б-, Х.Д- нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 341.361 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 712 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, Б.Солонго нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалд “...дээрх зохицуулалтын дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ажилтан зөрчил гаргасан байх, гаргасан зөрчил нь тогтоогдсон байх шаардпагатай” гэжээ. Хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь нисэх буудлын 2016 оны үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайлан болон дүгнэлтэд 2016 онд 71.351.600 төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажилласан. Урьдчилсан гүйцэтгэлээр 38.242.172 мянган төгрөгийн орлого бүрдүүлж, орлогын төлөвлөгөө 46,4 хувиар тасарсан байна. Тус Нисэх буудлын хувьд 43.690.750 төгрөгийн үнэ бүхий шатах, тослох материалыг “Петровис-Ник" ХХК-иас сонгон шалгаруулалтгүй худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчсөн байна. Нисэх буудлын шатахууны няравын тайланг тооллогын үр дүнтэй зэрэгцүүлэхэд ТС-1 түлшний үлдэгдэл няравын тайлангаас 202.55 кг-аар илүү гарч байгаа нь эд хөрөнгийн тооллогыг хариуцлагатай хийж, бараа материалын бүртгэл, тайланг үнэн зөв хөтлөх шаардлагатай байгааг харуулж байна. Нисэх буудлын хувьд Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээлэгдэх ёстой мэдээллүүд бүрэн мэдээлэгдээгүй байгаа нь Шилэн дансны тухай хуулийн 4.1.1-д “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх” 4.1.3-т “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх, 4.1.4-т “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Нисэх буудлын ажилчдын цалингаас нь төрөл бүрийн холбооны татвар, хоолны мөнгө, хандив, тусламж зэргийг суутгаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлснөөс хийх суутгал, түүний хэмжээг хязгаарлах тухай 63 дугаар зүйлийг зөрчсөн байна. ИНЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 01 -ний өдрийн А/131 дүгээр тушаалаар ажиллагсдад цалингийн урьдчилгаа олгохыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон байтал тус нисэх буудлын зарим ажилтнуудад сарын дотор төлөх нөхцөлтэй цалингийн урьдчилгаа олгосон байна. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 700.000 төгрөгний үнэтэй аяны майхан 1 ширхэг, 290.000 төгрөгний үнэтэй аяны ширээ 1 ширхэгийг худалдан авсан нь үндсэн хөрөнгийн шинж чанартай зүйл тул үндсэн хөрөнгийн бүртгэлд аваагүй. Хэрэгт авагдсан Увс аймаг дахь нисэх буудлын 2016 оны үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайлан болон дүгнэлтэд тус нисэх буудал нь 2016 онд 1.046.135,9 мянган төгрөгийн зардал гаргаж, 125.454 мянган төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажилласан. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 66.250.1 төгрөгийн орлого бүрдүүлж, орлогын төлөвлөгөө 47,2 хувиар тасарсан байна. Үндсэн ба нэмэгдэл цалин 36.7 сая төгрөгөөр, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 4,2 сая төгрөгөөр, шатахууны зардал 5,5 сая төгрөгөөр, тоног төхөөрөмжийн сэлбэгийн зардал 7,1 сая төгрөгөөр, аэродромын засварын зардал 21,7 сая төгрөг, нийт 75.2 сая төгрөгөөр хэтэрсэн байна. Зарим зардлын хэмжээг батлагдсан төлөвлөгөөнөөс хэтрүүлэн зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчиж байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар “ЦОББУ-АСКИЗ” ХХК-аас 42.690.750 төгрөгийн шатах, тослох материал, “Хөтөлийн улаан хад” ХХК, “Буянт Зил” хоршоо, иргэн О.Баатар нараас 16.528.000 төгрөгийн нүүрс сонгон шалгаруулалтгүй худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.1, 33.2, 33.2.1, 33.2.2, 33.3 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тус нисэх буудалд хадгалагдаж байгаа ТС-1 түлшний үлдэгдэлд тооллого хийж үзэхэд Аэромонголия ХХК-ийн ТС-1 түлшний тус аймагт хадгалагдаж байгаа нөөц дууссан байхад ИНЕГ-ын ГТҮА-ны мэргэжилтний шийдвэрээр Аэромонголия ХХК-д 231.24  кг түлш ИНЕГ-ын нөөцөөс зээлээр олгосон. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасныг  зөрчсөн. Мөн Нисэх буудлын хувьд Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээлэгдэх ёстой мэдээллүүд бүрэн мэдээлэгдээгүй байгаа нь Шилэн дансны тухай хуулийн 4.1.1-д “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх” 4.1,3-т “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх; 4.1.4-т “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тодорхой дүгнэсэн байдаг. Дээр дурдсан зөрчил тус бүр нь тогтоогдож, нотлох баримтуудаар нотлогдож, хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад тэдгээрийг дурдаж үнэлээгүй нотлох баримтуудыг гүйцэт ойлгоогүй тул шүүхийн шийдвэр, магадлал буруу гарах шалтгаан болж, хариуцагчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахад нөлөөлсөн болно. Хяналт, шалгалтаар 2 аймгийн нисэх буудлын дарга нар дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон тул ИНЕГ-ын даргын зөвлөлд танилцуулж, тушаалын төсөлд санал авах хуудсаар албан ёсоор саналыг нь авч ИНЕГ-ын удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзэж шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргана гэж талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13 дах заалтаар тохирсон байдаг. Мөн ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.3.6.13. дахь заалтад ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Анхан шатны шүүх хурал эхлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй" гэж мэдүүлж байсан ба шүүх хурлын төгсгөлийн шатанд завсарлаж байхад нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийг шүүгч шаардаж авч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессыг зөрчсөн үйлдэл болсон.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б-, Х.Д- нар Иргэний нийсэхийн Ерөнхий газарт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журамд нийцүүлэн үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

ИНЕГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар Дорнод аймаг дахь нисэх буудлын дарга Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг, мөн өдрийн Б/35 дугаар тушаалаар Увс аймаг дахь нисэх буудлын дарга Х.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

Уг тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13, ИНЕГ-ын харьяа Дорнод, Увс аймаг дахь нисэх буудлын 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайланг тус тус үндэслэн, шатах тослох материал, нүүрсийг сонгон шалгаруулалтгүй худалдан авсан, ажилчдын цалингаас татвар, хоолны мөнгө, хандив, тусламж зэргийг зөвшөөрөлгүй суутгасан, бараа материалын бүртгэл, тайланг үнэн зөв хөтлөөгүй болох нь тогтоогдсон, мөнгө болон эд хөрөнгө харицсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл заажээ.

Дээрх зөрчлүүд нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчлийг гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй, хариуцагч байгууллагын хийсэн хяналт, шалтгалтын баримт нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүйг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Иймд Д.Б-, Х.Д- нарыг ажлаас халсан ажил олгогчийн Б/34, Б/35 тоот тушаалууд хуульд нийцээгүй байх тул тэднийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 712 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ