Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2020/01764

 

 

 

 

 

 

 

 

    2020         08         11                                            182/ШШ2020/01764

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Г-ын,

Нэхэмжлэгч: МИ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: КБЭХА-чид

Гэм хорын хохиролд 154,764,535 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч М.М, өмгөөлөгч Д.Г, иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: МИХХК нь иргэн П.Итой хамтран 2008 оны 9 сарын 03-ны өдөр 466 тоот, сарын 2,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 120.000.000 төгрөгийн, мөн иргэн Х.Отэй хамтран 2008 оны 09 сарын 18-ны өдөр 495 тоот, сарын 2,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 87.0 ам.долларын (100.000.000 төгрөг) зээлүүд “КБ” ХХК-аас авч, Онцгой байдлын Ерөнхий газарт “Малын тэжээл нийлүүлэх” НБ-08-03 тендерт зарцуулсан. Зээлийн төлбөр нийт 35,469,622 төгрөг завшсан КБ ХХК-ийн буруугаас тус компани болон захирал Ц.Г Эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт “Х.О, П.И нарыг залилсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 зүйлийн 148.4-т заасан онц хүнд гэмт хэрэгт олон жил шалгуулж хохирсон. Өөрөөр хэлбэл энэ эрүүгийн хэрэг хүчингүй болж, дахин шийдэгдэж явсаар хамгийн сүүлд 2019.08.02‑ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн дуусаж, миний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд иргэн Ц.Г бүтэн 10 жил онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, 2 удаа 11 жилийн хорих ял сонсож, 274 хоног цагдан хоригдож, нийгмийн халамж үйлчилгээ олон жил тасарснаас иргэн Ц.Г би хүнд өвчтэй болж, иргэн П.Иг хуурч, 20 сая төгрөг залилсан” гэх гэмт хэрэгт яллагдан эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон. Иймд иргэн Ц.Гын хувьд эрүүл мэндэд учирсан хохиролд 100,000,000 төгрөг, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 50,000,000 төгрөг, нийт 150 сая төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Харин МИХХК‑ийн хувьд тухайн үед КБ ХХК нь манай байгууллагад холбогдуулж 495, 331 тоот зээлийн гэрээнүүдийн төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн 2009.06.22‑ны өдрийн 816 дугаар шийдвэрээр тус хоёр зээлийн үүрэгт нийт 213,364,857 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Ажиллагааны явцад МИХХК нь 2014.11.24‑ний өдөр 91 сая төгрөг, 2014.12.12‑нд 125 сая төгрөг, 2009.07.06‑ны өдөр 138 ам доллар, 350 ам доллар, 103 ам доллар, 1 ам доллар нь 1448 төгрөгөөр тооцсон, мөн 500,000 төгрөгөөр 2 удаа төлөлтөөр нийт 217,856,622 төгрөгийг төлсөн байна. Гэтэл шүүхийн шийдвэрээр манай компани 213,856,622 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,172,824 төгрөг, нийт 214,537,681 төгрөг төлөх байтал илүү 3,318,941 төгрөгийг төлж, КБ биднээс тус мөнгийг илүү авсан байна. Тийм учраас уг 3,318,941 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 495 тоот зээлийн гэрээний 1.4, 1.11-т заасныг үндэслээд 2010.01.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдрийг хүртэл тооцож, 1,445,594 төгрөг, нийт 4,764,535 төгрөгийг гаргуулна. Энэ талаар миний бие КБинд гомдол гаргаж, 2017 оны 01 сард мэдсэн байдаг. Банк компаниас авахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү авдаг, гэрээний талууд тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж би ч гэсэн илүү төлсөн мөнгөндөө гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг хамт шаардах эрхтэй гэж үзсэн. Ингээд хариуцагч КБны эрх хүлээн авагчаас бүгд 154,764,535 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Харин 466 тоот зээлийн гэрээний асуудал тусдаа. Бидний энэ шаардлагад огт хамаарахгүй. 466 тоот зээлийн гэрээтэй холбоотой асуудал мөн л тухайн үедээ шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэтэл КБ надаас илүү тооцож мөнгө авсныг  Улсын дээд шүүх зөвтгөж, 27 тоот тогтоолоор 29 сая гаруй төгрөгийг КБнаас гаргуулж компанид олгож шийдвэрлэсэн, мөн иргэний шүүхийн шийдвэртэй хэргүүд мөн энэ маргаанд хамаарахгүй, тэр шийдвэрүүд эрүүгийн хэрэгтэй холбоотой өмгөөлөгчийн зардал бусад зүйлийг нэхэмжилсэнтэй холбоотой гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээр шаардлагын хүрээнд, Ц.Г нь эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт шалгагдаж 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 8 дугаар  сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан байна. Өөрөөр хэлбэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах эрх нь зөвхөн төрийн эрх бүхий байгууллагад байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг тур түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заажээ. Үүний дагуу иргэн Ц.Г төрийн байгууллагад холбогдож нэхэмжлэл гаргаад шийдвэр гүйцэтгэл дээр очоод хэрэгсэхгүй болгож байсан үйл баримт болж байсныг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч Ц.Гын эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан гэж 150,000,000 төгрөг нэхэмжилсэн. И, О нарыг залилсан гэх эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Тогтоолд Ц.Гыг П.Иг хуурч 20,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Гэхдээ тухайн өдрийн байдлаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгэхээр энэ хэргийг шалгах явцад цагдан хоригдсон гэж ойлгогддог. Энэ нь зөвхөн КБ ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлаар цагдан хоригдож, шалгагдаагүй гэж ойлгогдож байгаа. Хэргийн тогтоол, магадлал, шийдвэрийг харвал эрүүгийн хэрэг иргэн П.Игийн гомдлоор үүссэн. КБ ХХК-ийн гомдлоор үүсээгүй. Энэ хэрэгт банк ямар нэг байдлаар оролцоогүй байдаг. Ерөнхийдөө үүсгэсэн олон хэрэг дотроос заримыг нь хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэгт гэм буруутайд тооцсон. Хавтаст хэргийн 146 дугаар хуудсанд авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2019.11.13-ны өдрийн хүсэлтийн хариу, албан бичигт тодорхой дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл КБны ямар буруутай үйл ажиллагаанаас болж эрүүгийн хэрэгт шалгагдаж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон болох нь тодорхойгүй, ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй, үнийн дүнгийн тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, КБны эрх хүлээн авагч хариуцагч байх үндэслэлгүй. Мөн үүнтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл КБ ХХК-аас гэм хорын хохиролд 23,215,110 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 01201, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2018.03.13-ны өдрийн 1817 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2019.01.17-ны өдрийн 00082 тогтоолоор шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ нэхэмжлэлээс 1,741,798 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Шаардлага нь Ц.Гыг гэмт хэрэгт шалгуулж сэтгэл санаа, нэр төрд учирсан хохиролд 7,500,000 төгрөг, МПинтернэшнл ХХК-нд учирсан хохирол 7,500,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. Ц.Гын сэтгэл санаа, нэр хүндэд учирсан 7,500,000 төгрөгийн хохирол нь энэ хэрэгт 50,000,000 төгрөг гэж давхцаж орж ирээд байгаа. Энэ шаардлагыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй.

Хоёрдугаар шаардлагын хүрээнд, зээлийн гэрээний дагуу илүү мөнгө авсан гэж хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 4,764,535 төгрөг гаргуулна гэж байна. Хэрэгт Улсын Дээд Шүүхийн 2013.02.21-ний өдрийн 104 дүгээр тогтоол байгаа. Уг тогтоолд тухайн шүүхийн шийдвэрлэсэн 89,178,430 төгрөгөөс 35,469,623 төгрөгийг төлөөд үлдэх 53,758,880 төгрөг байснаас Улсын Дээд Шүүхийн 2017.12.26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор КБ ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. 29,417,622 төгрөгийг хасаад 24,291,186 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Улсын Дээд Шүүхийн хуралдаанаар 4,071,000 төгрөг гээд 19 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй явж байгаа. Тэгэхээр миний дурдаад байгаа Улсын Дээд Шүүхийн 2017.12.26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор илүү төлсөн мөнгөнөөс илүү хуримтлуулсан хүүг хассан гэдгийг нэг мөр шийдвэрлэсэн. Тухайн мөнгөнд оногдох хүүг шийдвэрлэсэн буюу 29,417,622 төгрөгийг КБ ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдвэрлэж зохих ёсоор зээлийн өр төлбөрөөс хасаж тооцсон гэж ойлгож байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримт болгоод дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнээс гадна бидний хооронд дахин нэг маргаан шүүхээр явж байгаа. Энэ нь МПинтернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан 31,429,076 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү тооцно.

Өөрөөр хэлбэл 5,883,524 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Үүнийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 01907 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2019.12.28-ны өдрийн 201 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд Шүүхийн шүүх хуралдаан зарлагдаагүй байгаа. Тэгэхээр өмнө нь илүү төлөлттэй холбоотой зээл, нэмэгдүүлсэн хүүгийн асуудлыг шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч КБны эрх хүлээн авагчид холбогдуулж эрүүл мэнд болон сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч МИХХК нь зээлийн гэрээний дагуу илүү суутган авсан мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт тооцож 4,764,535 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

 

          Монгол банкны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А/96, А/97 тоот тушаалууд, 2020.04.03-ны өдрийн А/111 тоот тушаалаар КБ ХХК-ийг албадан татан буулгаж, эрх хүлээн авагч томилсон байх бөгөөд эрх хүлээн авах арга хэмжээ 2020.10.08-ны өдрийг хүртэл сунгагджээ.

 

          Энэхүү эрх хүлээн авах ажиллагаатай холбоотой нэхэмжлэгч нар нь уг шаардлагаа КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 2019.06.20-ны өдөр гаргасан байх бөгөөд КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2019.09.30-ны өдөр “2019.04.08-ны өдрийн санхүүгийн тайланд МИХХК-нд өгөх өглөгийн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болох нь нэхэмжлэл хүлээн авсан тухай тодорхойлолт, 2019.09.30-ны өдрийн 1714 дугаар нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзах тухай баримтаар тогтоогдож байна.

 

          1.Нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийн талаар.

 

          Нэхэмжлэгч Ц.Г нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг иргэн Х.О, П.И нартай нийлж КБнаас 2008 онд 120 сая төгрөг, 87 ам доллар буюу 100 сая төгрөгийн зээлүүдийг авч, Онцгой байдлын ерөнхий газраас зарласан малын тэжээл нийлүүлэх тендерт оролцсон бөгөөд зээлээ төлж чадахгүй байдал болон КБ 35 сая төгрөг завшсанаас болж Х.О, П.И нарыг залилсан гэх гэмт хэрэгт ял сонсож, бүтэн 10 жил явж, 274 хоног цагдан хоригдсоноос болж өөрийнх нь эрүүл мэнд болон сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан, үүнд хариуцагч КБ буруутай гэж тайлбарласан.

 

          Харин хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Х.О, П.И нарыг залилсан гэх гомдлыг тус иргэд өөрсдөө гаргаж, тэднийг залилан мэхэлсэн гэх гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02‑ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн дуусгасан, Ц.Г нь Х.Оийг залилсан гэх үйлдэлдээ гэм буруугүй, харин П.Иг залилсан үйлдэлдээ гэм буруутай, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, энэ эрүүгийн хэрэгтээ 274 хоног цагдан хоригдсон явдалд КБ болон эрх хүлээн авагчийн зүгээс ямар нэгэн гэм буруу байхгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо байхгүй, хохирлын тооцооллыг хэрхэн гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй, хохирол нэхэмжилсэн асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж мэтгэлцсэн.

 

          Хэрэгт авагдсан 2010.06.16‑ны өдрийн 21040691 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.10.23‑ны өдрийн 1174 тоот шийтгэх тогтоол, 2015.05.22‑ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн мөрдөн байцаалт явуулах тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.06.08‑ны өдрийн 755 тоот шийтгэх тогтоол гэх мэт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудыг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолууд, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэрэг баримтуудаас үзвэл,

          Нэхэмжлэгч Ц.Г буюу МИХХК нь Онцгой байдлын ерөнхий газраас зарласан улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх тендерт шалгарч, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Х.Оийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр Х.Отэй хамтран ажиллах гэрээ байгуулан, түүний гэр бүлийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоотын 1 өрөө байр, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоотын 2 өрөө орон сууцыг КБны барьцаанд тавиулж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, залилан мэхэлсэн гэх үйлдэлд,

          мөн П.Иг “КБинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй бол манай компанийн нэрээр зээл авахад чинь тусална, банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй, харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалчих гэж итгүүлэн П.И гийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, ** дүгээр байрны 9 тоот орон сууцыг 2008.09.03‑ны өдөр КБинд 120,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, залилан мэхэлсэн гэх үйлдлүүдэд 2010 оноос эхлэн эрүүгийн журмаар шалгагдаж, цагдан хоригдож, хэрэг нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, хүчингүй болж дахин шийдвэрлэгдэж иржээ.

 

          Ийнхүү дурдсан эрүүгийн хэрэг нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02‑ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж дууссан байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Г нь уг шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх боловч тэрээр гомдлоосоо татгалзсан байна.

 

          Дээрх 610 дугаартай шийтгэл тогтоолоор Ц.Г нь Х.Оийг залилсан гэх үйлдэлдээ гэм буруугүй болохыг тогтоож, уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин П.Иг залилсан үйлдэлдээ гэм буруутай болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгон, Ц.Г нь 274 хоног цагдан хоригдсон болохыг дурдан шийдвэрлэсэн байх бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13‑ны өдрийн 1/1095 тоот албан бичгээр “Ц.Гын Х.Оийг залилсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр, П.Иг залилсан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон” талаар тодруулж нэхэмжлэгч Ц.Год хариу өгчээ.

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.Год Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.1‑д заасан хохирол нэхэмжлэх эрх үүснэ.

 

Харин нэхэмжлэгч Ц.Гын үндэслэл болгосон амбулаториор эмчлүүлэгсдийн картаар эмчид үзүүлж байсан байдал тогтоогдох боловч ямар эмчийн заалтаар хэдэн төгрөгийн, ямар төрлийн эм тариа хэрэглэж, өөрөөсөө хэдэн төгрөгийн зардал гаргасан нь баримтаар тогтоогдохгүй, түүний нэр хүнд, алдар хүндэд ямар нөлөө үзүүлсэн, үнэлэмж нь хэрхэн буурсан талаарх баримтгүй, тэрээр шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар баримтаар нотолсонгүй.

 

          Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар МИХХК нь 1 гишүүнтэй, захирал нь Ц.Г байх бөгөөд тэрээр Х.О, П.И нартай тохиролцож, тэдний орон сууцыг КБны барьцаанд тавьж зээл авч, санхүүжилт олж, компанийнхаа нэрээр Онцгой байдлын ерөнхий газраас зарласан малын тэжээл нийлүүлэх тендерт оролцож, барьцааны байрыг чөлөөлж өгч чадаагүйн улмаас Х.О, П.И нарын гомдлоор тэднийг залилсан гэх үйлдэлд шалгуулсан, үүний улмаас 274 хоног цагдан хоригдсон, тэрээр уг үйлдэлдээ өөрөө гэм буруутай болох нь тогтоогдсон.

 

          Харин хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн ямар гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ц.Гын эрүүл мэндэд 100,000,000 төгрөгийн хохирол учирсан болох, мөн сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд 50,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь ойлгомжгүй, үнийн дүнг ямар баримтыг үндэслэн хэрхэн тооцсон нь тодорхойгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй.     

 

Иймд хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчаас эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учруулсан хохиролд нийт 150,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.МИХХК‑ийн нэхэмжлэлийн талаар.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг КБнаас авсан 495 тоот, 87,000 ам долларын зээлийн гэрээний дагуу гаргасан шийдвэрийн дагуу илүү төлөлт хийсэн бөгөөд үүнийгээ хариуцагчид хүсэлт гаргаж шалгуулсны үндсэн дээр мэдсэн, банк зээлээс хасалт хийсэн гэдэг боловч тэр нь 466 тоот зээлийн гэрээтэй холбоотой, энэ маргаанд хамаарахгүй тул 495 тоот зээлийн гэрээний дагуу илүү төлсөн мөнгөө хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид МИХХК‑тай ямар нэгэн тооцоо байхгүй, Улсын дээд шүүхийн 2017.12.26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор КБ ХХК-аас 29,417,622 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу бид зээлийн үлдэгдлээс нь уг мөнгийг хасаж тооцсон, өмнө нь шүүх шийдвэрлэсэн асуудлыг энэ нэхэмжлэлийн үндэслэл болгож байх бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009.06.22‑ны өдрийн 816 дугаар шийдвэрээр МИХХК‑иас 2008.06.25‑ны өдрийн 331 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүү 10,237,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,047,500 төгрөг,

2008.09.18‑ны өдрийн 495 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 87,000 ам доллар буюу 123,847,110 төгрөг, хүү 18,744 ам доллар буюу 26,726,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3754 ам доллар буюу 5,345,241 төгрөг,

нотариатын хөлс 44,300 төгрөг, нийт хоёр гэрээний зээлийн үүрэг, нотариатын хөлсөнд 213,364,857 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн 1,172,824 төгрөгийн хамт гаргуулж КБ ХХК‑нд олгож, зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар болон энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгдсөн талаар зохигчдын хэн аль нь маргасангүй.

 

Ийнхүү нэхэмжлэгч МИХХК нь КБны кассын орлогын баримтууд, орлогын мэдүүлгийн баримтууд, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар 2014.11.24‑ний өдөр 91,000,000 төгрөг, 2014.12.12‑ны өдөр 125,000,000 төгрөг, 2009 оны 07 сард /өдөр тодорхойгүй/ 138 ам доллар буюу /1 ам доллар 1448 төгрөг/ 199,824 төгрөг, 350 доллар буюу 506,800 төгрөг, 2009.07.06‑ны өдөр 103,59 ам доллар буюу 149,998 төгрөг, 2010 онд /сар, өдөр тодорхойгүй/ 500,000 төгрөг, 2010.11.02‑ны өдөр 500,00 төгрөг, нийт 217,856,622 төгрөгийг төлсөн байх бөгөөд зээлийн дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч МИХХК нь 2014.12.15-ны өдөр 495 тоот зээлийн гэрээний төлөлтийг дуусгаж, 816 дугаар шийдвэрийг бүрэн биелүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч МИХХК нь 816 дугаар шийдвэрийн дагуу 214,537,681 /213,364,857+1,172,824/ төгрөг төлөх байтал 217,856,622 төгрөг буюу 3,318,941 төгрөг /217,856,622-214,537,681/-ийг илүү төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг нэхэмжлэгчийн үндэслэл болгосон 495 тоот зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009.06.22‑ны өдрийн 816 дугаар шийдвэрийн дагуу 3,318,941 төгрөгийг нэхэмжлэгч МИХХК‑иас илүү авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцааны онцлог нь нэг талаас гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй, нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой байдаг.

 

Иймд хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,318,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИХХК‑нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,445,594 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч МИХХК нь дээрх 495 тоот зээлийн гэрээний 1.4‑т зааснаар илүү төлсөн 3,318,941 төгрөгөөс 1 сарын 2,6%‑иар тооцон хүү, мөн 1.11‑т зааснаар нэмэгдүүлсэн хүүг 20%-иар тооцон нийт 1,445,594 төгрөгийг хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шаардах эрхгүй бөгөөд уг тооцооллоо тодруулж чадаагүй болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч МИХХК нь зээлийн гэрээний талууд тэгш эрхтэй, КБ манай компаниас хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаад авч болж байхад манай компани ч мөн хүү, нэмэгдүүлсэн хүүг КБнаас буцаан шаардах эрхтэй гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 451‑453 дугаар зүйлд зохицуулснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй субъект нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд болох банкинд хамааралтай байна.

 

Хэрэгт авагдсан КБ ХХК-ийн 2017.01.13-ны өдрийн 4/269 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017.02.02-ны өдрийн 5/106 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2017.12.26-ны өдрийн 27 дугаар Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол зэргээс үзвэл, нэхэмжлэгч МИХХК нь КБ ХХК-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009.06.22-ны өдрийн 816 дугаар шийдвэр гарснаас хойш зээлийн хүүг зогсоогоогүйн улмаас 2010.02.05-ны өдөр төлсөн 31,429,076 төгрөгөөс зээлийн хүүд 13,787,430 төгрөгийг суутгаж, илүү төлүүлсэн болохыг тогтоож, хохирлыг 31,429,076 төгрөгийн сарын хүү 754,293 төгрөгийг 39 сараар тооцож 29,417,622 төгрөгийг КБ ХХК-иас гаргуулжээ.

 

Улсын дээд шүүхийн 27 тоот тогтоолын дагуу хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 29,417,622 төгрөгийг 466 тоот зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012.07.26-ны өдрийн 1299 дугаар шийдвэртэй зээлээс хасаж тооцсон байх бөгөөд, 495 тоот зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн 816 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч МИХХК-иас төлбөрийг төлж дуусгасан үйл баримт нэгэнт тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь 495 тоот зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн 816 дугаар шийдвэртэй холбоотой, уг шийдвэрийг биелүүлэхдээ илүү төлбөр төлсөн гэж маргаж байх бөгөөд энэхүү шаардлага нь 466 тоот зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн 1299 дугаар шийдвэр, 2017.12.26-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 27 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн зээлийн хүүг хохирлоор тооцож КБнаас 29,417,622 төгрөг гаргуулсан үйл баримтад хамааралгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 1201 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.13-ны өдрийн 1817 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.01.17-ны өдрийн 82 дугаар тогтоол нь энэ маргааны үндэслэл, шаардлагад хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан компанийн нэр хүндэд учирсан хохирол, аудитын дүгнэлт гаргуулсан зардал болон бусад зардалтай холбоотойгоор гэм хорын хохиролд 23,215,110 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 1,741,798 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбоотой байна.

 

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 1907 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 2170 дугаар магадлалаар хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох нэхэмжлэгч МИХХК-ийн гаргасан зээлийн хүү, өмгөөллийн хөлс болон бусад зардалтай холбоотой гэм хорын хохиролд 31,883,524 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд уг хэрэг нь  Улсын дээд шүүхээр хянагдаагүй, хурал нь зарлагдаагүй байгааг зохигчдын хэн аль нь тайлбарлаж байгаа, шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх тул уг шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч талын гаргасан “энэхүү шаардлагыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр шийдвэртэй үйл баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа нь ойлгомжгүй, бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нар нь нийт 154,764,535 төгрөгийн шаардлагадаа тэмдэгтийн хураамжид 931,773 төгрөг төлөх байснаас 50,000 төгрөгийг төлсөн, 2020.04.03‑ны өдрийн 3354 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар үлдэх 881,773 төгрөгийг төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хойшлуулсан боловч нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул 881,773 төгрөгийг нэхэмжлэгч нараас нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2., 115.2.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                   ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,318,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИХХК‑нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,445,594 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Ц.Гын гаргасан эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 50,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 881,773 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсөвт оруулж, хариуцагч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 68,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

        ШҮҮГЧИД                                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                       Ж.ЦЭНГЭЛ

20