Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01121

 

 

                        Ц.Г, “М и” ХХК-ийн

                            нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01764 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2102 дугаар магадлалтай,

Ц.Г, “М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“К б” ХХК  дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох,

Гэм хорын хохиролд 154,764,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөрийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч “К б” ХХК  дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохиролд 150,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч “М и” ХХК нь мөн хариуцагчид  холбогдуулан зээлийн төлбөрт илүү суутган авсан мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4,764,535 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01764 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “К б” ХХК  дахь банкны эрх хүлээн авагчаас 3,318,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М и” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,445,594 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Ц.Г-ын гаргасан эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 50,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 881,773 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсөвт оруулж, хариуцагч ““К б” ХХК  дахь банкны эрх хүлээн авагчаас 68,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М и” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2102 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01764 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.11-ний өдрийн 182/ШШ2020/01764 дүгээр шийдвэрийн зарим хэсэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2102 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

 4.1. Анхан шатны шүүх хариуцагчаас 3,318,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М и” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “495 тоот зээлийн гэрээний төлбөрт илүү суутгаж авсан 3,534,941 төгрөгийн 36 сарын хүү 3,970,466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 794,089 төгрөг, нийт 4,764,535 төгрөг гаргуулах” байсан бөгөөд шүүх Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд зохицуулснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй субъект нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд болох банкинд хамааралтай гэж зөв дүгнэсэн. Гэвч “К б” ХХК  3,318,941 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шүүх шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх шаардлагыг хангасангүй. Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Ц.Г-оос хариуцагч “К б” ХХК  дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гэм хорын хохиролд 150,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч “М и” ХХК-аас мөн хариуцагчид холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4,764,535 төгрөг гаргуулахаар тус тус шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 3,318,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М и” ХХК-д олгож, үлдэх 1,445,594 төгрөгийн шаардлагыг болон нэхэмжлэгч Ц.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

7. Нэхэмжлэгч Ц.Г-оос “... “К б” ХХК -ийн буруугаас “М и” ХХК-ийн захирал Ц.Г би бүтэн 10 жил онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, 2 удаа 11 жилийн хорих ял сонсож, 274 хоног цагдан хоригдож, нийгмийн халамж үйлчилгээ олон жил тасарснаас хүнд өвчтэй болж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон. Иймд миний хувьд эрүүл мэндэд учирсан хохиролд 100,000,000 төгрөг, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна...” гэж,

нэхэмжлэгч “М и” ХХК нь “... “К б” ХХК  нь манай байгууллагад холбогдуулж 495, 331 тоот зээлийн гэрээнүүдийн төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандсан. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009.06.22-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр тус хоёр зээлийн үүрэгт нийт 213,364,857 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр манай компани улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 214,537,681 төгрөг төлөх байтал 217,856,622 төгрөгийг төлж, “К б” ХХК  биднээс 3,318,941 төгрөгийг илүү авсан байна. Иймд 3,318,941 төгрөгийг 495 тоот зээлийн гэрээний 1.4, 1.11-д заасныг үндэслээд хүү, нэмэгдүүлсэн хүүг 2010.01.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдрийг хүртэл тооцож, 1,445,594 төгрөг, нийт 4,764,535 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Ц.Г нь П.И, Х.О нарыг залилсан гэх эрүүгийн хэрэгт шалгагдсан, тогтоолд Ц.Г-ыг П.И-оог хуурч 20,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд зөвхөн “К б” ХХК -ийн зээлтэй холбоотой асуудлаар цагдан хоригдож, шалгагдаагүй. “К б” ХХК -ийн ямар буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон болох нь тодорхойгүй, ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй, үнийн дүнгийн тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, иймд гэм хорын хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй ... “М и” ХХК-ийн зээлтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэсэн, нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримт болгоод дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлоогүй, хариуцагч (“К б” ХХК )-ийн ямар гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд 100,000,000 төгрөгийн, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд 50,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь, үнийн дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч “М и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009.06.22ны өдрийн 816 дугаар шийдвэрийн дагуу тус компани нь нийт 214,537,681 төгрөгийг төлөх байтал 217,856,622 төгрөг буюу 3,318,941 төгрөгийг илүү төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн, мөн нэхэмжлэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451453 дугаар зүйлд нийцэхгүй тул шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,445,594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахааргүй байна.

10. Иймд, “... “К б” ХХК  3,318,941 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шүүх шийдвэрлэсэн ...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид илүү төлсөн мөнгөө хүүгийн хамт шаардсан нь түүний “нэхэмжлэлийн шаардлага” бөгөөд уг шаардлагын хууль зүйн үндэслэлийг шүүх тодорхойлох (зөв зүйлчлэх) үүрэгтэй, тухайн тохиолдолд шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг хэрэглэн хэргийг шийдвэрлэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрлэсэн” гэж үзэхгүй юм.

11. Нэхэмжлэгч Ц.Г хяналтын журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдаан дээр гомдлоосоо татгалзсан болно.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01764 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД