Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02102

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02102

 

 

 

 

 

Ц.Г, М.ИХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01764 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.ИХХК, Ц.Г нарын хариуцагч К.БХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 154 764 535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.ИХХК нь иргэн П.Ичинхорлоотой хамтран 2008 оны 9 сарын 03-ны өдөр 466 тоот, сарын 2,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 120.000.000 төгрөгийн, мөн иргэн Х.Оюунчимэгтэй хамтран 2008 оны 09 сарын 18-ны өдөр 495 тоот, сарын 2,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 87.0 ам.долларын зээлүүд Капитал банк ХХК-аас авч, Онцгой байдлын Ерөнхий газарт Малын тэжээл нийлүүлэх НБ-08-03 тендерт зарцуулсан. Зээлийн төлбөр нийт 35,469,622 төгрөг завшсан К.БХХК-ийн буруугаас тус компани болон захирал Ц.Г Эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт Х.Оюунчимэг, П.Ичинхорлоо нарыг залилсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 зүйлийн 148.4-т заасан онц хүнд гэмт хэрэгт олон жил шалгуулж хохирсон. Өөрөөр хэлбэл энэ эрүүгийн хэрэг хүчингүй болж, дахин шийдэгдэж явсаар хамгийн сүүлд 2019.08.02‑ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн дуусаж, миний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд иргэн Ц.Г бүтэн 10 жил онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, 2 удаа 11 жилийн хорих ял сонсож, 274 хоног цагдан хоригдож, нийгмийн халамж үйлчилгээ олон жил тасарснаас иргэн Ц.Г би хүнд өвчтэй болж, иргэн П.Ичинхорлоог хуурч, 20 сая төгрөг залилсан гэх гэмт хэрэгт яллагдан эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон. Иймд миний хувьд эрүүл мэндэд учирсан хохиролд 100,000,000 төгрөг, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 50,000,000 төгрөг, нийт 150 сая төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Харин М.ИХХК‑ийн хувьд тухайн үед К.БХХК нь манай байгууллагад холбогдуулж 495, 331 тоот зээлийн гэрээнүүдийн төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн 2009.06.22‑ны өдрийн 816 дугаар шийдвэрээр тус хоёр зээлийн үүрэгт нийт 213,364,857 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Ажиллагааны явцад М.ИХХК нь 2014.11.24‑ний өдөр 91 сая төгрөг, 2014.12.12‑нд 125 сая төгрөг, 2009.07.06‑ны өдөр 138 ам доллар, 350 ам доллар, 103 ам доллар, 1 ам доллар нь 1448 төгрөгөөр тооцсон, мөн 500,000 төгрөгөөр 2 удаа төлөлтөөр нийт 217,856,622 төгрөгийг төлсөн байна. Гэтэл шүүхийн шийдвэрээр манай компани 213,856,622 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,172,824 төгрөг, нийт 214,537,681 төгрөг төлөх байтал илүү 3,318,941 төгрөгийг төлж, К.БХХК биднээс тус мөнгийг илүү авсан байна. Тийм учраас уг 3,318,941 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 495 тоот зээлийн гэрээний 1.4, 1.11-т заасныг үндэслээд 2010.01.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдрийг хүртэл тооцож, 1,445,594 төгрөг, нийт 4,764,535 төгрөгийг гаргуулна. Энэ талаар миний бие К.БХХК-нд гомдол гаргаж, 2017 оны 01 сард мэдсэн байдаг. Банк компаниас авахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү авдаг, гэрээний талууд тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж би ч гэсэн илүү төлсөн мөнгөндөө гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг хамт шаардах эрхтэй гэж үзсэн. Ингээд хариуцагч Капитал банкны эрх хүлээн авагчаас бүгд 154,764,535 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээр шаардлагын хүрээнд, Ц.Г нь эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт шалгагдаж 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан байна. Өөрөөр хэлбэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах эрх нь зөвхөн төрийн эрх бүхий байгууллагад байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заажээ. Үүний дагуу иргэн Ц.Г төрийн байгууллагад холбогдож нэхэмжлэл гаргаад шийдвэр гүйцэтгэл дээр очоод хэрэгсэхгүй болгож байсан үйл баримт болж байсныг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч Ц.Гын эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан гэж 150,000,000 төгрөг нэхэмжилсэн. Ичинхорлоо, Оюунчимэг нарыг залилсан гэх эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Тогтоолд Ц.Гыг П.Ичинхорлоог хуурч 20,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэхдээ тухайн өдрийн байдлаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгэхээр энэ хэргийг шалгах явцад цагдан хоригдсон гэж ойлгогддог. Энэ нь зөвхөн К.БХХК-ийн зээлтэй холбоотой асуудлаар цагдан хоригдож, шалгагдаагүй гэж ойлгогдож байгаа. Хэргийн тогтоол, магадлал, шийдвэрийг харвал эрүүгийн хэрэг иргэн П.Ичинхорлоогийн гомдлоор үүссэн. К.БХХК-ийн гомдлоор үүсээгүй. Энэ хэрэгт банк ямар нэг байдлаар оролцоогүй байдаг. Ерөнхийдөө үүсгэсэн олон хэрэг дотроос заримыг нь хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэгт гэм буруутайд тооцсон. Өөрөөр хэлбэл Капитал банкны ямар буруутай үйл ажиллагаанаас болж эрүүгийн хэрэгт шалгагдаж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон болох нь тодорхойгүй, ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй, үнийн дүнгийн тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, Капитал банкны эрх хүлээн авагч хариуцагч байх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Капитал банк ХХК-аас гэм хорын хохиролд 23,215,110 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.05-ны өдрийн 01201, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2018.03.13-ны өдрийн 1817 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2019.01.17-ны өдрийн 00082 тогтоолоор нэхэмжлэлээс 1,741,798 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Шаардлага нь Ц.Гыг гэмт хэрэгт шалгуулж сэтгэл санаа, нэр төрд учирсан хохиролд 7,500,000 төгрөг, Мон пасс интернэшнл ХХК-д учирсан хохирол 7,500,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. Ц.Гын сэтгэл санаа, нэр хүндэд учирсан 7,500,000 төгрөгийн хохирол нь энэ хэрэгт 50,000,000 төгрөг гэж давхцаж орж ирээд байгаа. Энэ шаардлагыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй. Хоёрдугаар шаардлагын хүрээнд, зээлийн гэрээний дагуу илүү мөнгө авсан гэж хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 4,764,535 төгрөг гаргуулна гэж байна. Хэрэгт Улсын Дээд Шүүхийн 2013.02.21-ний өдрийн 104 дүгээр тогтоол байгаа. Уг тогтоолд тухайн шүүхийн шийдвэрлэсэн 89,178,430 төгрөгөөс 35,469,623 төгрөгийг төлөөд үлдэх 53,758,880 төгрөг байснаас Улсын Дээд Шүүхийн 2017.12.26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор Капитал банк ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. 29,417,622 төгрөгийг хасаад 24,291,186 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Улсын Дээд Шүүхийн хуралдаанаар 4,071,000 төгрөг гээд 19 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй явж байгаа. Тэгэхээр Улсын Дээд Шүүхийн 2017.12.26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор илүү төлсөн мөнгөнөөс илүү хуримтлуулсан хүүг хассан гэдгийг нэг мөр шийдвэрлэсэн. Тухайн мөнгөнд оногдох хүүг шийдвэрлэсэн буюу 29,417,622 төгрөгийг Капитал банк ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдвэрлэж зохих ёсоор зээлийн өр төлбөрөөс хасаж тооцсон гэж ойлгож байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримт болгоод дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнээс гадна бидний хооронд дахин нэг маргаан шүүхээр явж байгаа. Энэ нь М.ИХХК-ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан 31,429,076 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү тооцно. Өөрөөр хэлбэл 5,883,524 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Үүнийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 01907 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2019.12.28-ны өдрийн 201 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд Шүүхийн шүүх хуралдаан зарлагдаагүй байгаа. Тэгэхээр өмнө нь илүү төлөлттэй холбоотой зээл, нэмэгдүүлсэн хүүгийн асуудлыг шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,318,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК‑нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,445,594 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Ц.Гын гаргасан эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 50,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 881,773 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсөвт оруулж, хариуцагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 68,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас 3 318 941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.ИХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 495 зээлийн гэрээний төлбөрт илүү суутгаж авсан 3 534 941 төгрөгийн 36 сарын хүү 3 970 466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 794 089 төгрөг нийт 4 764 535 төгрөг гаргуулах байсан бөгөөд шүүх Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд зохицуулснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй субьект нь хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд болох банкинд хамааралтай гэж зөв дүгнэсэн. Гэвч Капитал бан ХХК нь 3 318 941 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шүүх шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид холбогдуулан эрүүл мэнд болон сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохиролд 150 000 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч М.ИХХК нь зээлийн төлбөрт илүү суутган авсан мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 4 764 535 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...иргэн Х.Оюунчимэг, П.Ичинхорлоо нартай Капитал банк ХХК-иас 120 сая төгрөг, 87 ам.доллар буюу 100 сая төгрөгийн зээлүүдийг авч, улмаар зээлээ төлж чадахгүй байдал болон Капитал банк ХХК 35 сая төгрөг завшсанаас болж  Х.Оюунчимэг, П.Ичинхорлоо нарыг залилсан гэх гэмт хэрэгт ял сонсож, 10 жил шалгагдаж, 274 хоног цагдан хоригдсоноос болж эрүүл мэнд болон сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Х.Оюунчимэг, П.Ичинхорлоо нарыг залилсан гэх гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 02-ны өдрийн 610 дугаар магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, энэхүү эрүүгийн хэрэгт 274 хоног цагдан хоригдсон явдалд Капитал банк болон эрх хүлээн авагчийн зүгээс ямар нэгэн гэм буруу байхгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоогүй...” гэж тус тус тайлбарласан./хх-1-2, 191/

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2010 оны 6 сарын 16‑ны өдрийн 21040691 тоот тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай Прокурорын тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 сарын 23‑ны өдрийн 1174 тоот шийтгэх тогтоол, 2015 оны 5 сарын 22‑ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн мөрдөн байцаалт явуулах тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 сарын 08‑ны өдрийн 755 тоот, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугар сарын 02-ны өдрийн 2019/ШШТ/610 дугаар шийтгэх тогтоол болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудыг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолууд, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Дээрх шийдвэр, тогтоолуудаар Ц.Г нь Х.Оюунчимэгийг залилсан гэх үйлдэлд гэм буруугүй болохыг тогтоож, уг хэргийг хэрэгсэхгүй болгож, харин П.Ичинхорлоог залилсан үйлдэлд гэм буруутай болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ хугацаанд Ц.Г нь 274 хоног цагдан хоригдсон, хэргийг анхан шатны шүүхээр удаа дараа шийдвэрлэж, давах хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол нь хүчингүй болж дахин шийдвэрлэгдэж байсан болох нь нотлогдсон.   /1хх-127-143,145/

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол төлөхийг хариуцагчаас шаардсан. Гэм хор учруулсны улмаас нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэх үндэслэл нь хариуцагчийн үйлдэл нь хууль бус буюу хуулиар хориглосон байхаас гадна, уг үйлдэл /эс үйлдэл/ нэхэмжлэгчид учирсан гэх хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай. Үүнийг нэхэмжлэгч нотлосон тохиолдолд хариуцагчид үүрэг үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “П.Ичинхорлоо, Х.Оюунчимэг гэх хоёр иргэний гомдлоор хууль хяналтын байгууллага залилангийн хэрэг үүсгэж түүний дагуу шалгагдаж явснаар хохирол учирсан” гэх байдлаар тайлбарлаж байна.

Түүнчлэн, хариуцагч К.БХХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйлдэл, эс үйлдлээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх К.БХХК дахь банкны эрх хүлээн авагчийн ямар гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Гын эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан болох нь тодорхойгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж гэм хорын хариуцлагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэжээ.

Нэхэмжлэгч М.ИХХК нь Капитал банкнаас 2008 оны 6 сарын 25-ны өдрийн 331 тоот зээлийн гэрээгээр 45 000 000 төгрөгийг, 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 495 тоот зээлийн гэрээгээр 87 000 ам долларыг зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 213 364 857 төгрөгийг М.ИХХК төлөхөөр тогтоогдсон бөгөөд уг шүүхийн шийдвэрийг зээлдэгч нь биелүүлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, төлбөр төлсөн орлогын баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон. 1хх-207-212/ 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...К.БХХК-ийг 3 318 941 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна...” гэжээ. Нэхэмжлэгч М.ИХХК нь дээрх шүүхийн 816 дугаар шийдвэрийн дагуу 214 537 681 төгрөг төлөх ёстойгоос 217 856 622 төгрөг буюу 3 318 941 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байсан тул анхан шатны шүүхийн шийдвэр зөв болно. /1хх-209-212/

        Эдгээр нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч К.БХХК нь 3 318 941 төгрөгөөр бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв юм. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн болно.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01764 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  

                                                 ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                          Б.НАРМАНДАХ