Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 0016

 

Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Ц.И Шүүгдэгч Г.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О Хохирогч Б.Н Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нарыг оролцуулан

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Б-д холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Б.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” спорт ордны ар талын авто зам дээр 76-15 ОРХ улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Б.Н-ыг мөргөж хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Б овгийн Г-н Б-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-с 3,808,882 төгрөг гаргуулж, хохирогч Б.Н-д  олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,298,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын эрүүийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солино гэж шийдвэрлэсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардалд 765.800 төгрөг төлсөн. Ээж, эгч, 2 дүү, ээжийн дүү, ээжийн дүүгийн 2 хүүхдийн хамт ам бүл наймуулаа амьдардаг. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Бага дүү 8 сартай учраас ээж ажил хийх боломжгүй. Дүү нарыг хараад гэртээ байдаг. Аав 2008 онд салж явсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийг 2017 оны 12 дугаар сард мужааны мэргэжил эзэмшиж төгссөн. Тэрнээс хойш олдсон ажлыг гололгүй хийж, ар гэрээ тэжээн тэтгэж ирсэн. Одоо хувийн тавилгын компанид мужааны туслахаар ажиллаж байгаа. Захиалга их үед өглөөнөөс орой хүртэл амралтгүй ажилладаг. Хийснээрээ цалинждаг учраас амрахаас амрахгүй нь их байдаг. Ажил ихтэй үед чөлөө өгдөггүй. Өдөр бүр 4 цаг нийтэд тустай ажил хийнэ гээд чөлөө авах юм бол чөлөө өгөхгүй. Ажлаас хална гэх байх. 3 Энэ компани тогтмол цалингаа өгдөг. Ажлаасаа гарчих юм бол ар гэрийг минь тэжээн тэтгэх хүн байхгүй. Өдөр бүр 4 цаг нийтэд тустай ажил хийхээр 2 сар гаран хийх юм билээ. Манай гэрийн өрхийн орлого цалинтай ээжийн 50.000 төгрөг, 2 дүүгийн 40.000 төгрөг, тэгээд миний цалин байдаг. Өөр орлого олдог хүн байхгүй. Багийн дээд дүү 2 дугаар ангид сурдаг. Хичээлийн хэрэглэл болон сургуулийн янз бүрийн юм гээд зардал маш их гардаг. Би ажлаа хийгээд цалингаасаа хохирогчид эмчилгээний зардлын бага багаар төлж барагдуулна. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Миний болон ар гэрийн минь байдлыг харгалзан үзээд 450 нэгжээр торгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Ид дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна..” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь “Б” овогт Г-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, гэм хорын хохиролд 3.808.882 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.298.700 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Б эс зөвшөөрч “...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийг 2017 оны 12 дугаар сард мужааны мэргэжил эзэмшиж төгссөн. Тэрнээс хойш олдсон ажлыг гололгүй хийж, ар гэрээ тэжээн тэтгэж ирсэн. Одоо хувийн тавилгын компанид мужааны туслахаар ажиллаж байгаа. Захиалга их үед өглөөнөөс орой хүртэл амралтгүй ажилладаг. Хийснээрээ цалинждаг учраас амрахаас амрахгүй нь их байдаг. Ажил ихтэй үед чөлөө өгдөггүй. Өдөр бүр 4 цаг нийтэд тустай ажил хийнэ гээд чөлөө авах юм бол чөлөө өгөхгүй. Ажлаас хална гэх байх. Энэ компани тогтмол цалингаа өгдөг. Ажлаасаа гарчих юм бол ар гэрийг минь тэжээн тэтгэх хүн байхгүй. Өдөр бүр 4 цаг нийтэд тустай ажил хийхээр 2 сар гаран хийх юм билээ. Манай гэрийн өрхийн орлого цалинтай ээжийн 50.000 төгрөг, 2 дүүгийн 40.000 төгрөг, тэгээд миний цалин байдаг. Өөр орлого олдог хүн байхгүй. Багийн дээд дүү 2 дугаар ангид сурдаг. Хичээлийн хэрэглэл болон сургуулийн янз бүрийн юм гээд зардал маш их гардаг. Би ажлаа хийгээд цалингаасаа хохирогчид эмчилгээний зардлын бага багаар төлж барагдуулна. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Миний болон ар гэрийн минь байдлыг 4 харгалзан үзээд 450 нэгжээр торгож өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 45 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” спорт ордны ар талын авто зам дээр 76-15 ОРХ улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Б.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Насанд хүрээгүй гэрч Э.Э-н “... Г.Б машин бариад эгч И хойд талын суудалд би Г.Б-н хажуу талд суугаад явсан. Би гар утсаа оролдоод явж байсан чинь Г.Б тоормоз гишгээд зогссон. Би яасан гэсэн чинь Г.Б хүн мөргөчихлөө гэхээр нь би машинаасаа буусан чинь жолоочийн эсрэг талын урд талын дугуйн харалдаа зам дээр нэг эгч унасан байсан гэсэн,

Гэрч Г.И-н “ ... Спорт ордны хойд талын замаар зүүнээс баруун тийшээгээ явж байтал гэнэт тоормоз гишгээд хүн мөргөчихлөө гэж орилсон. Тэгсэн найз Э нь буухаар нь би машинаас буусан чинь Э мөргүүлсэн эгчийг өргөөд босгоод ирэхээр нь би арын хаалга онгойлгоод сандал дээр суулгасан ...” гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 789 дугаартай Б.Н-ын биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцралт суналт, 2 тохойн үений зөөлөн эдэд цус хуралт, зүүн тахилзуур ясны далд хугарал зүүн өвдөгний гадна хажуугийн чагтан холбоосын бүрэн бус урагдал, тойгны дотор зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм бурууд тохирсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч нь “... хувийн тавилгын компанид мужааны туслахаар ажиллаж байгаа. ... Ажил ихтэй үед чөлөө өгдөггүй, өдөр бүр 4 цаг нийтэд тустай ажил хийнэ гээд чөлөө авах юм бол чөлөө өгөхүй. Ажлаас хална гэх байх... ... Би ажлаа хийгээд цалингаасаа хохирогчид эмчилгээний зардлын бага багаар төлж 5 барагдуулна. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэж гомдол гаргасан боловч хавтаст хэрэгт шүүгдэгч Г.Б-г хувийн тавилгын компанид мужааны туслахаар ажилладаг гэх нотлох баримт байхгүй байна.

Мөн хохирогч Б.Н давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд 592.285 төгрөгний нэхэмжлэл бүхий 4 хуудас баримт гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл санхүүгийн 2 баримт нь тамга тэмдэггүй, бусад 1 хуудас баримт нь хохирогчид учруулсан хохирлын баримт мөн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хохирогч Б.Н-н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хохирол нэхэмжилсэн 592.285 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР