Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 218

 

Г.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Г.Б-т холбогдох 1825007870522 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-аас 3,808,882 төгрөг гаргуулан хохирогч Б.Н-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,298,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Нацагнямын давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжилсэн 592,285 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 зүйлийн 1.7-д тус тус заасныг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг үндэслэлгүй тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

1. Шүүгдэгч Г.Б-аас 3,808,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан цалин хөлсний зөрүү 1,608,800 гэх баримт нь хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан баримттай зөрүүтэй бөгөөд эмнэлгийн магадлах хуудсаар өвчний улмаас хэд хоног ажлаас чөлөө олгогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад цалин хөлсний зөрүү 1,608,000 төгрөгийг хохирлын хэр хэмжээ гэж үзэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 2. Эрдэнэт сувилалд хэвтэн эмчлүүлсэн гэх хугацаанд Улаанбаатар хот руу ирж үзүүлсэн хохирлын баримт нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 94 дүгээр талд 2018 оны 12 дугаар сарын 03-наас 24-нийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 644,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын эмнэлэгт үзүүлсэн гэх хохирлыг /хх-93/ нэхэмжилсэн. Эрдэнэт сувилалд 2019 оны 01 дүгээр сарын 02-ноос 19-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсний ор хоног 214,000 төгрөг /хх-94/ нэхэмжилсэн. Гэтэл энэ хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ныг хүртэл Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлсэн гэх баримтын хохирлыг /хх-95/ нэхэмжилсэн. Эдгээр баримтын аль нь үнэн зөв болох нь тодорхойгүй байхад хохирол гэж үзэж хохирлын хэр хэмжээг 3,808,000 төгрөг гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Г.Б- нь анхан шатны шүүхэд ажил эрхэлдэг байгууллагаасаа тодорхойлолт авч чадахгүй байсан ба нотлогдохгүй гэх үндэслэлээр 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг огт анхаараагүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм бурууд тохирсон гэх үндэслэлээр 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн шинжийг харгалзан ялыг хөнгөрүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж шууд үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөлийг, мөн тус хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Г.Б-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээгээр ял оногдуулж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалд өөрчлөлт тус тус оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял шийтгэлийн талаар гаргасан гомдолд ямар нэгэн тайлбар байхгүй. Хохирол төлбөртэй холбоотой асуудалд хэлэх зүйл байна. Хохирогч нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сувилалд хэвтэн эмчилгээ хийлгэхдээ 580,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14 хоног хэвтэн эмчилгээ хийлгэхдээ 640,000 төгрөгийг өөрөө гарган эмчилгээ хийлгэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт гаргасан тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх нь прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Хохирогч, шүүгдэгч нар нь хэргийн талаар маргахгүй байгаа юм. Харин хохирлын талаар маргаантай, энэ талаар давж заалдах шатны шүүх нь тодорхой дүгнэлт хийсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” спортын ордны ар талын авто зам дээр 76-15 ОРХ улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Б.Н-г мөргөж хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь нотлох баримтаар тогтоогдоогүй, шалтгаант холбоогүй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал илрээгүй болно.

Харин шүүгдэгч Г.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн зүйл, хэсэгт заасан доод хэмжээгээр хөнгөрүүлэн тогтоох үндэслэлтэй байх бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлоос “ялыг хөнгөрүүлэх тухай” хүсэлтийг хангаж, хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалд

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН