Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/22

 

                              

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Л.Г, Н.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г, Н.Б нарт холбогдох эрүүгийн 1925008460499 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Г

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Л.Гийг согтуурсан үедээ, 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Бүрэнбүст багийн 5-13-р байрны 11-р орцны хонгилд Н.Бтой маргалдан улмаар харилцан зодолдон нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Бийг согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Бүрэнбүст багийн 5-13-р байрны 11-р орцны хонгилд Л.Гтэй маргалдан улмаар харилцан зодолдон зүүн гарын дунд хурууг хазан үзүүр хэсгийг нь тасалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт, шүүгдэгч Л.Гийн “Гэм буруугаа хүлээж байна “ гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Бийн “гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-7-р хуудас/, -Хохирогч Л.Гийн... Манай гэрийн угаалгын машин эвдрээд би 2019 оны 11 сарын 24-ний орой 21 цагийн үед Бямбадоржоор янзлуулах гээд очсон. Бид хоёр мөнгө нийлүүлээд 1 шил Стандарт нэртэй 0,75 граммын архи аваад хувааж уугаад улмаар Бямбадорж бид 2 угаалгын машины моторын үнэ хөлс дээр маргалдаад улмаар харилцан зодолдсон. Бямбадорж миний зүүн гарын дунд хурууны 1 дүгээр үеийг тасартал нь хазсан. Тухайн үед хамт байсан Даваадорж бид хоёрыг салгасан.”... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,  хохирогч Н.Бийн  ...”Гансүх гэх хүн надаар угаалгын машин янзлуулах гээд ирсэн. Бид 2 мөнгө нийлүүлээд 1 шил Стандарт нэртэй 0.75 литрийн архи аваад хувааж уугаад улмаар бид хоёр угаалгын машины моторын үнэ хөлс дээр маргалдаад зодолдсон. Гансүх намайг заамдаж аваад гараараа хоолой боохоор нь би эсэргүүцэл үзүүлж тэр хүний хурууг хазсан. Дараа нь тэр хүн миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тухайн үед хамт байсан Даваадорж бид 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч С.Даваадоржийн ...Би хийж өгсөн архийг нь уугаад тамхи татаад сууж байтал тэр хоёр хоорондоо маргалдсан.  Юунаас болж маргалдаад байгааг нь би ойлгоогүй. Угаалгын машины талаар яриад байх шиг байсан. Би тэр хоёрыг тоглоом хийгээд байгаа юм болов уу гээд тухайн үед би анзаараагүй. Тэгсэн тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад дээр доороо ороод унасан. Би очоод салгасан чинь нэг нь хуруу хазчихлаа гэж орилоод байсан. Тэгээд дотогшоо ороод хартал хуруунаас нь цус их хэмжээгээр гараад байсан.. цагдаа нар ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч С.Сэргэлэнгийн  ...Би 2019 оны 11 сарын 24-ний орой 19 цагт ажлаа тараад гэртээ ирэхэд Гансүх угаалгын машин эвдэрсэн байна, би засуулаад ирье гэж хэлээд гарсан. Тэр шөнө гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь цагдаагаас надруу залгаад Гансүх эрүүлжүүлэх байранд хоносон гэж хэлсэн. Би цагдаа дээр яваад очтол Гансүхийн баруун гарын дунд хуруу нь боолттой, цус нь нэвтэрсэн байсан. .. гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11  дүгээр сарын 29-ний өдрийн 775 дугаартай ... Л.Гийн биед зүүн гарын дунд хурууны үзүүр хэсгийн зөөлөн эдийн таслагдсан шарх бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2019 оны 11 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө үүссэн байж болно” гэх дүгнэлт /хх- ийн 29-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 771 дугаартай ... Н.Бийн биед доод уруулд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Доод уруулын язарсан шарх нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2019 оны 11 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө үүссэн байж болно” гэх дүгнэлт /хх- ийн 33-р хуудас/, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 292 дугаартай ... Н.Бийн биенээс авсан цусанд этилийн спирт 1.4 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар шүүгдэгч 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Бүрэнбүст багийн 5-13-р байрны 11-р орцны хонгилийн өрөөнд шүүгдэгч Л.Г, Н.Б нар архи ууж согтуурсан үедээ маргалдаж улмаар харилцан зодолдож  Н.Б нь Л.Гийн зүүн гарын дунд хурууг хазан үзүүр хэсгийг нь тасалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Л.Г нь Н.Бийг цохиж доод уруулд язарсан шарх, баруун  нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын харилцан зодолдсон үйлдлийн улмаас тэдний биед хөнгөн гэмтэл учирсан  шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Л.Г, Н.Б нарын эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Г, Н.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                    

Улсын яллагч шүүх хуралдаанд: шүүгдэгч Л.Г, Н.Б нар 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Бүрэнбүст багийн 5-13-р байрны 11-р орцны хонгилд архи ууж согтуурсан үедээ маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч Л.Ганбүх өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэж, шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг дүгнэлт гаргахдаа:  Гэм буруугаа хүлээж байгаа, маргаангүй. Ялын саналыг зөвшөөрч байна. Төлөх хугацааг урт тогтоож өгнө үү гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүгдэгч  нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгч  нарын гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт  Л.Г, Ш овогт Н.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Н.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Н.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ