Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/02226

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Нарт хотхоны 000 байрны 00 тоот хаягт оршин суух, Х овогт Э-ын З /РД:00000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Рапид харш хорооллын 0 дугаар байрны 00 тоот хаягт оршин суух, С овогт Б-ын Б /РД:00000000000/-д холбогдох, 

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.З, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нар оролцов,

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2004 онд анх нөхөр Б.Бтай танилцан 2006 оны 10 дугаар сарын 30-нд гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч том хүү болох Б.Б, 2011 онд охин Б.А төрсөн.  2013 оноос эхлэн хоорондын харилцаа муудаж, 2014 оноос хоёр тусдаа амьдарч, одоо тус тусын амьдралтай болсон. Эргэн нийлэх боломжгүй байгаа тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Б нь эхнэр Э.Зтай 2006 оны 10 дугаар сарын 30-нд гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч 2006 онд хүү Б.Б, 2011 онд охин Б.А төрсөн. 2013 оноос эхлэн хоорондын харилцаа муудаж, 2014 оноос эхлэн тусдаа амьдарч, тус тусын амьдралтай болсон, эргэн нийлэх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хүүхдийн тэтгэлгийг хоорондоо харилцан тохиролцсон болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.З нь Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т заасны дагуу гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын        23-ны өдөр дуусгавар болжээ.

 

            Нэхэмжлэгч Э.З, хариуцагч Б.Б нар нь 2006 оны 4 дүгээр сарын       20-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1441 дугаарт бүртгүүлсэн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-12/

 

Гэрлэгчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд, гэрлэгчид тус тусдаа амьдраад 5 жилийн хугацаа өнгөрсөн хэн аль нь шинээр гэр бүлийн амьдрал зохиосон цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Э.З, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Насанд хүрээгүй 2007 оны 6 дугаар сарын 08-нд төрсөн хүү Б.Б, 2011 оны 4 дүгээр сарын 25-нд төрсөн охин Б.А нарын асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хүүхдийн өссөн болон дассан орчин, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан 2007 оны 6 дугаар сарын 08-нд төрсөн хүү Б.Б, 2011 оны 4 дүгээр сарын  25-нд төрсөн охин Б.А нарыг эх Э.Зын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2007 оны 6 дугаар сарын 08-нд төрсөн хүү Б.Бд тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан ба тэтгэлгийг хүүхэд захиран зарцуулах ёстой тул хүүхдэд ашиггүй байдлаар харилцан тохиролцох нь угтаа буруу боловч тэтгэлэг төлөгч, авагч хоёрын ахуй амьдрал, орлого өөр байхаас шалтгаалан ийнхүү тохиролцохыг хуулиар хориглоогүй тул 2007 оны 6 дугаар сарын 08-нд төрсөн хүү Б.Бд тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг буруутгах боломжгүй юм.

 

Иймд 2011 оны 4 дүгээр сарын 25-нд төрсөн охин Б.Ад хуульд заасан хэмжээгээр эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С овогт Б-ын Б /РД:00000000000/, Х овогт Э-ын З /РД:00000000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 6 дугаар сарын 08-нд төрсөн хүү Б.Б, 2011 оны 4 дүгээр сарын 25-нд төрсөн охин Б.А нарыг эх Э.Зын асрамжид үлдээсүгэй.

 

          3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь  хэсэгт  зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 25-нд төрсөн охин Б.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

         4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

           5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Заас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ