Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00031

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/02822 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 591 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор Үйлдвэр, Хүнс Хөдөө Аж Ахуйн яам болон манай М ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээ байгуулж, манай компанид 183 000 000 төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тонн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд зээлээр дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гэрээний дагуу М ХХК, Х ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан МБ-02 тоот хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 22 394 593 төгрөг, гэрээнд заасан алданги 11 197 296 төгрөг, нийт 33 591 890 төгрөгийн шаардлага гаргаж байна. Үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа утсаар болон албан бичгээр Х ХХК-д мэдэгдсэн, тус компани ямар ч төлбөр төлөхгүй, хугацаа авч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Нэхэмжлэлийн шаадлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр М ХХК болон Х ХХК хооронд байгуулсан бөгөөд үүнтэй хариуцагчийн хувьд маргахгүй. Гэвч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ биш, мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулсан. Нийлүүлсэн бүтээгдэхүүний үнээс 10 000 000 төгрөгийн төлсөн, 22 394 593 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргахгүй. Манай компани эрх бүхий байгууллагын буруу шийдвэрийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар тогтвортойгоор нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж байсан. Төлбөр төлөх баталгаа гаргаж байсан зүйл огт байхгүй. Бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжгүй болсон тул гэрээгээр хүлээн авсан барааны төлбөрийг төлөх боломжгүй болсон байсан. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан М ХХК-ийн Х ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 591 890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 591 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Х ХХК нь М ХХК-ийн нийлүүлсэн 32 394 593 төгрөгийн утсыг хүлээн авсан, утасны үлдэгдэл төлбөр 22 394 593 төгрөгийг төлөөгүй, гэрээгээр тохиролцсон алдангийг багасгах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж, мэтгэлцээгүй, нэхэмжпэлийн шаардлагын тооцооллыг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай шүүхийн шийдвэр нийцэхгүй байна. Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар өгсөн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааг шүүх энэхүү шийдвэрээ гаргахдаа огт үнэлээгүй, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Шүүхийн тайлбарлаж дүгнэснээр хөөн хэлэлцэх хугацаа нэг л удаа тасалддаг гэсэн ойлголт гаргажээ. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг-аар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн хуулийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхэлсэнд тооцно. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд хугацаа тогтоогоогүй. Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан нөхцөл буюу ҮХААЯ-тай эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй тул 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/94 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр үүрэг гүйцэтгэх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэж зааж, М ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 405008308 тоот дансанд тооцооны үлдэгдлийг шилжүүлэхийг мэдэгдсэн, шаардлага хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанаас буюу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн гэдэг үндэслэлээ шүүх хуралдааны үед тайлбарлан мэтгэлцсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс дээрх бүх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шаардлага мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр тогтоогдож байгаа. Мөн хариуцагч дээрх албан бичгүүдийг бүгдийг нь хүлээн авч байсан гэдэгтээ маргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төлбөр тооцоог дуусгах тухай 20/025 дугаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд энэхүү цахим зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан. Шүүх хүсэлтийг ханган шийдвэрлэсэн боловч хариуцагч тал нь энэхүү цахим зурвасыг хүлээн авсан талаар маргахгүй гэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжпэгчийн зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байсан. Гэтэл шүүх зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар нотлох баримтуудыг үнэлж, хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэлт хийснийг хуульд нийцэхгүй гэж үзэж, гомдол гаргаж байна. Энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд болох нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлж байсан албан бичгүүдийг, мөн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг яагаад ямар үндэслэлээр огт үнэлээгүй, дээрх баримтуудад дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 591 890 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

М ХХК, Х ХХК нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр МБ-02 дугаар хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч М ХХК нь 24/2 ээрмэл цагаан саарал өнгөтэй 1,837 кг хонины ноосон ээрмэл утсыг хүлээлгэн өгөх, худалдан авагч Х ХХК нь 1 кг утасны үнийг 28 270 төгрөгөөр тооцон нийт 51 931 990 төгрөгийг төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэргийн 6-7 дугаар тал дах гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 30.10 кг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 513.10 кг, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 90.4 кг, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 512.3 кг нийт 1145.9 кг хонины ноосон ээрмэл утсыг хүлээлгэж өгсөн нь хэргийн 11 дүгээр тал дах 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн баримт, хэргийн 12 дугаар тал дах 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн баримт, хэргийн 10 дугаар тал дах талуудын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэргийн 20 дугаар тал дах баримтаар хоёр талын компанийн нягтлан бодогч нар 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тооцооны баримтын жагсаалт үйлдэж уг баримтад нэхэмжлэгч компаниас хариуцагч компани худалдан авсан 1145.9 кг хонины ноосон ээрмэл утасны үнэ болох 32 394 593 төгрөг болсон бөгөөд уг төлбөрөөс 10 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 22 394 593 төгрөг төлөөгүй байгаа талаар дурьджээ. Ийнхүү 22 394 593 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Хэргийн 17, 19 дүгээр талд талуудын тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан бөгөөд уг баримтуудаар 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу хүлээлгэн өгсөн хонины ээрмэл ноосон утасны үнэд 22 394 593 төгрөг төлөөгүй өглөгтэй байгаа талаар тооцоо нийлж хоёр байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Үүний дараа дахин талууд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуустал хугацаанд СДХ-ны 24/2 утас худалдсан, худалдан авсан тухай байгууллагуудын холбогдох баримтыг үндэслэн тооцоо нийлэхэд Х ХХК нь 22 394 593 төгрөгийн өглөгийг М ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь хэргий 16 дугаар тал дах тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх тооцоо нийлсэн баримтууд болон тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн нөхцөл байдлаас үзвэл хариуцагч буюу худалдан авагч тал нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзнэ. Энэ үеэс буюу 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдсэн үе хүртэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэхэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу 3 жилээр дахин шинээр тоологдох нөхцөл байдал үүссэн гэж үзнэ. /хх-16-1719-20/

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдахтай холбоотой Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв хэрэглээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хэргийн 24 дүгээр тал дах баримтаар нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-тай тооцоо нийлсэнээс хойш удаа дараа үлдэгдэл төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаж, шаардлагаа мэдэгдлээр хүргүүлж байсан бөгөөд уг мэдэгдлийг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Х ХХК-ийн зүгээс хүлээн авч байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчид хуульд заасан журмын дагуу үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Иймээс нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлсэн албан тоот буюу шаардлагаа гаргаж байсныг хариуцагч тал хүлээн авсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч М ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийг гаргасан гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл зохигчид үлдэгдэл төлбөр 22 394 593 төгрөгийг хүлээн зөвшөөрсөнөөс гадна алдангитай холбоотой талууд тооцоо нийлсэн, хариуцагч тал хүлээн зөвшөөрч байсан гэх байдал тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги буюу нэмэгдэл үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулсан, гэрээний үүргийг биелүүлэх хугацаа болсон үеэс алдангийг төлөх үүрэг үүссэн талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор нэг тал нь нөгөө талаас шаардсан үүргийг нөгөө тал зөвшөөрсөн хариу өгч байсан эсхүл зөвшөөрснөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 22 394 593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 197 297 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/02822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-аас 22 394 593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 197 297 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Х ХХК-аас 269 922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ