Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01125

 

 “ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                                      иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/02822 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33,591,890 төгрөг гаргуулах тухай

нэхэмжлэлтэй иргэний хэргийг   

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Урангуагийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, Т.Анхцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ ****” ХХК нь “ ****” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33,591,890 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/02822 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “ ****” ХХК-ийн “ ****” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33,591,890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/02822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ ****” ХХК-аас 22,394,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,197,297 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, “ ****” ХХК-аас 269,922 төгрөгийг гаргуулж “ ****” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Урангуа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. “ ****” ХХК-аас 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийн материалаас үзэхэд “ ****” ХХК-аас “ ****” ХХК-д 2014.12.12-ны өдөр мэдэгдэл хүргүүлж байсан ба мэдэгдэлдээ “...гэрээний үүргийн хугацаа 2013.11.30-ны өдрөөр дууссан тул ээрмэл утасны төлбөр тооцоог нэн даруй барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “...2017.02.23-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдсэн үе хүртэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу 3 жилээр дахин шинээр тоологдох нөхцөл байдал үүссэн гэж үзнэ гэжээ. Цаашлаад шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “ ****” ХХК-тай тооцоо нийлснээс хойш удаа дараа үлдэгдэл төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаж, шаардлагаа мэдэгдлээр хүргүүлж байсан бөгөөд уг мэдэгдлийг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө буюу 2018.04.19-ний өдөр “ ****” ХХК-ийн зүгээс хүлээн авч байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна” гээд 2018 оноос тооцож, 2020.08.24-ний өдөр шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан нөхцөл байдлын аль нь ч 2018.04.19-ний өдрийн мэдэгдэл хүлээн авснаар үүсээгүй. Өөрөөр хэлбэл “ ****” ХХК нь 2015 оноос хойш цаашид төсөл хэрэгжихгүй болсныг бүрэн дүүрэн ухамсарласан, үүнтэй холбоотойгоор гэрээний төлбөрийг барагдуулах боломжгүй байсан тул 2018, 2020 оны мэдэгдлүүдийг цахим шуудангаар хүлээн аваад мөн “ ****” ХХК-ийн цахим шууданд тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. “ ****” ХХК-аас хариу албан бичгийг нотлох баримтаар үнэлүүлэхтэй холбоотойгоор “ ****” ХХК, “ ****” ХХК-иудын харилцсан цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч цахим шуудан хүлээн авсантай талуудын хэн аль нь маргаагүй, маргахгүй гэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтээсээ татгалзсан нь тэмдэглэлд тусгагдсан байгааг анхаарч үзнэ үү. Нөгөөтээгүүр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй, “ ****” ХХК мэдэгдлийг хүлээн аваад хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн бол тэрхүү баримтаа “ ****” ХХК шүүхэд гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн “албан бичгийг хүлээж авсан л бол хөөн хэлэлцэх хугацаа зогсоно, эсвэл тасалдана” гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.1. Хоёр шатны шүүх хуулийг нэг мөр тайлбарлан хэрэглэх учиртай. Гэвч давж заалдах шатны шүүх нэг хуулийн зохицуулалтыг тайлбарлахдаа 2 өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь магадлалын хянавал хэсгээс тодорхой харагдаж байна. Тодруулбал давж заалдах шатны шүүх магадлалын 6 дах талд “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор нэг тал нь нөгөө талаас шаардсан үүргийг нөгөө тал зөвшөөрсөн хариу өгч байсан эсхүл зөвшөөрснөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэж нэмэгдэл үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дүгнэсэн атлаа “2018 онд шаардлага хүргүүлж байсан тул энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох” агуулгаар дүгнэлт хийснийг 5 дахь нүүрээс харж болно. Хэрэв “нөгөө тал зөвшөөрсөн хариу өгч байсан эсхүл зөвшөөрснөө илэрхийлсэн” нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах юм бол 2018 онд “ ****” ХХК-аас мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт биш тэрхүү мэдэгдлийг зөвшөөрсөн, зөвшөөрснөө илэрхийлсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ёстой. Иймд ядаж талууд тооцоо нийлсэн гэх 2017.02.23-ны өдрөөс шаардлага гаргах хугацааг тоолох нь бодит байдалд нийцэх бөгөөд энэ  хугацаанаас тоолсон ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2020.02.23-ны өдрөөр дуусгавар болсон. Түүнчлэн тооцоо нийлсэн актууд дундаас 2017 оны баримтад “ ****” ХХК-ийн ажилтан гарын үсэг зурсантай холбоотойгоор тухайн ажилтныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асууж, удирдлагын зөвшөөрөлгүйгээр “тохиролцоо”-ны агуулгатай зүйл дээр гарын үсэг зурсан болохыг тогтоосон. Компанийн нягтлан бодогч нь анхан шатны баримтууд бүрдүүлж, гарын үсэг зурах, мөн тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсныг хуулийн дагуу гэж үнэлж болох ч гэсэн хуулийн этгээдийг төлөөлж бусадтай тохиролцох, хуулийн этгээдийн мөнгө хөрөнгийг захиран зарцуулах аливаа хэлцэл хийх нь хууль бус юм. Нэхэмжлэгч “ ****” ХХК-аас “ ****” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 33,591,890 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас эвлэрэн хэлэлцэх санал тавьсан байдаг. Ингээд талууд хэлэлцээрт хүрч чадаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас гэрээний үнийн дүнтэй дүйцэх ноосон майк /хэмжээ нь том учир зарагдахгүй гээд аваагүй/, дутуу үйлдвэрлэл /өөрсдийнх нь өгсөн утсаар үйлдвэрлэж байгаад төсөл зогссон учраас дуусгаж чадаагүй бүтээгдэхүүн/, ноосон утас зэргийг “ашиггүй” гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Энэ талаар дурдаж буй шалтгаан нь “ ****” ХХК нь Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор төсөл хэрэгжиж, “ ****” ХХК-д “Санширо кашмер”, “ ****” ХХК зэрэг 4 компаниас ноосон утас нийлүүлж, улмаар төсөл цаашид хэрэгжих боломжгүй нь тодорхой болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор бусад 3 компани нь аль хэдийн 2, 3 жилийн өмнө “ ****” ХХК-тай асуудлаа шийдвэрлээд дууссан байдаг. Энэхүү төсөл зогссоноос “ ****” ХХК ч ихээхэн хохирол амсаж, “ ****” ХХК-ийн нэхэмжилж буй мөнгөн дүнг гаргаж өгсөн тохиолдолд үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй тул нэхэмжлэгчийн эвлэрэх саналыг сонсъё, хэн алиндаа хохиролгүй асуудлыг шийдвэрлэхийг хүссэн юм. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Урангуагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “ ****” ХХК-ийн “ ****” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 33,591,890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан “ ****” ХХК-аас 22,394,593 төгрөгийг гаргуулан “ ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,197,297 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулжээ. 

7. Давж заалдах шатны шүүхээс “ ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,197,297 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийн өмгөөлөгч Г.Урангуагийн гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, анхан шатны шүүх маргааны зарим үйл баримтын талаар буруу дүгнэснийг зөвтгөж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал: 

9. Нэхэмжлэгч “ ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013.07.25-ны өдөр байгуулсан МБ-02 тоот хонины ноосон ээрмэл утас худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 22,394,593 төгрөг, гэрээнд заасан алданги 11,197,296 төгрөг, нийт 33,591,890 төгрөгийг гаргуулах, ...үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа утсаар болон албан бичгээр “ ****” ХХК-д мэдэгдсэн, тус компани ямар ч төлбөр төлөхгүй, хугацаа авч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан...” гэсэн агуулгаар тодорхойлсон байна. 

10. Хариуцагч “ ****” ХХК “...гэрээ байгуулсан, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн хүлээн авсан талаар маргаагүй ба харин ...Боловсрол шинжлэн ухааны яам болон холбогдох эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаанаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй...” гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ. 

11. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ, алдангийг төлөх үүрэгтэй болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь маргааны зүйл болсон байна. 

12. “ ****” ХХК, **** ХХК-иудын хооронд 2013.07.25-ны өдөр МБ-02 дугаар хонины ноосон ээрмэл утас худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “ ****” ХХК нь 24/2 ээрмэл цагаан саарал өнгөтэй 1,837 кг хонины ноосон ээрмэл утсыг хүлээлгэн өгөх, худалдан авагч “ ****” ХХК нь 1 кг утасны үнийг 28,270 төгрөгөөр тооцон нийт 51,931,990 төгрөгийг төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ. 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

14. “ ****” ХХК нь “ ****” ХХК-д 2013.08.03-ны өдөр 30.10 кг, 2013.10.04-ний өдөр 513.10 кг, 2014.07.02-ны өдөр 90.4 кг, 2014.08.20-ны өдөр 512.3 кг нийт 1145.9 кг хонины ноосон ээрмэл утсыг хүлээлгэж өгсөн байх бөгөөд 2013.10.24, 2014.09.23, 2015.03.13, 2017.02.23-ны өдрүүдэд талууд тооцоо нийлсэн баримт үйлдэж, хонины ээрмэл ноосон утасны үнэд 22,394,593 төгрөг төлөөгүй өглөгтэй байгаа талаар зохигч компанийн нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

15.Давж заалдах шатны шүүх 2017.02.23-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдсэн үе хүртэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу 3 жилээр дахин шинээр тоологдох нөхцөл байдал үүссэн талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 16. Зохигч 2017.02.23-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдснээс хойш “ ****” ХХК удаа дараа үлдэгдэл төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаж, шаардлагаа мэдэгдлээр хүргүүлж байсан бөгөөд уг мэдэгдлийг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө буюу 2018.04.19-ний өдөр хариуцагч хүлээн авч байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. 

 “ ****” ХХК-аас 2020.08.24-ний өдөр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийг гаргасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

17. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл журмын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

18. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Урангуагийн “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2020.02.23-ны өдрөөр дуусгавар болсон...” гэсэн утга агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоол 14-17 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

19. Давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Урангуагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Г.Урангуагийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,923 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА                                                              

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД