Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/2018/00737

 

 

 

 

 

 

 

 

 

    2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00737

                    Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Д.О /.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ...байр, Ч.  буудалд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах, хариуцагчийн төлөөлөгч  Б.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.                              

         ТОДОРХОЙЛОХ нь:

             

Нэхэмжлэгч Д.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн миний бие Ч ОУ-ын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар Нямжав гэгч албан тушаал ахиж үзлэгийн шалгагчаар томилогдсон хүний орон тоон дээр тушаал гарч ажилд орсон. Намайг ажилд ороход түр ажилтны гэрээ байгуулж тушаал гарч байсан ба тухайн баримтууд дээр тодорхой дурдсан. 2017 оны 3 сарын 06-ны өдөр миний бие ажил үүргээ чин үнэнчээр гүйцэтгэж байсан тул Ч ОУ-ын нисэх буудлын захирлын 136 тоот тушаалаар хамгаалалтын ажилтнаар жинхлэн томилогдсон. Ингээд намайг ажил үүргээ гүйцэтгэж байтал 2018 оны 2 сарын 01-ний өдрийн 51 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн тушаалдаа “Болд-Эрдэнэ гэгч хамгаалалтын ажилтан ажилдаа эгүүлэн тогтоогдож ажилдаа орж байгаа тул чиний хөдөлмөрийн гэрээг цуцалж байна” гэсэн байна. Бодит байдал дээр би Болд-Эрдэнэ гэдэг хүний оронд ажилд томилогдоогүй. Мөн Нямжав нь одоог хүртэл үзлэгийн шалгагчаар ажиллаж байгаа. Би хоёр хүүхэд ээжийн хамт амьдардаг. Ээж маань өндөр настны тэтгэвэрт гарсан бие нь тааруу элэгний цироз, нурууны диск нь суулттай тахийсан босож сууж чадахгүй хэвтэрт байгаа. Хүү О.Энх-Хүслэн маань 2017 оны 7 сард дух хэсгээр цөмөрч хагалгаанд орсон учраас гэрээр хүмүүжиж байгаа охин О.Ялгуун цэцэрлэгээр хүмүүжиж байна. Хүүхдүүдийн маань эх М.Дэлгэрзаяа жилийн өмнө өөр хүнтэй болж хүүхдүүдээ хаяад орхиод явсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно, 100.2 гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна” гэж заасан байна. Ээж маань хүнд өвчтэй хүүхэд маань саяхан хагалгаанд орсон эдгэж байгаа, манай гэр бүл ийм хэцүү байдалтай байхад гэнэт үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Ч ОУ-ын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтны эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О  нь 2016 оны 9 сарын 30-ний өдөр туршилтын болон түр хугацаагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 3.2-д “Нямжавын шилжин ажиллах хугацаанд түр” хэмээн бичжээ. Үүний дагуу нисэх буудлын захирал 2016 оны 9 сарын 30-ны өдөр Б/374 дугаар тушаал гаргаж 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс Д.О ыг аюулгүй байдал хамгаалалтын албанд харуулаар түр ажиллуулж эхэлсэн. Мөн тус нисэх буудлын захирлын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 6/498 дугаар тушаалаар Б.Нямжавыг аюулгүй байдал хамгаалалтын албанд үзлэгийн шалгагчаар 2017 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл Б.Оюунсанаагийн оронд түр шилжүүлэн ажлуулахаар болсон байх бөгөөд мөн тус тушаалаар Д.О ыг тушаалд заасан хугацаагаар буюу 2017 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл Б.Нямжавын оронд түр үргэлжлүүлэн ажиллуулах тухай заажээ. 2017 оны 3 сарын 06-ны өдөр Б/133 дугаар тушаалаар аюулгүй байдал хамгаалалтын албаны ажилтан Л.Болд-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тус албанд үндсэн орон тоо гарсан тул түр Б.Нямжавын оронд ажиллаж байсан Б.О ыг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар 2017 оны 3 сарын 06-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар жинхлэн хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Тус нисэх буудал нь батлагдсан тодорхой бүтэц, орон тоотой ажилладаг бөгөөд тухайн албаны хувьд хамгаалалтын ажилтан 108, үзлэгийн шалгагч 144 байдаг бөгөөд Л.Болд-Эрдэнэ чөлөөлөгдсөнөөс хойш буюу үндсэн орон тоо 107 болсноос хойш хамгаалалтын ажилтны үндсэн орон тоонд шинжлэгдэн ажилласан хүн нь Д.О  юм. Мөн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу өөрийгөө ганц бие эцэг гэсэн байх бөгөөд Д.О ын өөрийн ажилд орохдоо болон орсны дараа бөгөлсөн 2016 оны 7 сарын 03-ны өдрийн “Төрийн албан хаагчийн анкет”, 2017 оны 5 сарын 09-ний өдөр бөглөсөн “Ажилтны биеийн байцаалт” буюу нисэх буудлын дотоодын хэрэгцээний анкетын “Гэр бүлийн байдал” хэсэгт тус тус эхнэр гээд М.Дэлгэрзаяа гэжээ. Мөн нэхэмжлэлдээ “М.Дэлгэрзаяа жил гарангийн өмнөөс өөр эрэгтэй хүнтэй дотно харилцаатай болж хүүхдүүдээ, намайг хаяад явсан. Түүнээс хойш ямар ч харилцаа холбоогүй байна” гэжээ. Гэтэл дээрх нотлох баримт болон хувийн хэргүүдэд эхнэртэйгээ байгаа гэж бичсэн, 2017 оны 5 сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод ам бүл 5 гэсэн байх бөгөөд нисэх буудлын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхзаяа Д.О т тушаал гарахаас хэд хоногийн 131 өмнө чөлөөлөх болсон тухай мэдэгдсэн бөгөөд Д.О  нь эхнэр орхиж явсан талаар мэдэгдээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5-д нэхэмжлэлд дурьдсанчлан нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх тухай зохицуулалт байхгүй. Мөн аюулгүй байдал хамгаалалтын албаны ерөнхий менежер өөрчлөгдсөн боловч тухайн албан тушаалтанд нэхэмжлэлд дурдсан халаа сэлгээ хийх болон ажлын байранд өөрчлөлт оруулах эрх мэдэл байхгүй. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д “өрх толгойлсон эх /эцэгI" гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг;” хэмээн заасан нь Д.О  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ганц бие эцэг болох нь тогтоогдсон эсвэл тухайн тэтгэмжийг авдаг байхыг шаардаж байгаа бөгөөд гаргаж өгсөн нотлох баримтад ийм баримт авагдаагүй мөн ажиллаж байх хугацаандаа захиргаанд мэдэгдээгүй, холбогдох баримтуудыг өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О  нь хариуцагч Буянт-Ухаа дахь Ч Олон улсын нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.О  нь Буянт-Ухаа дахь Ч Олон улсын нисэх буудалд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/374 дугаар захирлын тушаалаар Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар түр томилогдон ажиллаж байгаад, мөн захирлын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн  Б/498 дугаар тушаалаар Б.Нямжавын шилжин ажиллах хугацаанд түр ажиллуулахаар томилжээ. Үүний дараа захирлын 2017 оны 3 сарын 06-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Д.О ыг хамгаалалтын ажилтнаар жинжлүүлэн ажиллуулсан байх ба захирлын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Б/51 дугаар тушаалаар Д.О ыг ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, Б/374, Б/498, Б/136, Б/51 тоот захирлын тушаалууд, ажлын байрны болон цалингийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6, 7, 8-14/

 

Харин Буянт-Ухаа дахь Ч Олон улсын нисэх буудлын захирлын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1581 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2 дах хэсэгт заасныг баримтлан Л.Болд-Эрдэнийг ажилд нь эгүүлэн тогтоосон гэсэн үндэслэл зааж Д.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна. 

 

Хариуцагч Ч Олон улсын нисэх буудал нь Д.О тай 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн түр гэрээ байгуулан ажиллуулахдаа Б.Нямжавын шилжин ажиллах хугацаанд ажиллуулахаар тохиролцож, энэ тухайгаа 2016 оны 12 сарын 16-ны өдрийн Б/498 дугаар тушаалдаа дурдсан байна./хх-ийн 46/

 

Үүний дараа 2017 оны 3 сарын 06-ны өдөр Ч Олон улсын нисэх буудлын захирлын Б/135 дугаар тушаалаар Б.Нямжавыг Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаас чөлөөлж, аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар томилж, мөн өдрийн Б/136 дугаар тушаалаар Д.О ыг Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар жинхлүүлэн ажиллуулсан байна./хх-ийн 48/ 

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч байгууллагын “...2017 оны 3 сарын 06-ны өдөр Б/133 дугаар тушаалаар аюулгүй байдал хамгаалалтын албаны ажилтан Л.Болд-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тус албанд үндсэн орон тоо гарсан тул түр Б.Нямжавын оронд ажиллаж байсан Б.О ыг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар 2017 оны 3 сарын 06-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар жинхлэн хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. ... Л.Болд-Эрдэнийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тул Д.О ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, Д.О  нь Л.Болд-Эрдэнийн оронд, түүний ажлын байранд ажиллаж байсан гэх үйл баримт хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тушаалуудаар тогтоогдохгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.О ыг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 2 дугаар сарын 01ий өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажлын 35 хоногийн олговор 2 632 245 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.О ын цалинг түүний нийгмийн даатгалын дэвтрээс  /хх-ийн 17/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 1 616 976 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 35 өдрийн /1 616 976:21,5= 75 207 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 2 632 245 төгрөгөөр /75 207х35 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “... бага насны хоёр хүүхэд,  өвчтэй ээжийн хамт амьдардаг, энэ нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасан ганц бие эцэг гэдэгт хамаарч байгаа бөгөөд тушаал гаргахдаа энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй хэдий ч ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүнчлэн ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийг зохих журмын дагуу шалгаж, холбогдох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр тушаал шийдвэрээ гаргах нь хуульд нийцэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 сарын 01-ний өдрийн Б/51 дугаар  тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагын дагуу 2018 оны 02 сарын 12-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Д.О ыг Буянт-Ухаа дахь Ч Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 632 245 төгрөгийг хариуцагч Буянт-Ухаа дахь Ч Олон улсын нисэх буудлаас гаргуулан Д.О т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.О ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Буянт-Ухаа дахь Ч Олон улсын нисэх буудалд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Буянт-Ухаа дахь Ч Олон улсын нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамжинд 57 066 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ