Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2018/01063

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Отгонбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27ы өдрийн 183/ШШ2018/00737 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Отгонбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Чингис хаан Олон улсын нисэх буудалд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Энхмандах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтаншагай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн миний бие Чингис хаан ОУ-ын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар Нямжав гэгч албан тушаал ахиж үзлэгийн шалгагчаар томилогдсон хүний орон тоон дээр тушаал гарч ажилд орсон. Намайг ажилд ороход түр ажилтны гэрээ байгуулж тушаал гарч байсан ба тухайн баримтууд дээр тодорхой дурдсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний бие ажил үүргээ чин үнэнчээр гүйцэтгэж байсан тул Чингис хаан ОУ-ын нисэх буудлын захирлын 136 тоот тушаалаар хамгаалалтын ажилтнаар жинхлэн томилогдсон. Ингээд намайг ажил үүргээ гүйцэтгэж байтал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 51 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалдаа Болд-Эрдэнэ гэгч хамгаалалтын ажилтан ажилдаа эгүүлэн тогтоогдож ажилдаа орж байгаа тул чиний хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэсэн. Бодит байдал дээр би н.Болд-Эрдэнэ гэдэг хүний оронд ажилд томилогдоогүй. Мөн Нямжав нь одоог хүртэл үзлэгийн шалгагчаар ажиллаж байгаа. Би хоёр хүүхэд, ээжийн хамт амьдардаг. Ээж маань өндөр настны тэтгэвэрт гарсан бие нь тааруу элэгний цироз, нурууны диск нь суулттай хэвтэрт байгаа. Хүү О.Энх-Хүслэн маань 2017 оны 7 сард дух хэсгээр цөмөрч хагалгаанд орсон учраас гэрээр хүмүүжиж байгаа. Охин О.Ялгуун цэцэрлэгээр хүмүүжиж байна. Хүүхдүүдийн маань эх М.Дэлгэрзаяа жилийн өмнө хүүхдүүдээ хаяад орхиод явсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно, 100.2 гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна гэж заасан байна. Ээж маань хүнд өвчтэй хүүхэд маань саяхан хагалгаанд орсон эдгэж байгаа, манай гэр бүл ийм хэцүү байдалтай байхад гэнэт үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Отгонбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр туршилтын болон түр хугацаагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 3.2-д Нямжавын шилжин ажиллах хугацаанд түр хэмээн бичжээ. Үүний дагуу нисэх буудлын захирал 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б/374 дугаар тушаал гаргаж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Д.Отгонбаатарыг аюулгүй байдал хамгаалалтын албанд харуулаар түр ажиллуулж эхэлсэн. Мөн тус нисэх буудлын захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6/498 дугаар тушаалаар Б.Нямжавыг аюулгүй байдал хамгаалалтын албанд үзлэгийн шалгагчаар 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Б.Оюунсанаагийн оронд түр шилжүүлэн ажиллуулахаар болсон байх бөгөөд мөн тус тушаалаар Д.Отгонбаатарыг тушаалд заасан хугацаагаар буюу 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Б.Нямжавын оронд түр үргэлжлүүлэн ажиллуулах тухай заажээ. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б/133 дугаар тушаалаар аюулгүй байдал хамгаалалтын албаны ажилтан Л.Болд-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тус албанд үндсэн орон тоо гарсан тул түр Б.Нямжавын оронд ажиллаж байсан Б.Отгонбаатарыг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар жинхлэн хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Тус нисэх буудал нь батлагдсан тодорхой бүтэц, орон тоотой ажилладаг бөгөөд тухайн албаны хувьд хамгаалалтын ажилтан 108, үзлэгийн шалгагч 144 байдаг бөгөөд Л.Болд-Эрдэнэ чөлөөлөгдсөнөөс хойш буюу үндсэн орон тоо 107 болсноос хойш хамгаалалтын ажилтны үндсэн орон тоонд шинжлэгдэн ажилласан хүн нь Д.Отгонбаатар юм. Мөн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу өөрийгөө ганц бие эцэг гэсэн байх бөгөөд Д.Отгонбаатарын өөрийн ажилд орохдоо болон орсны дараа бөглөсөн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн албан хаагчийн анкет, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бөглөсөн Ажилтны биеийн байцаалт буюу нисэх буудлын дотоодын хэрэгцээний анкетын Гэр бүлийн байдал хэсэгт тус тус эхнэр гээд М.Дэлгэрзаяа гэжээ. Мөн нэхэмжлэлдээ М.Дэлгэрзаяа жил гарангийн өмнөөс өөр эрэгтэй хүнтэй дотно харилцаатай болж хүүхдүүдээ, намайг хаяад явсан. Түүнээс хойш ямар ч харилцаа холбоогүй байна гэжээ. Гэтэл дээрх нотлох баримт болон хувийн хэргүүдэд эхнэртэйгээ байгаа гэж бичсэн, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод ам бүл 5 гэсэн байх бөгөөд нисэх буудлын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхзаяа Д.Отгонбаатарт тушаал гарахаас 131 хоногийн өмнө чөлөөлөх болсон тухай мэдэгдсэн бөгөөд Д.Отгонбаатар нь эхнэр орхиж явсан талаар мэдэгдээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д нэхэмжлэлд дурьдсанчлан нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх тухай зохицуулалт байхгүй. Мөн аюулгүй байдал хамгаалалтын албаны ерөнхий менежер өөрчлөгдсөн боловч тухайн албан тушаалтанд нэхэмжлэлд дурдсан халаа сэлгээ хийх болон ажлын байранд өөрчлөлт оруулах эрх мэдэл байхгүй. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон ганц бие эцэг болох нь тогтоогдсон эсвэл тухайн тэтгэмжийг авдаг байхыг шаардаж байгаа бөгөөд гаргаж өгсөн нотлох баримтад ийм баримт авагдаагүй мөн ажиллаж байх хугацаандаа захиргаанд мэдэгдээгүй, холбогдох баримтуудыг өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Отгонбаатарыг Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 632 245 төгрөгийг хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудлаас гаргуулан Д.Отгонбаатарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Отгонбаатарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамжинд 57 066 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай давж заалдах гомдолдоо: ...Д.Отгонбаатар нь Б.Нямжавын оронд ажиллаж байгаад үндсэн ажилтан болсон гэх боловч тус нисэх буудал нь хамгаалалтын ажилтан 108 хүний орон тоотой бөгөөд Л.Болд-Эрдэнийг чөлөөлөгдсөнөөр Д.Отгонбаатарыг үндсэн ажилтнаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авснаар хамгаалалтын ажилтны орон тоо 108 болсон. Гэтэл Л.Болд-Эрдэнийг 3 шатны шүүхээс ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж халсан гэж үзсэн тул 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуучин ажлын байранд томилох болсны улмаас орон тооны дагуу Д.Отгонбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс ажил олгогч Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар түр томилогдон, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилогдсон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. /хх 6-14/

 

Ажил олгогч Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний Б/51 тоот тушаалаар Д.Отгонбаатарыг хамгаалалтын ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1581 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Хариуцагч ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, Л.Болд-Эрдэнийг ажилд авсанаар нэхэмжлэгч Д.Отгонбаатарын орон тоо байхгүй болсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон Л.Болд-Эрдэнийн оронд ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заажээ.

 

Иймд ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 2 632 245 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27ы өдрийн 183/ШШ2018/00737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 066 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ЦОГТСАЙХАН