Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01439

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00737 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1063 дугаар магадлалтай,

Д.О-ын нэхэмжлэлтэй

ЧХОУНБ-д холбогдох,  

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Чингис хаан ОУ-ын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажилд орсон. Намайг ажилд ороход түр ажилтны гэрээ байгуулж тушаал гарч байсан ба тухайн баримтууд дээр тодорхой дурдсан. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр миний бие ажил үүргээ чин үнэнчээр гүйцэтгэж байсан тул Чингис хаан ОУ-ын нисэх буудлын захирлын 136 тоот тушаалаар хамгаалалтын ажилтнаар жинхлэн томилогдсон. Ингээд намайг ажил үүргээ гүйцэтгэж байтал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 51 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалдаа Болд-Эрдэнэ гэгч хамгаалалтын ажилтан ажилдаа эгүүлэн тогтоогдож ажилдаа орж байгаа тул чиний хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэсэн. Бодит байдал дээр би н.Болд-Эрдэнэ гэдэг хүний оронд ажилд томилогдоогүй. Би хоёр хүүхэд, ээжийн хамт амьдардаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно, 100.2-т гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна гэж заасан байна. Ээж маань хүнд өвчтэй хүүхэд маань саяхан хагалгаанд орсон эдгэж байгаа, манай гэр бүл ийм хэцүү байдалтай байхад гэнэт үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбарт: Д.О- нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр туршилтын болон түр хугацаагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.2-д Нямжавын шилжин ажиллах хугацаанд түр хэмээн бичжээ. Үүний дагуу нисэх буудлын захирал 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б/374 дугаар тушаал гаргаж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Д.О-ыг аюулгүй байдал хамгаалалтын албанд харуулаар түр ажиллуулж эхэлсэн. Мөн тус нисэх буудлын захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6/498 дугаар тушаалаар Б.Нямжавыг аюулгүй байдал хамгаалалтын албанд үзлэгийн шалгагчаар 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Б.Оюунсанаагийн оронд түр шилжүүлэн ажиллуулахаар болсон байх бөгөөд мөн тус тушаалаар Д.О-ыг тушаалд заасан хугацаагаар буюу 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Б.Нямжавын оронд түр үргэлжлүүлэн ажиллуулах тухай заажээ. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б/133 дугаар тушаалаар аюулгүй байдал хамгаалалтын албаны ажилтан Л.Болд-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тус албанд үндсэн орон тоо гарсан тул түр Б.Нямжавын оронд ажиллаж байсан Б.Отгонбаатарыг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар жинхлэн хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Тус нисэх буудал нь батлагдсан тодорхой бүтэц, орон тоотой ажилладаг бөгөөд тухайн албаны хувьд хамгаалалтын ажилтан 108, үзлэгийн шалгагч 144 байдаг бөгөөд Л.Болд-Эрдэнэ чөлөөлөгдсөнөөс хойш буюу үндсэн орон тоо 107 болсноос хойш хамгаалалтын ажилтны үндсэн орон тоонд шинжлэгдэн ажилласан хүн нь Д.О- юм. Мөн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу өөрийгөө ганц бие эцэг гэсэн байх бөгөөд Д.О-ын өөрийн ажилд орохдоо болон орсны дараа бөглөсөн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн албан хаагчийн анкет, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бөглөсөн ажилтны биеийн байцаалт буюу нисэх буудлын дотоодын хэрэгцээний анкетын Гэр бүлийн байдал хэсэгт тус тус эхнэр гээд М.Дэлгэрзаяа гэж бичсэн, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод ам бүл 5 гэсэн байх бөгөөд нисэх буудлын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхзаяа Д.О-т тушаал гарахаас 131 хоногийн өмнө чөлөөлөх болсон тухай мэдэгдсэн бөгөөд Д.О- нь эхнэр орхиж явсан талаар мэдэгдээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д нэхэмжлэлд дурьдсанчлан нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх тухай зохицуулалт байхгүй. Мөн аюулгүй байдал хамгаалалтын албаны ерөнхий менежер өөрчлөгдсөн боловч тухайн албан тушаалтанд нэхэмжлэлд дурдсан халаа сэлгээ хийх болон ажлын байранд өөрчлөлт оруулах эрх мэдэл байхгүй. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон ганц бие эцэг болох нь тогтоогдсон эсвэл тухайн тэтгэмжийг авдаг байхыг шаардаж байгаа бөгөөд гаргаж өгсөн нотлох баримтад ийм баримт авагдаагүй мөн ажиллаж байх хугацаандаа захиргаанд мэдэгдээгүй, холбогдох баримтуудыг өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00737 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О-ыг Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.632.245 төгрөгийг хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудлаас гаргуулан Д.О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.О-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Буянт-Ухаа дахь ЧХОУНБ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамжинд 57.066 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1063 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.066 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Д.О- нь өөрийн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Нямжавын оронд ажиллаж байгаад үндсэн ажилтан болсон гэх боловч тус нисэх буудал нь тодорхой орон тоо буюу хамгаалалтын ажилтан 108 байдаг. Мөн Д.О-ын хөдөлмөрийн түр гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу Б.Нямжав Б.Оюунсанаагийн чөлөө дуусах хүртэл хугацаанд шилжин ажиллах хооронд байсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр болсон үйл явдлыг авч үзвэл Л.Болд-Эрдэнэ захирлын Б/133 тоот тушаалаар чөлөөлөгдөх хүртэл бүрэн байсан бөгөөд Л.Болд-Эрдэнэ чөлөөлөгдсөнөөр 107 болсон үүний дараа Б/136 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байсан буюу иргэн Д.О-ыг үндсэн ажилтнаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авснаар хамгаалалтын ажилтны орон тоо буцан 108 болсон байдаг. Гэтэл Л.Болд- Эрдэнийг шүүхээс ажлаас буруу халсан хэмээн 3 шатны шүүх үзсэн тул 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өмнө нь эрхэлж байсан ажилд томилох болсны улмаас орон тооны дагуу шүүн үзэхэд Д.О- байсан тул ажлаас чөлөөлөх болсон. Үүнтэй холбогдуулан тухайн өдөр болон маргаан гарсан бүх тушаалын хуулбарыг өгсөн бөгөөд уг баримт нь зөвхөн Л.Болд-Эрдэнийн оронд хэн томилогдсон вэ гэдгийг харах боломжтой баримт байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу нотлох баримтыг авч үзэлгүйгээр тухайн хэрэгт ач холбогдолгүй мэт үнэлсэн. Нийгмийн даатгал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д дундаж цалин хөлсийг бодохдоо хоолны унааны мөнгийг оролцуулахгүй байхаар тусгасан байх бөгөөд Д.О- олгохоор шийдвэрлэсэн 2.632.245 төгрөг нь хоолны мөнгийг оруулж бодсон нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Д.О- ЧХОУНБ-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.О- анх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингис хаан Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар түр, дараа нь жинхлэн ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан буюу Л.Болд-Эрдэнэ шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол тухайн албан тушаалд ажиллаж байгаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ.

Чингис хаан Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамгаалагчийн ажилтнаар ажиллаж байсан Л.Болд-Эрдэнэ ажлаас үндэслэлгүй халагдсныг шүүхийн шийдвэрээр дүгнэж, ажилд нь эгүүлэн тогтоосон боловч нэхэмжлэгч Д.О- нь Л.Болд-Эрдэнийн оронд ажилд орсон бус Б.Нямжавын оронд эхлээд түр, дараа нь жинхлэн ажилласан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Тодруулбал, Б.Нямжав хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхад түүнийг үзлэгийн шалгагчаар Б.Оюунсанаагийн оронд түр ажиллуулахаар болж, түүний сул орон тоонд Д.О-ыг түр томилсон, улмаар Б.Нямжав 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/135 тоот тушаалаар үзлэгийн шалгагчаар жинхлэхэд Д.О-ыг мөн өдрийн Б/136 тоот тушаалаар хамгаалалтын ажилтнаар жинхлэн ажиллуулахаар  хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь нотлогдсон байна.

Хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад ажил олгогч Д.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хууль, дундаж цалин хөлс тооцох Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу Д.О-ын ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг тооцсон байна.

Иймд, Д.О-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Шүүхийн шийдвэр, магадлал гарсны дараа хариуцагч Чингис хаан олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын алба шинээр байгуулагдсан Нисэх буудлуудын удирдах газрын харъяалалд шилжсэн нь хяналтын шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй тул хариуцагчийн тус шүүх хуралдаанд “хариуцагч биш болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” тухай хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00737 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1063 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 57.066 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ