Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2019/02192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар  /, овогт Д.Мын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, У ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Анаргүль, түүний өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн төлөөлөгч Л.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд болон төлөөлөгч П.Анаргүль шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээл авсан. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэхээс татгалзсан. Монголд бид үйлдвэрлэв ТББ-ийн захирал Г.Майцэцэг намайг танилцуулсан гэж хэлж байгаа боловч Г.Майцэцэг өөрийнх нь эхнэр бөгөөд уг зээлийг хэрхэн зарцуулсан нь зээлдүүлэгчид хамааралгүй тул У ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч У ХХК шүүхэд болон төлөөлөгч Л.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас Д.М зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй. Д.Мыг танихгүй. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн ажлын албаны дарга Д.М гэдэг хүнтэй Монголд бид үйлдвэрлэв ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намайг танилцуулсан. Л.Энх-Амгалан гишүүн орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх нэг тэрбумын санхүүжилттэй Хөх сувд гэдэг төсөл хэрэгжүүлнэ. Төслийг эхний ээлжинд 50,000,000 төгрөгөөр эхлүүлж бай гэсний дагуу уулзаж гэрээ байгуулсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн тойрог болох Хөвсгөл аймагт ЖДҮ-г хөгжүүлэх, оёдлын цех бий болгох, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг хэрэгжүүлэхээр, Монголд бид үйлдвэрлэв ТББ-аар дамжуулан бидэнтэй холбогдсон. Манай компани өнгөрсөн хугацаанд Л.Энх-Амгалан гишүүний эзэмшдэг Хөх сувд хувцасны брэндийг бий болгон үйлдвэрлэж, зах зээлд гарахад 45,000,000 төгрөг зарцуулсан. Л.Энх-Амгалан гишүүний дэмжлэгтэйгээр 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй 15-20 хүн ажиллах хүчин чадалтай иж бүрэн оёдлын цех байгуулсан. Нээлтэнд нь УИХ-ийн гишүүн Л.Энх-Амгалан болон орон нутгийн удирдлагууд өөрсдийн биеэр ирж нээсэн. Тус цехэд ажиллах хүмүүст Улаанбаатар хот болон Хөвсгөлийн Мөрөнд зохион байгуулсан сургалтанд хамрагдсан бүх хүмүүс урамшуулал цалин авч байсан. Манай компани энэ үйл ажиллагаанд 125,000,000 төгрөг зарцуулсан тооцоо байдаг. Манай компани 225,000,000 төгрөг Л.Энх-Амгалан гишүүний төсөлд зарцуулсан бөгөөд одоо ч Хөвсгөл аймагт хүмүүсийг гэрээгээр ажиллуулж, тоног төхөөрөмжөөр хангасан хэвээр байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.М хариуцагч У ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч У ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Манай компани 225,000,000 төгрөг Л.Энх-Амгалан гишүүний төсөлд зарцуулсан бөгөөд одоо ч Хөвсгөл аймагт хүмүүсийг гэрээгээр ажиллуулж, тоног төхөөрөмжөөр хангасан хэвээр байгаа гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.М хариуцагч У ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгтэй нийцсэн гэж үзнэ.

 

Зээлдэгч У ХХК-нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй байна.

 

Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан тухайд хариуцагч маргаагүй бөгөөд Орлогын баримтаар тогтоогджээ.

 

Иймд хариуцагч У ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгох үндэстэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч уг зээлийг авсан тухайд маргаагүй боловч зээлийг Л.Энх-Амгалан гишүүний төсөлд зарцуулсан гэж тайлбарлан гэрэл зургууд /хх-ийн 20-29 тал/, Энх-Амгалан Лувсанцэрэн гэх фэйсбүүк хаягтай Эмэгтэйчүүд ба ажлын байр гэсэн 4 хуудас баримт ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул уг баримтыг үнэлэхгүй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ