Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2021/02331

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацралыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ...нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ...д холбогдох,

280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .., хариуцагч Б...., хариуцагчийн өмгөөлөгч ... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .. нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Б.... миний бие өөрийн танил ... байр судлуулан, ... нь ...mn дээр ... өрөө байр байна, зарах хүнтэй холбогдсон, дотор тавилгатай зарна гэж байна гэж хэлж үзүүлж байсан. Тэгээд өөрийн хуримтлуулж доллар болгон хадгалж байсан мөнгөн хөрөнгийг ... шарга валют худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг танил ах ... дээр очиж солиулж, түүгээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150,000,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөг, нийт 280,000,000 төгрөгийг ...ын ... банк дахь ... дугаар данс руу шилжүүлж байрны төлбөрийг бүрэн дуусгасан. Гэтэл тухайн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хамааралгүй өөр хүний нэрд шилжүүлэн өгсөн байна. Иймд миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, бусдад шилжүүлсэн байх тул байрны төлбөрт шилжүүлсэн 280,000,000 төгрөгийг Б....ос нэхэмжилж байна.

Б.... өөртөө уг орон сууцыг худалдаж авах зорилгоор өөрийн танил ... судлуулсан, өөрөө түүнтэй хамт очиж үзсэн, 280,000,000 төгрөгийг 3 удаа хувааж хариуцагчийн банк дахь данс руу шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байна. Ийнхүү мөнгөө шилжүүлсэн боловч байраа авч чадахгүй, мөнгө ч үгүй хоцорсон. Энэ байрыг танилцуулахдаа манай аавын байр гэж хэлсэн байдаг. ... Б.... нар хоорондоо чаталсан чатад шүүх үзлэг хийсэн. Энэ үзлэгээс харахад хоорондоо бичсэн чатад ... нь дандаа за би хэлье, за би асууя, за би мөнгөө хий гэж байна гээд хэлье гэсэн дандаа өөрөө шийдвэр гаргахгүйгээр цаад талаас зөвшөөрөл авсан байдаг. Энэ нь юуг харуулж байна гэхээр ... гэдэг хүн нь байрны гол үйлчлүүлэгч нь Б.... юм. Мөн мөнгө Б.... гэж хүнээс орж байгааг харуулж байна. Мөнгө авсан өгсөн дээр талууд маргадаггүй.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.... нь уг орон сууцны өмчлөгч биш, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс орон сууцыг бусдад худалдах талаар итгэмжлэл аваагүй учир Б....оос 280,000,000 төгрөгийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэнэ үү...гэв.

Хариуцагч Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч ... хамт гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн аав ...н өмч болох Ү-... дугаарын бүртгэлтэй ... тоотын орон сууцыг аав ...н хүсэлтээр 2020 он 11 дүгээр сард unegui.mn вэбсайтад зарахаар зар байршуулсан. 2020 оны 12 дугаар сарын 01-нд ... гэх эмэгтэй уг орон сууцыг сонирхож залгасан ба нөхөр гэж танилцуулсан эрэгтэйтэй хамт ирж үзэн, худалдан авахаар болсон. 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 11-ний хооронд төлбөр бүрэн барагдуулсан хугацаанд ... гэх эмэгтэйтэй холбоотой байсан ба нөхөр болох хүн нь ...ийн хэлсэн хугацаанд аав ...н зөвшөөрсний дагуу Б.... миний ...т банкны дансанд 280,000,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн хүн нь Амгаланбаатар гэж хүн байсан. Тохиролцсон мөнгөн дүнг шилжүүлж барагдуулсан тул 2021 оны 2 дүгээр сарын 16-ны өдөр ...тэй миний аав ... уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ... гэх эмэгтэй утсаар ярьж, манай нөхрийг ... гэдэг, чи нөхрийн маань өмчийг өөр хүнд шилжүүлсэн байна гэж хэлсний хариуд би ... гэж хүн танихгүй, аав ... маань орон сууцыг гэр бүл гэж харагдсан эхнэр нөхөрт зарсан, худалдаг тал болох бидэнд буруу байхгүй гээд гэмгүйг нотлох худалдан авагч тал болох ...тэй холбогдохыг зөвлөсөн. Энэ өдөр би ... гэх хүнийг фейсбүүкээр хайж үзээд ...ийн нөхөр хэмээн танилцуулсан эрэгтэйг ... байсан гэдгийг царайгаар нь таньсан. 2020 оны 12 дугаар сараас 2021 онд  ... гэх эмэгтэйг залгах хүртэл 8 сарын хугацаанд гэр бүлийн эхнэр нөхөрт орон сууцыг зарсан гэж бодсон ба энэ бүх хугацаанд ... бидэнтэй холбогдож байгаагүй. Энэ орон сууцыг аав ...н өмч гэдгийг эхний өдөр ...өд хэлсэн, бидний бичсэн мессеж хадгалагдсан байгаа. Тэрээр хамт ирж уулзсан эрэгтэйг нөхөр гэж танилцуулсан учир хоорондоо хамааралгүй гэж бодохгүй байна.

Би ааваасаа авсан зөвшөөрлийн дагуу байрыг зарахаар зар тавьж, аавынхаа зөвшөөрлийн дагуу төлбөрийг өөрийн дансаар авсан. ... намайг өөрийнхөө нэр дээр авчих гэж байна гэсэн учир түүний нэр рүү шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сард над руу Авлигатай тэмцэх газраас ярьсан. Дараа нь 7 дугаар сард эхнэр нь гэж хүн ярьсан. ...өөс энэ талаар тодруулахад хуучин эхнэр нь байна гэж хэлсэн. Би Б....той ярьж байгаагүй, надад өөртөө авах байрыг ...өөр судлуулж байна гэж хэлээгүй. Б.... уг орон сууцыг өөрийнх биш, харин аавын байр гэдгийг хэлж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан чат мессежүүдээр тогтоогдсон. Зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардаж байгаа юм байна. Худалдах, худалдан авах гэрээг хариуцагчийн аав ... нь ...тэй байгуулж, өөрийн орон сууцаа худалдсан байна. Хариуцагч 280,000,000 төгрөгийг аваад ууж идээд, зарж үрэн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал харагдахгүй байна. Хариуцагч Б.... бол худалдагч талыг төлөөлөн холбогдсоноос биш орон сууцыг зарах эрх байхгүй. Зарсан мөнгийг аавдаа өгсөн, нэхэмжлэгчийг хохироосон гэж буй этгээд нь хариуцагч биш байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Б....д холбогдуулан 280,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...ыг ...бусдын байрыг өөрийн гэж итгүүлэн мөнгө авч, орон сууцыг шилжүүлээгүй, мөнгө шилжүүлсэн Б....од бус өөр бусдад шилжүүлсэн учир үндэслэлгүй хөрөнгөжсөн... гэж тайлбарлана.

Харин хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: ...нэхэмжлэгч Б....той аливаа иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, мөнгийг хүлээн авсан боловч орон сууцны өмчлөгч болох өөрийн төрсөн аав ...д өгсөн, нэхэмжлэгчтэй орон сууц худалдахаар тохиролцоогүй, харин орон сууцыг худалдаж авсан ...ийн төлбөр гэж хүлээж авсан, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ... байгуулж, орон сууц худалдсаны татварыг худалдан авагч тал төлөхөөр харилцан тохиролцсон ба энэ төлбөрийг Б.... хийсэн, ...тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг мэдэж байсан... хэмээн тайлбарлаж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөөний гудамж, 320/3 дугаар байрны 144 тоотод байрлах, Ү-... улсын бүртгэлийн дугаартай, 89,87 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс ... гэх нэг иргэний өмчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ..., ... нарын хооронд байгуулагдаж, орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ. /Хавтаст хэргийн 67, 68 дугаар хуудас/

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Б.... нь Б....ос дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар төлбөр төлөх үүргээ биелүүлсэн боловч Б.... нь орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардсан агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа ...ыг 280,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж мэтгэлцэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бол, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч Б.... нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч биш бөгөөд тухайн орон сууцыг Б....од худалдаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөхөөр тохиролцсон буюу тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Харин маргаан бүхий орон сууц нь иргэн ...н өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд тэрээр өөрийн охин Б....д уг орон сууцыг бусдад худалдахаар зар тавих, түүний дагуу бусдад танилцуулах, худалдахаар тохиролцсон тохиолдолд төлбөрийг хүлээн авах зөвшөөрөл олгож, орон сууцыг ..., түүний нөхөр хэмээн танилцуулсан Б.... нарт үзүүлж, ...өд худалдахаар тохиролцсон болох нь хариуцагчийн тайлбар болон ..., ... нарын шүүхэд гэрчээр өгсөн тайлбар, Б.... болон ... нарын Фейсбүүк мессенжерээр харилцсан чат захидал зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 39-54, 60, 106-107 дугаар тал/

Хариуцагч ...ын тавьсан зарын дагуу ... түүнтэй холбогдож, уг орон сууцыг худалдан авахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг өмчлөгч ...тай бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч ...өд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.... нь 280,000,000 төгрөгийг 3 хуваан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 150,000,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөгөөр тус тус өөрийн танил ах гэх ... ...ын Голомт банк дахь дансанд шилжүүлсэн гэж тайлбарлан, мөнгөн шилжүүлгийн баримт, ...ББСБ ХХК-ийн гадаад валют худалдаж авах, худалдах баримт, тус байгууллагын захирал ... тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргасан. /Хавтаст хэргийн 5-10, 29 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтуудаар хариуцагч Б....д 280,000,000 төгрөг дансаар шилжүүлж, түүнийг хариуцагч хүлээн авсан болох нь тогтоогдсон ба хариуцагч энэ талаар маргаагүй, мөнгийг авснаа хүлээн зөвшөөрнө.

Б....оос Б.... руу 280,000,000 төгрөг шилжүүлсэн нь зохигчдын тайлбар болон төлбөрийн баримтуудаар тогтоогдож байгаа боловч уг мөнгийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар Б.... нь ...ийн ...тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг түүний өмнөөс биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр Б...., Б.... нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, ...ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнээс 280,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б....нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....ос 280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б....нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,557,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА