Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01600

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01600

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02331 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-д холбогдох

280 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагч Б.С-, түүний өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- миний бие өөрийн танил Б.М-өөр байр судлуулан, Б.М нь Unegui.mn сайт дээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Мандала хотхонд 3 өрөө байр байна, зарах хүнтэй холбогдсон, дотор тавилгатай зарна гэж байна гэж хэлж үзүүлж байсан. Тэгээд өөрийн хуримтлуулж доллар болгон хадгалж байсан мөнгөн хөрөнгийг Найман шарга валют худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг танил ах Н.Амгаланбаатар дээр очиж солиулж, түүгээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150 000 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80 000 000 төгрөг, нийт 280 000 000 төгрөгийг Б.Солонгын Голомт банк дахь 1305113505 дугаар дансанд шилжүүлж байрны төлбөрийг бүрэн дуусгасан. Гэтэл тухайн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хамааралгүй өөр хүний нэрд шилжүүлэн өгсөн байна. Иймд миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, бусдад шилжүүлсэн байх тул байрны төлбөрт шилжүүлсэн 280 000 000 төгрөгийг Б.С-ос нэхэмжилж байна. Энэ байрыг танилцуулахдаа манай аавын байр гэж хэлсэн байдаг. Мөнгө авсан өгсөн дээр талууд маргадаггүй. Б.С- нь уг орон сууцны өмчлөгч биш, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс орон сууцыг бусдад худалдах талаар итгэмжлэл аваагүй учир Б.Б-оос 280 000 000 төгрөгийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн аав Ц.Б-ын өмч болох Ү-2204096155 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/3 байрны 144 тоотын орон сууцыг аав Ц.Б-ын хүсэлтээр 2020 он 11 дүгээр сард unegui.mn вэбсайтад зарахаар зар байршуулсан. 2020 оны 12 дугаар сарын 01-нд Б.М- гэх эмэгтэй уг орон сууцыг сонирхож залгасан ба нөхөр гэж танилцуулсан эрэгтэйтэй хамт ирж үзэн, худалдан авахаар болсон. 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний хооронд төлбөр бүрэн барагдуулсан хугацаанд Б.М- гэх эмэгтэйтэй холбоотой байсан ба нөхөр болох хүн нь Б.М-ийн хэлсэн хугацаанд аав Ц.Б-ын зөвшөөрсний дагуу Б.С- миний Голомт банкны дансанд 280 000 000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн хүн нь н.Амгаланбаатар гэж хүн байсан. Тохиролцсон мөнгөн дүнг шилжүүлж барагдуулсан тул 2021 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр Б.М-тэй миний аав Ц.Б- уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр н.Мөнхсайхан гэх эмэгтэй утсаар ярьж, манай нөхрийг Б.Б- гэдэг, чи нөхрийн маань өмчийг өөр хүнд шилжүүлсэн байна гэж хэлсний хариуд би Б.Б- гэж хүн танихгүй, аав Ц.Б- маань орон сууцыг гэр бүл гэж харагдсан эхнэр нөхөрт зарсан, худалдагч тал болох бидэнд буруу байхгүй гээд гэмгүйг нотлох худалдан авагч тал болох Б.М-тэй холбогдохыг зөвлөсөн. Энэ өдөр би Б.Б- гэх хүнийг фейсбүүкээр хайж үзээд Б.М-ийн нөхөр хэмээн танилцуулсан эрэгтэйг Б.Б- байсан гэдгийг царайгаар нь таньсан. 2020 оны 12 дугаар сараас 2021 онд н.Мөнхсайхан гэх эмэгтэйг залгах хүртэл 8 сарын хугацаанд гэр бүлийн эхнэр нөхөрт орон сууцыг зарсан гэж бодсон ба энэ бүх хугацаанд Б.Б- бидэнтэй холбогдож байгаагүй. Энэ орон сууцыг аав Ц.Б-ын өмч гэдгийг эхний өдөр Б.М-өд хэлсэн, бидний бичсэн мессеж хадгалагдсан байгаа. Тэрээр хамт ирж уулзсан эрэгтэйг нөхөр гэж танилцуулсан учир хоорондоо хамааралгүй гэж бодохгүй байна.

Би ааваасаа авсан зөвшөөрлийн дагуу байрыг зарахаар зар тавьж, аавынхаа зөвшөөрлийн дагуу төлбөрийг өөрийн дансаар авсан. Б.М- намайг өөрийнхөө нэр дээр авчих гэж байна гэсэн учир түүний нэр дээр шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сард над руу Авлигатай тэмцэх газраас ярьсан. Дараа нь 7 дугаар сард эхнэр нь гэж хүн ярьсан. Б.М-өөс энэ талаар тодруулахад хуучин эхнэр нь байна гэж хэлсэн. Би Б.Б-той ярьж байгаагүй, надад өөртөө авах байрыг Б.М-өөр судлуулж байна гэж хэлээгүй. Б.С- уг орон сууцыг өөрийнх биш, харин аавын байр гэдгийг хэлж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан чат мессежүүдээр тогтоогдсон. Зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардаж байгаа юм байна. худалдах, худалдан авах гэрээг хариуцагчийн аав Ц.Б- нь Б.М-тэй байгуулж, өөрийн орон сууцаа худалдсан байна. Хариуцагч 280 000 000 төгрөгийг аваад ууж идээд, зарж үрэн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал харагдахгүй байна. Хариуцагч Б.С- бол худалдагч талыг төлөөлөн холбогдсоноос биш орон сууцыг зарах эрх байхгүй. Зарсан мөнгийг аавдаа өгсөн, нэхэмжлэгчийг хохироосон гэж буй этгээд нь хариуцагч биш байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-ос 280 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 557 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.С- нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш, өөрөөр хэлбэл, захиран зарцуулах эрхгүй атлаа орон сууцыг өөрийн өмч мэтээр Б.Б-од танилцуулж нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт 280 000 000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан үйлдэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгийг ундэслэлгүйгээр олж авсан үйлдэл гэж үзэж байна. 280 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар ч хариуцагч маргадаггүй бөгөөд тухайн мөнгийг орон сууцны төлбөрт хүлээн авсан гэж тайлбарладаг. Түүнчлэн, анхан шатны шүүх ...орон сууцыг Б.М-өд худалдахаар тохиролцсон болох нь хариуцагчийн тайлбар болон Ц.Б-, Б.М- нарын шүүхэд гэрчээр өгсөн тайлбар, Б.С- болон Б.М- нарын фэйсбүүк мессенжерээр харилцсан чат зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар Б.Б- нь Б.М-ийн Ц.Б-тай байгуулсан худалдах худалдах авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг түүний өмнөөс биелүүлсэн гэж үзэхээр байна. гэжээ. Гэрч Б.М- нь ...тухайн орон сууцыг надад бэлэглэсэн, би нэг ч төгрөг гаргаагүй хэмээн мэдүүлдэг бөгөөд иргэн Б.Б- нь Б.М- гэх хүнд ямар нэг өр төлбөр байхгүй, түүний өмнөөс 280 000 000 төгрөгийн орон сууцны төлбөрийг нь төлөх, түүнд орон сууц бэлэглэх ямар нэг үндэс байхгүй учраас шүүхэд орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан нэхэмжилж байгаа.

 

Түүнчлэн, Б.Б- нь тухайн орон сууцны төлбөр болох 280 000 000 төгрөгийг хариуцагч Б.Солонгын Голомт банкны дансанд 3 удаагийн гүйлгээр шилжүүлсэн бөгөөд ийнхүү тухайн төлбөрийг төлөхдөө Б.М-ийг байрны төлбөрт гэсэн утгаар нэг ч удаа гүйлгээ хийж байгаагүй. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас гаргасан 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжид ...Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол уг мэдүүлэг нотолгооны чадвараа алдана хэмээн заасан бөгөөд шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Б-, Б.М- нарын мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслээгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдсээр байтал анхан шатны шүүх энэ талаар нь огг үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлэлгүй хэргийг зөвхөн гэрчийн мэдүүлэг болон Б.С-, Б.М- нарын хоорондоо харилцсан чат зэрэгт үндэслэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргийг харгалзан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.С-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 280 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-ийн 2, 16/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан журам ноцтой зөрчигдсөн тохиолдолд зөрчил бүхий ажиллагаанд үндэслэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагад нийцдэггүй.

 

Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч А.С-г томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно гэж заасан журам, хууль ёсны шүүх, шүүгчээр хэргийг шийдвэрлүүлэх зарчим тус тус зөрчигдсөн байна.

 

Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэл болдог

 

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан ...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдаан хуралдаан хэзээ, хаана болохыг товлох хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн эсэх, эсхүл хуульд заасан хугацаа дууссан, шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдол байсан эсэх нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн хариуцагч Б.С- Б.М-ийг гуравдагч этгээдийн хувиар оролцуулах, Б.М- өөрөө гуравдагч этгээдээр оролцох хүсэлт тус тус гаргасан байхад /хх-ийн 27, 103/ гэрчээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасныг зөрчсөн байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг залруулах, давж заалдах гомдолд дурдсан асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02331 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ