Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00846

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00846

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00868 дугаар шийдвэртэй

Б.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Сд холбогдох

Бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээд Б.М

280,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одонтунгалаг, хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, гуравдагч этгээд Б.М, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Б орон сууц худалдан авахаар өөрийн танил Б.Мөөр дамжуулан зуучлуулсан. Б.М нь үнэгүй.мн сайтаас Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Мандала хотхоны 3 өрөө орон сууц байна гэж хэлснээр нэхэмжлэгч Б.Мийн хамтаар хариуцагч Б.Стой уулзсан. Тухайн үед Б.С нь уг орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц гэж танилцуулж, 280,000,000 төгрөгөөр худалдана гэсэн тул худалдаж авахаар тохиролцсон. Орон сууцны төлбөрийн 50,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 150,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, үлдэх 80,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчийн данс руу шилжүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл тухайн орон сууц нь хариуцагч Б.Солонгын өмч биш, түүний эцгийн өмч болж таарсан. Хариуцагчийн аав нь тухайн орон сууцыг төлбөр төлөгч Б.Бод биш өөр хүний өмчлөлд шилжүүлсэн. Хэдийгээр Б.Б нь орон сууц худалдан авахаар хариуцагч Б.Солонгын данс руу мөнгө шилжүүлсэн боловч өнөөдрийн байдлаар байр ч байхгүй, мөнгө ч байхгүй байдалд орсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц гэж нэхэмжлэгчид ойлгуулсан, мөн өмчлөлийг нэхэмжлэгчид биш гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Иймд талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчаас орон сууцны төлбөрт шилжүүлсэн 280,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Солонгын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие аавынхаа зөвшөөрлөөр 2020 оны 11 сард үнэгүй.мн сайт дээр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Мандала хотхоны 3 өрөө орон сууцыг худалдахаар зар байршуулсан. Б.М гэх эмэгтэй надтай холбогдож нөхөр гэх Б.Бын хамт ирж орон сууцыг үзсэн бөгөөд миний бие Б.Бой огт харьцаагүй. Улмаар Б.М нь уг орон сууцыг худалдан авахаар болж 50,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 150,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, үлдэх 80,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлж дуусгасан бөгөөд уг мөнгийг би аавынхаа зөвшөөрлийн дагуу өөрийн дансаар шилжүүлж авсан. 2020 оны 01 дүгээр сард манай аав орон сууцыг улсын бүртгэлд Б.Мийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үүний дараа 2020 оны 7 дугаар сард Б.Б гэдэг хүний эхнэр н.Мөнхсайхан гэх эмэгтэй над руу залгаад ...манай нөхрийг Б.Б гэдэг чи манай нөхрийн өмчийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байна гээд ярьсан. Би болохоор Б.Мийн нөхөр гээд танилцуулсан хүний нэрийг нь ч мэдэхгүй надад хэлээгүй байсан учраас мөнгө шилжүүлсэн н.Амгаланбаатар гэдэг нэртэй гэж ойлгож явж байсан. Миний бие уг орон сууцыг зөвхөн худалдах талаар аавдаа зуучилсан бөгөөд мөнгийг өөртөө аваагүй. Тухайн үед Б.Мийг орон сууц худалдаж авч байна гэж ойлгосон. Тийм ч учраас манай аав орон сууцыг Б.Мөд шилжүүлж өгсөн. Иймд хариуцагчийг 280,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Г.Мийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн тайлбар, татгалзлын агуулга: Б.М нь Баянзүрх дүүрэг, 26 хороо, 0000 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320\3 байр 144 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.С нарын хооронд үүссэн иргэний хэрэг маргаанаас Б.Мийн өмчлөх эрх зөрчигдөх ёсгүй туйлын эрх гэж үзэж байна. Б.М нь тухайн иргэний хэрэгт өмнө нь гэрчээр оролцохдоо гаргасан тайлбар, мэдүүлгийг дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.Б нь Б.Мийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 280,000,000 төгрөгийг Б.Солонгын данс руу шилжүүлсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд тушаах 2 хувийн татварыг төлсөн, бүртгэлийн мэдүүлгийг өөрийн гараар бөглөж бүртгүүлсэн гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Сос 280,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч Б.Солонгын давж заалдах гомдлын агуулга: ... Б.С нь 2020 оны 11 сард өөрийн эцэг Ц.Баасанжаргалын нэр дээрх орон сууцыг худалдахаар зар байршуулсан бөгөөд зарын дагуу Б.М холбогдсон, Б.Бийг нөхөр гэж танилцуулан хамт орон сууцыг үзэж, худалдаж авахаар тохиролцсон. Би Б.Мтэй цахим шуудангаар харилцаж, Б.Мөнх- Ертөнцийн орон сууцны үнэ 280,000,000 төгрөгийг түүний нөхөр хэмээн танилцуулсан хүн Амгаланбаатар гэх данснаас цувуулан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн шилжүүлсэн ба хожим Б.Б гэгч болсон. Худалдагч тал үнийг төлөх үүргээ биелүүлсэн тул орон сууц худалдах, худалдан авах гэрээ Б.М, орон сууцны өмчлөгч Ц.Баасанжаргалын хооронд хийгдэж орон сууцны өмчлөх эрх Б.Мийн нэр дээр шилжсэн. Нэхэмжлэгч Б.Б орон сууцыг бусдад шилжүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 280,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хангасан. Анхан шатны шүүх нь хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь тус шүүхэд Орон сууцны төлбөр 280,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ ...байрны төлбөрийг бүрэн төлсөн боловч тухайн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хамааралгүй өөр хүний нэр дээр шилжүүлэн өгсөн гэж тодорхойлон маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан мэтээр тайлбарлаж, хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Анхан шатны шүүх санаачлагаараа дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 62-68, 72 гэх мэт маш олон заалтыг зөрчиж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар тухайн орон сууцыг худалдах, худалдан авахтай холбоотой талууд хэн аль нь төөрөлдсөн гэж хэдэн учраа мэдэхгүй, эрх зүйн бүрэн чадвар чадамжтай эсэх нь ч тодорхойгүй нөхдүүд хэлцэл хийсэн мэтээр дүгнээд байгааг зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ үйл баримтууд хоорондоо шалтгаант холбоотой, гэрээний оролцогч этгээдүүдийн төөрөгдөл нь шалтгаант холбоо болж байна гэсэн ямар ч ойлгомжгүй дүгнэлт хийснээс үзэхэд энэ хэрэгт гэрчийн статустай оролцсон миний аав Ц.Баасанжаргалыг болон гуравдагч этгээд Б.М нарыг ч мөн төөрөгдсөн гэж үзсэн. Улмаар нэхэмжлэлийг хангахад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж ямар ч хоорондоо логик холбоогүй, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс бичмэл нотлох баримтаар Сайред ББСБ ХХК-ийн тодорхойлолт, мөнгө шилжүүлсэн баримтууд, Төрийн банкны болон Хаан банкны шилжүүлгийн баримтууд л гаргасан болохоос хариуцагчийн татгалзал, тайлбарыг үгүйсгэх өөр нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Харин түүний гаргаж өгсөн бичмэл баримтууд нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүргээ гүйцэлдүүлсэн болохыг нотлохоос хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх баримт биш юм. Гагцхүү өөрийн эцэг Ц.Баасанжаргалын хүсэл зоригийг дамжуулах зорилгоор тэдэнтэй уулзаж, байрыг үзүүлж байсан. Нэхэмжлэгчийн гэх 280,000,000 төгрөг, Амгаланбаатар гэх этгээдийн данснаас хариуцагч Б.Солонгын данс руу орсон асуудлыг мөн анхан шатны шүүхээс буруу үнэлж дүгнэсэн байх ба дээр дурдсанчлан хариуцагчийн хувьд орон сууцыг бусдад худалдах болон орон сууцны төлбөрийг өөрийн өмчлөлд авах эрхгүй, ийм итгэмжлэл олгогдоогүй, гагцхүү орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан, өөрийн төрсөн эцэг Ц.Баасанжаргалын хүсэл зоригийн дагуу Б.Солонгын дансаар дамжуулан өмчлөх эрхээ шилжүүлсний төлбөрийг Ц.Баасанжаргал хүлээж авч байгаа хэлбэр юм. Гуравдагч этгээд Б.Мөнх- Ертөнцийн орон сууц худалдаж авч байгаа мөнгө хэнийх байх нь чухал биш тул орон сууцны төлбөр бүрэн барагдсан учраас өмчлөх эрхийг шилжүүлсэн асуудлыг шүүх буруу дүгнэж, орон сууцны өмчлөгч Ц.Баасанжаргал нь гуравдагч этгээдэд орон сууцаа шилжүүлчихээд мөнгийг нь хариуцагч Б.Сос аваагүй дансанд байгаад байгаа учраас Б.С үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүх гуравдагч этгээдийн тайлбарыг шийдвэртээ тусгаагүй, дүгнээгүй зэргээс үзэхэд хэт нэг талд үйлчилсэн болох нь нотлогдсон гэж үзэж байна. Б.Б анх гуравдагч этгээд Б.Мийн хамтаар орон сууцыг үзэж сонирхоод явахдаа нэг ч үг дуугараагүй, мөнгийг шилжүүлсэн талаар хариуцагчтай болон Ц.Баасанжаргалтай нэг ч холбогдоогүй, уулзаагүй, орон сууцны үнийг бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг өөрийнх нь нэр дээр шилжүүлэх талаар нэг ч уулзаагүй, тэр ч бүү хэл улсын бүртгэлийн байгууллагаар өмчлөх эрхийг Б.Мийн нэр дээр шилжүүлэх үед хамт явж, үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг нь өөрөө төлж өгч хамт явж байсан. Мөн өмчлөх эрх гуравдагч этгээдийн нэр дээр 2021.01 сард шилжсэнийг мэдсэн хэрнээ 2021.07.22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ орон сууцыг өөрт нь шилжүүлэх ёстой талаар нэг ч уулзаагүй, утсаар яриагүй байсан хэрнээ гэнэт ийнхүү 6 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэгч нь төөрөгдсөн талаар дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэснийг харуулж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1.1-д заасныг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг нэхэмжлэгч тал өөрөө нотлоогүй, заагаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан тайлбартаа Баянзүрх дүүрэг, 26 хороо, 0000 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320\3 байр 144 тоот хаягт байрлах орон сууцыг бусдад шилжүүлсэн тул Б.Сд төлсөн төлбөр 280,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар шаардлагын үндэслэлээ тодорхойлж, өөрөөр хэлбэл гэрээний үүрэг шаардсан байхад шүүх гэрээний бус үүрэг буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн талууд Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан төөрөгдлийн талаар мэтгэлцээгүй, энэ талаар шүүх хуралдаан дээр юу ч яригдаагүй, шүүгч энэ талаар асууж тодруулаагүй хэрнээ шийдвэрээ гаргахдаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь ойлгомжгүй. Өнөөдрийн байдлаар Ц.Баасанжаргал, Б.М нарын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байхад шүүх хэн хэний хооронд хэзээ байгуулагдсан ямар гэрээг хаанаас гаргаж ирээд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхэд болон шүүх хуралдаанд гуравдагч этгээд М нь нэхэмжлэгчтэй хамтдаа хариуцагчтай уулзаж, байрыг үзсэн, үнэ 280,000,000 төгрөгөөр тохирч, шилжүүлсэн, мөн орон сууц худалдах худалдан авах гэрээг хэрхэн хэнтэй хийх, үл хөдлөх эд хөрөнгийг хэний нэр дээр шилжүүлэх, бүртгүүлэх зэрэг асуудлыг нэхэмжлэгч Б.Б зааж зааварласан, төлбөрийг өөрөө сайн дураараа төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэхэд мэдүүлгийг өөрийн гараар бичиж, ногдох татвар хураамжийг төлсөн ... гэх тайлбарыг удаа дараа гаргаж, уг үйл баримтуудыг нотолсон бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөөр байхад түүнд ямар нэгэн байдлаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, тухайн шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэн байхад шүүх энэ талаар анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан төөрөгдөл нь гэрээний талуудын хооронд, өөрөөр хэлбэл хэлцэл хийж байгаа нэг тал нь хэлцлийн нөгөө талын хувийн шинж байдалд төөрөгдсөн байхыг шаарддаг ба шүүх гэрээний бус оролцогчийг төөрөгдсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Баасанжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М нарын хооронд байгуулагдсан. Энэхүү гэрээний оролцогчид төөрөгдөлд орсон талаар шүүх хуралдаан дээр яригдаагүй, мэтгэлцээгүй, хэрэгт ямар нэгэн бичгийн баримт авагдаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ангид асуудлаар, төөрөгдөөгүй хүмүүсийг санаачлагаараа төөрөгдсөн мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Шүүх зохигчдын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болохыг тодорхойлж чадаагүй байж, төөрөгдсөн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Нэхэмжлэгч хэн нэгэнтэй гэрээ байгуулаагүй, гэрээний оролцогчийн хувьд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар төөрөгдсөн бол 58.6-д зааснаар нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байхаар зохицуулсан, харин сонирхогч этгээдийн хувьд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-д зааснаар зохицуулахаар хуульчилжээ. Гэтэл шүүх хэний нэхэмжлэлээр ямар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа нь тодорхойгүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одонтунгалагийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Б.Бын хувьд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд 280,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Б Ц.Баасанжаргал гэх хүнтэй эрх зүйн харилцаанд ороогүй. Худалдах-худалдан авах гэрээний хувьд нэг нь орон сууц авахаар мөнгө шилжүүлэх нөгөө нь орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үйл явц юм. Орон сууц худалдаж авахаар Б.Б мөнгө шилжүүлсэн. Гэтэл Б.С нь тухайн орон сууцыг Б.Бод шилжүүлээгүй. Миний худалдаж авах гээд мөнгө шилжүүлсэн орон сууцыг Б.М худалдан авч байгаа бол Ц.Баасанжаргал, Б.М хоёрын худалдах-худалдан авах харилцаа надад хамааралгүй гэж үзэж Б.Сд шилжүүлсэн мөнгөө буцааж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Худалдах- худалдан авах гэрээний хүсэл зоригоо илэрхийлээд Б.С надад орон сууцыг шилжүүлж өгөх гэх үндэслэлээр мөнгө шилжүүлсэн. Хэрвээ Б.М худалдах-худалдан авах гэрээ хийсний дараа Б.Б мөнгө шилжүүлсэн бол бусдын өмнө хүлээсэн үүрэг гүйцэтгэсэн болно. Гэтэл Ц.Баасанжаргал Б.М нар 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлцэл хийсэн. Б.Б 2020 оны 12 дугаар сараас 2-ны өдрөөс эхэлж төлбөрийг төлж 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч гомдолдоо 6 сар хүртэл нэхэмжлэлээ гаргаагүй гэх асуудал ярьж байна. 6 сарын хугацаанд шаардаагүй бол шаардах эрхээ алдана гэж байгаа юм уу энэ асуудал нь ойлгомжгүй. Гэрээ болон хуульд заасан үндэслэлээр хүнд өмчлөх эрх үүсдэг. Хүсэл сонирхлоо илэрхийлээд мөнгө шилжүүлсэн, байраа аваагүй учир мөнгөө авъя гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.М хүний орон сууцанд амьдарч байгаа бол Ц.Баасанжаргалд мөнгийг нь төлөх ёстой. Байрыг өмчлөлд шилжүүлээгүй, өөр хүний өмчлөлд шилжүүлсэн бол мөнгөө буцааж авах эрхтэй. Б.М нь тус байрны мөнгийг төлөх, төлөхгүй бол Ц.Баасанжаргал буцаан шаардах эрхтэй гэжээ.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэжээ.

9. Хариуцагч Б.Солонгын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Сд холбогдуулан 280,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Сд 280,000,000 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлсэн, гуравдагч этгээд Б.Мөөр дамжуулан орон сууц авах байсан, уг орон сууц өөрийнх нь нэр дээр шилжээгүй байна гэж,

хариуцагч Б.С ...аав Б.Баасанжаргалын хүсэлтийн дагуу орон сууцыг худалдахаар түүний нэрийн өмнөөс зар тавьж, уг зарын дагуу Б.Мтэй холбогдсон, Б.Баасанжаргал Б.М нарын хооронд худалдах, худалдан авах байгуулсан, 280,000,000 төгрөг нь Б.Баасанжаргалын орон сууцны үнэ гэж тус тус тайлбарласан байна.

5. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Баасанжаргал, Б.М нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 0000 нийслэл хүрээ өргөн чөлөөний гудамж, 000 дугаар байрны 000 тоотод байрлах 89,87 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авагч Б.М нь худалдагч Ц.Баасанжаргалаас 115,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон,

нэхэмжлэгч Б.Б нь Голомт банк дахь хариуцагчийн эзэмшлийн 1305113505 дугаар дансанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөг, нийт 280,000,000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг хариуцагч Б.С хүлээн авсан, мөн орон сууц гуравдагч этгээд Б.Мийн өмчлөлд бүртгэлтэй байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6. Анхан шатны шүүх Б.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 57, 58 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

7. Тодруулбал, анхан шатны шүүх тухайн орон сууцыг худалдах, худалдан авахтай холбоотой талаар гэрээний талууд хэн аль нь төөрөгдсөн гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцны өмчлөгч, орон сууцыг худалдагч гэж үзсэн бол, хариуцагч нь гуравдагч этгээд Б.Мийг худалдан авагч гэж үзэн орон сууцны үнийг хүлээн авсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

8. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж заасан, хэлцэл хийгч хэлцлийн агуулгын талаар эсхүл голлох шинж байдлын талаар төөрөгдөхийг ойлгох бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б.С нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, гэрээний талууд биш байхад хуулийн дээрх заалтад хамааруулан дүгнэсэн байгаа нь ойлгомжгүй байна.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч Б.С, гуравдагч этгээд Б.М, гэрч Ц.Баасанжаргал нарын гаргасан тайлбараас үзэхэд Б.С өөрийн эцэг Б.Баасанжаргалын даалгаврын дагуу түүний өмчлөлийн орон сууцыг худалдах зар тавьж, орон сууцны үнэ буюу мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.

10. Б.С бусдаас 280,000,000 төгрөгийг ямар нэгэн үндэслэлгүйгээр өөртөө шилжүүлж аваагүй болно. Өөрийн эцэг Ц.Баасанжаргалаас нь орон сууц худалдан авсан Б.Мын өмнөөс Б.Б төлсөн мөнгөн хөрөнгийг авсан байна.

11. Б.Б Б.Мийн худалдан авсан орон сууцны үнэ 280,000,000 төгрөгийг Б.Сд шилжүүлсэн нь зохигчдын тайлбар болон төлбөрийн баримтуудаар тогтоогдсон. /хх.5-10/ Иймд уг мөнгийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар Б.Б нь Б.Мийн Ц.Баасанжаргалтай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгт Ц.Баасанжаргалын охин Б.Солонгын дансанд шилжүүлсэн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож энэ талаар давж заалдсан хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Бын нэхэмжлэлтэй Б.Сд холбогдох 280,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,557,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО