Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/02822

 

 

 

 

 

 

 

 

 

2020 10 20 183/ШШ2020/02822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хоро, Чингисийн өргөн чөлөө, ТВ-0 байр, 0 тоот хаягт байрлах, МХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Энхжин хотхон, 000 байр, 00 тоот хаягт байрлах, Х ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 591 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Т.А, хариуцагчийн төлөөлөгч Г.Х, түүний өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор Үйлдвэр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам болон манай МХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээ байгуулж, манай компанид 183 000 000 төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тонн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд зээлээр дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гэрээний дагуу МХХК, Х ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан МБ-02 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 22 394 593 төгрөг, гэрээнд заасан алданги 11 197 296 төгрөг, нийт 33 591 890 төгрөгийн шаардлага гаргаж байна.

Үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа утсаар болон албан бичгээр Х ХХК-д мэдэгдсэн, тус компани ямар ч төлбөр төлөхгүй, хугацаа авч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Нэхэмжлэлийн шаадлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрийг дэмжих тухай Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолыг үндэслэн Сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах тухай гэрээг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр МХХК болон Х ХХК хооронд байгуулсан бөгөөд үүнтэй хариуцагчийн хувьд маргахгүй. Гэвч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ биш харин 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулсан. Нийлүүлсэн бүтээгдэхүүний үнээс 10 000 000 төгрөгийн төлсөн, 22 394 593 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргахгүй. Манай компани эрх бүхий байгууллагын буруу шийдвэрийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар тогтвортойгоор нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж байсан. Төлбөр төлөх баталгаа гаргаж байсан зүйл огт байхгүй. Бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжгүй болсон тул гэрээгээр хүлээн авсан барааны төлбөрийг төлөх боломжгүй болсон байсан. Нэхэмжлэгч хуульд хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 591 890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн хүлээн авсан талаар маргаагүй ба харин ...Боловсрол шинжлэн ухааны яам болон холбогдох эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаанаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Талуудын хооронд 2013 оны 07 сарын 25-ны өд МБ-02 дугаар хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч МХХК нь 24/2 ээрмэл цагаан саарал өнгөөр 1 837 кг утсыг, нэг кг-ын үнэ 28 270 төгрөг, нийт 51 931 990 төгрөгийн утсыг худалдан авагч Х ХХК-д хавсралтад заасан графикаар нийлүүлэхээр, худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд /хуваарьт/ төлж барагдуулах, талууд гэрээт ажлаа графикт хугацаанд биелүүлээгүй буюу гэрээнд заагдсан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги хүлээнэ гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба анзын тохиролцоо нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч МХХК нь гэрээний дагуу нийт 32 394 593 төгрөгийн утсыг хариуцагч Х ХХК-д нийлүүлсэн, хариуцагчаас гэрээний төлбөрт 10 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Гэрээнд төлбөр төлөх хугацааг хавсралтаар тохиролцохоор тусгасан боловч төлбөр төлөх хугацааг тухайлан тохиролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан ба талууд 2014 оны 09 сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага тооцоо нийлж, Х ХХК нь 22 394 593 төгрөгийн өртэй болох талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн, 12/39 дугаар нэхэмжлэхээр төлбөр төлөх хугацааг 2014 оны 12 сарын 18-ны өдрөөр тогтоожээ. /хх-18/

 

Нэхэмжлэгч МХХК нь 2017 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл удаа дараа хариуцагчтай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 18/94 тоот, 2020 оны 03 сарын 19-ны өдрийн 20/025 тоот албан бичгээр тус тус хариуцагчид хүргүүлж байжээ. /хх-16, 24-25/

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн ... хариуцагч 2020 оны 03 сарын 25-ны өдөр мэйлээр гэрээний үүрэг биелүүлэхээс татгалзсан хариу ирүүлснээр шаардах эрх үүссэн... гэх тайлбар үндэслэлгүй ба шаардах эрх төлбөр төлөх хугацаа тогтоосон 2014 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн тоологдох тул Иргэний хуулийн 75 дуБ.гаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 сарын 18-ны өдрөөр дууссан байна. Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг буюу алданги шаардах эрх мөн үгүйсгэгдэнэ.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан, өөрөөр хэлбэл энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч МХХК-ийн Х ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 591 890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325 909 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан МХХК-ийн Х ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 591 890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ