Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00457

 

 

 

 

 

 

 

 

       2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00457

                   Улаанбаатар хот

                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...тоотод оршин суух, Б.А /.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. тоотод түр оршин суух, Д.О /..../-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , хариуцагч Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.О-н  хүсэлтээр 2015 оны 9 сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулсан. Ингээд зээлийн гэрээний 2015 оны 10 сарын 22-ны өдөр дууссан ба Д.О 2015 оны 11 сарын 05-ны өдөр 9 800 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тодорхой төлөлт хийхгүй байгаа тул Д.О -с  үндсэн зээл 17 200 000 төгрөг, зээлийн алданги 8 600 000 төгрөг, нийт 25 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан. Шүүх хуралдаанд Д.О нь үндэслэлгүй тайлбар хэлж, худлаа ярьж байна. Энэ хүн өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө НБМ ББСБ-ын барьцаанд тавьж, 10 000 000 төгрөгийн зээл авч, авсан зээлээ надад өгсөн түүнээс надад тэр хашаа байшин хамааралгүй. Үлдсэн мөнгөө төлөх талаар ямар нэг санаачилга гаргаагүй. 2015 оны 9 сарын 22-ны өдрийн зээл өгөхөөс өмнө уг хашаа байшингаа Х ББСБ-ын барьцаанд тавьсан алдах гээд байна барьцаанаас суллаад өгөөч гээд гуйгаад байхаар нь 2015 оны 7 сард би 7 700 000 төгрөгийг ББСБ-д өгч, уг хашаа байшинг барьцаанаас суллаж өгсөн ба Д.О-т  14 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд надаас нийт 21 700 000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгөө төлж дуусгаад дахиад сүүлийн гэрээг хийж 25 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэв.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 сарын 22-ны өдрийн  25 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч уг мөнгийг бэлнээр аваагүй. Миний бие Б.А оос урьд нь 7 сард  21 700 000 төгрөгийг авсан  бөгөөд уг мөнгөнөөс 7 000 000 төгрөгийг нь Х ББСБ-аас авсан зээлээ хаагаад, үлдэгдэл 14 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд уг мөнгийг төлж чадахгүй байсан тул НБМ финанс ББСБ-иас хашаа байшингаа барьцаалж, 10 000 000 төгрөгийг зээлж, уг мөнгөнөөс 9 800 000 төгрөгийг Б.А од бэлнээр өгсөн. Уг ББСБ-аас авсан зээлээ төлж чадахгүй нэхэгдээд байхаар нь Б.А од хашаа байшингаа суллаж өгөөд ББСБ-ын зээлийг хааж, үлдэгдэл төлбөрөөс Б.А ын зээлийг хааж дуусгахаар тохирсон. Гэтэл одоо миний хашаа байшинг авсан хэрнээ дахин мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Хэрэв би 10 000 000 төгрөгөнд хашаа байшингаа бодож өгөх байсан бол юу боллоо гэж өөрийнхөө гэр бүлийг орох оронгүй болгож ийм зүйл хийх вэ, зөвшөөрөхгүй байна. Би Б.А оос 2015 оны 7 сард мөнгө зээлэхдээ гэрээ хийж байсан боловч энэ гэрээгээ олохгүй байгаа гэв.

  Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А  хариуцагч Д.О-т  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 19 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 6 800 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

             Талуудын хооронд 2015 оны 9 сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ бичгийн  хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Д.О-т  25 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэйгээр, 2015 оны 10 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлж, зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн тохиолдолд хуульд зааснаар алданги тооцохоор тохиролцож, бэлнээр хүлээн авсан 25 000 000 төгрөг гэж тэмдэглэсэн гэрээг байгуулсан байна./хх-ийн 3/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... талуудын хооронд 2015 оны 9 сарын 22-ны өдөр бичгээр байгуулагдаж, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэж шаардаж     байх ба хариуцагч тал уг гэрээг байгуулсан нь үнэн боловч өмнө авсан мөнгийг, хүү, алдангийн хамт тооцож, нийт дүнг 25 000 000 төгрөг болгож гэрээ хийсэн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Б.А оос мөнгө зээлж, тодорхой төлбөрийг НБМ финанс ББСБ-аас зээл авч, зээлийн төлбөрт 9 800 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх ба талууд уг асуудлаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч нь ББСБ-аас зээл авахдаа өөрийн өмчлөлийн хашаа байшинг барьцаалж зээл авсан бөгөөд уг зээлийн төлбөр болон нэхэмжлэгч Б.А оос авсан зээлийн төлбөрт хашаа байшингаа шилжүүлж өгсөн гэж тайлбарласан хэдий ч энэ талаараа нотлоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг” хүлээдэг, “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба талууд уг гэрээгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэвч хариуцагчийн эрхэлсэн ажилгүй, орлогогүй, төлбөр төлөх чадваргүй, түүнчлэн өөрийн хөрөнгийг зээлийн барьцаанд өгөөд авч чадаагүй гэж тайлбар гаргаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ хэт их байвал шүүх хэргийг нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэсэнд харшлахгүй байх тул хариуцагч Д.О -с  алданги 3 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Түүнчлэн хариуцагч Д.О нь татгалзлын үндэслэлээ нотлохоор дансны хуулга болон зээлийн гэрээг холбогдох байгууллагуудаас гаргуулж, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч эдгээр баримтуудаар дээрх хариуцагчийн татгалзал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 15 200 000 төгрөг /25 000 000-9 800 000/, алданги 3 200 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөгийг хариуцагч Д.О -с  гаргуулах нь хуульд нийцэх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 282.8 дахь  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О -с  19 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А од олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6 800 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 286 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О -с  улсын тэмдэгтийн хураамжинд 252 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ