Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01338

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00457 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 936 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.О-гийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Уг зээлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байсан. Д.О 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 9 800 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тодорхой төлөлт хийхгүй байна. Тэрээр үл хөдлөх эд хөрөнгөө “НБМ ББСБ” ХХК-д барьцаанд тавьж, 10 000 000 төгрөгийн зээл авч, авсан зээлээ надад төлсөн болохоос надад хашаа байшин нь хамааралгүй, үлдсэн мөнгөө төлөх талаар ямар нэг санаачилга гаргаагүй. 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээл өгөхөөс өмнө уг хашаа байшингаа “Хөгжил финанс ББСБ” ХХК-д барьцаанд тавьсан, алдах гээд байна, барьцаанаас суллаад өгөөч гээд гуйгаад байхаар нь 2015 оны 7 сард би 7 700 000 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллагад төлж хашаа байшинг нь барьцаанаас суллаж өгсөн. Хариуцагч Д.О-т 14 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд надаас нийт 21 700 000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгөө төлж дуусгаад дахиад сүүлийн гэрээг хийж 25 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Иймд Д.О-гээс үндсэн зээл 17 200 000 төгрөг, зээлийн алданги 8 600 000 төгрөг, нийт 25 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч уг мөнгийг бэлнээр аваагүй. Нэхэмжлэгч Б.А-оос урьд нь 2015 оны 7 сард  21 700 000 төгрөгийг аваад уг мөнгөнөөс 7 000 000 төгрөгийг нь “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас авсан зээлээ хаагаад, үлдэгдэл 14 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд уг мөнгийг төлж чадахгүй байсан тул “НБМ финанс ББСБ” ХХК-иас хашаа байшингаа барьцаалж, 10 000 000 төгрөгийг зээлж, уг мөнгөнөөс 9 800 000 төгрөгийг Б.А-д бэлнээр өгсөн. Уг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүй нэхэгдээд байхаар нь Б.Аод хашаа байшингаа суллаж өгөөд банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хааж, үлдэгдэл төлбөрөөс Б.А-ын зээлийг хааж дуусгахаар тохирсон. Гэтэл одоо миний хашаа байшинг авсан хэрнээ дахин мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв би 10 000 000 төгрөгт хашаа байшингаа бодож өгөх байсан бол өөрийнхөө гэр бүлийг орох оронгүй болгохгүй байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00457 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 282.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-гээс19 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6 800 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 286 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-гээс улсын тэмдэгтийн хураамжинд  252 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аод олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 936 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 9 000 000 төгрөг” гэснийг “...18 400 000 төгрөг” гэж, “...6 800 000 төгрөг” гэснийг “...7 400 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “...252 950” гэснийг “...249 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болоод байгаа зээлийн гэрээ нь үндсэн зээлийн гэрээ биш, зээл өгч аваагүй байхад энэ баримтыг л үндэслэл болгож маргааныг шийдсэнд гомдолтой байгаа юм.

Сүүлд хийсэн гэрээ нь миний барьцаанд тавьсан байсан хашаа, байшинг өмчлөх эрхийг “НБМ” ББСБ өөр дээрээ шилжүүлэн авсан. Ингэхдээ миний хашаа, байшинг өмчлөх эрхийг шилжүүлж авах гэрээн дээр Б.А, “НБМ” ББСБ-ээс захирал О хоёр надад хэлж итгүүлэхдээ “бид өөрийн чинь 2 ш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авч байна, одоо та бидний хэнд нь ч ямар нэг өр төлбөргүй, бүх асуудал дууссан, тиймээс танд энэ сүүлийн гэрээний хувь ч хэрэггүй” гээд тэр 2 аваад явсан, ингэхдээ энэ зээлийн гэрээн дээрээ 25 сая төгрөг бэлнээр авсан мэтээр зуруулсан юм байна. Одоо миний 2 ш үл хөдлөх эд хөрөнгө “НБМ” ББСБ-ын захирал О-гийн аав Ганбаатарын нэр дээр очсон. Тэгсэн хэрнээ миний өрийг хаагаагүй, Б.Аоор нэхэмжлэл гаргуулаад намайг хий өр төлбөрт оруулж байгаа нь хоорондоо үгсэн тохирч иргэн намайг хэт хохироосон үйлдэл боллоо. Би энэ нөхцөл байдлыг шүүхэд тайлбарласан боловч, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг үнэлэхдээ, дансны хуулга гаргаж өгсөөр атал аваагүй гэдгээ нотолж чадаагүй тул авсан гэж үзлээ гэж шийдсэн нь буруу боллоо. Зээлийн гэрээ нь бодит гэрээ буюу бодитоор мөнгийг хүлээж авснаар байгуулагдсан тооцогддог гэрээ гэж Иргэний хуульд заасан байна. Мөнгийг нь авсан бол бүх нөхцөл байдал тодорхой болох байсан. Би санхүүгийн боломжгүйгээс өмгөөлөгч авч чадаагүй юм. 2 давхацсан зээлийн гэрээний асуудлыг тодруулж байж хэргийг шийдэх боломжоор хангаж, анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгч миний амьдралд тус болно уу гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.О-гээс зээлийн гэрээний гүйцэтгэлд 25 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Д.О нь эд хөрөнгөөр зээлийн төлбөрөө барагдуулсан гэж марган, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Б.А 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй Д.О-т зээлүүлсэн байна. Шүүх энэхүү гэрээг хэлбэр, агуулгын зөрчилгүй, хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч Д.О зээлийн төлбөрт 9 800 000 төгрөг төлжээ.

Үүнээс гадна хариуцагч Д.О нь “НБМ финанс ББСБ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5%-ийн хүүтэй зээлсэн байх ба уг зээлийн үүрэгт гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг барьцаалсан байна. Д.О нь банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг зээлдүүлэгч байгууллагын захирлын эцгийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарласан байна.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлийн гэрээний харилцаа иргэд хоорондын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Д.О-гээс банк бус санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт нэхэмжлэгч Б.А-оос авсан зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн шүүхийн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тооцооны алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 936 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН