Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00936

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/00936

 

 

Б.Ариунболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00457 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Ариунболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Оюунцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ариунболд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Отгонбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Оюунцэцэгийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Уг зээлийн хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байсан. Д.Оюунцэцэг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 9 800 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тодорхой төлөлт хийхгүй байна. Тэрээр үл хөдлөх эд хөрөнгөө НБМ ББСБ ХХК-д барьцаанд тавьж, 10 000 000 төгрөгийн зээл авч, авсан зээлээ надад төлсөн болохоос надад хашаа байшин нь хамааралгүй, үлдсэн мөнгөө төлөх талаар ямар нэг санаачилга гаргаагүй. 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зээл өгөхөөс өмнө уг хашаа байшингаа Хөгжил финанс ББСБ ХХК-д барьцаанд тавьсан, алдах гээд байна, барьцаанаас суллаад өгөөч гээд гуйгаад байхаар нь 2015 оны 7 сард би 7 700 000 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллагад төлж хашаа байшинг нь барьцаанаас суллаж өгсөн. Хариуцагч Д.Оюунцэцэгт 14 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд надаас нийт 21 700 000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгөө төлж дуусгаад дахиад сүүлийн гэрээг хийж 25 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд Д.Оюунцэцэгээс үндсэн зээл 17 200 000 төгрөг, зээлийн алданги 8 600 000 төгрөг, нийт 25 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

Хариуцагч Д.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 9 сарын 22-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч уг мөнгийг бэлнээр аваагүй. Нэхэмжлэгч Б.Ариунболдоос урьд нь 2015 оны 7 сард  21 700 000 төгрөгийг аваад уг мөнгөнөөс 7 000 000 төгрөгийг нь Хөгжил финанс ББСБ ХХК-аас авсан зээлээ хаагаад, үлдэгдэл 14 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд уг мөнгийг төлж чадахгүй байсан тул НБМ финанс ББСБ ХХК-аас хашаа байшингаа барьцаалж, 10 000 000 төгрөгийг зээлж, уг мөнгөнөөс 9 800 000 төгрөгийг Б.Ариунболдод бэлнээр өгсөн. Уг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүй нэхэгдээд байхаар нь Б.Ариунболдод хашаа байшингаа суллаж өгөөд банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хааж, үлдэгдэл төлбөрөөс Б.Ариунболдын зээлийг хааж дуусгахаар тохирсон. Гэтэл одоо миний хашаа байшинг авсан хэрнээ дахин мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв би 10 000 000 төгрөгт хашаа байшингаа бодож өгөх байсан бол өөрийнхөө гэр бүлийг орох оронгүй болгохгүй байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 282.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оюунцэцэгээс 19 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунболдод олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6 800 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 286 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюунцэцэгээс  улсын тэмдэгтийн хураамжинд  252 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунболдод олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 21 700 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 25 000 000 төгрөг зээлдүүлсэн мэт шүүхэд буруу ойлголт төрүүлсэн. Би нөхрийн хамт анх 21 700 000 төгрөгийн гэрээ хийсэн нь үнэн. Харин энэ мөнгөнөөс Б.Ариунболд миний өмнөх зээлийг хаасан. Б.Ариунболдод банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг тул миний байдлыг сайн мэддэг байсан юм. Б.Ариунболд 3 сарын хүүд 2 400 000 төгрөг шууд суутгаж, үлдэгдэл 11 000 000 гаруй төгрөг гар дээрээ авсан. Сүүлд хийсэн гэрээ нь миний барьцаанд тавьсан байсан хашаа, байшинг өмчлөх эрхийг НБМ ББСБ ХХК өөрийн нэр дээр авахдаа Б.Ариунболд гэрээнд гарын үсэг зурж, бидний хэн алинд нь та өргүй болсон, зээлийн төлбөрийнхөө оронд 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч байна, танд одоо сүүлийн гэрээний нэг хувь хэрэггүй гээд надад өгөлгүй аваад явсан. Б.Ариунболд өөрийн эртний танил болох НБМ ББСБ ХХК-ийн захирал Оюунцэцэгтэй нийлж тус гэрээнд 25 000 000 төгрөгийг бэлнээр авсан мэтээр гарын үсэг зуруулсан байсан. Одоо миний үл хөдлөх эд хөрөнгүүд НБМ ББСБ ХХК-ийн захирал Оюунцэцэгийн аав Ганбаатарын нэр дээр бүртгэлтэй байгаа. Би уг байдлыг шүүхэд тайлбарласан боловч хэрэгт ач холбогдол бүхий миний үл хөдлөх эд хөрөнгүүдийн лавлагааг холбогдох байгууллагаас авсангүй. Хэрэв уг лавлагааг гаргуулсан бол бүх зүйл тодорхой болох байсан. Би санхүүгийн боломжгүйн улмаас өмгөөлөгч авч чадаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг авч байж хэргийг шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооны талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ариунболд нь хариуцагч Д.Оюунцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... НБМ финанс ББСБ ХХК-иас авсан зээлээ төлж чадаагүй тул хашаа, байшингаа Б.Ариунболдод суллаж өгөөд, банк бус санхүүгийн байгууллагын зээлийг Б.Ариунболд өөрөөсөө авсан зээлийн хамт хаахаар тохирсон атлаа дахин мөнгө нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Ариунболд нь зээлдэгч Д.Оюунцэцэгт 25 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ныг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 3 тал/

 

Нэхэмжлэгч Б.Ариунболд болон хариуцагч Д.Оюунцэцэг нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Б.Ариунболд нь хариуцагч Д.Оюунцэцэгээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр анхны зээлийн гэрээний үүрэгт 9 800 000 төгрөг төлсөн эсэх асуудлаар маргаагүй болно.

Мөн хариуцагч Д.Оюунцэцэг болон НБМ финанс ББСБ ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 5А тоотод байрлах 214 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах 63 м.кв хувийн сууцыг тус тус барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 27-34 тал/

 

Хариуцагч Д.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь НБМ ББСБ ХХК-ийн захирал н.Оюунцэцэгийн аав н.Ганбаатарын нэр дээр шилжсэн гэж тайлбарласан байх ба нэхэмжлэгч Б.Ариунболд банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлд ямар хамааралтай, барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч зээлийн үүрэгт авсан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Хариуцагч Д.Оюунцэцэгийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 183/ШЗ2017/11625 дугаар захирамжаар НБМ финанс ББСБ ХХК-аас НБМ финанс ББСБ ХХК болон Д.Оюунцэцэг нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Д.Оюунцэцэгийн депозит дансны хуулга зэрэг бичгийн баримтуудыг гаргуулсан байна. Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Оюунцэцэг нь банк бус санхүүгийн байгууллагатай тусдаа бие даасан зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд энэ зээлд нэхэмжлэгч Б.Ариунболдыг хамааруулан үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Оюунцэцэг зээлийн гэрээний үүрэгт 9 800 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 15 200 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Гэрээний 2.6-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж зааснаар алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг 3 800 000 төгрөг болгон багасгасныг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.Ариунболд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үнийн дүнг 25 800 000 төгрөгөөр тодорхойлсон боловч шүүх талуудын бичгээр байгуулсан гэрээний үнийн дүнг үндэслэж зээлийн үлдэгдэл төлбөр 15 200 000 төгрөг, алданги 3 200 000 төгрөг /25 000 000 9 800 000 + 3 200 000/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш юм. Харин анхан шатны шүүх тооцооны алдаа гаргаж нийт 19 000 000 төгрөг гэж бичсэнийг 18 400 000 гэж өөрчлөх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хариуцагч Д.Оюунцэцэг хэн нэгний буруугаас эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд шаардлага гаргах эрх нь нээлттэй байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ... 19 000 000 төгрөг гэснийг ...18 400 000 төгрөг гэж, ...6 800 000 төгрөг гэснийг ...7 400 000 төгрөг гэж,

2 дахь заалтын ...252 950 гэснийг ...249 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО