Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/02538

 

 

 

 

 

 

 

 

 

2020 9 22 183/ШШ2020/02538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Туулын гудамж, UB TOWN хотхонд байрлах, Б /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүүгээр хороо, UB TOWN хотхоны 00-0 байр, 00 тоот хаягт оршин суух, Г овогт М-ын Б/РД:0000000/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 738 686 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.П, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.4-т сууц өмчлөгчид ноогдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчдийн оролцох хувь хэмжээ гэж, Иргэний хуулийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж хадгалж хамгаалахдаа бусад өмчлөлийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүрэгтэй гэж, 148.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 147.1, 147.2 болон СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХ-ийн 16.2-т орон сууцны 1 буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасан байдаг учраас нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой. Гэтэл эдгээр хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, СӨХ-ны үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөхгүй байгаа учраас сууц өмчлөгч М.Болорболдод дээрх хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. М.Бнь 2016 оны 2 сараас 2019 оны 11 сар дуустал 1 738 686 төгрөг төлөөгүй бөгөөд түүнд Иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон биечлэн, утсаар мэдээллийн самбарт төлбөрийг тавьж шаардах зэргээр мэдэгдэж байгаа ч үл ойшоож өнөөдрийг хүрсний улмаас тус холбооны ажил бүрэн явагдаж чадахгүй цахилгааны болон хог хаягдал хураамж зэрэг татварын өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид СӨХ-оос үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа тул М.Боос 1 738 686 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Өмнөх СӨХ-ийг барилгын компани байгуулж, өөрийнхөө компанийн ажилчдыг томилсон байдаг. Барилгын компани баталгаат 3 жилийн хугацаа дуусах гэж байхад, нөгөө ажлууд нь хийгдэхгүй, хийгдсэн ч дутуу, хагас дутуу хийгдэж байсан тул өмнөх СӨХ-ын төлбөрийг 2016 оны 02 сараас эхлэн төлөхгүй гэдгээ хэлсэн. Шинэ СӨХ-ны төлбөр үүссэн шалтгаан нь өмнөх СӨХ-ыг ажлаа хийхгүй байна гэж татан буулгахад би өөрөө оролцсон. Шинэ СӨХ-нд өмнөх СӨХ-ны төлбөрийг төлөхгүй, шинэ СӨХ-ны төлбөрийг нэхэмжлээд явбал төлнө гэдгээ хэлсэн. Хуучин СӨХ-г ажил хийхгүй байна гэж унагачихаад ажил хийсэн гэж надаас төлбөр авна гэдэг нь үндэслэлгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Өр төлбөртэй айлуудад үйлчилгээ үзүүлэхгүй, харуул хамгаалалт муу байгаа учраас эд хөрөнгө алдагдах, гэмтэж бэртэхэд бид нар хариуцлага хүлээхгүй зэрэг бүх хариуцлагаас зугтааж, үүнийгээ фейсбүүкээр мэдэгдэж байсан. Нэр төрд халдаж фейсбүүкээр намайг гутаан доромжилсон. 2014 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол гэж байгаа. Түүний дагуу дүрмээ баталсан, дүрэм нь хууль бус гэж миний зүгээс үзэж байгаа. Дүрмийн эхний нүүрэн дээр хамрах хүрээ гэж 131 айл байтал, СӨХ-ыг хүлээн зөвшөөрсөн айлуудын нэр гэж 23 байхаас 19 нь гарын зурсан байдаг. Үүний дотор миний гарын үсэг биш байгаа. Гишүүдийн хурлын тогтоолд 8 хүний нэр дурдагдсан байснаас 4 хүний нэр нь 19 хүний нэр нь дунд байдаг. н.Золжаргал, н.Батбаатар, н.Хишгээ, н.Отгонбаатар зэрэг хүмүүс нь тухайн байранд амьдардаггүй, тухайн СӨХ-ны хяналтын болон удирдах зөвлөлд томилогдсон. Хяналтын болон удирдах зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгоно гээд 7.2.4-д заасан байдаг. Ирц нь хүрээгүй, хяналтын болон удирдах зөвлөлийн гишүүд энэ байранд амьдардаггүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралдаж оролцдоггүй гишүүдийн 3-ны 2-оос доошгүй хувийн саналаар 50 дээш биш 66 хувиас дээш саналаар гээд заасан байгаа. Гэтэл 130 гаруй хүний асуудлаар биш арван хэдэн хүн буюу хуурамч маягаар хийсэн гэж үзэж байгаа. Шинэ СӨХ байгуулагдаад ТУЗ-өөс хуучин үнэлгээг хэвээр нь үлдээх талаар тогтоол гаргаж өгсөн байдаг. ТУЗ нь дундын өмчлөл, эд хөрөнгийн засвар хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг хуваарилах асуудлыг дангаар шийдэх эрхгүй байдаг. Энийг бүх нийтийн хурлаар шийддэг байгаа. Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, орон сууцны байршлын харуул хамгаалал засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх оролцох журам гэж 6.1.6-д заасан байдаг бөгөөд энийг холбооны дүрэмд заавал тусгасан байх ёстой. Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан байна. 131-ээс 65 хүн багадаа оролцох байсан байна. 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно гэж заасан байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Бнь хариуцагч М.Б-д холбогдуулан 2016 оны 02 сараас 2019 оны 12 сарыг хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 738 686 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 01 сарын 19-ний өдөр бүх гишүүдийн анхдугаар хурлаар холбоог зохион байгуулах хурлын шийдвэр гаргаж, Хан-Уул дүүргийн UB Town хотхоны 81А, 81Б байрыг хамруулан, СӨХ-г UB Town нэртэйгээр дүрмээ нийт гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан байх бөгөөд бүргүүлж, гэрчилгээ авахдаа Бгэж оноосон нэрээ өөрчлсөн бүртгүүлжээ.

 

Хариуцагч М.Бнь Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хорооны UB Town хотхон, 81-1-40 тоотын өмчлөгч буюу тус СӨХ-ны гишүүн болох талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Бнь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу байгуулагдсан болох нь тогтоогдож байх тул шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч 2014 оны 01 сарын 19-ний өдөр бүх гишүүдийн хурал хүчингүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь УБ таун хотхоны СӨХ-ны төлбөрийг батлах тухай 2018 оны 11 сарын 20-ны өдрийн ТУЗ-ын хурлын протоколыг үндэслэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Харин 2014 оны 01 сарын 19-ний бүх гишүүдийн хурлаар баталсан СӨХ-ны дүрэмд сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх журмаа тодорхойлж тус барилгын оршин суугчдаас сар бүр эзэмшлийн талбайгаас үл хамаарч 1-2 давхар 25 000 төгрөг, 3-10 давхар 30 000 тус тус авна.гэж дүрэмдээ тусгасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.5-д заасанд нийцэх тул дээрх тогтоосон хэмжээгээр тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч М.Бнь 2016 оны 02 сараас хойш огт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлөөгүй шалтгаанаа ...өртэй айлуудад үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, тус барилгыг барьж ашиглалтад оруулсан компани ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь 2016 оны 02 сараас хойш огт ашиглалтын зардал төлөөгүй, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч Бнь 2019 оны 12 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас урьд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 2016 оны 2 сараас 12 сард хамаарагдах хугацааны ашиглалтын зардал шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

 

Харин 2017 оны 1 сараас хойших хугацааны төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 2019 оны 12 сарыг хүртэлх хугацаанд хамаарах орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал /48 сар х 30 000 = 1 440 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж Бид СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 298 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б/РД:ХЗ83010313/-оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 440 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бид СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 298 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 37 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ