Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар  001/ХТ2022/01179

 

 

                               “Б” СӨХ--ны нэхэмжлэлтэй

                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02538 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2421 дүгээр магадлалтай,

“Б” СӨХ--ны нэхэмжлэлтэй,

М.Б-од холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,738,686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Б-ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбалжир, хариуцагч М.Б, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” СӨХ нь хариуцагч М.Б-од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,738,686 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02538 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б  (РД:ХЗ8301.....)-оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,440,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 298,686 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 37,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2421 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02538 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1,440,000” гэснийг “1,080,000” гэж, 2 дахь заалтын “37,990” гэснийг “30,470” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 38,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2421 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. ...... town СӨХ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдаагүй талаар: Нотлох баримт (СӨХ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн оршин суугчдын гарын үсэг болон СӨХ-ны дүрэм)-аас харахад 2014.01.19-ний өдрийн Бүх гишүүдийн хуралд нийт хамрах хүрээ нь 131 айл байхад 23 нэр байгаагаас 19 хүн гарын үсэг зурсан нь дүрэмд заасан хувьд хүрээгүй буюу уг хурлаас гарсан аливаа дүрэм, журам гэх мэт бүхий л зүйлс хүчин төгөлдөр бус юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.2-т “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 9.3-т “Хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно”, 9.4-т “Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно.” гэж тус тус заасан. Хуурамч, миний гарын үсэг биш байх тул бичгийн хэв таниулах үзлэг хийх хүсэлт өгсөн боловч шүүгч татгалзсан. Гишүүдийн хурлын тогтоол дахь удирдах болон хяналтын зөвлөлд сонгогдсон хүмүүсийн тал буюу 4 нь дээрх 23 хүний нэрсийн жагсаалтад байхгүй буюу эдгээр хүмүүсийг оршин суугч гэдгийг батлах ямар нэг нотлох баримт байдаггүй. 7.2.4-т зааснаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох бөгөөд хурлын шийдвэр болон тэмдэглэл байхгүй. 5.4-т “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно”, 8.4-т “хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж холбооны тэмдгээр баталгаажуулна” гэж заасан боловч холбогдох бүхий л баримт бичиг холбооны тамга, тэмдэггүй. Төлбөр төлөх үндэслэл болох журам нь хүчин төгөлдөр бус байх ба 6.1-д “Холбооны дүрэмд дараах зүйлийг заавал тусгана”, 6.1.6-д “сууц өмчлөгч бүрээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам”, 9.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байна.

4.2. “Б” СӨХ- нь ... town СӨХ-ны өр авлага болон бусад шинээр тооцоо нэхэмжлэх эрхгүй этгээд болох талаар: Хавтаст хэрэгт ... town СӨХ-г өөрчлөн зохион байгуулсан эсвэл бүхий л эрх, үүргийг нь шилжүүлсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй. “Б” СӨХ--ны дүрмийн 10.2-т “Холбоог өөрчлөн зохион байгуулахдаа нийт суугч өмчлөгчдийн 85 хувийн ирцээр өөрчилнө” (Уг хууль бус дүрмийг шүүх хүчин төгөлдөр гэж үзвэл)... гэж, 7.2-т “Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 7.2.5-д “холбоог өөрчлөн байгуулна” гэж заажээ.

4.3 “Б” СӨХ--нд хамаарах гэрчилгээнээс өөр ямар ч бичиг баримт, дүрэм журам байхгүй талаар:  СӨХ-ны төлбөр батлах тухай гэх ТУЗ-ийн хурлын протокол байх ч ТУЗ ийм эрхгүй. 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 7.2-т “Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 7.2.1-д “холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасан.

4.4. Оршин суугчийн эрхэнд халдсан буюу үйлчилгээ үзүүлэх үүргээсээ татгалзсан атал тухайн үйлчилгээний хөлсийг нэхсэн талаар:  Энэ талаар СӨХ-ны мэдэгдлийн талаар  Fасеbоок-т үзлэг хийх, цонхны дээрх СӨХ-ны мэдэгдлийг зураг хэлбэрээр нотлох баримтаар оруулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүгч “СӨХ-оос энэ дээр маргахгүй гэсэн тул хангахгүй” гэсэн байна. Энэ мэт олон удаагийн хурал дээр оршин суугчийн эрхэд халдаж болохгүйгээ ойлгон, хотхон руу машин орох чипийг сүүлд өгсөн бөгөөд үүнийгээ эрхэнд халдах үйлдлээ таслан зогсоосон мэтээр тайлбарладаг боловч  нэхэмжлэлийн хамрах хугацаанд хамаарахгүй. Авто хаалтаар нэвтрүүлэхгүй буюу машин оруулах, граж ашиглах боломжгүй, эд хөрөнгө алдагдвал хариуцлага хүлээхгүй, камер шүүж өгөхгүй, үйлчилгээ үзүүлэхгүй, санал хүсэлт авдаггүй. Эндээс өөрсдийнх нь үнэлснээр нийт 19.4 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлээгүй. Шүүгч дүгнэхдээ “Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, бас бус холбогдох материалыг нотлох баримтаар гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, мөн СӨХ-ны дүрмийг хүчингүй болгуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй” хэмээн тайлбарласан. Дээрх материалууд нэхэмжлэгч талд зарим нь байхгүй байсан тул шүүхэд хүсэлт гаргасныг хангасан байдаг. Нэхэмжлэгчээс протоколыг нэхсэн боловч байхгүй гэсэн тул дээрх хүсэлтийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Миний зүгээс нэхэмжлэгч талаас ямар нэг юм авахгүй тул сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Харин тэд л авах гээд байгаа тул тэрийгээ нотлох ёстой. Хууль бус, дээр нь тодорхойгүй үнэлгээ бүхий зүйлийг төлөхийг шаардах нь ёс зүйд нийцэхгүй. 

4.5. “Б” СӨХ-нд хамаарах хугацааны жишиг үнэлгээ бүхий тэднээс авсан үйлчилгээнийхээ төлбөрийн сайн дураар төлөхөө илэрхийлсэн. Харин уг нэхэмжлэлээс ямар нэг зүйл хүлээн зөвшөөрөөгүй. Өмнөх төлбөрийн хувьд уг барилгыг барьсан компани манай гэрт хийх дутуу ажлуудаа өөрийн байгуулсан СӨХ-оор дамжуулан хийлгэхээр болсон бөгөөд хийж өгтөл нь цахилгаан, дулаан болон СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж мэдэгдэн төлөхөө больсон. Тухайн үед СӨХ нь өөрийн төлбөрөөс гадна цахилгаан, дулааны төлбөрийг хамтад нь нэхэмжилж авдаг байсан тул манай хэрэглээг хязгаарлан төлбөрөө авах бүрэн боломжтой байсан. “Б” СӨХ нь өмнөх төлбөрийг өөрт хамаатуулж байгаатай ижил тухайн ажлыг хийж өгнө гэвэл тус төлбөрийг төлөхөд асуудалгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Б” Сууц өмчлөгчдийн холбооноос (СӨХ) хариуцагч М.Б-од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,738,686 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 1,440,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 298,686 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 1,080,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

7. Нэхэмжлэгчээс “... М.Б нь 2016 оны 2 сараас 2019 оны 11 сар дуустал 1,738,686 төгрөгийн төлбөрөө төлөөгүй, үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үл ойшоож өнөөдрийг хүрсний улмаас тус холбооны ажил бүрэн явагдаж чадахгүй татварын өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид СӨХ-оос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа тул М.Б-оос 1,738,686 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү ...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “...Шинэ СӨХ-ны төлбөр үүссэн шалтгаан нь өмнөх СӨХ ажлаа хийгээгүйтэй холбоотой, шинэ СӨХ-нд уг төлбөрийг төлөхгүй. Шинэ СӨХ төлбөртэй айлуудад үйлчилгээ үзүүлэхгүй, харуул хамгаалалт муу байгаа учраас эд хөрөнгө алдагдах, гэмтэхэд “бид нар хариуцлага хүлээхгүй” зэргээр бүх хариуцлагаас зугтааж, үүнийгээ фейсбүүкээр мэдэгдэж байсан. Нэр төрд халдаж, фейсбүүкээр намайг гутаан доромжилсон. 2014.01.19-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол гэж байгаа... Гэвч энэ нь хүчин төгөлдөр бус... Шинэ СӨХ байгуулагдаад удирдах зөвлөлөөс хуучин үнэлгээг хэвээр нь үлдээх талаар тогтоол гаргаж өгсөн байдаг. Холбооны дүрэмд “бүх гишүүдийн тавиас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. Гэтэл үүнийг зөрчсөн ..., нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

9. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь хуулийн дагуу байгуулагдсан тул шаардах эрхтэй, хариуцагч 2014.01.19-ний өдөр бүх гишүүдийн хурал хүчингүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, 2014.01.19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан СӨХ-ны дүрэмд сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх журмаа тодорхойлж, тус барилгын оршин суугчдаас сар бүр эзэмшлийн талбайгаас үл хамаарч 1-2 давхар 25,000 төгрөг, 3-10 давхар 30,000  төгрөг тус тус авна гэж тусгасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.5-д заасанд нийцэх тул уг хэмжээгээр хариуцагчийн төлөх ёстой төлбөрийн хэмжээг тооцсон нь үндэслэлтэй. 2016 оны төлбөрийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахааргүй байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т тус тус зааснаар хариуцагч нь 2017 оны 1 сараас хойших хугацааны буюу сүүлийн 3 жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

10. Анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэсэн атлаа тооцооллын алдаа гаргаж, төлбөрийг 48 сараар тооцон хариуцагчаас 1,440,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан сүүлийн 3 жилийн буюу 36 сараар тооцож, нэхэмжлэлийн 1,080,000 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

11. Иймд, хариуцагчийн “өмнөх болон шинэ СӨХ нь хуулийн дагуу байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь өмнөх СӨХ-ны төлбөрийг шаардах эрхгүй” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.3-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч байгууллагыг хууль зөрчиж байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

12. СӨХ болон сууц өмчлөгчийн хооронд үүсэх харилцаа нь сайн дурын үндсэн дээр үүсэх гэрээний харилцаа биш, харин хуульд зааснаар үүргийн харилцаа тул нэг талаас СӨХ нь “сууц өмчлөгч төлбөрөө төлөөгүй тул үйлчилгээ үзүүлэхгүй” гэж татгалзах эрхгүй, зохих ёсны үйлчилгээгээ үзүүлэх үүрэгтэй, мөн төлбөрөө шаардах эрхтэй, хэрэв сууц өмчлөгч төлбөрөө төлөхгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой, нөгөө талаас сууц өмчлөгч нь “үйлчилгээ үзүүлээгүй эсвэл шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр төлбөр төлөхгүй” гэх эрхгүй, зохих төлбөрөө төлөх үүрэгтэй, зохих үйлчилгээгээ шаардах эрхтэй. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-т заасан “оршин суугчийн эрхэнд халдаж, үйлчилгээ үзүүлэх үүргээсээ татгалзсан атлаа үйлчилгээний хөлсийг нэхэж байгаа нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй. 

13. Мөн СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “... орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй...” нэгдэл тул сууц өмчлөгчийн өөрийн өмчийн сууцны засвар, үйлчилгээг хариуцахгүй. Энэ нь уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.2-т зааснаар сууц өмчлөгчийн өөрийнх нь үүрэг тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.5) хангах боломжгүй.

14. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2421 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 30,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                               Д.ЦОЛМОН