Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00871

 

 

 

БСӨХ-ны нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00541 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БСӨХ-ны хариуцагч М.Бхолбогдуулан гаргасан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1 738 686 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүх хуралдаанд хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгосүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нийт сууц өмчлөгчид СӨХ-ны нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой. М.Б нь 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал 1 738 686 төгрөг төлөөгүй бөгөөд Иргэний хуульд заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон биечлэн, утсаар мэдээллийн самбарт төблөрийг тавьж шаардах зэргээр мэдэгдэж байгаа ч үл ойшоож өнөөдрийг хүрсэн. Үүний улмаас тус холбооны ажил бүрэн явагдаж чадахгүй цахилгааны болон хог хаягдалын хураамж зэрэг татварын өр төлбөрийн дарамтад орсон байдалтйа байгаагаас оршин суугчид СӨХ-оос үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа тул М.Боос 1 738 686 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагчийн тайлбарт: Уг барилгыг барьсан компани хийх ёстой дутуу ажлуудаа өөрийн байгуулсан СӨХ-оор дамжуулан хийлгэхээр болсон ба уг ажлыг хийж өгтөл нь төлбөрийг төлөхгүй гэж мэдэгдсэн. Анхны СӨХ-г ажлаа хийхгүй байна гэж шүүгчийн захирамжаар бүх оршин суугчдын хурал зарлуулан, шинэ СӨХ байгуулсан. Хуучин СӨХ-ны төлбөрийг төлөх боломжгүй. Харин шинэ төлбөрөө салгаж нэхэмжлэх талаар хэлсэн боловч заавар бүгдийг авна гэсэн. СӨХ өртэй айлуудад үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн учраас зарим төлбөрүүдийг нь төлөх боломжгүй талаар хэлсэн гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар ............ овогтой М-ын Б /РД:.../ нийтийн зориулалттай орон сууцын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 511 150 төгрөг гаргуулан, БСӨХ-нд олгож, шаардлагаас үлдэх 1 227 536 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 42 770 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 15 985 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Пүрэвцэндийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Төрийн банкны төлбөрийн баримт дээр 2018 он гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа болсон. Төлбөр 2016 оноос хойш төлөгдөөгүй хуримтлагдсан. СӨХ-ны зардал төлөх нь гэрээний үүрэг биш хуулиар хүлээсэн үүрэг тул хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж үзэхгүй. БСӨХ 2018 онд үүсгэн байгуулагдаагүй, нийтийн хурал хийж зөвхөн удирдлага шинэчлэгдсэн. Нэхэмжлэгч, хариуцагч 2 талын эрх ашиг бус нийт 294 өрхийн оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч 2 жилийн хугацаанд хотхоны бусад оршин суугчдын мөнгөөр орцоо цэвэрлүүлж, лифтээ засуулж, орц, гаражийн гэрлийн төлбөрөө хийлгэж, ногоон байгууламж гадна талбайн арчилгааны төлбөрөө төлүүлж, хогоо бусдын мөнгөөр ачуулж байсан болж таарах гээд байна.

 

Хариуцагч М.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүгч нийт 11 сарын төлбөр гаргуулах үндэслэлдээ СӨХ-ны ТУЗ-ийн протоколоор төлбөр төлөхөөр тогтоосон гэх боловч СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар ТУЗ-д ийм эрх, үүрэг байдаггүй. Харин СӨХ-ны дүрэмд заавал тусгах зүйлд 6.1.6 сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам тус хуульд заасан байна. 6.2-т холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална, 7.1-д холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. Юуг үндэслэж 2019 оны 5-6 сарын төлбөрт 67 200 төгрөг нэмж гаргуулах болсон нь тодорхой бус байна. Өртэй айлуудад үйлчилгээ үзүүлэхгүй, эд хөрөнгө тоногдоход хариуцахгүй гэх мэдэгдлийг хотхоны фэйсбүк группт удаа дараа гаргаж оршин суугчдын эрхийг хязгаарлах буюу халдах, өөрийн ажил үүргээс зугтах байдал үзүүлж байсан. Энэ талаар шүүх дээр үгүйсгэн бодитой тайлбар хийгээгүй байтал дээрхтэй холбоотой төлбөрүүдийг бүгдийг гаргуулах нь зөв эсэх. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч БСӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 738 686 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.Б хог, цэвэрлэгээний төлбөрийг хүлээн зөвшөөрч, бусад зардлыг эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх бөгөөд уг зардлын хэмжээг Холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хуралд оролцож буй нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар тогтоож шийдвэрлэхээр байна.

 

Хэрэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний сар бүр төлөх төлбөрийн хэмжээг дээрх хуульд заасан журмын дагуу хэлэлцэж баталсан гэх баримтгүй байна. Хариуцагч СӨХ-нд төлөх төлбөрийн хэмжээг нийт оршин суугчдын хурлаар тогтоогоогүй, Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл төлбөрийн хэмжээг тогтоох эрх бүхий этгээд биш гэж гомдол гаргасан нь үндэслэлтэй.

 

Шүүх хэргийн 6 дугаар тал дахь УБ таун хотхоны СӨХ-ны төлбөрийг батлах тухай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТУЗ-ын хурлын протокол гэх баримтыг үндэслэн хариуцагчаас төлбөл зохих зардлын хэмжээг тогтоон хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Тус хотхоны нийт оршин суугчдын хурлаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоосон шийдвэр гарсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00541 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 770 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

А.МӨНХЗУЛ