Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/00707

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/00707

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дагвасүрэнгийн Мийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хишигбаярын Мд холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунзаяа, хариуцагч Х.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Володя, гэрч Ц.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Дэлгэрмаа нар оролцов.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь өөрийн хүү М.Чингүүнгэрэлийн хамт Улсын бүртгэлийн Ү-2206052315 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 60г байрны 70 тоотод байрлах, 61 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Харин 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцны 30 хувийн өмчлөх эрхийг Х.Мд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн нотариатч Т.Мөнгөө нь өмчлөгч өөрт ноогдох хэсгээ бэлэглэж, бэлэглэлийн гэрээ байгуулсныг баталсан. Бэлэглэлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш Х.М нь Д.М болон хүү М.Чингүүнгэрэл нарын бие махбодид халдах үйлдлийг удаа дараа гаргасан учир Д.М гомдож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй талаар зохицуулсан ба мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэдэг нь Д.М болон хүү М.Чингүүнгэрэл нарын бие махбодид халдах, сэтгэл санааны болон гүн дарамтад оруулах үйлдлийг удаа дараа гаргасан, энэ нь ноцтой гомдоосон үндсэн шинж чанарт хамаарах тул дээрх заалтыг үндэслэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт Д.М болон хүү М.Чингүүнгэрэл нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг даалгаж өгнө үү.  Х.М, Д.М нар хамтран амьдарч байсан бөгөөд дундаасаа хүү М.Чингүүнгэрэлийг төрүүлсэн. 2016 онд нөхөр Х.М нь БНСУ-д ажиллахаар явж, Д.М хүүгийн хамт үлдсэн. Д.М 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкнаас 93.900.000 төгрөгийн зээлийг ах Д.Энхтөрийн хамт авсан бөгөөд маргаан бүхий орон сууцыг худалдан авахад зориулж дээрх зээлийг авсан байдаг. Х.М урьдчилгаа болон банкинд төлөх мөнгийг бүгдийг БНСУ-д ажиллаж байхдаа явуулж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тодорхой хэмжээний мөнгө явуулж байсанд маргахгүй, явуулсан мөнгийг хүүхдийн амьдрах орчин бүрдүүлэх, наад захын хэрэгцээг хангахад зориулсан гэдгийг ойлгох ёстой. Мөн Д.Мийн хоёр үеэл нь БНСУ-д ажиллаж байсан тул тэднээс мөнгө ирснийг үгүйсгэхгүй. Д.М нягтлангийн мэргэжилтэй өөрийн үндсэн ажлаас гадна давхар 2,3 газар тайлан баланс гаргаж өгдөг байсан, тэгэхээр дан ганц Х.Мийн мөнгөөр орон сууц авсан, зээл төлсөн гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Мийн бэлэглэлийн гэрээгээр 30 хувийг Х.Мд өгсөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 60г байр 70 тоот, 3 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Д.М өөрийн ах Д.Энхтөрийн хамт Голомт банк ХХК-иас 8 хувийн ипотекийн зээлээр 27 жилийн хугацаатай худалдаж авсан байр юм. Х.М 2016 оноос 2019 оны хооронд БНСУ-д ажиллаж байгаад энэ байрыг худалдаж авсан ба байрны үндсэн өмчлөгч нь Х.М байх ёстой. Учир нь хариуцагч Х.М БНСУ-д ажиллаж байх үедээ Д.Мийн Хаан банк ХХК-ийн данс руу сар бүр цалингаа шилжүүлдэг байсан. Тухайн орон сууц нь 134.142.000 төгрөгийн үнэтэй ба 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээ хийхдээ урьдчилгаа 30 хувь буюу 40.242.850 төгрөгийг төлж, үлдэх 93.900.000 төгрөгийг банкнаас зээлж авсан. Уг төлбөрийг 2016 оноос 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Х.М Д.М рүү шилжүүлдэг байсан. Х.Мээс шилжүүлсэн мөнгийг Д.М Голомт банк ХХК-ийн хадгаламжидаа шилжүүлээд орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн байдаг. Д.М 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 27 жилийн хугацаатай төлөх байсан төлбөрийг 6 жилийн хугацаатай төлөхөөр гэрээндээ өөрчлөлт оруулж, улмаар орон сууцны төлбөрөө 2019 ондоо бүрэн төлсөн. Д.М нь Х.Мийг БНСУ-д ажиллаж байхад хүүтэйгээ хамт амьдардаг байсан ба ганцаараа энэ их төлбөрийг төлсөн гэх боломжгүй, орон сууцыг худалдаж авах санхүүжилтийг Х.М гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Мийн үеэлүүд БНСУ-д ажилладаг, тэднээс мөнгө явуулсан байх боломжтой гэж тайлбарлаж байна. Хэрэв тэд мөнгө явуулсан бол нэр хаягаа бичихгүй мөнгө явуулах уу, тэд тийм их хэмжээний мөнгө өгөх үү гэдэг сонин, ямар ч үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Харин Х.М зарим тохиолдолд хүнээр дамжуулах, нэрээ бичилгүй явуулсныг далимдуулж, манай үеэлүүд явуулсан гэж худал ярьж байна. Тиймээс Д.М нь бэлэглэлийн гэрээний дагуу байгуулсан орон сууцны өмчлөх хэсэг буюу 30 хувийг нэхэмжлэх эрхгүй юм. Х.М нь БНСУ-д ажиллаж байх хугацаандаа Д.Мийн Хаан банк ХХК-ийн данс руу нийт 139.138.515 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж тайлбарласан боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримт буюу Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай баримт л авагдсан. Гомдоосон ноцтой үйлдэл гэдэг нь нийгэмд эзлэх байр суурьд халдсан байхыг ойлгоно. Хариуцагч Х.М Д.Мийг гомдоосон үйлдэл гаргаагүй тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэлд хамаарахгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.         

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Д.Мийн нэхэмжлэлтэй Х.Мд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр Д.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 60г байрны 70 тоотод байрлах, 61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны 30 хувийг Х.Мд бэлэглэсэн болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.М өөрийн өмчлөлийн орон сууцны оногдох хэсгээс Х.Мд бэлэглэсэн боловч бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж тайлбарлан Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Х.Мтэй байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Х.М бэлэглэлийн гэрээний зүйл болох орон сууцыг БНСУ-д ажиллаж олсон мөнгөөрөө худалдаж авсан ба нэхэмжлэгч Д.Мийг ноцтой гомдоосон үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргаж байгаа болно.

 

            Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т “...Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн...” бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор зохицуулжээ.

 

            Х.М нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Д.Мийн, 2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнө Д.М, М.Чингүүнгэрэл нарын бие махбодид гэмтэл учруулсан нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх ба Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт Д.Мээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагын тусгай дугаарт дуудлага бүртгэгдээгүй гэх, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт Х.Мд холбогдох З-6955 дугаар Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал зэрэг нь хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.М Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарын бие махбодид халдах, сэтгэл санааны болон гүн дарамтад оруулах үйлдлийг удаа дараа гаргасан нь ноцтой гомдоосон үндсэн шинж чанарт хамаарна гэж тайлбарлаж байх боловч гомдооно гэдэг нь тухайн этгээд буюу бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлөхийг хэлнэ. Нөгөө талаар бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, эсхүл бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн садан төрлийн байдал, гомдоосон үйлдлийг нийгэмд ил, эсхүл хувийн хүрээнд хийсэн эсэхийг харилцан харгалзахаас гадна бэлэглэгч бэлэг хүлээн авагчийг өөрөө өдөөн хатгасан эсэх, бэлэг хүлээн авагчийн үйлдлийг хувь хүний хувьд ойлгох боломжтой байсан эсэхийг харгалзах бөгөөд хэргийн баримтаас харахад дээр дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар Х.М, Д.М нар 2012  онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас  2013 оны 6 дугаар сарын 14-нд хүү М.Чингүүнгэрэл төрсөн байх ба тэд хамтран амьдрах хугацаандаа маргаан бүхий орон сууцыг банкнаас зээл авч худалдан авсан болох нь дараахь үйл баримтаар тогтоогдов..

 

Хариуцагч Х.М 2016  онд БНСУ-д ажиллахаар явж, Д.М хүүгийн хамт үлдсэн ба 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д.М ах Д.Энхтөрийн хамт Голомт банк ХХК-иас 93.900.000 төгрөгийн зээл авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байгагаас гадна тэд 27 жилийн хугацаанд төлөх байсан зээлийг 6 жилийн хугацаатай болгож зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж, улмаар төлбөрийг 2019 онд бүрэн төлж дуусгасан байна.

 

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаас харахад маргаан бүхий орон сууцыг Х.М, Д.М нар орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж худалдан авсан, банкнаас зээлж авсан мөнгөнөөс Х.М БНСУ-д ажиллаж байхдаа мөнгө явуулж төлж байсныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй ба тэдний хамт амьдрах хугацаандаа буй болгосон хөрөнгө гэж үзэхээр байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Х.Мд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Д.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Мд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Д.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН