Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00568

 

Д.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00707 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1100 дугаар магадлалтай,

Д.Мийн нэхэмжлэлтэй,

Х.Мд холбогдох,

2019.07.29-ний өдрийн “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгуулах, орон сууцны  өмчлөгчөөр Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Х.Мд холбогдуулан 2019.07.29-ний өдрийн “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөгчөөр Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00707 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Мд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Д.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1100 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай магадлал гаргасныг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Миний бие Д.М нь 2017 оны 5 дугаар сард Голомт банкны ипотекийн 8 хувийн зээлээр Хан-уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр Туул гол гудамжны 60/Г байрны 70 тоотод орших 61 м.кв байрыг өөрийн төрсөн ах болох Д.Энхтөрийн хамт орон сууц санхүүжүүлэх зээл авах замаар худалдан авч байсан юм. 2019.07.29-нд өөрийн өмчлөлийн орон сууцны 30%-ийг Х.Мд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.  Би өөрөө дээд боловсролтой нягтлан бодогч мэргэжилтэй, энэ салбартаа ажиллаад 10 гаран жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. Энэ хугацаанд би 7-9 компанийн санхүүгийн тайланг сар болгон бэлтгэж, энэ ажилдаа тохиролцсон цалин хөлс авдаг. Гэтэл намайг байр авах чадваргүй гэж хариуцагч талаас миний нэр хүндэд халдсан. Манай ах дүү нар, үеэлүүд тухайн үед Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа надад мөнгө илгээж байсныг нотолгоогүйгээр үгүйсгэж зөвхөн Х.М л мөнгө илгээдэг байсан мэтээр шүүх дүгнэсэн нь харамсалтай бөгөөд буруу шийдвэр болсон. Би ХААН банкин дахь өөрийн дансанд орсон мөнгөө Голомт банкны дансандаа шилжүүлдэг байсан. Гэтэл энэ 2 дансаар хоёуланд нь мөнгө хийсэн гэсэн худал зүйлийг шүүх хурал дээр ярьсан байдаг юм билээ. Нэг данснаас мөнгө аваад нөгөө дансанд хийхэд мэдээж өндөр дүн гарах нь ойлгомжтой асуудал гэтэл энэ мөнгийг бүгдийг илгээсэн мэтээр илтэд худал ярьсан. Ер нь шүүх хурлууд дээр дандаа батлагдаагүй худал мэдээллүүдийг өгсөн байсан. Тухайлбал миний банкнаас авсан зээлийн гэрээний хуулбар хавтаст хэрэгт байсаар байтал гэрээний хугацаа, нөхцөлийн талаар илтэд худал ярьсан яриаг үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан байсан. Үүнийг би шударга ёсонд нийцэхгүй гэдэгт итгэдэг.

4.2. Х.М нь бэлэглэлийн гэрээ хүлээн авсны маргааш нь л намайг зодсон, би их гомдсон. Би хэдий олон ах эгчтэй ч надад ээж аав маань ч гар хүрч байгаагүй. Гэтэл Х.М миний ажилладаг газар ирж, албан байгууллага дээр минь хамт олны минь өмнө намайг зодож, хоолойг минь боож унагасан. Х.М надад анх удаа гар хүрч байгаа бус өмнө нь ч бас догшин авир гаргаж байсан. Гэхдээ өмнө нь би энэ удаагийнх шиг ийм аймшигтайгаар халдлагад өртөж байгаагүй, би хамт олныхоо өмнө ийм гутамшигтайгаар доромжлуулж үзээгүй. Би чинь удирдах албан тушаал хашдаг хүн шүү дээ. Түүгээр ч барахгүй тэр миний 2 гарыг мушгиж хоолойг багалзуурдаад машинруугаа чирээд “одоо би чамайг гэрт чинь аваачиж байгаад ална” гэж заналхийлж машин руу чирсэн. Ажлынхан минь түүнийг зогсоож дийлэхгүй байсан, азаар харин дуудлага өгсөн цагдаа ирж миний амийг аварсан. Х.М намайг жирэмсэн байхад минь хүртэл архи ууж болохгүй гэж хэлсний төлөө харанхуй шөнө гудамжинд согтуу миний араас хөөгөөд намайг үсдэж унагааж зодож байсан. Би ээж болох гэж байгаа хүн, амьдарлаа босгох гэж ядаж яваа бүсгүйн хувиар түүнд туйлын ихээр гомдсон ч гэлээ нулимсаа тэвчиж түүнийг уучилж амьдарсан. Би юуг нь буруу хийсэн юм бэ? Би хүүгээ өнчрүүлэхгүйн төлөө, хамтын амьдарлаа авч үлдэхийн тулд, халуун дулаан гэр бүлтэй байхын тулд чадах бүхнээ хийж болох бүхнийг оролдож явсан.

4.3. Х.М 2019.12.15-ны орой гэртээ согтуу орж ирж намайг зодож мөн төрсөн хүү болох М.Чингүүнийг ор руу түлхэж унагаад буцаад босоод ирэхэд нь нүүрэнд нь цохиж алгадан унагасан. Тэр бидний бяцхан хүүгийн гурван шүдийг цөм цохиод унагаачихсан шүү дээ. Тэгээд шүүх эмнэлэг энэ үйлдлийг нь хөнгөн гэмтэл гэж тогтоосон гэсэн. Энэ яахаараа хөнгөн гэмтэл болоод байгааг би ойлгохгүй байна. Намайг доромжлох, зодохыг би тэсээд амьд үлдэж магадгүй юм харин намайг амьд байхад миний хүүг ингэж харгисаар зодохыг занчихыг би хэнд ч зөвшөөрч чадахгүй, аав нь ч байсан хэнч байсан би зөвшөөрч чадахгүй. Би чинь ээж хүн, эх хүн!!! Тэр шүүх эмнэлэгийн дүгнэлт энэ тэр нэг хэрэг байх, хамгийн гол нь миний хүү эрүүл аюулгүй өсөх ёстой. Харин ингэж зодуулж цохиулснаасаа болоод миний хүү татаж унасан, 2020 оны 4-р сараас эхлэн миний хүү шөнө унтаж байгаад таталт өгдөг болсон, аавынх нь тухай ярихаар чичирч айгаад “тэр хүнийг дахиж битгий ярь” гээд уйлаад байх юм. Энэ байдлаас шалтгаалж миний хүү маш их сэтгэлийн дарамтанд орж сэтгэл санаа нь тогтворгүй айдастай болсон. Эмнэлэг, илээч бариачаар нэлээд явлаа. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхэд хүүгийн маань уураг тархинд доргилт үүссэнээс болж ингэж татаж унасан байна гэж оношилсон, тэгээд сэтгэлзүйн хувьд цочирдсон байна гээд сэтгэлзүйн мэргэшсэн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Би хүүгээ аваад мэдрэл сэтгэлзүйн мэргэжлийн эмчид хандсан. Хүнд зодуулах, сэтгэл санааны ноцтой цочролд орсноос болж ийм эмгэг үүссэн байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан. Учир нь ийм насны хүүхдийн бага тархи маш хурдан гэмтдэг гэж надад тайлбарласан. Ингээд эмчийн хяналтанд орж одоо байнга эм ууж байгаа. Сэтгэцийн хувьд маш их хямралд орсон Х.М гэхээр л айдаг болсон. Энэ хугацаанд Х.М нэгч удаа төрсөн хүүхдээ гэж ирээд, уучлалт гуйж хүүгийнхээ сэтгэлийг тайвшруулах оролдлого хийгээгүй нь харамсалтай. Төрсөн хүүгээ ирээд нэг үнэрлэхгүй л байгаад нь би одоог хүртэл гомдоод байна. Би ер нь маш их гомдож байна, намайг зодсонд нь их гомдож байна, хүүг минь зодсонд бүүр их гомдоод байна. Гэтэл иргэний хэргийн шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар гаргасан миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Яагаад ингэж шийдээд байгааг би хувьдаа ердөө ч ойлгохгүй байна. Тэр хуульд нь заасан үндэслэл байгаа болохоор л би шүүхэд гомдол гаргасан шүү дээ. Намайг зодсон, бас гомдоосон. Бүр маш ихээр гомдсон. Миний хүүг ийм болгосон хэн ч байсан би түүнд маш ихээр гомдоно. Миний ажил дээр ирж хамт олны минь нүдэн дээр доромжилж, миний нэр хүндийг үгүй хийсэн үйлдэлд би гомдоно. Анхан шатны шүүхийн танхимд Х.Мийн өмгөөлөгч нар түүнийг өмгөөлөхдөө “шалтгаантай байсан болохоор Х.М Д.Мийг зодсон” гэсэн байсан. Би хүнийг шалтгаантай бол зодож болдог, нэр хүндэд нь халдаж болдог гэдэгт хэзээ ч итгэхгүй. Миний аав надад зөв бурууг ялгах хүмүүжлийг нүгэл буян гэсэн хоёрхон үгээр илэрхийлж болдог гүн ухаанаар хүмүүжүүлсэн гэдэгт би итгэдэг. Хүн зодох нь нүгэл, ямар ч буруу зүйл хийгээгүй хүнийг зодох бол бүүр ч том нүгэл байх учиртай. Өнөөдөр Монголын нийгэмд гэр бүл хүчирхийлэл хаа сайгүй гарсаар байхад намайг гомдоосон гэх үндэслэл огт байхгүй мэтээр шүүх үзсэнд би харамсаж байна, маш ихээр гомдолтой байна.

4.4. Эрүүгийн хэргийн шүүхээс Х.Мийг гэм буруутайд тооцож ялласан тухай би дээр дурдсан. 2020.04.10-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон 2020/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоол гарсныг би 2020.04.28-ны өдөр хүлээн авсан. Ийнхүү шинээр илэрсэн нөхцөл байдал илэрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-т “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана.” гэж заасны дагуу би Иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж эхлэхээс өмнө, хэргийг хэлэлцэх хурал дээр өмгөөлөгчөөрөө дамжуулан, мөн хурлаар хэргийг хэлэлцэж дууссаны дараа тус тус гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Тиймээс би Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 30 хоногийн дотор нь багтааж буюу 2020.05.25-ны өдөр шуудангаар захидал илгээх замаар хандаж шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлт гаргасан боловч 2/1363 дугаартай хүсэлтийг минь хангаагүй тухай хариуг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ирүүлжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж өгнө үү хэмээн шударга шүүхээсээ хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Х.Мд холбогдуулан 2019.07.29-ний өдрийн “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр туул гудамжны 60г байрны 70 тоот 61 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.М, хүү М.Чингүүнгэрэл нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, “2012 оноос Х.Мтэй хамтран амьдарч дундаасаа хүүтэй болсон, 2016 онд нөхөр Солонгос улсад ажиллахаар явсан, 2017 онд банкнаас ахын хамт зээл авч, орон сууц худалдан авсан, нөхрийг ирсний дараа бэлэглэлийн гэрээгээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч намайг болон хүүгээ зодож ноцтой гомдоосон” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...2016-2019 оны хооронд БНСУ-д ажиллаж Д.Мт сар бүр цалингаа шилжүүлж байсан, нийт 139,138,515 төгрөгийг шилжүүлсэн байдаг, орон сууцны төлбөрөө 2019 онд бүрэн төлсөн, тиймээс Д.М нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцны хамтран өмчлөх эрхийг нэхэх эрхгүй. Д.Мийг гомдоосон зүйлгүй, хардалтаас болсон асуудал байгаа.” гэсэн тайлбар гаргасан.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэхдээ “Х.М нь 2019.07.30, 2019.12.16-ны өдрүүдэд Д.М, М.Чингүүнгэрэл нарын биед халдсан, энэ нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх боловч энэ нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь бэлэглэгчийг “ноцтой гомдоосон”-д хамаарахгүй, нөгөө талаар зохигч орон сууцыг хамтран амьдрах хугацаандаа хамтын хөрөнгөөр бий болгосон, бэлэглэлийн гэрээгээр хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн тул нэхэмжлэлийг хангах хуульд заасан үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн хэвээр үлдээсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр туул гудамжны 60г байрны 70 тоот 61 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2017.06.05-ны өдөр Д.М, М.Чингүүнгэрэл нар улсын бүртгэлд бүртгэгдсэн, 2019.07.29-ний өдрийн Д.Мийн үйлдсэн бэлэглэлийн гэрээгээр Х.М хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлж, тухайн орон сууц 3 өмчлөгчийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болсон байна.

10. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлдэг ба хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон буюу Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3-т заасан шаардлагад нийцсэн байна.

11. Зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагчийг биемахбодид халдсан үйлдэл гаргаж ноцтой гомдоосон гэсэн, хариуцагч энэ үйлдлийг гаргасан нь тогтоогдсон боловч уг үйлдлийн хүрээнд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, тухайн бэлэглэлийн гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн буцаан шаардах хөрөнгөд хамаарахгүй байна.

Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж буй хөрөнгө болох орон сууц нь зөвхөн нэхэмжлэгч Д.М болон М.Чингүүнгэрэл нарын өмч байсан тэд хөрөнгөө хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхийн хүрээнд хариуцагчид үнэ төлбөргүй шилжүүлсэн бус, уг хөрөнгө Д.М, Х.М нарын хамтын амьдралын явцад хамтын хөрөнгөөр шинээр бий болсон нь тогтоогдсон, хариуцагч хамтран өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан нь түүний 2016 -2019 онуудад БНСУ-д ажиллаж байсантай холбоотой гэж үзэхээр байх тул бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийн хувьд хариуцагчийн гаргасан үйлдэлтэй холбож гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүсэхгүй байна.

Иймээс хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзэж, тогтоогдсон үйл баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ.

12. Мөн хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, зохигчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан зөрчлийг гаргаагүй байна.

12.1. Анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Х.Мийн гаргасан үйлдлийн талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч зохих ажиллагааг хийжээ.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс Х.Мийн 2019.12.16-ны өдрийн үйлдэлтэй холбоотой мэдээлэл бүртгэгдээгүй гэх хариу ирүүлснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус хэлтэст шалгагдаж байгаа асуудал байгаа боловч дахин лавлагаа гаргуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

12.2. Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас Х.Мийн 2019.12.16-ны өдөр хүү М.Чингүүнгэрэлийн биемахбодид гэмтэл учруулсан үйлдэлд торгуулийн ял ногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн шийтгэх тогтоол гарсан гэж уг баримтыг үндэслэн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, тус хуралдаанд нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж, улмаар хуулийн хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэрт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтэй эсэхийг шүүх бүрэлдэхүүний зүгээс лавласан, нэхэмжлэгч давж заалдах гомдлоосоо татгалзахгүй гэснээр гомдлыг хуралдаанаар хэлэлцсэн байдал тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хянан үзэж болно.

Дээрх зохицуулалтын “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр...” гэдэгт хуулийн 116, 118, 167,176 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол хамаарна.

“Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” гэдэгт зохигч, ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй, эсхүл давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй байхыг ойлгохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд заажээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзэх бөгөөд тэрээр зэрэгцүүлж шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулна гэсэн хүсэлт гаргасан нь эрх зүйн хувьд боломжгүй.

Нөгөө талаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг 2020.05.20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 1100 дугаартай магадлал гаргасан ба магадлалыг зохигч гардан аваагүй, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолж эхлэх нөхцөл үүсээгүй байхад 2020.05.26-ны өдөр нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг дахин гаргасныг, тус шүүх энэхүү үндэслэлийг дурдаж 2020.06.03-ны 2/1363 тоот албан бичгээр хариу өгсөн нь хэргийн баримтад авагдсан байна.

Магадлалыг зохигч гардан авснаас хойш хуульд заасан хугацаанд хяналтын журмаар гомдол гаргаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох ба энэ үед нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөлөөр хянуулах эрхтэй байсан хэдий ч давж заалдах шатны шүүхэд дахин хандаагүй, харин 2020.06.16-ны өдөр хяналтын шүүхэд гомдол гаргажээ.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхээсээ өмнө болон шийдвэрлэсний дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хүлээн аваагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл муутай байна.

13. Мөн, шүүх Х.Мд торгуулийн шийтгэл ногдуулсан шийтгэх тогтоол гарсан нь энэ хэргийн эрх зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийхэд нөлөөлөхгүй байна.

14. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00707 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Мийн 2020.06.16-ны өдөр 757,950 төгрөг, 70,200 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН