Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1100

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00707 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ийн хариуцагч Х.М-д холбогдуулан гаргасан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М-, хүү М.Ч- нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М- нь өөрийн хүү М.Ч-ий хамт Улсын бүртгэлийн Ү-2206052315 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 60г байрны 70 тоотод байрлах, 61 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Харин 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцны 30 хувийн өмчлөх эрхийг Х.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн нотариатч Т.Мнь өмчлөгч өөрт ноогдох хэсгээ бэлэглэж, бэлэглэлийн гэрээ байгуулсныг баталсан. Бэлэглэлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш Х.М- нь Д.М- болон хүү М.Ч- нарын бие махбодид халдах үйлдлийг удаа дараа гаргасан учир Д.М- гомдож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй талаар зохицуулсан ба мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэдэг нь Д.М- болон хүү М.Ч- нарын бие махбодид халдах, сэтгэл санааны болон гүн дарамтад оруулах үйлдлийг удаа дараа гаргасан, энэ нь ноцтой гомдоосон үндсэн шинж чанарт хамаарах тул дээрх заалтыг үндэслэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт Д.М- болон хүү М.Ч- нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг даалгаж өгнө үү. Х.М-, Д.М- нар хамтран амьдарч байсан бөгөөд дундаасаа хүү М.Ч-ийг төрүүлсэн. 2016 онд нөхөр Х.М- нь БНСУ-д ажиллахаар явж, Д.М- хүүгийн хамт үлдсэн. Д.М- 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкнаас 93 900 000 төгрөгийн зээлийг ах Д.Энхтөрийн хамт авсан бөгөөд маргаан бүхий орон сууцыг худалдан авахад зориулж дээрх зээлийг авсан байдаг. Х.М- урьдчилгаа болон банкинд төлөх мөнгийг бүгдийг БНСУ-д ажиллаж байхдаа явуулж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тодорхой хэмжээний мөнгө явуулж байсанд маргахгүй, явуулсан мөнгийг хүүхдийн амьдрах орчин бүрдүүлэх, наад захын хэрэгцээг хангахад зориулсан гэдгийг ойлгох ёстой. Мөн Д.М-ийн хоёр үеэл нь БНСУ-д ажиллаж байсан тул тэднээс мөнгө ирснийг үгүйсгэхгүй. Д.М- нягтлангийн мэргэжилтэй өөрийн үндсэн ажлаас гадна давхар 2,3 газар тайлан баланс гаргаж өгдөг байсан, тэгэхээр дан ганц Х.М-ийн мөнгөөр орон сууц авсан, зээл төлсөн гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.М-ийн бэлэглэлийн гэрээгээр 30 хувийг Х.М-д өгсөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 60г байр 70 тоот, 3 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Д.М- өөрийн ах Д.Энхтөрийн хамт Голомт банк ХХК-иас 8 хувийн ипотекийн зээлээр 27 жилийн хугацаатай худалдаж авсан байр юм. Х.М- 2016 оноос 2019 оны хооронд БНСУ-д ажиллаж байгаад энэ байрыг худалдаж авсан ба байрны үндсэн өмчлөгч нь Х.М- байх ёстой. Учир нь хариуцагч Х.М- БНСУ-д ажиллаж байх үедээ Д.М-ийн Хаан банк ХХК-ийн данс руу сар бүр цалингаа шилжүүлдэг байсан. Тухайн орон сууц нь 134 142 000 төгрөгийн үнэтэй ба 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээ хийхдээ урьдчилгаа 30 хувь буюу 40 242 850 төгрөгийг төлж, үлдэх 93 900 000 төгрөгийг банкнаас зээлж авсан. Уг төлбөрийг 2016 оноос 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Х.М- Д.М- рүү шилжүүлдэг байсан. Х.М-ээс шилжүүлсэн мөнгийг Д.М- “Голомт банк” ХХК-ийн хадгаламжидаа шилжүүлээд орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн байдаг. Д.М- 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 27 жилийн хугацаатай төлөх байсан төлбөрийг 6 жилийн хугацаатай төлөхөөр гэрээндээ өөрчлөлт оруулж, улмаар орон сууцны төлбөрөө 2019 ондоо бүрэн төлсөн. Д.М- нь Х.М-ийг БНСУ-д ажиллаж байхад хүүтэйгээ хамт амьдардаг байсан ба ганцаараа энэ их төлбөрийг төлсөн гэх боломжгүй, орон сууцыг худалдаж авах санхүүжилтийг Х.М- гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.М-ийн үеэлүүд БНСУ-д ажилладаг, тэднээс мөнгө явуулсан байх боломжтой гэж тайлбарлаж байна. Хэрэв тэд мөнгө явуулсан бол нэр хаягаа бичихгүй мөнгө явуулах уу, тэд тийм их хэмжээний мөнгө өгөх үү гэдэг сонин, ямар ч үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Харин Х.М- зарим тохиолдолд хүнээр дамжуулах, нэрээ бичилгүй явуулсныг далимдуулж, манай үеэлүүд явуулсан гэж худал ярьж байна. Тиймээс Д.М- нь бэлэглэлийн гэрээний дагуу байгуулсан орон сууцны өмчлөх хэсэг буюу 30 хувийг нэхэмжлэх эрхгүй юм. Х.М- нь БНСУ-д ажиллаж байх хугацаандаа Д.М-ийн “Хаан банк” ХХК-ийн данс руу нийт 139 138 515 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж тайлбарласан боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримт буюу Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай баримт л авагдсан. Гомдоосон ноцтой үйлдэл гэдэг нь нийгэмд эзлэх байр суурьд халдсан байхыг ойлгоно. Хариуцагч Х.М- Д.М-ийг гомдоосон үйлдэл гаргаагүй тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.М-д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М-, хүү М.Ч-гэрэл нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Д.М-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Д.М- нь 2019 оны 10 сарын 25-ний өлөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, Улсьш бүртгэлийн Ү-2206052315 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.М-, М.Ч- нарыг бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.М-д холбогдуулан гаргасан билээ. Гэвч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 03 сарын 23-ны өдөр 183/ШШ2020/00707 дугаартай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай анхан шатны шүүхийн шийдвэр гаргасанг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд, Миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчиигүй болгох, Улсын бүртгэлийн Ү-2206052315 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.М-, М.Ч- нарыг бүртгэхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан болохоос биш маргаан бүхий орон сууцыг худалдаж авахад хэн хэдий хэмжээгээр хөрөнгө оруулсаныг тогтоох тухай шаардлага гаргаагүй юм. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас гадуурх асуудльгг шүүх хуралдаан дээр ярьж байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой байтал ямар ч хамааралгүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарт намайг орон сууцныхаа төлбөрийг ганцаараа төлөх чадваргүй тул хариуцагч ганцаараа маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан мэтээр огт үндэслэлгүй зүйлийг ярьж үүнийг нь үндэслэж шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь “орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” түүнд оруулсан "нэмэлт өөрчлөлт” зэрэг гэрээнүүдийг би өөрийн төрсөн ахын хамтаар байгуулж зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр төлдөг байсан. Хариуцагчаас эцэг хүнийхээ үүргийг биелүүлж хүүдээ зориулж хааяаа мөнгө явуулдаг байсан болохоос байрны төлбөрийг бүхэлд нь төлөөрэй гэж мөнгө явуулж байсан зүйлгүй. Миний данс руу Солонгос улсаас ах дүү хамаатан садангаас минь мөнгө шилжүүлж байсан гүйлгээ болгоныг хариуцагч талаас шилжүүлж байсан мэтээр шүүх үзсэн. Хариуцагч тийм их мөнгө шилжүүлж байгаагүй, боломжгүй. Шилжүүлсэн эсэхийг нь ч нотлоогүй байхад шүүх үндэслэлтэй мэтээр үзсэн. Мөн хариуцагч нь намайг хүүгийн минь хамтаар зодсон гэмтлийн зэргээ хүртэл тодорхойлуулж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Тэдгээр нотлох баримтуудыг авахаар өөрийн биеээр 2 ч удаа шүүхэд хүсэлт гаргасан боловч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Д.М-ээс 102 тусгай дугаарт дуудлага ирээгүй байна гэх хариуг шүүхэд ирүүлсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээрийн хэлтсээс нотлох баримтыг ирүүлэхийг хүсэхгүй байгаа эсхүл анхан шатны шүүхээс тус нотлох баримтуудыг шаардаж авахыг хүсэхгүй хэргийг 1-2 сарын хугацаагаар удаашруулсан. Эцэс сүүлд нь миний бие хариуцагчтай дахин уулзахаас хүртэл айж байсан тул хэргийг хурдан шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан хүсэлтээсээ хүртэл татгалзуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг гуйсан. Гэтэл шүүхээс хариуцагч талыг ямар ч буруугүй, намайг болон хүүг минь удаа дараа хүч хэрэглэн зодож байсан үйлдлүүдийг нь огт байгаагүй мэтээр шийдвэр гаргажээ. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Х.М- нэхэмжлэгчийг “шалтгаантай байсан учраас зодсон” гэж шүүх хуралдаан дээр тайлбарлсан байх юм. Үүгээрээ Х.М- нь намайг зодсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шалтгаантай бол хүн зодож болдог хуулийн зохицуулалттай мэтээр ярьжээ. Гэвч 183/ШШ2020/00707 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: "Х.М- нь Д.М-, хүү М. Чингүүн нарын бие махбодид халдах, сэтгэл санааны бөяон гун дарамтад оруулах үйлдлийг удаа дараа гаргасан нь ноцтой гомдоосон үндсэн шинж чанарт хамаарна гэж тайлбарлаж байх боловч гомдооно гэдэг нь тухайн этгээд буюу бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурьд сөргөор нөлөөлөхийг хэлнэ. Нөгөө талаар бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хунд, эсхүл бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн садан төрлийн байдал, гомдоосон үйлдлийг нийгэмд ил, эсхүл хувийн хүрээнд хийсэн эсэхийг харилцан харгалзахаас гадна ...” гэж тайлбарлажээ. Хариуцагч намайг ажлын байран дээр минь байхад ирж ажлын газрын хамт олны минь нүдэн дээр зодож, боож унагаасан талаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас болон гэрчийн мэдүүлэгээс харж болох бөгөөд Хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч анхан шатны шүүхээс ажлын байран дээр нь ирж олны өмнө зодох нь миний нийгэмд эзлэх байр суурь, ажил хэргийн нэр хүндэд халдах үйлдэл биш, гэртээ хүүхэдтэйгээ хамт зодуулах нь гомдох шалгаан биш гэж үзлээ. Монгол улсын шүүхээс намайг хариуцагчийн гарт зодуулж үхсэний дараа гомдсон гэж үзэх бололтой. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Х.М-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М-, хүү М.Ч- нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бэлэглэлийн гэрээний зүйл болох орон сууцыг БНСУ-д ажиллаж олсон мөнгөөрөө худалдаж авсан ба нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийгээгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.М- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 60г байрны 70 тоотод байрлах, 61 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны 30 хувийг хариуцагч Х.М-д 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээний дагуу шилжүүлсэн нь уг гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 6 дугаар тал /

 

            Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “...Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн... бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох”-оор зохицуулжээ.

 

Бэлэглэгчийг гомдоох гэдэгт тухайн этгээд буюу бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, эсхүл бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн садан төрлийн байдал, гомдоосон үйлдлийг нийгэмд ил, эсхүл хувийн хүрээнд хийсэн эсэх, бэлэглэгч бэлэг хүлээн авагчийг өөрөө өдөөн хатгасан эсэх нөхцөл байдлыг харгалзах бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч Х.М- нь Д.М- болон хүүгийнх бие махбодид халдаж, сэтгэл санааны гүн дарамтад оруулсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Гэвч бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон, бие махбодид халдсан, хүүгийнх нь эрүүл мэндэд халдсан гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт Д.М-ээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагын тусгай дугаарт дуудлага бүртгэгдээгүй гэх, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт Х.М-д холбогдох З-6955 дугаар Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал авагдсан байх боловч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буюу хариуцагчийн гэм буруутай болохыг нотолсон агуулга эдгээр баримтад илэрхийлэгдээгүй байна./хэргийн 96-113 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Нөгөө талаар, зохигчид хамтран амьдрах хугацаанд хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн эд хөрөнгийн маргаан үүссэн, уг орон сууцыг худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээний талаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлаа тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдомдоосон ноцтой үйлдэл гаргасан” гэх үндэслэлд хамаархгүй болно.

 

            Тодруулбал, зохигчид 2012 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүү М.Ч- төрсөн байх ба тэд хамтран амьдрах хугацаандаа маргаан бүхий орон сууцыг банкнаас зээл авч худалдан авсан үйл баримт хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тогтоогдож байна./хэргийн 7-12 дугаар тал/ Хэдийгээр нэхэмжлэгч уг орон сууцыг ах Д.Энхтөрийн хамт “Голомт банк” ХХК-иас зээл авч худалдаж авсан гэх боловч хариуцагч БНСУ-д ажиллаж байхдаа нэхэмжлэгч рүү мөнгө шилжүүлж зээлийг төлж байсныг үгүйсгээгүй болно.

 

Анхан шатны шүүхээс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Д.М-, хүү М.Ч- нарын нэр дээр уг орон сууцыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэрт хүү М.Ч-ий нэрийг М.Ч-гэрэл гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шийдвэрт өөрчлөлт оруулахгүйгээр залруулж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                  С.ЭНХТӨР