Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/02332

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацралыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ... ХХК-д холбогдох,

            Худалах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулах, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ..., ... нарын байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэл,

...д холбогдох, худалдах-худалдан авах гэрээг цуцалж автомашиныг буцаан өгч, машин засварласан зардал 10,153,000 төгрөг гаргуулах тухай “...” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээ дэмжиж өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн ... /.../ автомашиныг “...” ХХК-ийн захирал ... өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр бусдын дарамт шахалтанд авталгүйгээр гэрээ байгуулж уг машиныг 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн биеэр унаж тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг байхад хүлээлгэн өгсөн. Машины дотор гаднах байдлыг хүлээн авч байгаа тал нүдээр үзэж шалгаж авсан бөгөөд энэ талаар гэрээнд тусгасан. Харин тухайн машины гэрчилгээг захирал ...ийн нэр дээр шилжүүлэх талаар хүсэлт тавьсны дагуу иргэд хооронд худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулан холбогдох бичиг баримтыг авсан. Сүүлийн гэрээг зөвхөн машины гэрчилгээг шилжүүлэхэд ашиглагдахаар хийсэн. Тухайн машины зах зээлийн үнэ өндөр боловч худалдан авагч талтай 20,000,000 төгрөгөөр тохирч үнийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр гэрээнд тусгасан юм. Машины үнэ 20,000,000 төгрөг төлөхийг дахин дахин шаардахад манай компанийн санхүүжилт муу байгаа, энд тэндээс авлагатай боловч өгдөггүй, мөнгө ороод ирмэгц шилжүүлнэ гэсээр байгаад өдийг хүргэлээ. Харин машин чинь эвдрээд олон сая төгрөгийн зардал гараад байна, доголдолтой машиныг авах боломжгүй, одоо манай компанийн хашаанд байгаа гэсэн. Машиныг хүлээн авахдаа компанийн техникийн мэргэжлийн ажилчид нь үзэж шалгаад ямар нэгэн эд ангийн доголдолгүй гэдгийг тогтоосны үндсэн дээр гэрээ хийж машины гэрчилгээг шилжүүлж авахаар болсон. Гэтэл өдий хүртэл гэрчилгээг шилжүүлж аваагүй нь худалдагч талд хамааралгүй юм. Өөрсдөө ашиглах явцдаа эвдэж гэмтэл гаргачихаад үнийг нь төлж чадахгүй болохоороо худалдагч талыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээнд заасны дагуу машины үнэ 20,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцоход 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10 гаруй сарын хугацаанд 12,000,000 төгрөг болсон тул үнийн дүнгийн 50% болох 10,000,000 төгрөгөөс хэтэрсэн байх тул 10,000,000 төгрөгийн алданги, нийт 30,000,000 төгрөг нэхэмжлэхээр болсон.

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ... болон ... нарын хооронд хийгдсэн автомашин худалдах, худалдан авах гэрээг хийхдээ худалдан авагч ... нь машины эзэмших эрх шилжүүлэхэд өөрийн нэр дээр машины бичиг баримтыг шилжүүлэхээр гэрээ байгуулъя гэхэд нь би хүлээн зөвшөөрч гэрээг зөвхөн нэр шилжүүлэхэд ашиглах зориулалтаар байгуулсан. Харин анх 11 дүгээр сарын 04-ний өдөр компанитай хийсэн гэрээ бол хууль ёсны жинхэнэ гэрээ юм. Энэ гэрээг халхавчлах зорилгоор иргэн хоорондын гэрээг хийсэн. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ...тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Худалдсан тээврийн хэрэгсэл шинэ биш, хуучин гэдгийг бид бүгд мэдэж байсан. Нэмэлт засвар хэрэгтэй зүйлсийг мэдэгдээгүй биш бүрэн мэдэгдэж, үүний үндсэн дээр машиныг 20,000,000 төгрөг байхаар үнийг тохиролцсон, өөрсдөө үзэж хараад авсан, тийм ч учраас авсан өдрөөсөө эхлээд зардал гараад явсан байна. ...тай дараа нь хийсэн гэрээ бол компанитай байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор хийсэн учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд тээврийн хэрэгслийг хүлээн авах үед биет байдлын доголдолтой байсан бол худалдагч талд мэдэгдэх талаар Гэрээний 4, 5 дугаар зүйлүүдэд заасан байгаа. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагчийн эрхийг заасан байгаа. Бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй. Тиймээс гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Харин энэ эвдрэл гэж байгаа нь машиныг ашиглах явцад гарсан гэмтэл учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...гэв.

            Хариуцагч “...” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч ... гаргасан тайлбартаа:

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ... нь ... маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн гэсэн нь ямар албан тушаалтай, хэн хүлээн авсан нь тодорхойгүй, манай компаниас хүлээн авсан, хүлээлгэн өгсөн бичиг баримт байхгүй. Тус компанийн захирал ...ийн нэр дээр шилжүүлэх талаар ... нь анх өөрөө хүсэлт тавьсан. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд төлбөр барагдуулах хугацааг л заасан. Харин хугацаа хэтэрсэн үед 0,2 хувийн алданги тооцохоор гэрээнд тусгаагүй. Мөн гэрээний 3.6-д худалдан авагч тал автомашины өмчлөх эрхийг хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээнэ гэснээс өөрөөр заагаагүй. ... нь тухайн тээврийн хэрэгслийг манай компанийг ашиглах явцдаа эвдэж гэмтээсэн гэх нь учир дутагдалтай бөгөөд компанид ирсэн өдрөө эвдэрч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан. Бид ажил үүрэг гүйцэтгэх явцад байнга засвар үйлчилгээ хийж байсан. Иймд тухайн машин нь манай компанийн ажил үүрэг гүйцэтгэх шаардлагыг хангаагүй, 2020 оны 3 дугаар сард ... аймгийн ... суманд эвдэрч, тус суманд байрлах манай компанийн ажлын талбай дээрээс ачуулж ... хот дахь компанийн тээврийн хэрэгслийн тавиуланд буулгасан ба түүнээс хойш унаж хэрэглээгүй, түрээсийн машинаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгч ... нь манай компанид машиныг хүлээлгэн өгөхдөө машины эдэлгээ, чанарын талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөөгүй ба машиныг 2019 оны 11 дүгээр сарын 05-нд хүлээж авснаас хойш 5 сарын хугацаанд байнга эвдэрч, засвар үйлчилгээ хийсэн. 2020 оны 3 дугаар сарын сүүлээр эвдэрч зогссон тул ...д машины доголдлын улмаас гэрээг цуцалж машинаа авахыг мэдэгдсэн. ... нь хөдөлгөчихвөл машинаа буцааж авъя гээд, засуулсан боловч авалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийнхүү худалдагч нь гэрээнд заагдсан шаардлагыг хангахгүй доголдолтой машин худалдсан тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалж машиныг буцаан өгч, машины засварласан зардал 10,153,000 төгрөгийг ...ос гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй  байсан ба энэ талаар нэхэмжлэгч бидэнд мэдэгдээгүй. Бид засвар үйлчилгээнд 2,944,000 төгрөгийн зардал гаргасан. ... аймагт очсон боловч асаагүй, энэ талаар ...д хэлэхэд хотод авч ирээд засуулчих гэж хэлсэн байдаг. Энэ машиныг хүлээж авснаас хойш 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 10,153,050 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Биет байдлын доголдолтой байсан учир гэрээг цуцалж машиныг нь буцааж өгөхөөр ярьж байсан. Мөн ...тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Энэ тээврийн хэрэгсэл одоо нэхэмжлэгч ...ын нэр дээр байгаа. Машиныг хүлээн авснаас хойш 5 сарын дараа доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан учир хуульд заасан шаардлага гаргах хугацаа алдаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ... болон “...” ХХК нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу уг гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой холбоотой гарсан зардлуудаа шаардсан. Энэ тээврийн хэрэгсэл нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл эвдрэл гэмтэл гарч, засварлуулсан нь баримтаар нотлогддог. Нэхэмжлэгчид машин авснаас хойш 5 сарын дараа мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр нотлогдсон. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргасан ба нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж гэрээг цуцлах болсныг хэлэхэд тэрээр хүлээн зөвшөөрч байсан. Тиймээс ...ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “...” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            Нэхэмжлэгч ... хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            Худалдагчаас хүлээн авсан машинаар компанийн үйл ажиллагаанд ашиглан хэрэглэж байсан нь хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогддог юм. Улмаар өөрсдийн ашиглалтын журмаа зөрчиж тухайн машиныг эвдрэлд оруулчихаад худалдагч талаас өөрт учирсан хохирол төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Машины доголдлын талаар үнийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгчээс шаардах нь буруу. Гэрээг цуцлах үндэслэлгүй, доголдолтой автомашин өгөөгүйг хариуцагч болон гэрчүүд гэрчилж тайлбарладаг. Харин машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх үүрэг нь худалдан авагч талд байдаг бөгөд шилжээгүй нь машиныг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            ... нь “...” ХХК-д холбогдуулан, Худалах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулах, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ..., ... нарын байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, худалдан авсан автомашин биет байдлын доголдолтой байсны улмаас хүлээн авснаас хойш 5 сарын дотор гомдлын шаардлага гаргасан, алданги тооцох талаар гэрээнд тусгаагүй учир хариуцах үндэслэлгүй зэрэг тайлбар гарган маргаж, улмаар нэхэмжлэгчид холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалж автомашиныг буцаан өгч, машин засварласан зардал 10,153,000 /арван сая нэг зуун тавин гурван мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

            Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг нь хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... нь “...” ХХК-тай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өөрийн эзэмшлийн ... 0 маркын ... улсын дугаартай, ... аралын дугаартай автомашиныг худалдан авагч “...” ХХК-д 20,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохирч, талууд гэрээг бичгээр байгуулан хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-8/

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

            Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч хэн аль нь маргаагүй ба тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

            Гэрээний худалдагч тал болох ... нь үүргээ биелүүлж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг худалдан авагч “...” ХХК-д шилжүүлсэн бол худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талд хариуцлага тооцох буюу алданги тооцохоор талууд тохиролцсон тохиолдолд гэрээг бичгээр хийхээр хуульчилсан байна.

            Талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд “худалдан авагч төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд худалдагчид хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлнө” гэж заасан, худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир худалдагч талд алданги шаардах эрх үүсчээ.

Гэрээнд заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүрэг 20,000,000 төгрөгийн 0,2 хувь болох 40,000 төгрөгөөр тооцвол анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн хариуцагчаас алданги 10,000,000 төгрөг шаардсаныг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.

            Харин нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай” дээрх гэрээг байгуулсны маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тухайн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг “...” ХХК-ийн захирал, иргэн ...т худалдахаар гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн боловч хариуцагч “...” ХХК-д холбогдуулан, дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. /хх-60/

            Гэвч ... болон ... нарын хооронд хийгдсэн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн уг шаардлагыг хариуцагч “...” ХХК хариуцвал зохих этгээд биш байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Хариуцагч “...” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу ...ыг биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсний улмаас гэрээг цуцлан, гэрээний зүйлийг худалдагч талд буцаан шилжүүлж, уг тээврийн хэрэгслийг засварлуулахад гарсан зардал 10,153,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаарджээ.

            Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч автомашины тухайн доголдол нь хариуцагч талын ашиглалтын улмаас учирсан эвдрэл учир засварын зардлыг хариуцах үндэслэлгүй, мөн тээврийн хэрэгслийг хүлээн авсан өдрөөс эхлэн зарлага гарсан байгаа нь нэхэмжлэгчээс хариуцагчид автомашины солих шаардлагатай зүйлийн талаар мэдэгдсэн гэх байдал тогтоогдсон ба хариуцагчийг гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар хуульчилсан ба 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх, 251.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан ашиглалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр хуульчилсан байна.

Талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлд “Гэрээний нөхцлийн дагуу худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй автомашиныг, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ба худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, төлбөрийн тооцоо хийнэ” гэж, мөн гэрээний 3 дахь хэсэгт “...автомашины чанар, иж бүрдлийн хувьд бүрэн, улсын үзлэг тооллогод хамрагдсан байна” гэж тус тус заажээ.

            Зохигчдын тайлбараар талууд гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр хийж, маргааш нь буюу 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлцсэн байх бөгөөд энэ өдрөөс эхлэн автомашинд эвдрэл гарч засварлуулсан талаар хариуцагч тал тайлбарлан, автомашинд зарцуулагдсан зарлагын жагсаалт, дансаар гүйлгээ хийсэн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан бөгөөд хавтаст хэргийн 27-53 дугаар талд авагдсан эдгээр баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

            Харин хэргийн 104-106, 108, 110, 112, 115-118, 122 дугаар талуудад авагдсан баримтууд нотлох баримтын хуульд заасан шаардлага хангасан боловч эдгээр баримтуудаар маргааны зүйл болох ... улсын дугаар бүхий ... маркын тээврийн хэрэгслийг засварлуулахад зарцуулсан зардал гэх байдал хангалттай тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

            Талууд гэрээгээр автомашины чанарын талаар тусгайлан тохиролцоогүй бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасны дагуу гэрээний зүйл болох автомашин нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байснаар биет байдлын доголдолгүй болох юм.

            Хариуцагч тал тээврийн хэрэгслийг хүлээн авсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн эвдрэл гэмтэл гарсан гэж тайлбарлах ба үргэлжлүүлэн зардал гарч байсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасны дагуу “...” ХХК нь доголдолтой холбоотой гарсан зардлын талаар шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч ... нь шүүхэд гаргасан ...тай байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул 20,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээнд төлвөл зохих 277,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 255 дугаар зүйлийн 255.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “...” ХХК-иас 30000000 /гучин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ..., ... нарын байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... “...” ХХК нарын байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээг цуцалж тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид буцаан, ...ос 10,153,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “...” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 177,500 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 277,950 төгрөгийг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулсугай.

4.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА