Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01930

 

Ө.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01520 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө.Эын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “З” ОНӨААТҮГ-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19 887 970 төгрөг гаргуулах, 2017 оны ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 536 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1205 дугаар тогтоолоор намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг хүссэн өргөдлөө хариуцагч байгууллагад удаа дараа өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу З ОНӨААТҮГ нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0/1045 тоот тушаал гаргасан хэдий ч намайг өнөөдрийг хүртэл ажлаар, ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй. Удаа дараа ажлаа хийе гэж очиход ажил хийлгээгүй. З ОНӨААТҮГ нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны буюу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 19 887 970 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг З ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч З ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ө.Эыг  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 тоот тушаалаар нийтийн тээврийн автобусны шалгагчаар шилжүүлэн ажиллуулсан. Энэ тушаалыг Ө.Э хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж Ө.Эыг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 2 835 000 төгрөг гаргуулахаар тогтоосныг 2018 оны 01 дүгээр сард олгосон. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ө.Эыг ажилд эгүүлэн авсан ба тэрээр одоогоор хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байгаа болно. 2017 онд гурван шатны шүүх нэхэмжлэгчийн өдрийн дундаж цалинг 35 000 төгрөгөөр тогтоож 81 хоногийн цалин хөлсийг гаргасан. Гэтэл Ө.Э 2018 ны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 12 766 765 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалинд 19 887 970 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай байгууллагын зүгээс Ө.Эын ажилгүй байсан хоног нь 300 өдөр байна гэж тооцоолоод анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрээр тогтоосон Ө.Эын нэг өдрийн дундаж цалин 35 000 төгрөгөөр тооцон, нийт 10 500 000 төгрөг олгохыг санал болгосон ч энэ саналыг Ө.Э хүлээн зөвшөөрөөгүй.

Ө.Э-ын 2016 оны цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаанаас харахад сүүлийн 3 сарын дундаж цалин 1 792 000 төгрөг, нэг сарын дундаж цалин 597 522 төгрөг байгаа тул нэг өдрийн дундаж цалин 27 000 төгрөг болно. Иймд энэ үнийн дүнгээр тооцох ёстой. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч З ОНӨААТҮГазраас 17 064 894 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 823 076 төгрөгт холбогдох хэсгийг болон 2017 оны амралтын мөнгө гаргуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 243 273 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчаас хэрэгт нэхэмжлэгчийн 2016 онд авсан цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгсөн. Уг баримтаас харахад 2016 оны 10 сар 9 сар 8 сараар тооцох байсан. Нэхэмжлэгч 2016 оны 10 сард бүгд цалин 465 300 төгрөг, 2016 оны 9 сард бүгд цалин 2 064 512 төгрөг /энэ сард амралтын мөнгө давхар бодогдсон 899 112 төгрөг/ 2 064 512-899112= 1 165 400 төгрөг, 2016 оны 8 сард бүгд цалин 1 127 000 төгрөг авсан байдаг. 465 300+ 1 165 400+1 127 000= 2 757 700 төгрөг, 2 757 000 3 = 919 233 1 сарын дундаж цалин 919 233 /21.5 = 42 755 төгрөг 1 өдрийн дундаж цалин хөлс гарч байна. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүртэл ажлын 301 хоногоор тооцоход 42 755* 301=12 869 255 төгрөг байна. Иймд  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч З ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19 887 970 төгрөг гаргуулах, 2017 оны ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., 198 өдрийн цалинд 6 930 000 төгрөгийг олгох ёстой ” гэж маргажээ. /хх-1,30,15/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00536 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг “З” ОНӨААТҮГ-т Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 835 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01205 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1225 дугаар магадлал, анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 5-8, 17-19/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй юм. Мөн шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлж, ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан ч ажиллах нөхцлөөр хангах ёстой юм.

 

З ОНӨААТҮГ-ын захирал шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилд нь буцаан томилсон шийдвэр гаргасан ч ажиллах нөхцлөөр хангаагүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан бөгөөд уг тайлбарыг хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар няцааж чадаагүй байна. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. /хх-ийн 37,42-43/

 

Анхан шатны шүүх хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянагдах хугацаа, ажилд эгүүлэн томилсон, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах хүртэл хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамааруулан тооцсон нь зөв байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд нь эгүүлэн томилох хүртэл ажилтны хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилж байсан бөгөөд дээрхи зөрчилд хариуцагчийг буруугүй гэж үзэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу тооцсон, шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлд 219 218 төгрөгийн хураамж төлүүлсэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад буцаан олгохоор шийдвэрлээгүй нь буруу болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч Ө.Эын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 218 төгрөгийг улсын хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. /хх-2, 42-43/

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 219 218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Эд олгож, 24 056 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 273 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                     Ш.ОЮУНХАНД